Амнаас нь хоёр өгүүлбэр ховорхон “унадаг” Лионель Месси Аргентины Tyс Sports хэмээх спортын сувагт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Түүний ярилцлагыг товчлон хүргэе.
Энэ жилийг овоо гайгүй ядарч өнгөрөөлөө. Бие хаа уг нь зүгээр л дээ. Харин сэтгэл зүйн хувьд уналтад орчихож. Ялангуяа улирлын сүүлчийн хэдэн долоо хоног буюу Аваргуудын лигээс хасагдсаны дараа байхгүй ээ. Урьд өмнөхөө бодвол энэ жил харьцангуй бага хугацааг талбайд өнгөрүүлсэн тул Америкийн цомд тоглох чадвартай болчихлоо.
АМЕРИКИЙН ЦОМД ХЭР ЗЭРЭГ АМЖИЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
Бүх том тэмцээний өмнө ямар сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ёстой вэ, тийм л хэмжээнд байна. Аргентины шигшээ баг их залуужсан. Тэдний хувьд уг тэмцээн анхных нь том тулаан. Харин бид урьд өмнөх шигээ лидер биш гэдгээ мэднэ.
АХЛАГЧИЙН ТУУЗЫН ТАЛААР
Анх тэр туузыг аваад(ДАШТ-2010) юу ярих ёстойгоо мэдэхгүй хэсэг алмайрсан. Хувцас солих өрөөнд болсон үйл явдал л даа. Хоорондоо холбоос үгүй дэмий балай үг хэлээд л. Одоо овоо хугацаа өнгөрчихөөд байхад л би бага ярьдаг хэвээрээ. Мэдээж сайхан сэтгэл сэргээсэн илтгэл том тэмцээний өмнө залууст хэрэгтэй л дээ. Гэхдээ бүгд үүрэг даалгавраа ойлгочихсон байхад илүү зүйл би нуршаад яах ч билээ, тийм ээ.
АРАВ ГЭСЭН ДУГААРТАЙ ЦАМЦ
Арав дугаарыг өмсөж яваа хүмүүс нь онцгой болгодог юм. Түүнийг Марадона, Роналдиньо чимж явлаа. Хэрвээ Агуэро түүнийг авна гэвэл яах уу гэж үү. Тэгвэл би түүнд хүн бүрт өөрийн номер бий гэж хариулна.
ГЕРМАНЫ ШИГШЭЭ БАГТ “ДАШТ-2014”-ИЙН ФИНАЛЬД ЯЛАГДСАНЫ ДАРАА
Дэлхийн цом гэдэг чинь бүх хөлбөмбөгчдийн дээд мөрөөдөл юм. Тэр жил туйлын мөрөөдлөө биелүүлэхэд сөөм дутсан шүү. Ямар сайхан баг манайд байсан гээч. Бөөн шижигнэсэн авьяаслаг залуучууд яг оргил үедээ ирчихсэн байлаа, тэр үеийн Аргентины шигшээ баг. Зай үлдээхгүй, гоол алдахгүй гэдэг суурь зарчимтай байсан. Довтолгооны талаар ярих ч юм биш. Хэн нь ч хэзээ гоол оруулах боломжийг ганцаараа босгох боломжтой гээд л. Тэгтэл Кун гэмтчихсэн. Тэгээд схемээ өөрчлөх шаардлага гараад. Мөнгөн медаль зүүгээд “Алтан дагина” цомын хажуугаар хүрч чадахгүй алхах шиг аймшиг байхгүй юм билээ.
ПЕПБОЛ ХҮНИЙ ДЭЭД ХҮН. ТҮҮНИЙ АЧААР КОБИ, ФЕДЕРЕРТЭЙ ЗУРГААТАТУУЛСАН
2008 онд Барса намайг Бээжингийн олимпод явуулахгүй гээд. Хүн бүхэн олимп гэдэг гайхамшиг гээд ярьдаг байсан тул би тун их очмоор байсан юм. Харин Пеп Барсагийн удирдлагатай баахан ярилцаж байж гэмээнэ намайг дагаад тусгай элч явна, тэр хүн нь миний биеийн байдлыг тогтмол хянаж эгзэгтэй үед талбайд гаргахгүй гэсэн заалттайгаар суллаж байлаа шүү дээ. Өө тэнд бол гайхамшигтай байсан. Дэлхийн шилдгүүд цугларчихсан. Макдональдст сууж байгаад Коби, Федерер, Надаль нартай зургаа татуулж байна гэхээр гайхамшиг байгаа биз. Итгэхийн аргагүй.
ДУНД ХҮҮ МААНЬ ЗААВАЛ БАРСАГИЙН ЭСРЭГ БАЛИШИГЛАДАГ
Маттео дандаа Барсагийн эсрэг хашгирна гээч. Сая Ливерпүүлд хожигдоход улаануудын галзуу фэн болчихсон. Тээр жил Валенси биднийг хожиход бас тэднийг дэмжээд уур хүргээд байсан. Тэр бүү хэл Реал гоол оруулахад баярлаад байгаа юм даа. Түүнээс болоод нэг хэсэг Мессигийн хүү Реалыг дэмждэг гээд бичээд байгаагүй юу. Угтаа намайг л цаашлуулж байгаа нь тэр. Харин том хүү их чимээгүй.
АЛСЫН ЦОХИЛТ
Анх хаалттай цохилтыг яаж амжилттай гүйцэтгэх вэ гэдгийг Альфио Басиле зааж сургасан юм. Цохих үедээ хөлөө сулла гээд л. Рикельмег сайн хар, төв рүүгээ хэтэрхий хүчтэй цохиод байна гэх мэтчилэн чухал зүйлс олныг заасан даа.
ТАЛБАЙГААС АНХ ХӨӨГДСӨН ТАЛААР
Тэр бол 2005 онд болсон үйл явдал. Унгарын шигшээ багийн эсрэг тоглох гээд талбайд гараад 47 секундын дараа улаан хуудас аваад хөөгдөж байлаа.
Бэлтгэсэн
Д.БАТ-ЭРДЭНЭ