Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Пүрэвсүрэн: Монгол Улсыг бүтээсэн түүхтэйгээ ижил байр суурь эзлэхэд Европын парламент дэмжинэ гэлээ

Манай тусгай сурвалжлагч Я.МӨНГӨНЦЭЦЭГ Францын Страсбург хотоос мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын парламентад албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс сэтгүүлчид дараахь тодруулгыг авсан юм.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын парламентад хэлсэн үг ямар ач холбогдолтой байв?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Европын парламентын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ. Энэ бол Монгол Улсад өрнөсөн ардчиллын 25 жилийн ойг тохиолдуулан Европын парламентаас үзүүлж байгаа онцгой хүндэтгэл гэдгийг тодотгон хэлье. Ер нь бол Ази тивээс цөөхөн хүн Европын парламентад үг хэлсний нэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж боллоо. Европын парламентын Ерөнхийлөгч М.Щульц Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа их сонирхолтой зүйлс ярьсан юм. Тэр “Монголчууд бол дэлхийн түүхэнд үлдсэн их түүхтэй хүмүүс. Монголын урлаг соёл, түүхийг нь хүмүүс мэддэг. Гэтэл европчууд дутуу үнэлж иржээ. Магадгүй дутуу мэдээлэлтэй байсан байх. Дэлхийн түүхэнд үзүүлсэн байр сууриас нь, соёл урлаг гээд бүх зүйлээс нь харахад Монгол Улсын түүхийг олон нийтэд зөвөөр ойлгуулах нь чухал юм байна. Сүүлийн 25 жилд ардчилал, хүний эрхийг хангах замаар явж байгаа үед ололт амжилтыг нь дэлхийн түүхэнд үнэн зөвөөр бичих ёстой юм байна” гэж хэлсэн. Мөн тэр “Монгол Улс бүтээсэн түүхтэйгээ ижил хүндтэй байр суурийг эзлэх ёстой гэж үзэж байна. Үүнийг бий болгохын тулд Европын парламентын зүгээс дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлсэн. Энэ бол европчуудын дунд гарч байгаа шинэ чиг хандлага. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Европын парламентад хэлсэн үг онцгой ач холбогдолтой болсон гэж үзэж болно.

-Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн гол мессеж нь юу байсан юм бэ?

-Бид бол агуу их түүхтэй улс. Гэхдээ орчин үеийн Монгол гэдэг бол үлгэр домогт үлдсэн шигээ биш. Ардчиллын замаар явж буй, асуудалтай бол асуудалтай, ололттой бол ололттой улс. Хүнд замаар явж ирсэн ч өөрийн гэсэн сайн туршлагатай. Тиймээс Европын холбоотой хамтран ажиллахад бэлэн байна гэсэн мессежийг Монгол Улсын Ерөнхийлөгч өгсөн. Дээр нь маш олон зүйл дээр улс төрийн манлайлал чухал байдаг. Та бүхэн ч мэдэж байгаа байх. Монгол Улсын Ерөнхийлөгч маш олон зүйл дээр манлайлал үзүүлж чадсаны нэг нь цаазаар авах ялыг хориглосон явдал. Үүнийг хэлэхэд Европын парламентын гишүүд удаа дараа алга ташин хүлээж авч байлаа. Үнэхээр л хүн төрөлхтний хувьд хүний эрх, ардчилал гэдэг чухал зүйл. Азиуд энэ тал дээр өөр замаар явдаг гэж ярьдаг ч тийм биш юм. Хүний эрх гэдэг түгээмэл. Энэ утгаараа маш чухал гэдэг мессежийг өгсөн нь Европыг улам ойртуулах, бид нэг үнэт зүйлтэй улс хэвээрээ туушдаа явна гэдгээ илэрхийлж баталсан нь гол мессежийн нэг байлаа.

-Европын парламентад хийж буй айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маш олон уулзалт хийлээ. Эдгээр уулзалтын үр дүн юу байсан бол?

-Олон үр дүнтэй уулзалт хийлээ. Европын парламентын Ерөнхийлөгч М.Щульцтэй уулзалт хийсэн. Мөн Европын комиссын Ерөнхийлөгч буюу нэг ёсондоо Европын холбооны Ерөнхий сайдын алба хашиж буй Ж.К.Юнкер гэдэг хүнтэй уулзлаа. Энэ хүн бол Европоос Монгол Улсад айлчилсан анхны Ерөнхий сайд юм. Люксенбургийн Ерөнхий сайдын хувьд хоёр ч удаа Монгол Улсад очсон. Монголыг үнэхээр сайн мэддэг хүн л дээ. Ноён Ж.К.Юнкертэй хийсэн уулзалт дээр маш халуун дотно яриа өрнөсөн. “Монголчуудыг бид дэмжинэ. Орос, Хятад гээд газар зүйн хувьд түгжигдмэл байдалтай Монголыг үнэхээр их дэмжинэ” гэлээ. АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг дараа жил зохион байгуулахад өргөн дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Мөн Европын парламентын Ерөнхийлөгч М.Щульц хэлэхдээ “Ази Европын парламентын дээд хэмжээний чуулган АПЕК-ийг үр дүнтэй болгоход монголчууд чухал нөлөөтэй ажиллаж чадна. Үүнд Европын парламентын зүгээс Монголтой хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн. Эндээс харахад Европын парламентын чуулганд оролцож үг хэлнэ гэдэг бол манай улсын гадаад нэр хүндийг өсгөх, ардчиллын 25 жилийн алдаа оноогоо дүгнэж цэгнэх, хуваалцах асар том боломж боллоо. Ирэх жил болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт бол Монголын нэр хүндийг дэлхий дахинд харуулж чадах хариуцлагатай зүйл. Үүнд сайн бэлдэх ёстой, Европын зүгээс ч дэмжихэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

-Европын холбоотой эдийн засаг, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Тодорхой зүйлүүд яригдаж байгаа. Сая ч хөндөгдлөө. Европын комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкер бол Европын сэргээн босголтын банкийг Монголд хамруулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн. Одоо хөрөнгө оруулалтын асуудал руу ахин дэвжих хэрэгтэй байна. Энэ чиглэлд гэвэл Европын хөрөнгө оруулалтын банк гэж бий. Монголд хөрөнгө оруулалт татах чиглэлд ярилцсан. Яагаад гэвэл, дэд бүтцийн болоод аж үйлдвэрийн томоохон төслүүд хэрэгжиж эхлэхэд их хэмжээний санхүүжилт шаардлагатай. Үүн дээр нэмээд тэргүүний технологи хэрэгтэй. Тиймээс инженерүүдээ сургая, биотехнологийн чиглэлээр хүмүүсээ сургая гэж ярилцсан. Мөн Монголд Европ стандартыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлье гэж ноён Ж.К.Юнкер ярилаа. Бидний энэ удаа хөндсөн бас нэгэн асуудал бол Европын холбоотой байгуулсан хамтын ажиллагаа, түншлэлийн гэрээ юм. Энэ гэрээг Европын холбооны 28 улсын зарим нь батлаагүй байдаг. Үүнийг батлуулъя, маш хурдан хүчин төгөлдөр болгоё. Түүнчлэн зах зээлийн бус эдийн засагтай орон гэсэн жагсаалтад Монгол Улс одоог хүртэл орсон хэвээрээ байдаг юм. Үүнийг хасуулъя гэж ярилаа. Улаанбаатар хотод Европын холбооны Элчин сайдын яам байгуулах гээд тодорхой зүйлүүд яригдсан. Энэ чиглэлд бид хамтран ажиллах болно. Европын холбоо гэдэг өөрөө 507 гаруй сая хүн амтай, 28 орныг нэгтгэсэн том зах зээл. Бид ийшээ гарч ажиллана гэдэг маш чухал. Тиймээс ч манай Элчин сайдын яамд, Гадаад хэргийн яам цаашид идэвхтэй ажиллах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *