Categories
мэдээ нийгэм

Ломбардны хүүг бууруулбал 2000 гаруй хүн ажилгүй болно гэв

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан иргэдийн орлогын эх үүсвэр болсон үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт зогсч, цалин, орлого тасалдан зээлээ эргэн төлөх чадваргүй болох эрсдэл тулгараад байгаа учир холбогдох хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Хуулийн төсөлд Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг 3 хувиар тооцох, худалдан борлуулахгүй байх зохицуулалт тусгасан. Тэгвэл Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо уг хуулийн төслийг хөрсөн дээр буугаагүй, албан ёсны эрх ашгийг хамгаалах холбоотой холбогдоогүй, шинжилгээ судалгаагүй гэж өнөөдөр /2020.12.25/ мэдэгдлээ.

Тэд “Улаанбаатар албан ёсны бүртгэлтэй нийт 700, бүртгэлгүй 200-300 нийт мянга гаруй ломбард үйл ажиллагаа явуулдаг. Ломбардаар үйлчлүүлж байгаа иргэдийн 60 орчим хувь нь гар утсаа барьцаалан зээл авдаг. Гар утас бол өдөр тутамдаа шинэчлэгдэж, тэр хэрээр үнэ нь унадаг. Гэвч худалдан борлуулахгүй байх зохицуулалт нь нэгдүгээрт, үнийн алдагдал маш ихээр хүлээхээр байна. Хоёрдугаарт, ялангуяа гар утсыг олон сараар хадгалсан тохиолдол зай нь хөөж, дэлгэц нь хагарах, эвдэрч гэмтэх тохиолдлууд их гардаг. Одоо ч гарсаар байна. Өөрөөр хэлбэл, маш олон иргэдийн эд хөрөнгө устаж үгүй болно гэж ойлгож болно.

Ломбардны үйл ажиллагааг явуулж байгаа ААН-үүдийн ихэнх нь өндөр төлбөртэй түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг. Нийгэмд тархаад байгаа шиг 200-300 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй ломбард гэж бараг байхгүй. Ихэнх нь 20-30 сая төгрөгөнд эргэлддэг. Хэрвээ 3 хувийн хүүтэй гэж үзвэл сардаа 900 мянган төгрөгийн ашиг олно гэсэн үг. Үүнээс хэдээр нь түрээсээ төлж, хэдээр нь хүнээ ажиллуулах вэ. Дээр дурдсан ломбард эрхлэгчид бүгд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Хэрэв бид түрээсээ төлж чадахгүйд хүрвэл 2000 орчим хүн ажлын байр үгүй болж, түүний ард 5000 орчим айлын амьдрал хэцүүднэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *