Categories
мэдээ цаг-үе

Л.Пүрэвсүрэн: АСЕМ-ыг амжилттай зохион байгуулснаар олон улс дахь итгэлийг сэргээж өглөө

Өдрийн сонины №163(5428) дугаараас авч нийтлэв.


Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-АСЕМ-ын 11 дэх Дээд түвшний уулзалт Монгол Улсад болж өндөрлөлөө. Гадаад хэргийн яам ачааны хүндийг үүрч оролцсон. Тиймээс АСЕМ-ын талаарх сэтгэгдлийг танаас сонсохыг хүслээ. Гаднын хэвлэлүүд энэ тал дээр анхаарал хандуулж амжилттай зохион байгууллаа гэдгийг онцолж байна. АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг дүгнэвэл?

-Юуны өмнө бид АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг яах гэж эх орондоо хүлээж авсан бэ гэдгээс яриагаа эхэлсэн нь зөв болов уу. Өмнө нь эдийн засаг хүнд байхад үүнийг зохион байгуулах хэрэг байгаа юм уу, Монгол Улсад ямар ашигтай юм гэхчилэн шүүмжлэл их явсан. Ямар ч байсан АСЕМ болоод өндөрлөлөө. Монголд хэрэгтэй зүйл болжээ гэдгийг монголчууд бүгд л харлаа. Олон улсын дээд түвшний уулзалтыг өндөр хэмжээнд зохион байгуулж чадлаа гэдгийг биднээс гадна олон улсын төлөөлөгчид хэлж байгаа юм.

Монгол Улс энэ хэмжээний олон улсын хурлыг хүлээн авч зохион байгуулах хүчин чадал, нөөц боломжтой гэдгээ харууллаа. Өөр нэг онцлох зүйл нь нэг дор 10 гаруй орны Төрийн тэргүүн, 20 гаруй Ерөнхий сайд, 20 гаруй орны Гадаад хэргийн сайдаас эхлээд бүгдэд нь Монголынхоо түүхийг харуулж чадна гэдэг нь бидний хувьд том боломж байсан. Орчин үед зөөлөн хүчний бодлого гэдэг юм маш чухал болоод байгаа. Сүүлийн хэд хоногт Монгол Улс өөр түвшинд гарлаа гэж хэлмээр байна. Бид наадмаа зохион байгуулж, монгол гэртээ хурлаа хийлээ шүү дээ. Энэ нь өөрөө үлдэх юм байхгүй юу. Олон жилийн хугацаанд үлдэж буй зүйл нь энэ.

-АСЕМ-ын үеэр Монгол Улсад ашигтай яг ямар асуудлууд шийдэгдэв гэдгийг олон хүн анхаарч байна. Мөн Монгол Улсад яг юу үлдэв, үр дүн юу байсан бэ гэдэг дээр хариулт нэхэх хүн олон байна л даа?

-Барим тавим үр дүн гэвэл АСЕМ-ын уулзалтын үеэр таван айлчлал авсан. Сингапурын Ерөнхий сайдын айлчлалаар нэлээд олон зүйл цаашид хийхээр яригдсан. Ялангуяа хөрөнгө оруулалт, орон сууцны салбарт хамтран ажиллахаар тохирлоо. Дараа нь 90 сая хүн амтай, Номхон далайн чөлөөт худалдааны хэлэлцээрт орчихсон, ЕвроАзийн эдийн засгийн холбоонд чөлөөт худалдааны хэлэлцээртэй болчихсон Вьетнам улсын Ерөнхий сайд айлчилсан. Энэ үеэр ямаа, хонины мах экспортлохоос эхлээд импортоор авах зүйл гэх мэтчилэн улс төрийн хүрээнд яригдсан зүйлс бий. Үүний дараа БНХАУ-ын Ерөнхий сайд айлчилсан. Хэдийгээр манай оронд сонгууль болж төр засаг солигдсон хэдий ч бид олон чухал асуудал дээр ойлголцон зарим зүйл дээр гарын үсэг зурлаа. Орон нутагт хатуу хучилттай авто зам тавих, нисэхийн хурдны замаас эхлэн цаашид эдийн засгийн салбарт хамтарч ажиллахаас эхлээд яригдсан олон ажил бий.

Дөнгөж өнөөдөр (өчигдөр) БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн албан ёсны айлчлал өндөрлөлөө. Монгол Улсын Төрийн тэргүүн хоёрхон сарын өмнө айлчлаад ирсэн байсан. Энэ удаагийн айлчлалаар мэдээллийн технологийн чиглэлд анхаарч ажиллахаар боллоо. Монголын ирээдүй бол уул уурхайгаас гадна орчин үеийн эдийн засаг болох мэдээллийн технологи байх юм. Бид маш том ордтой гээд ашиглаж чадахгүй байхад фэйсбүүк, гүүгл гээд цаасан дээр л хэдэн зуун тэрбум ам.доллараар үнэлэгдэх бизнес болчихлоо. Угтаа энэ чинь л мэдлэгт суурилсан эдийн засаг байхгүй юу. Хүндээ хөрөнгө оруулна гэдэг бол тухайн улсын ирээдүйтэй хамааралтай. Энэ утгаараа БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг үр дүнтэй болсон гэж харж байна. Манайд Мэдээллийн технологийн коллеж байгуулах тал дээр ярьж тохирлоо. Бид хөрөнгө мөнгөний дутагдалтайгаас болоод музейнүүддээ төдийлөн анхаарал тавьж чадахгүй явж ирсэн. Музейн үзмэрүүдээ дэлгэн жуулчдыг татах тал дээр БНСУ-ын тал анхаарч орчин үеийн Байгалийн түүхийн музейг тусламжаар байгуулж өгөхөөр боллоо. Мөн 10 аймагт дулааны цахилгаан станц зээлээр барьж өгнө, дунд сургуулиудад “Ухаалаг боловсрол” хөтөлбөр хэрэгжүүлж мэдээллийн технологийг хөгжүүлэн хичээлээ заадаг болохоос эхлээд дурдаад байвал олон зүйл дээр тохиролцоонд хүрч чадлаа.

Үүний цаана удаан хугацаандаа үр дүн нь гарах зүйлс маш их үлдэж байна. АСЕМ-ын хурлыг зохион байгуулна гэхэд “Энэ том хурлыг зохион байгуулж чадах уу” гэж маш их асууж байсан.

-Ямар ч байсан нүүр улайхааргүй ард нь гарч чадлаа…

-Өчигдөр би (уржигдар) Улаанбаатарт суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзахад баяр хүргээд “Бид эргэлзэж байсан шүү” гэдгээ хэлж байна лээ. Элчин сайд нар “Монголын эдийн засаг хүнд байна. Сонгууль, наадам нь давхацсан болохоор эд яаж хийх бол оо” гээд бодож байтал “Та нар маш сайн зохион байгууллаа” гэж хэлсэн. Монголчууд бид ямагт өөдрөг байдаг хүмүүс. Тэр утгаараа бид “Хийж чадна” гээд зүтгэсэн. Ард нь гарч чадлаа. Гэтэл нөгөө талд нь бидэнд итгэхгүй хүмүүс байсан байгаа юм. АСЕМ-ыг зохион байгуулж чадсанаараа гаднынхны нүдэн дээр бид итгэлийг нь олж авч чадсан. Энэ том хурлыг сонгууль, наадамтайгаа давхцуулсан ч төрийн машин нь ажилладаг юм гэдгийг харууллаа. Ингэснээр олон улсын ажил хэргийн жуулчлалын үүдийг нээж өгсөн. 2016 оны эхэнд Засгийн газраас ирэх гурван жилд хүлээж авах олон улсын хурал, зөвлөгөөн, урлаг, спортын наадмуудын жагсаалтыг гаргасан байгаа. Одоо бид эх орондоо ийм зүйл хийе гэхэд тэд “Монголчууд хийж чадна” гэсэн итгэлтэй болсон. Манайд аялал жуулчлалын оргил үе нь зургаа, долоо, наймдугаар сар. Гэтэл бусад үед нь зочид буудлууд нь хүнгүй, хүмүүс нь ажилгүй байдаг л даа. Ажил хэргийн аялал жуулчлал гэдэг бол жил тойрон үргэлжилдэг ач холбогдолтой хурал, зөвлөгөөн юм. Үүнийг дагаад эдийн засгийн цусны эргэлт сайжирна. Хамгийн гол нь энэ том хурлыг зохион байгуулна гэдэг чинь улс төрийн хувьд үнэлж барамгүй ач холбогдолтой. Олон улсын түвшинд улс орныхоо нэр хүндээ бататгаж, тусгаар тогтнолоо бэхжүүлнэ гэдэг ямар ч мөнгөөр үнэлэхээргүй зүйл.

-АСЕМ-ын Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад 21 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг дээр алгаа таших хүн байна. Нөгөө хэсэг нь ийм их ажлыг энэ мөнгөнд багтаан хийсэн бол сайн байна ч гэж байна л даа?

-Би 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Гадаад хэргийн сайдын ажлыг хүлээж авсан. Ажлаа хүлээж авснаас хойш яг 14 хоногийн дараа ҮАБЗ-ийн шийдвэр гарч зохион байгуулалтын ажил руугаа орж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний зөвлөл ажилласан. Үндэсний хороо болон түүний доор зургаан ажлын хэсэг гарч ажилласан юм шүү дээ. Түүн дээр бүх мөнгө төгрөгийн асуудлаа ярьж явсаар 2016 оны төсөвт 21 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Хүмүүс энэ мөнгөн дүнд эргэлзэж тэр замыг юугаар тавив гэхчилэн гайхаж байсан. Улсын төсөвт хийгдэхээр тусгагдсан төсөвт ажлууд хийгдээд явсан. АСЕМ гэдэг нэрийн доор бид хурдан хий гэдэг шахалт үзүүлснээс биш хийгдэх ёстой ажлууд л хийгдсэн. Нийслэл хийх ёстой ажлуудаа сайн хийснээс биш тусгайлан АСЕМ-д зориулан мөнгө гаргасан зүйл байхгүй.

“Чингисийн хүрээ” гээд жуулчны бааз гэхэд өөрсдөө эрсдэлээ дааж зээлээ аваад ажлаа хийсэн. Энэ мэтчилэн хувь, хувьсгал гэлтгүй эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн юм. Долдугаар сарын 31-ний өдөр Гадаад хэргийн яаман дээр байгаа АСЕМ зохион байгуулах ажлын хэсэг татан буугдана. Үүнээс өмнө бүх зүйлээ архивлаад, санхүүгийн тооцоогоо эцэслэн Засгийн газраар оруулж, ҮАБЗ-д танилцуулна. Эдийн засаг хүнд байгаа болохоор бид аль болох бага зардлаар хийхийг зорьсон. Гадаад хэргийн сайдын хувьд, арын албыг залгуулсан хүний хувьд зохион байгуулалтад оролцсон бүх хүнд баярлалаа гэдгээ хэлье. Хэдэн өдөр гэртээ харилгүй зам дээр зогссон цагдаа, хамгаалалтын ажилтан, 1200 ямар ч цалингүй ажилласан сайн дурынхан, бизнесийнхэн гээд бүх хүнд талархал илэрхийлье. Манай Чингис хаан нисэх онгоцны буудалд өмнө нь байгаагүй 40 гаруй орны онгоц буулаа. Шинэ нисэх онгоцны буудал нэгэнт ашиглалтад орж амжихгүй бол “Чингис хаан” нисэх буудалдаа хүлээж авахаас өөр аргагүй болсон. Хуучин нисэх буудлаа бид яаж л тордож болохоор байна тэр бүх ажлыг хийсэн. Тэр бүү хэл гаднын энэ олон онгоцыг хүлээж авах боломжгүй гэж байлаа шүү дээ. Гэтэл тэр бүгдийг багтааж, өдөр шөнөгүй манайхан ажилласан. Бид нэг зүгт харж ажиллаж чадсаны үр дүн гэж бодож байгаа.

-Та УИХ-д нэр дэвшинэ гэж байсан ч АСЕМ-аас болоод нэр дэвшсэнгүй юу?

-Би уг нь УИХ-ын сонгуульд нэр дэвших бодолтой байсан ч АСЕМ-аа аятайхан зохион байгуулчихъя, эхэлсэн ажлынхаа ард гаръя гээд нэр дэвших эрхээсээ татгалзсан. Уг нь Говь-Алтай аймаг руу хандсан багагүй зүйл хийж байсан хүн шүү дээ. Би нэр дэвшээд явсан бол АСЕМ-ын зохион байгуулалтын ажил цалгардах гээд байлаа. Хувиа бодсоноос улсаа бодъё гээд нэрээ татсан. АСЕМ-ын зохион байгуулалтын тал дээр хүн бүр өмнөх ажлаа маш сайн хийснээр бид ард нь гарсан. Олон яамныхан, сэтгүүлчид, сайн дурынхан гээд бүх хүн оролцсон. Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй олон компани хандив өргөсөн. Бизнесийнхэн өөрсдийн бүтээгдэхүүнээсээ эхлээд өөрсдийн боломжит хандивуудаа өгсөн. Ёстой л юу байна, түүгээрээ дайл гэдэг шиг явлаа.

АСЕМ-д зориулж үнэтэй бенз захиаллаа гээд баахан шуугисан даа. Үнэндээ тийм бенз байгаагүй юм. Бид уриалга гаргасны дагуу 20 гаруй хүн өөрийнхөө машиныг жолоочтой нь гаргаж өгснөөр гаднын төлөөлөгчдийн цувааг тэргүүлэн явж байх жишээтэй. Зэвсэгт хүчний дайчдыг дайчлан харуул хамгаалалт, жолоочоор ажиллууллаа. Моннис компани гэхэд 250 авто машин оруулж ирэхэд төр Гаалийн татвараас чөлөөлж өгсний дүнд 10 хоног үнэгүй хэрэглүүлсэн гээд яриад байвал их зүйл бий. Шатахууны компаниуд гэхэд 400 гаруй машины шатахууныг дааж байна. Интернэтийн үйлчилгээний компаниуд гэхэд интернэтээ үнэгүй ашиглуулсан. Хэвлэл мэдээллийнхэндээ зориулж хэвлэл мэдээллийн төв ажиллуулсан. Үүнийг дотоодын сэтгүүлчдээс гадна гаднын сэтгүүлчид өндрөөр үнэлсэн. Зургадугаар сарын 10-ны өдөр зочид буудлын доод талын агуулахыг бидэнд өгөхөд нэг сарын дотор олон компанийн тусламжтайгаар нэгэн зэрэг 500 гаруй сэтгүүлчид үйлчлэх төв болгон тохижуулсан.

-Ардчилсан засаг тэр дундаа Шийдлийн Засгийн газрын үед хийгдсэн ажлууд АСЕМ-ын үеэр илүүтэй тод харагдаж байна. Мөнгөгүй хэрнээ олон ажил хийж, энэ том хурлыг зохион байгуулж чадсан байна гэсэн хүмүүсийн хандлага их байна?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Шийдлийн Засгийн газрын бүхий л ажил үүн рүү чиглэсэн. Э.Бат-Үүл даргын албаныхан гэхэд зүлэгжүүлэлт, тохижилт, Чингисийн хүрээнд болсон наадмын арга хэмжээ гээд маш их ажлыг Улаанбаатар хот хийсэн юм. Үнэхээр Шийдлийн Засгийн газар аливаа ажлуудыг зоригтой шийдээд явъя гэсэндээ хүрсэн. Хүнд сэтгэл байвал мөнгөгүй байсан ч хийдэг юм. Мөнгөгүй гэсэн шалтаг заагаад суусан бол юу ч бүтэхгүй байсан. Энэ хоёр хүн маш сайн ажилласан.

-БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ирээд Монгол Улсын гадаад өрийг тэглэлээ гэдэг мэдээ яваад байх юм. Өөр ямар асуудлуудыг шийдсэн юм бэ?

-Олон жилийн өмнө авч байсан манай зээлүүд ханшийн зөрүүний улмаас тодорхой хэмжээний төлбөр үлдсэн байдаг юм. 1990 оны эхээр авсан бага хэмжээний зээлийн үлдэгдэл бий. БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын индэр дээрээс “БНХАУ буурай хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудын хугацаа хэтэрсэн зээлийг чөлөөлнө” гээд зарласан юм. Тэр дагуу бид “Манай оронд ийм зээлийн үлдэгдэл байгаа” гээд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчлахад хугацаа хэтэрсэн зээлийн асуудлыг амласныхаа дагуу шийдэж өгөөч гэсэн. Энэ хүрээнд данс тооцоо нийлээд чөлөөлж байна. Түүнээс биш дөнгөж сонгууль болоод дууссаны дараа шийдсэн юм биш. Гадаад бодлого дээр нэг чухал зүйл байдаг нь залгамж чанарын асуудал. Үүнд ямар нам байх нь хамаагүй. Гадаад оронд Монгол Улсын Засгийн газар гэсэн байр суурь харагддаг юм. Үүнийг сонгуультай холбон тайлбарлаад байх зүйл байхгүй. Олон сарын турш Сангийн яамныхан болон дипломатуудын хөөцөлдлөгөөний үр дүн гэж ойлгож болно.

-ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй ямар тохироонд хүрсэн бол?

-ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев өмнө нь 2009 онд Ерөнхийлөгч байхдаа Монгол Улсад ирж байсан. Энэ хүн “2009 оноос хойш Монгол Улс хурдацтай хөгжиж чадсан байна” гээд сэтгэл өндөр байгаагаа хэлсэн. Төрийн гурван өндөрлөгтэй уулзсан. Үндсэндээ айлчлалын түвшинд ирсэн гэхэд болно. Саяхан манай Ерөнхийлөгч ОХУ-ын удирдлагатай Ташкентад уулзахад транзит тээврийн асуудлыг шийдье, Төмөр замын хамтын ажиллагааг өргөжүүлье, Эгийн голын усан цахилгаан станцын яриа хэлэлцээрийг үргэлжлүүлье гэж байгаа. Оросын тал Эгийн голын усан цахилгаан станцын ажил дээр хөндлөн хэвтчихээд байгаа юм байхгүй. Байгал нуурт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул хоёр тал судалж үзье, мэдээлэл солилцъё гэж байгаа юм. Аль болох шийдэл, гарц олъё гэдэг дээр хоёр тал ярьж байна.

-АСЕМ-ын уулзалтын үеэр Францад халдлага, Туркт төрийн эргэлт хийх гэсэн оролдлогууд боллоо. Монголчууд ямар нэгэн байдлаар халдлагад өртсөн үү. Энэ бүхэн АСЕМ-д нөлөөлсөн болов уу?

-Бид тэр дор нь мэдээлэл авсан. Ницца хотод болсон халдлагад азаар монгол хүн өртөөгүй. Туркт цэргийн эргэлт хийх гэсэн оролдлогын үеэр монгол иргэн өртөөгүй гэдэг мэдээлэл ирсэн. Элчин сайдын яаман дээр бүртгэлтэй иргэдийнхээ гар утас руу сэрэмжлүүлэг мессэж явуулсан.

Эдгээр үйл явдлууд АСЕМ-ын үйл ажиллагаанд янз янзаар л нөлөөллөө. Францын Гадаад хэргийн сайд дөнгөж Монголд буугаад байж байтал халдлага болсон тул удалгүй буцсан. АСЕМ-ын хурлын эхний өдөр бүх хүн санаа зовсон байдалтай байсан. Хэдэн цагийн турш их л хүнд байсан шүү. Гаднын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар манайхтай л адил манай хүн өртсөн байх вий гээд санаа зовж байлаа. Уур амьсгалыг зөөллөхийн тулд нэг минут дуугүй зогсоод хурлаа эхэлсэн.

Хоёр дахь өдрийн хурлын өмнө Туркийн асуудал мөн л сэтгэл зовоосон. Өглөө хурал эхлэхийн өмнө гаднын төлөөлөгчид уулзахдаа “Яах вэ” гээд л яриа эхэлж байх жишээтэй. Хурлын үйл ажиллагаан дээр санаа зовоосон асуудлууд гарч байсан ч гэсэн нөгөө талдаа дэлхийн олон нийтийн анхаарал Улаанбаатар руу хандсан. Учир нь тухайн орон бүрийн төрийн удирдлагууд манай оронд байсан болохоор тэд юу гэж хэлэх нь вэ гэдгийг анхааралтай харж байсан. Үүнтэй холбогдуулан дэлхийн лидерүүд маш олон мэдэгдэл хийсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *