Categories
мэдээ цаг-үе

“Люмино” хамтлагийн ахлагч Д.Тэмүүжин буюу MCBeatz: “Монголын 100 шилдэг дуу”-нд хип хоп ганцхан дуу орсон нь манай хамтлагийн “Намайг дагаад цэнгэ”

Нэгэн үе “Намайг дагаад цэнгэ”, “Хүнийх”, “Сэмбий” зэрэг олон дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан “Люмино” хамтлаг энэ сарын 21-нд “Хэмнэл нэрэгч” бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Ингээд тус хамтлагийн ахлагч Д.Тэмүүжин буюу MCBeatzтэй ярилцсанаа хүргэе.

-Танай хамтлагийн тоглолт энэ сарын 21-нд “Crocus Event Hall”-д болох гэж байна. Тоглолтынхоо талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ удаагийн тоглолт “Люмино”- хамтлагийн хувьд их онцлогтой. Учир нь бид есөн жилийн дараа тоглолтоо хийх гэж байна. Бид 2006 онд “Lumino-Yahuu” нэртэй тоглолтоо “UB Palace”-д хийж байсан. Түүнээс хойш манай хамтлаг бие даасан томоохон тоглолт хийгээгүй. Харин жижиг хэмжээний хип хоп шоу маягийн тоглолтууд нэлээн хийсэн юм байна. Тэгвэл энэ удаа концерт гэдэг утгаараа тоглолт маань зохион байгуулагдаж байгаа бөгөөд тоглолтын найруулгыг “On’n Off” продакшн хариуцан ажиллаж байгаа. Тоглолт зохиомжийн дагуу тавигдана гэсэн үг.

-Тоглолтын нэрний тухайд…

-Манай хамтлагийнхан ярилцаад арай өвөрмөц тэгсэн хэрнээ сонсголтой содон нэр өгье гэж нэлээд ярилцсаны эцэст “Хэмнэл нэрэгч” гэсэн нэр өгөхөөр шийдсэн. Манай шинэ цомгийн нэр л дээ. Шинэ брэнд үг. Цагаан идээг боловсруулж нэрдэг шиг бид аялгуу, хөгжмийг дахин нэрж илүү чанартай, өөр зүйл болгож хүмүүст хүргэж байгаа гэдэг утгаар ийм нэр сонгосон.

-Хэд хэдэн удаа танай хамтлаг тоглолт хийнэ гэж байгаад сураг тасарсан санагдаж байна. Энэ удаа тийм зүйл болохгүй биз дээ?

-Тийм ээ. Хүмүүс санаж байгаа бол манай хамтлаг тоглолт хийх гэж байгаад хэд хэдэн удаа больсон. Бүр тоглолт хийх талаар реклам цацчихсан тохиолдол ч байсан. Тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалаад тоглолт цуцлагдах тохиолдол бий. 2008 онд гэхэд л хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ойн тоглолт хийхээр нэлээд хэдэн телевиз, ФМ, радиогоор реклам, мэдээлэл цацагдчихсан байсан. Тэгсэн гэнэт гахайн ханиад гараад нийслэлд карантилчихсан. Хоёр ч удаа шүү дээ. Ингээд тухайн үедээ яалт ч үгүй улс орон даяар үүссэн асуудлаас болоод тоглолтоо хийж чадаагүй. Хоёр жилийн өмнө мөн л 15 жилийн ойгоо тэмдэглэж тоглолтоо хийх гэсэн чинь хамтран ажиллахаар ярилцсан хоёр, гурван байгууллагууд тодорхойгүй шалтгааны улмаас тоглолтын маань товыг хойшлуулсаар байгаад больсон. Харин энэ удаа бид тийм асуудал гарахгүй гэдгийг итгэлтэй хэлмээр байна. Яагаад гэвэл энэ тоглолтыг үзэгчдээс илүү бид өөрсдөө ч их хүсэн хүлээж байна.Тэгээд ч тоглолтыг сүүлийн үед томоохон шоу тоглолтыг чадварлаг зохион байгуулдаг мэргэжлийн “On’n Off” продакшн зохион байгуулж байгаа учраас бид ч сэтгэл хангалуун байгаа.

-Есөн жил гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд танай хамтлагийнхан юу хийв?

-Манай хамтлаг уран бүтээлийн хувьд зогсолт хийгээгүй. Шинэ уран бүтээлүүд мэр сэр хийж л байсан. Яахав хэсэг хугацаанд бид гэр бүл зохиож, нийгэмд байр сууриа олохын тулд уран бүтээлдээ цаг зав бага гаргасан байж магадгүй. Гэхдээ бүр дуугаа дуулахгүй хөндийрсөн юм бол байхгүй.

-Хамтлаг анх байгуулагдаж байсан дурсамжаасаа яриач…?

-Яг энэ асуултыг энд нууц үлдээе.

-Яагаад?

-Яагаад гэвэл “Люмино” хамтлаг хэрхэн байгуулагдаж байсан тухай бяцхан хорин минутын баримтат киног “TJ Entertaiment” студид хийгээд дөнгөж сая дууслаа. Өнөө орой (өчигдөр) юм уу маргаашнаас (өнөөдөр) олон нийтэд цацагдана. Тиймээс фэнүүдээ манай хамтлагийн баримтат киног заавал үзээрэй гэж хэлмээр байна. Бид энд ярьснаас илүү сонирхолтой байх болов уу.

-Хамтлаг анх таван гишүүнтэй байгуулагдаж байсан. Сүүлд хоёр нь хасагдаад гурван гишүүнтэй болсон. Ямар учраас хамтлагийн бүтцэд өөрчлөлт орсон юм бэ?

-Манай хамтлаг 1998 онд анх байгуулагдахдаа таван хүний бүрэлдэхүүнтэй байсан. 2000 оны сүүлээс хамтлаг гурван гишүүнтэйгээр уран бүтээлээ хийх болсон. Ямарваа нэгэн нөхөрлөл, үйл ажиллагаа явцын дунд шигшигдээд л үлддэг. Бүх л салбар дээр ийм байдал харагддаг. Анх тавуулаа нийлж хамтлаг байгуулсан боловч Чинзо маань Англи явж, Хөлөгөө маань тусдаа уран бүтээл хийнэ гээд гарсан. Тэгээд л Д.Анхбаатар буюу Skitzo, Б.Батхишиг буюу Baji бид гурав хамтлагтаа үнэнчээр үлдсэн дээ. Өнгөрсөн хугацаанд бид гурав өөрсдийнхөө хэмжээнд нэлээд уран бүтээл хийсэн гэж бодож байгаа. Давтагдсан тоогоор 150 гаруй бие даасан болон шоу хэлбэрээр тоглолт олон улсад болон орон нутагт хийсэн,”Танихгүй охины захидал” уран сайхны кино, долоон диск, 40 орчим видео клипийг хийж үзэгч сонсогч түмнийхээ хүртээл болгосон байна.

-Мөн гадаадад амьдарч, ажиллаж буй монголчууддаа зориулж нэлээн тоглолт хийсэн санагдаж байна?

-2005 оны дөрөвдүгээр сард Бээжин хотод анх тоглолт хийж байсан. Түүнээс хойш Вашингтон, Чикаго, Денвер, Юта, Санфранциско, Лос Анжелес зэрэг хотуудад очиж тэнд ажиллаж амьдарч байгаа монголчууддаа зориулан тоглолт хийж байсан. Мөн 2006 онд Солонгосын Сөүл хотод “Монгол туургатан-2006” урлагийн наадамд оролцсон, мөн онд Европын улсуудаар явж тайлан тоглолтоо хийсэн. Швейцарь улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын урилгаар Женев хотод ажиллаж амьдарч байгаа монголчууддаа манай хамтлаг хоёр өдөр тоглолт хийгээд үргэлжлүүлэн Лондон, Ирландын Дүблин хотод тус тус тоглолтоо хийж байсан юм байна. ОХУ-ын Улаан-Үд хотноо Оросын болон Буриад, Хөх хотод “Надтай цуг баяс” бүрэн хэмжээний тайлан тоглолт хүртэл хийж байлаа.

-Уран бүтээлээ хийж эхэлснээс хойш нийт хэдэн цомог гаргасан бэ?

-Бие даасан зургаан цомог гаргасан. 2001 он “Энд гарч ирэв” гээд анхны цомгоо гаргаж байсан. Мөн “Ирээд буцсан хайр минь”, “Гэрэлт хорвоод”, “Ламбугайн нулимс”, “Хуучин сургууль”, хамгийн сүүлд 2006 онд “Lumino & yah-uu” цомгоо гаргасан. Түүнээс хойш хамтлагийн гишүүд тус тусдаа хэд хэдэн уран бүтээл хийсэн. Миний хувьд хоёр цомог, нэг ном бичсэн байна. Анхаа маань дан хөгжмийн цомог гаргасан байгаа “Nomads” гээд. Бажи болохоор олон клип гаргасан гээд ер нь бид уран бүтээлийн хувьд завсарлаагүй. “Сэмбий” дуу аль 2009 онд хийгдсэн хэрнээ 2013 онд олны хүртээл болсон байх жишээтэй.

-“Намайг дагаад цэнгэ” дууг мэдэхгүй хүн ховор. Нэг хэсэг залуусын амнаас гардаггүй дуу байлаа. Сүүлд гарсан “Сэмбий” бас л нэг хэсэг хит болсон шүү?

-Бид диско клубт дуулдаг байх үед төрсөн дуу бол “Намайг дагаад цэнгэ”. Бараг бааранд байхад санаа төрсөн гэхэд болно. Клубын хоёр давхарт гараад харахад хүмүүс үсэрч бүжиглэж байгааг хараад л шууд “хөөрхөн охин тэр доор шоволзож байна” гээд л нүдэнд харсан зүйлээ бичиж бүтсэн дуу. Тухайн үедээ дуу маань гарсан үеэсээ л фм, радиогийн хит парадыг байнга тэргүүлдэг байсан. “Монголын 100-н шилдэг дуу”-ны нэгээр ганцхан хип хоп дуу шалгарсан нь “Намайг дагаад цэнгэ”. Тэр ч утгаараа караоке энэ тэрд одоо хүртэл дуулагддаг юм билээ. Караокед орсон хүн тэр дууг дуулахгүйгээр гардаггүй гэсэн (инээв). Одоо хүртэл хит дуу хэвээрээ байгаа биз. Энд тэнд дуулахаар очиход энэ дуугаа дуулаач л гэдэг. Хааяа их санаа зовдог л доо, дандаа дуулсаар байгаад ичээд гэх үү дээ. Гэхдээ яахав дуулах ёстой л юм чинь. Харин “Сэмбий” дууны тухайд гэвэл энэ монголчуудын дээр үеэс хэрэглэж ирсэн хэлц үг. Дээшээ босоо бай гэсэн утгатай. Монгол хэлний хар ярианд бол цэмбэгэр, сэмбэгэр гээд цэвэрхэн зүйлийг хэлдэг. Тэр утгаар нь нэрлэсэн. Мэдээж сонсоход л ойлгомжтой, сэргэлэн бай цовоо бай босоо бай гэсэн бэлгэтэй үг. Нэрнээсээ ч бас хамаараад хүмүүсийн сонсох дуртай дуу болсон байх.

-“Люмино” рэп хэв маягаар дуулдаг цөөхөн хамтлагийн нэг гэхэд улагийн салбараас чамгүй олон шагнал хүртэж байсан. “Пентатоник” наадмын шагналыг дөрвөн ч удаа хүртсэн билүү?

-Тийм. “Люмино” хамтлаг Монголын хөгжмийн ертөнцийн дээд шагнал Пентатоник шагналыг дөрвөн удаа хүртэж байсан. 2000 оны “Шилдэг хип хоп хамтлаг”, 2003 оны шилдэг дуу “Намайг дагаад цэнгэ”, 2005 оны шилдэг хип хоп хамтлагийн дуу “Freestyle”, мөн оны шилдэг этник дуугаар “Ламбугайн нулимс” зэрэг дуу маань тодорч байсан. Түүнчлэн манай хамтлагийн уран бүтээл 2003 онд “Алтан микрофон” хөгжмийн наадмын “Шилдэг шинэ давалгаа,шилдэг хамтлаг”-аар, 2004 оны “HIT awards” наадмын оны шилдэг цомог, шилдэг клипээр тодорч байсан бөгөөд “UBS music video awards” наадмаас хэд хэдэн удаа шагнал хүртэж шилдэг хамтлагаар шалгарч байлаа.

– Хамтлагийн гишүүд урлагийн сургууль төгссөн үү. Таны хувьд ямар мэргэжилтэй вэ?

-Би МУИС-ийг төгссөн. Монгол хэл судлаач мэргэжилтэй. Манай хамтлагт урлагийн сургууль төгссөн хүн байхгүй, бид цэвэр хоббигоороо өөрсдийнхөө мэдрэмжээрээ л уран бүтээл хийж яваа. Олон жил уран бүтээл хийгээд ирэхээр эзэмшсэн мэргэжил шиг л болчихдог юм байна. Ингээд бодоход мэргэжлийн сургууль төгссөн гэхээсээ илүүтэйгээр хүн өөрийнхөө авьяас, чадвар, зорилгыг олж түүнийгээ лавшруулан сурч амжилт гаргасан хүмүүс л нийгэмд их юм шиг.

-Цаашдаа “Люмино” хип хоп чиглэлээр уран бүтээл хийсээр л байх уу. Энэ урсгалд хөгшдөх юм биш биз?

-Яалаа гэж (инээв). Бид дахиад шинэ цомог хийнэ, өмнө нь “Люмино” яаж идэвхтэй уран бүтээл хийдэг байсан яг тэр цаг үе рүүгээ эргээд очно. Ер нь олон шинэ юм хийгээд эхэлчихсэн байгаа. “Сэмбий” дуунаас хойш хийгээд эхэлсэн гэх үү дээ. Шинэ цомог гаргах гээд бичлэгэндээ ороод явж байна. Мэдээж анх уран бүтээл хийсэн урсгалаараа л уран бүтээл гаргана. Ямар гэнэт поп стилиэр дуулалтай биш. Чадах ч үгүй. Цаашдаа манай хамтлаг продюсер чиглэлээр түлхүү ажиллана. Шинэ хамтлаг дуучид гаргах, шоу зохион байгуулах гээд хийх олон ажил байна.

-Тоглолтынхоо үзэгчдэд хандаж юу гэж хэлмээр байна?

-Мэдээж тоглолтод манай хамтлагийг сонсох дуртай үзэгч, фэнүүд маань ирнэ. Тиймээс дууны үгнүүдээ бүгдээрээ сайн цээжлээрэй гэж хэлмээр байна. Бид үзэгчдээ дуулуулдаг хамтлаг. Өмнө нь олон ч тоглолтод энэ уламжлалаар явж ирсэн. Манай хамтлагийн дууг ч хүмүүс андахгүй мэднэ. Мөн “On’n Off Production” тоглолтыг маань маш сайхан найруулж байгаа болохоор тоглолтод ирсэн хүмүүст илүү сонин содон зүйлийг үзүүлнэ гэж бодож байна.

Д.Даваасүрэн

М.Мишээл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *