Categories
мэдээ цаг-үе

Лиг бөхтэй тэмээд шиг говиороо дүүрэн Таван Богд хайрханыхан

ХОНГОР ЗҮГИЙН ДУРСАМЖ

Наадмын дараахан, зуны дунд цагаан морин сарын тэргэл өдөр би отгон хүү, бэр, ач, зээ нартайгаа нэг баг болж, унасан өлгий, угаасан ус Баянхонгор аймгийн Бууцагаан сумынхаа 90 жилийн ойн баярт оролцохоор Нийслэлээс мордов.

Яруу найраг мэт Дорнод Монголын их талд дөрвөн арван жилийг элээсэн хонгор нутгийн хүү би энэ замаар цэл залуугаасаа мөн ч олон зорчсон ч гэсэн миний мэдэх зам харгуй алга болжээ. Төрсөн нутаг руугаа дөхөх тусам л хонгор зүгийн салхи сэвэлзэж, хийморь дөрөөлж, нэгэн жарныг илээсэн намайг төрсөн нутаг минь өр зөөлөн тосож мэлтийнэ. Би түмэн бодолд ороолцолдовч хүүхдүүддээ ус нутгаараа бахархаж явав.

Өвгөдийн голомт бадарсан Манай хошуу мал бол Монгол Алтайн уулархаг их мужийн ар хөндий болох Говийн их нууруудын хотгорын хойд говь, хангайн мэргэд бахархан бичиглэж ирсэн агаад Алтай Таван Богдынхон хэмээн магтан дуулах нь ч олонтой.

Хонгор нутгийн цэнхэрлэн харагдах уулс, ухаарлын гэгээн ертөнц, Эх орон, ээж, ааваа дуулсан гэгээн аялгуу байлаа. Үүлсийн хормой сөхөж оргилоо булаалдан хөхөлбийтөх уулсын тэргүүнд наран мандлаа. Говь, хангайд наран мандах үнэхээр сонин. Талын наран өлмий дороос ургадаг бол хангай нутгийн наран тэргүүн дээрээс ургадаг юм.

Цагаан голын зүүхэн хойно Алаг хайрхан уул цэнхэрлэж, баруухан хойно нь Өлзийт Богд хайрхан сүрлэг өндрөө сүрдүүлсээр цааш намсан Баруун харын нуруунд наран мэлтрэн, улайран харагдах агаад төдөлгүй нарны туяа доошлоход түмэн өнгийн гэрлээр хорвоо ертөнцийг гийгүүлж, өнгийн алаг цэцэгс шөнөдөө хумьсан цоморлиг юугаа дэлгэн, шинэ өглөөний мэндийг хүргэнэм. Энэ бол Говь, хангайн цэнхэр орны зулай дээрээс наран мандах агшин.

Намрын эхээр цагаан нөмрөгөө хөдрөх Богд аав уулынхаа эргэн тойрны нөмөр нөөлөгт жилийн дөрвөн улирлыг өнөр өтгөн өнөтэй сайхан өнгөрөөж, хурга, тугалаа хариулан, хурдан морины үсэргээнд хөөрч, эгчийн урласан монгол гутлын улыг эргүүлэн ноцолдож, намаржаанаасаа хашин хулаараа сургуульд шогшиж торнисон, хүн малын жаргалын орон болсон хөх говь, хөхрөн харагдах уулс миний багынх шигээ мөнөөсөө мөн.

Хярсан хирс мэт Богд аав хайрханы хормой бэлээр 1950-иад оны манай Буянтцагаан гол сумын тавдугаар бригадынхан буюу өнөөгийн Бууцагаан сумын нэгдүгээр баг, хоёр зуугаад өрх айл, усны тунгалаг, ургамлын соргогт тэнүүн идээшлэлт, өвөг дээдсийнхээ голомтыг бадраан хөгжиж дэвжсэн нь харахад илхэн.

Нутгийн зах, Олон овоотын хиргисүүр овоонд идээ удааныхаа дээжийг өргөөд Сумын зүг шороон замаар тоос татуулан давхилаа. Ард зөвхөн улбар шаргал тоос тэнгэр баганадан хоцорно. Хөнгөн тэрэгний цонхоор хөх тэнгэр, Бударганы урд нуруу цэнхэртэн алсарч, таана цэцэглэсэн уужим говь цэлийнэ. Ийнхүү явтал хэдэн бор гөрөөс цахилж яваа харагдав. Ач маань зургийг нь авах гэж цонхоороо өндөлзөхөд машины чимээнээр хуйлран баруун хойш салхи сөрөн дэгдэж бараа тасарлаа.

Энэ жил манай суманд өнөтэй өвөл болжээ. Цалуугийн ууланд хар сүүлт, янгир, аргаль өвөлжихөд зуншлага сайхан болдог гэж аавын минь төрсөн дүү сумын хоёр удаагийн аварга малчин Чойжоо ах минь ярьдагсан. Өнөтэй сайхан жил болохоор хар сүүлт энд цахилж яваа юм байна гэж би хүүхдүүддээ хуучилж явлаа.

Ялаархсан адуу мал Овоо түрүүний рашааны хөлд багширч, дээд биед нь цайрах ганц дан байшингийн ойролцоо машин тэрэг харагдана. Нэгэн үе тийшээ хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхдөг байж билээ. Харин одоо сайн хан аймгийн Эрдэнэ жүн вангийн хошууны ихэс дээдсийн алжаалаа гээж өнгөрөөсөн эртний түүхт нутгаар нэршиж, хол ойрын хүмүүс холхидог домогт газрын нэгэн болжээ. Тэндээс хээрийн зам намрын улирал нэг урт үргэлжлэх бүүр тодруулбал 11 сарын дунд үе хүртэл тавган сөлтэй өнждөг Баянбүрдийн говиор торойлгосоор Байдраг мөрөн дээр аяны тоосоо гүвээд Бууцагаан орох ажгуу.

16 дугаар зууны эхээр Батмөнх даян хааны хүү, Гэрсэнз Жалайр хунтайжийн ач хүү ар халхын төр, шашны нэрт зүтгэлтэн Шолой сэцэн зүүн, баруун халхыг нэгтгэсэн засаг захиргааны нэгжийг байгуулаад 1639 онд Халхын ноёдын чуулганыг тэргүүлж, Монголын бурхан шашны Богд гэгээнд Занабазарыг өргөмжлөн их ёслол хүндэтгэл үйлдсэний хойтонгоос баруун Халхын аймаг байгуулах их үйлсийг явуулжээ.

Үе үеийн их дээдсийн уйгагүй хичээл зүтгэлээр 1664 онд Түшээт хан аймгаас Сайн ноён хан аймгийг тусгаарлан байгуулж, манай нутгийг “Халхын хойт замын баруун гарын баруун этгээдийн хойт хошуу” гэж нэрлэн, хошуу захирагчийн тамгыг тийн бичвэртэй шийтгэн олгосон гэж түүх мэдэх буурлууд хуучилдагсан. 1732 онд Эрдэнэ Засгийн хошууны ноён бэйл Цэвээнноровын дүү Чимчигжав эх орондоо батлан хамгаалах үйлсэд онцгой гавьяа байгуулсны төлөө, манжийн хааны зарлигаар “Жүн Ван” хэмээх манжийн хэтэрхий өндөр хэргэм цолоор шагнагдсан учир манай хошууг “Сайн ноён хан аймгийн Эрдэнэ жүн ван”-гийн хошуу хэмээн түмэн олноороо нэрийдэх болсноор найман үе, нэгэн зууныг элээж, ихэс дээдэс үе улиран захирсаар 1924 онд “Буянтцагаан гол” сум байгуулагдахад чин вангийн зэрэгт жүн ван Жамъяндорж эрх ямбаасаа татгалзаж Ардуудын засагт эрх мэдлийг шилжүүлсэн аж.

Чухам тэр үеэс манай суманд Баруун, Зүүн аймгуудыг холбосон “Авто тээврийн шалган бүртгэх товчоо” нэртэй замын гол зангилаа “Бууцагааны бурхан буудал” гэгдэн аян замд алжаасан, зүдэрсэн олныг хооллож, ундаалж, ажил албатай нь эсэн мэнд залгуулсаар өдгөөг хүрсэн Монгол түмний бахархал, хэн хүнгүй мэдэх гэгээн үйлстний өлгий Буянтцагаан сум. Ламын гэгээнтнийхээ өлмийд бат оршиж, тэгш ойнуудын даншгаа өргөн түмнээрээ хүндэтгэх баяртаа товлосноороо Бүх хонгорынхон айсуй.

Лиг бөхтэй тэмээд шиг говиороо дүүрэн ханхайх очирваань шүтээнт Богд таван ханхарынхан гэж Дээдсээс ус нутагтаа өлгийдүүлж, Таван Ханхар хайрханаараа овоглосон Буянт цагаан гол сумынхан гэдэг энэ билээ.

КАНАД МАЯГИЙН СУМЫН ДҮР ТӨРХ

Бид Байдраг мөрнийхөө шинэхэн гүүрээр гараад хотол их усныхаа захад бууж, усанд орж, наранд ээж, элсэн тасархай адил өндөр дулаантай элсэндээ өнхөрч хагас өдөр буянаа эдэлж аяны тоосоо гүвэв. Миний бодлоор Байдраг мөрөнд цутгах Цагаанголынхоо дэлгэр дэнжид төрсний хувьд хүү, бэр, ач нартайгаа төрсөн нутгийнхаа шороон дээр хөрвөөж, буян заяагаа нутаг усандаа даатгаж буй минь энэ.

Шавагтын хоолойг төдөлгүй эвхэж Ширээт уулын дөрөлж дээр гарч иртэл Сумын төв алган дээр мэт харагдав.

-Хүүе энэ чинь манай хотын Сүхбаатар жанжны талбайд байсан нөгөө Канад байшин бүгдээрээ ирчихсэн байна шүү дээ гэж бага ангийн сурагч ач охин Дэлгэржаргал минь дуу алдав. Нээрэн цоо шинэ Сумын төвөө би таньсангүй. Сумын төвийн өмнө талд Магнай хайрхан сүрээрээ гайхуулан харагдах нь ямар ч байсан миний нялхын сум тэр л газраа байгаа юм байна. Ширээтийн дөрөлжөөс харахад Ёлын зогсоол жавхлант харлаг уулс минь Алтай нурууны салбар. Богд таван хайрханы тахилга болоход түүний нөлөө буянаар Манлай уулын савдгийг өгөөшилж үеийн үед дэвсгэр нутгаа амар түвшин, идээ будаатай амьдруулдаг юм гэнэ лээ. Ийм нэгэн домог санаанд оров. Манай суманд ирсэн, явсан түмнийг хамгийн түрүүн тосч, хамгийн сүүлд үддэг нь Алтайн нурууны өргөн их говийн гурван шовх. Түүний эх хайрханыг манайхан Магнай уул хэмээн нэрийднэ.

Говийн гурван шовх бол Богд таван ханхарын Зүүн бэлгийн хайрхан. Энэ гурван шовхын дундуур жилийн дөрвөн улиралд бургилах Буянтын рашаан мэлмэрнэ. Ариун тунгалаг рашаан үе үеийн буянтцагаанчуудыг тэнхрүүлсэн тэр л янзаараа оргилж бургилан угтлаа. Чухам ийм л гурван шовх хайрханы хуучин бууцанд тунгалаг их ариухан усныхаа хөвөөнд 583.9 мянган га, уул ус, ургамал ногоо жигдэрсэн үзэсгэлэнт нутгаа эзэгнэн, Монгол Улсын баруун бүсийн аймаг, сумдын хөгжлийн тулгуур “Жишиг” шинэ сум төрхөө олжээ.

Хуучин Сумын цөөхөн дан цагаан байшин харагдсангүй. Энэ өргөн зэлүүд говийн хээр хөдөөд бараг л нэгэн зууныг элээсэн, түүх болох миний нялх багын ойцон нойцон муу байшингууд дахин төлөвлөлтөд орчмооргүй л юм даа гэсэн бодол бууж, өнгө сүрээрээ гайхуулах, олон ганган шилтгээний хажуугаар давхисаар хөнгөн тэрэг алаглаж, түм түжигнэж, бум бужигнаж харагдах “Нутгийн удирдлагын ордон” гэх будаг нь ханхалсан канад өргөөг тойруулан босгосон орчин цагийн төмөр хийцийн чамин ур маягийг илэрхийлсэн хашааны дэргэд хөлгийн жолоо татлаа.

Зочид ихтэй байгаа бололтой. Хэн нь хэнийгээ тосч аван, хаана хэрхэн оруулж, яаж байгаа нь мэдэгдэх юм алга. Өөдөө сөөргөө гүйлдэж, гар утсаар ярьцгаасан баахан хүн. Өсөж төрсөн өлгий нутгаасаа гараад өчнөөн жил өнгөрсөн надад таних мэдэх хүний зүс хайгаад ч яахав дээ гэсэн шүү юм бодоод хоёр ачаа дагуулан “Нутгийн удидлагын ордон” руу холхилдох олны дундуур явж байтал өнгөрсөн өвөл нийслэлд болсон сумын уугуул олны цугларалт дээр ажлынхаа тайланг тавьсан Засаг дарга Ч.Энхдалайтай тааралдав Засаг дарга хүү ч намайг таньж мэндлэн, хөөрөг солилцох зуур Энхдалай хажуугаар утсаар яриад өнгөрөх бүсгүйг дуудаад “Энэ хүнийг байранд оруулаарай” гээд бас л танилтайгаа дуу шуу болов. Даргаас намайг байртай болгох үүрэг авсан бүсгүй хоёр алгаа дэлгэн “Ямар ч байргүй болчихлоо. Санаснаас олон зочид ирлээ” гэж миний урмыг хугалаад байтал ордны хаалгаар гарч ирсэн монгол хийцийн цагаан цамцан дээр “Алтан гадас” санжийлгасан өндөр эр намайг танив бололтой “Өө ах маань ирчихэж” гээд гүйж ирэн бид тэврэлдэн уулзав. Бид нэг голын хүмүүс, түүнийг Борын Самбуу гэнэ, би түүнд өчигдөр ирдэг байж, орох орон олдохгүй бололтой” гэтэл тэр нөгөө бүсгүй рүү “Та нар чинь энэ хүнийг танихгүй байгаа юм уу? Манай сум, аймгийн нэрийг ганц тахалдаг яруу найрагч чинь шүү дээ. Энэ дээр нэг хүн ханхай өрөөнд ганцаараа хэвтэж байна. Би оруулаад өгье гээд намайг гараас хөтлөн эргэв.

Ийнхүү бид тав зочин хүлээн авахаар бэлтгэсэн “Нутгийн удирдлагын ордон”- ы хоёрдугаар давхрын цэлгэр өрөөнд төвхнөж хүүхдүүд маань ч бөөн баяр хөөр ,өрөөний хүн маань манай 90 жилийн түүхийг бичсэн том хүн байв. Тэр ч надад завшаан болж канад маягийн шинэ төвийнхөө талаар ойлголт авлаа. УИХ дахь Хонгор нутгийн төлөөлөл эрхэм гишүүн Х.Баттулга нарын шууд оролцоотойгоор баруун замын гол зангилаа замын бэлчир Бууцагаан сум маань шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлэх орон нутгийн хөгжил дэвшлийн төсөлд шалгарав. Барилга хот байгуулалтын яамны санаачилгаар Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар хоёр тэрбум төгрөгийн төслийг Бууцагаан суманд хэрэгжүүлжээ.

“Их Модун” “Ти Ти энд Би” ХХК-ийн барилгачид нутгийн залуустай хамтран ердөө л ганцхан жилийн дотор төвлөрсөн төлөвлөгөөнд нийгмийнхээ гэх манай үеийнхэн ная гаруй жил сэдээгүй, хийгээгүйг харах нүдэн дээр сүндэрлүүлэн босгожээ. Одоо манайх улсынхаа төв болон баруун бүсийг холбосон нутаг дэвсгэр төв захиргаа соёл спорт, ногоон байгууламж аялал жуулчлалын цогцолбор болох хөгжил дэвшлийнхээ замд эргэж буцалтгүй оржээ. Манай сумын хаяа залгаа Бөмбөгөр, Хүрээмаралын хүүхэд багачуудыг багтаах сургууль, гурван сумдын малчдыг эмчлэх эмнэлэг, соён гэгээрүүлэх номын сан, спорт танхим, соёлын ордон бас тэгээд өндөр хүчдэлээр төвийн сүлжээтэй холбогдсон гээд үгүй дутуу юм алга.

Ялаархсан мал шиг зогсож бэлчдэг, ядуу байна гээд хот руу цувдаг цаг нэгэнт өнгөрч гэж бодогдоно. Өссөн төрсөн эх орондоо гар хумхилгүй ажиллаж амьдрах их аз завшаан л манай сумынханд үлджээ.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваасүрэнгийн ХҮДЭРМӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *