Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн энэ удаагийн айлчлалын үр дүнг Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц ач холбогдолтой боллоо гэж судлаачид ам сайтай байна. Хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдсан хамгийн чухал асуудал нь Монгол Хятадын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх талаар хөндөгдөв. Өнөөдрийнхөө түвшинг 60 гаруй хувиар өсгөх ийм том зорилтод хүрэхийн тулд экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Энэ хүрээнд хил, гаалиар нэвтрэх ачаа, барааны урсгалыг сайжруулах асуудал нэн тэргүүнд тавигдаж байна.
Монгол Хятадын худалдааны эргэлтийг хангадаг төв хаалга бол Замын-Үүд юм. Энэ боомтоор өдөрт 500-600 автомашин нэвтэрдэг гэсэн судалгаа бий. Үүний тодорхой хувийг хүнд даацын тээврийн хэрэгсэл эзэлдэг юм билээ. Харин төмөр замаар орж, гардаг ачааны тухайд энэ оны эхний улирлын байдлаар нийт 1061 галт тэрэг, 48375 вагоныг Эрээнээс хүлээж авчээ. Энэ нь өмнөх оныхоос 146.5 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Тэгвэл Замын-Үүдээс Эрээн рүү 974 галт тэрэг, 47735 вагон нэвтэрчээ. Мөн л өмнөх оныхоос 142.8 хувиар өссөн дүнтэй байна лээ. Ер нь эдгээр ачааны нийт жинг сонирхуулбал, эхний дөрвөн сарын байдлаар Хятадын талаас 183.2 мянган тн импортын бараа хүлээн авчээ. Манай талаас хоёр сая 476.3 мянган тн уул уурхайн болон бусад бараа таваарыг экспортолсон дүн мэдээ байна. Европ болон ОХУ-аас манай улсаар дамжаад Эрээн рүү 739.5 мянган тн ачаа гарчээ. Эндээс харвал Замын-Үүдийн боомтын ачаалал эрс өсөөд байгаа юм. Манай улсын экспорт, импортын гол гүүр төдийгүй, транзит тээврийн дамжлага болсон Замын-Үүд боомтод нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар зорилоо. Биднийг галт тэрэгнээс буухад цаг агаар тийм ч таатай бус, шороо боссон, салхитай байв. “Говь нутгийн хаврын урт өдрүүд ёстой л ингэж үргэлжилдэг дээ” гэсэн бодол тээсээр хилийн “Хаалт” хүрэв. Тэнд автомашины өнөөх урт дараалал хэвээр байна билээ. Ингээд Замын-Үүд дэх ачаа, барааг “Шилжүүлэн ачих анги” буюу “МЧ-1”, “МЧ-2”-ын үйл ажиллагаатай танилцсан юм. Айлын талаас автомашин болон чингэлгээр ирж байгаа бараа тээврийг УБТЗ-ын харьяа “МЧ-1” талбайд хүлээн авч, гаалийн хяналт бүрдүүлэлт хийдэг байна. Харин “МЧ-2” нь МТЗ-ын харьяа бөгөөд төмөр замаар тээвэрлэж байгаа дамжуулан өнгөрүүлэх экспортын бараа, тээврийн хэрэгсэлд эцсийн бүрдүүлэлт, гаалийн хяналт шалгалт хийх үйл ажиллагаа явуулдаг аж. Биднийг энэ талбайд очиход чингэлэг зөөж, ачих зориулалтын гурван механизм харагдав. Хоёр нь сул зогсолтын байдалтай, нэг нь галт тэрэгнээс чингэлгүүдийг тавцан руу шилжүүлэн буулгаж байсан. Тэндээсээ бид “МЧ-1” рүү очив. Энэ талбайд хүрэхийн тулд төмөр замын гармаар гардаг юм билээ. Биднийг тэнд очиход арав гаруй хүнд даацын тээврийн хэрэгсэл хашааны гадна зогсч байсан. Урд өдөр нь шуургатай, үзэгдэх орчин муу байсан болохоор шилжүүлэн ачилт хийгдээгүй гэнэ. Тиймээс жолооч нар машиндаа хоноцгоожээ. Тэд “Тээвэр хийж байгаа бидэнд цаг бол алт. Гэтэл Замын-Үүд ерөнхийдөө ийм салхитай, шуургатай байдаг. Хаврын улиралд цаг агаарын хүндрэлээс болж хугацаа алдах тохиолдол байдаг. Дээрээс нь Шилжүүлэн ачих цогцолборын зай талбай хүрэлцээгүй болохоор ийм хүлээлт үүсдэг. Бид ямар хүний ачааг хээр буулгаад орхилтой биш дээ. Иймэрхүү нөхцөл байдал үүсэхэд хүлээлтийн байдалд байгаа жолооч бид нарт хүндрэлтэй. Ойрхон цайны газар, бие засах газар байхгүй. Заавал сумын төв рүү орох болно. Хүний ачаа бараа хаяад явчихдаг, дараа нь дутаж, хорогдоод өөрсдөө өрөнд орох эрсдэлтэй. Харин хэдэн жилийн өмнөөс баригдаж эхэлсэн Замын-Үүдийн ложистикийн төв ашиглалтад орчихвол иймэрхүү асуудал гарахгүй” гээд сумын төвийн баруун хойд зүгт харагдах улбар шар өнгийн байгууламжийг заав. Ложистикийн төв ашиглалтад орвол одоогийн үүсч байгаа хүндрэлүүд арилаад зогсохгүй Замын-Үүд боомтын хяналт шалгалтын цэг, ачаа дамжин өнгөрүүлэх газрын ачаалал эрс багасах юм билээ. Ингээд Замын-Үүд дэх ложистик төвийн бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байгааг сонирхохоор хөдлөв.
ЛОЖИСТИК ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 78 ХУВЬТАЙ БАЙНА
Засгийн газрын хувьд эдийн засгаа солонгоруулж, олон тулгууртай хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Эдийн засаг өсөн тэлэх нэг гарц нь худалдааны эргэлт хурдацтай нэмэгдэх явдал. Дан ганц уул уурхайн бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр хүнс, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн экспортыг нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс төр алсын хараатайгаар хэд хэдэн томоохон төсөл барьж авсны нэг нь “Замын-Үүд ложистикийн төв” юм. Энэ төв ашиглалтад орсноор шилжүүлэн ачих урсгал нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах нь тодорхой юм.
Төслийн хүрээнд Замын-Үүд сумыг ложистикийн төвтэй автозам болон гүүрэн байгууламжаар холбожээ. Суудлын болон хүнд даацын тээврийн хэрэгсэл тус бүрийн зориулалтын замаар ложистикийн төвд хүрэх юм байна. Мэдээж хүнд даацын тээврийн хэрэгсэл хүний хөл хөдөлгөөн ихтэй суурин газрын дундуур зорчих нь аюултай. Боомтоор орж ирсэн тээврийн хэрэгсэлийг сумын төвийн хойгуур тавьсан хүнд даацын автозам хөтөлсөөр ложистикийн төвд авчрах ажээ. Ингэснээр ачаа, барааны урсгал автозамаар шууд ложистикийн төвд хүрэх боломжтой. Нэг онцлог нь одоогийнх шиг төмөр замын гармаар туулах шаардлагагүй болох юм байна. Энэ асуудлыг гүүрэн байгууламжаар шийджээ. Хоёр урсгалтай уг гүүр нь ложистикийн төв рүү орох төмөр замтай огтлолцож байв. Гүүрэн дээрээс ложистикийн төвийн бүтээн байгуулалтын үйл явц алган дээр тавьсан мэт ил тод байна лээ. Эндээс Эрээн хотын шөнийн гэрэл хачин гоё харагддаг болохоор нутгийн иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар нь болжээ. Үүгээр зогсохгүй шинийн 1-ний өглөө мандсан нарыг нутгийн зон олон энэ гүүрэн дээрээсээ хурайлан угтсан гэж таксины жолооч бидэнд хуучлав. Сумын төвөөс ердөө тавхан минут ч хүрэхгүй хугацаанд ложистикийн төвийн бүтээн байгуулалтын талбайд ирсэн юм. Энэ цогцолбор төв нийт 128 га талбайг хамарчээ. Анхнаасаа төсөлд тусгагдсан чингэлгийн, хүнд даацын, агуулахын гэж бүсчилсэн бүтээн байгуулалтын ажлууд нэлээд шувтарсан харагдав. Одоогийн байдлаар ложистикийн төвийн өргөн болон нарийн царигийн нийт 11.5 км төмөр замын ажил бүрэн дуусчээ. Мөн захиргаа, гаалийн барилга, жолооч, ажилчдын амралтын байр зэргийг бэлэн болгосон байв. Ложистикийн төвийн захиргааны барилга нь гурван давхар. Гаднаа ажилчдын болон энэ төвөөр үйлчлүүлэгчдийн машины зогсоолтой. Сонирхуулахад, захиргааны байрыг ачих, буулгах талбайгаас хашаагаар зааглаж, автомашины орц, гарц нь хүртэл тусдаа байх юм билээ. Энэ том цогцолбор бүхэлдээ интернетэд холбогдсон байв. Ложистикийн төв ашиглалтад орвол жолооч нарын хувьд машиндаа нойр, хоолгүй шахам хонож, өнждөг бэрхшээлүүд ард хоцрох нь ээ. Дотроо цайны газар, ариун цэврийн өрөө бүхий амралтын байранд тэд тухлахын зэрэгцээ интернэт орчноор чөлөөтэй аялах бүрэн боломжтой. Үндсэндээ ложистикийн төвийн газар доорх байгууламжууд, дэд бүтцийн асуудлууд бүрэн цэгцэрчээ. Галын болон цэвэр бохир усны хоолой, цахилгааны кабелийн суваг шуудууны ажлууд бүгд дууссан байв. Дулаан хангамжаа авах уурын зуух болон нүүрсний агуулах, цэвэр усны нөөц бүхий усан сан, бохирын асуудлыг шийдэх цэвэрлэх байгууламж, засварын төв гээд олон бүтээн байгуулалтыг энд өрнүүлсэн байв. Харин одоо тэдгээр байгууламжуудад ашиглах тоног, төхөөрөмжүүдийг угсрах ажил л үлдсэн аж.
Ложистикийн төв бол 24 цагийн турш байнгын үйл ажиллагаатай байх ёстой газар. Тиймээс эрчим хүчний эх үүсвэрээ хоёр газраас хангажээ. Нэг нь Замын-Үүдийн цахилгаан хангамжийн өртөөнөөс ложистикийн төв рүү 110 КВт-ын шугам татаж, эрчим хүчний дэд станцыг байгуулж улсад хүлээлгэн өгчээ. Нөгөө эх үүсвэр нь “УБТЗ” ТӨХК-иас авсан цахилгаан дамжуулах шугам гэнэ.
“Замын-Үүд ложистикийн төв”-ийн төсөл эхэлснээс хойш нийтдээ арав орчим туслан гүйцэтгэгч компани дээрх бүтээн байгуулалтыг өрнүүлжээ. Биднийг барилгын талбайд очиход 200 гаруй хүн ажиллаж байв. Тэд зам, талбай, зогсоолын хучилт, хавтан, хэв хашмалын өрөлтийн ажлыг хийж байлаа. “Ерөнхийдөө ложистик төвийн барилгын ажил 78 орчим хувьтай байна. Суурь ажлуудынхаа ард гарчихсан. Одоо чимхлүүр ажил үлдээд байна. Төслийн хугацаа энэ онд дуусна. Бид бүхэн наймдугаар сард ашиглалтад өгөхөөр зорьж ажиллаж байгаа” гэж төслийн гүйцэтгэгч “China Railway 21st Bureau Group”-ийнхэн бидэнд дуулгасан юм.