Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Оюун: Зээлжих зэрэглэл өссөнөөр олон улсын зах зээлийн харилцаанд орох, зээл авахад түлхэц болно

Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Moody’s” агентлаг “маш өндөр эрсдэлтэй” байсан манай улсын зээлжих зэрэглэлийг“өндөр эрсдэлтэй” буюу “САА1” байсныг “В3” болгожээ. Мөн агентлаг манай эдийн засгийн цаашдын төлөвийг тогтвортой гэж үзжээ. Тиймээс зээлжих зэрэглэл болон эдийн засгийн бусад асуудлаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн багш, доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.


-“Moody’s”агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг ахиулжээ. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Улс орнуудыг санхүүгийн байдлаар нь хөрөнгө оруулалтын чанар, эрсдлийн түвшин, үндсэн болон хүүний төлбөр төлөх боломж, найдвартай байдал дээр үндэслэн зэрэглэл авч үзэн, үндсэн гурав, дэд зургаан зэрэгт ангилдаг. Манай зэрэглэл сая өссөн нь санхүүгийн хувьд шат ахисан зүйл боллоо. Энэ ангилалд буюу В ангилалын улсуудын хувьд хөрөнгө оруулалтын хувьд зайлшгүй шаардлагатай шинжүүд дутмаг, хүүний төлбөр төлөх магадлал багатай, дамын шинжтэй, эрсдэл дунд зэрэг гэж тодорхойлогддог. Бид олон улсын өмнө хүлээсэн үүргээ буюу авсан зээлээ, цаг хугацаанд нь төлж чадсантай холбоотойгоор, манай улсын зэрэглэл нэг шат ахилаа. Ингэснээр, олон улсын зах зээлийн харилцаанд орох, зээл авахад түлхэц болж өгнө. Яагаад гэхээр зэрэглэл ахисан тохиолдолд зээлийн нөхцөлүүд нь сайжирдаг юм. Зээлийн хүү багасна, хугацаа нь уртасчихаж болно, хэмжээ нь нэмэгдэж болно. Манай улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар, гаднаас ихээхэн мөнгө орж ирэх боломжтой болсон. Тэгээд зэрэглэл ахисан гэж үзэж болно.

Өмнөх жилүүдэд энэхүү зээлжих зэрэглэл ямар байв?

-Өмнө нь эдийн засаг нэлээд хүнд байсан. Зэрэглэлийн С ангилал нь чанар муутай, нэр хүнд муутай, хүүний төлбөр төлөх баталгаа багатай, эрсдэл харьцангуй ихтэй, найдваргүй гэж тодорхойлогддог. Зээлээ хугацаанд нь төлж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээ байсан. Евро бондын төлбөрөө “Хуралдай” бондоор өнгөрсөн онд төлсөн. Мөн олон улсын зах зээлээс 800 сая долларын “Гэрэгэ” бонд босгож чадсан. Үүгээр Чингис бондын 500 саяыг төлсөн бөгөөд үлдсэн 300 саяыг нь дотооддоо эргэлдүүлэх арга хэмжээ авлаа. Чингис бондоор босгосон мөнгөнөөс зээл авсан аж ахуйн нэгжүүд зээлээ төлснөөр энэ зээл төлөгдөх ёстой.

Зэрэглэл нэг шат ахиж байгаа нь манай улсын олон улсын үнэлгээ сайжирч байна гэсэн үг. Гэхдээ анхаарах чухал зүйл байдаг. Гаднаас босгож байгаа мөнгө буюу зээлийг буцаагаад төлөх боломжтойгоор, ашиглах хэрэгтэй. Зээлийг зээлээр төлөх нь буруу. Энэ мөнгөөр орлого бүтээгээд, олсон орлогоосоо зээлээ төлөхийн тулд мөнгөө бүтээн байгуулалтад зориулах ёстой юм. Харин авсан мөнгөө хэрэглээд, орлого бүтээхгүй, халамж тусламж хэлбэрээр үрээд , ар өврийн хаалгаар хариуцлагагүй таараагаад байх юм бол дараа, дараагийн зээлээ төлөх эх үүсвэргүй болж, хүнд байдалд орно. Ингээд санхүүгийн чадваргүй болж олон сөрөг үр дагавар гарч эхэлнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.

Халамж олгож, тэтгэвэр, татвар нэмээд эхэлсэн. Одоо энэ үйл явцыг яах ёстой вэ?

-2018 онд тэтгэвэр болон асран хамгаалагчдад олгодог халамжийг нэмж байна. Энэ бол зайлшгүй байх ёстой зүйл. Өмнө нь тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн хэмжээ хамгийн өндөр орлоготой дараалалсан таван жилийн дундаж орлогын 45 хувь байна гэдэг зарчмаар маш бага тогтоогдсон байдаг. Жилээс жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсч байдаг тул өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн тэтгэврийн хэмжээ одоо болон ирээдүйд тэтгэвэр тогтоолгох хүмүүсийнхээс бага болдог. Иймээс тэгшитгэх, зохицууулах нь Засгийн газрын үүрэг учраас тэтгэврийг нэмэхээс өөр арга байхгүй. Зүгээр өөр янз бүрийн тусламж гэх мэт зүйлд мөнгөө зарцуулаад байвал төсөв хүнд байдалд орно. Хүмүүсийг халамжлахаасаа илүүтэйгээр чаддаг ажлыг нь хийлгэх орчин нөхцлийг бүрдүүлсэн арга хэмжээ авах нь зөв байдаг. Ажлын байрыг нэмэгдүүлэх олон талт арга хэмжээ авах хэрэгтэй. Зүгээр л халамжлуулдаг, бэлэнчилдэг ард түмэн болчихвол улс үндэстэн сүйрнэ. Хүн болгон чаддаг зүйлээ хийх тэр боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Юу хэлэхийг хүсээд байна вэ гэвэл ажил хийх боломж олгох хэрэгтэй, халамжлах шалтгааныг багасгах хэрэгтэй. Харин ажиллах боломжуудыг бий болгох хэрэгтэй. Жишээ нь наснаас хамаарч ажилд авдаггүй байх нь буруу гэх гээд байна. 40-50 настай хүмүүс хир таарсан ажил хийх боломжтой байдаг. Гэтэл тэднийг ажилд авдаггүй. Тэгээд яах вэ? Тэтгүүлээд, халамжлуулаад суугаад байх уу. Ийм хүмүүсийг ажилд авсан, ажлын байр шинээр нэмэгдүүлсэн, ажилтнаа тогтвор сууршилтай ажлуулсан байгууллагийн татварыг хөнгөвчилдөг гэх мэтээр дэмжих механизм байх хэрэгтэй байна. Гэрээгээр ажиллдаг, аутсорснг хэрэглэдэг гэх мэтийг нэвтрүүлмээр байна. Тэгээд ажил хийсэн нь илүү амьдардаг байх орчинг бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Зүгээр сууж байгаад амьдарч болоод байна гэдэг аюул.

Хүн амын орлогын албан татварыг шат дараатайгаар нэмлээ. Үүний үр дагаварыг та яаж харж байна.

-Татвар нэмэгдүүлэх нь төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх зорилготой. Гэхдээ одоо татварыг нэмэх босгоо буруу тогтоочихлоо. Яагаад гэхээр нийгмийн дунд давхаргын ханаж амьдралаа дээшлүүлэх боломжийг хаачихлаа. Уг нь дунд давхаргынхан нийгмийн давхрагад дийлэнх хувийг эзэлснээр улсын хөгжлийг тодорхойлдог. Цалингаас татвар авчихаар, гар дээр ирэх мөнгө нь багасаад, амжиргаа нь буурж байгаа юм. Татварыг шатлах нь зөв ч босгоо зөв тогтоох хэрэгтэй. Төсвийн орлогыг өөрөө нэмэгдүүлэх боломж бий. Ажлын байрыг нэмэгдүүлээд, хүмүүсийг орлоготой болгоод, орлогын хэмжээгээр нь татвар аваад байж болно. Үүнийг татварын суурийг өргөжүүлэх гэж нэрлэдэг.

Өөрөөр яаж татварын бааз суурийг нэмэгдүүлэх боломж байна вэ?

– НӨАТ-ийг ашиглаад татварын суурийг өргөтгөж болдог. НӨАТ нь далд эдийн засгийг ил болгодог. Далд эдийн засгийг ил болгох замаар, төсвийн татварын орлогыг нэмэгдүүлэх боломжтой. НӨАТ нь бизнесийн бүртгэлийг цэгцэлдэг нэг механизм юм.Манайд өнөөдөр НӨАТ дутуу алсан могой шиг, дутуу хийгдэж байна. ХХОАТ-ыг нэмэгдүүлж байгаа нь харин далд эдийн засаг нэмэгдэх орчин бүрдчихлээ. Өнөөдрийн НӨАТ-ын хэрэгжилт өөх ч биш, булчихай ч биш гэдэг шиг байна. НӨАТ бүх хүрээнд байж байж далд эдийн засаг ил болно. НӨАТ төлдөггүй бол худалдан авалт хийдэггүй байх ёстой. Одоо зарим газар НӨАТ-гүй үнэ нь бага, НӨАТ төлбөл үнэ нь өндөр шүү гэж улаан цайм хэлж байна. Мэдээж хүмүүс үнэ бага төлөх учир НӨАТ-гүй худалдан авалт хийж байна. Энэ нь худалдаа хийж байгаа газрын орлого бага бүртгэгдэж татвараас зайлсхийх боломж бүрдүүлнэ. Ингээд далд эдийн засаг бий болж төсвийн татварын орлого багасаж байгаа юм. Иймээс ирэх онд үүнийг нэг мөр цэгцлэх хэрэгтэй. Татвар төлөх нь үнэн гэдэг биздээ. Татвар төлж байгаагаас нь татвар илүү авч, төлөхгүй байгаагаа орхиод яваад байвал шудрага тогтолцоо биш. Бүх орлого НӨАТ-өөр дамжин бүртгэгдэж байх нь шудрага болно. Ийм тогтолцоог бүрдүүлэхэд дээд байгууллагуудаас гадна иргэд ихээхэн үүрэгтэй байх ёстой. НӨАТ-ийн баримт өгөхгүй газраас худалдан авалт хийхгүй байвал, цаад газрууд борлуулалтаа бодоод НӨАТ-ийн баримт өгч таарна. Иймээс иргэд нэлээд анхаарах шаардлагата байна.

Улсынхаа ирээдүйн хөгжил, эдийн засагт эерэгээр нөлөөлөхийн эхлэлийг тавихын тулд хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийх хэрэгтэй байна вэ. Гадны хөрөнгө оруулалтыг татах чухал уу?

-Гадны хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд их чухал. Аливаа улс өөрийн нөөц боломжоороо хөгжиж бараг чаддаггүй юм. Гадны хөрөнгө орж ирж байж хөгжинө. Хаана, аль салбарт хичнээн хөрөнгө оруулалт оруулмаар байна тэндээ нөхцөлийг нь бүрдүүлээд өгөх хэрэгтэй. Тэр нөхцөлд татварын хувь хэмжээ байдаг. Дэмжиж байгаа салбарт орж ирж байгаа гадны хөрөнгө оруулалтыг татвараас тодорхой хугацаанд чөлөөлөх, зээлийн хүүг нь бага байлгах гэх мэт арга хэмжээнүүдийг авч болно. Эдийн засгийн арга хэрэгсэлүүдийг уян хатан хэрэглээд, нөхцөл боломжоор ханган удирдаад явчих ёстой байдаг гэсэн үг. Гадныхны хөрөнгийг татахын тулд маш таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Урд хөрш Хятад гадны хөрөнгө оруулалт их орж ирсэн. Хөрөнгө нь бүтээн байгуулалтад шилжсэн. Ингээд хурдацтай хөгжсөн.

Сүүлийн үед шатахууны үнэ огцом өсч, эсвэл зарахгүй болж, нэлээд асуудал үүсэх боллоо. Үүнийг эдийн засгийн ямар голдирлоор, яаж шийдвэрлэх ёстой юм бэ?

–Шатхуун импортолдог компаниуд үгсэн хуйвалдаж үнэ нэмээд байна. Үгсэн хуйвалдаад байгаа нь монополь, олигополын шинж чанартай байгааг илтгээд байгаа юм. Шатахууны зах зээлд хэдхэн том компаниуд ноёрхолоо тогтоогоод, зах зээлийг хуваагаад авчихжээ. Ийм дарамттай хүнд байдлаас гарахын тулд юуны өмнө Төр өөрийн гэсэн шатахууны нөөцтэй түүнийгээ өөрийн түгээх станцуудаар түгээдэг тогтолцоотой байх ёстой. Шатахууны үнэ өсөөд ирвэл төр шатахууны үнээ барьж болдог. Дэлхийн зах зээлд үнэ өсчихсөн ч гэсэн стратегийн ач холбогдолтой барааны үнийг зориуд бага байлгаж болдог. Стратегийн ач холбогдолтой бараа гэдэг нь бүх үйлдвэрлэл үйлчилгээний зардалд орж байдаг бараанууд байдаг ба тэдгээрийн үнийн өөрчлөлтөөс бусад барааны үнэ хамаардаг. Иймээс л төр стратегийн ач холбогдолтой бараанд нөөцтэй байх ёстой байдаг. Би нэг жишээ хэлье. БНСУ-д цагаан будаа стратегийн ач холбогдолтой бараанд хамрагддаг. Цагаан будаа нь ард түмнийх нь гол хоол. БНСУ-ын засгийн газар тариачдаасаа цагаан будааг нь өндөр үнээр худалдан авдаг. Тариачдын амжиргаа сайн байна. Засгийн газар цагаан будаагаа зах зээлд нийлүүлэхдээ хямд үнээр нийлүүлнэ. Ард түмэн нь хямд цагаан будаагаар хангагдана. Амжиргаа нь сайн байна. Энэ л төрийн үүрэг шүүдээ. Худалдан авч байгаа үнэ, худалдаж байгаа үнэ хоёрын зөрөө нь ард түмнийхээ амжиргааг дээшлүүлэхийн тулд төрөөс гаргах ёстой зардал гэж ойлгогдоно. Төр үүргээ биелүүлэхдээ зардал гаргах ёстой шүүдээ. Төр, засгийн газар ашгийн төлөө ажилладаг бизнесийн байгуулга биш. Ийм зардал гаргахгүй бол үүнээс ч илүү хохирол гарах нь ойлгомжтой. Иймээс л шатахуун дээр төр нөөцтэй, үнийг нь тогтвортой түвшинд барих ёстой гэж хэлээд байгаа юм.

Шатахууны үнийг өсгөхгүй байх өөр аргууд бий. Урт хугацаандаа төр өөрөө нефтийн үйлдвэртэй байх ёстой. Нөөц, түүхий эд нь манайд байгаа учраас үүнийг барих хэрэгтэй. Энэ чиньимпортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогод нийцэх болно. Хамгийн гол зүйл нь гэвэл шатахуун импортлогч компануудаас үргэлж хараат байх асуудалтай тулгарахгүйн тулд өөрсдөө нефтийн үйлдвэрээ барья гэдгийг ухаарах цаг болжээ.

Шатахууны үнийг тогтвортой барих дараагийн арга бол шатахууны үнийн өсөлтөөс хамгаалахын тулд өрсөлдөөн байх орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Иймээс гадны өрсөлдөгчдийг ч оруулж ирж болно. Өрсөлдөөнтэй үед нефтийн дэлхийн зах зээлд үнэ буурч байхад шатахууны үнэ буудаг, нэмэгдэхээрдагаж нэмэгддэг зэрэг тогтолцоотой болох юм.

Дээрээс нь шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор нэг зүйлийг цохон хэлмээр байна. Шатхуун импортлогчид бизнесийн ёсзүйтэй баймаар байна. Ганцаараа идээд гахай таргалдаггүй, хамтдаа явж байж нийгэм хөгждөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ чинь компаниудын нийгмийн хариуцлага шүү дээ.

Яг өнөөдрийн хувьд төрөөс шатахууны компаниудын ашигтай ажиллагааных нь хэмжээг тогтоогоод өгчих хэрэгтэй байна. Төр гэдэг субьект эдийн засагт зохицуулах үүрэгтэйгээр оршин байдаг юм. Бизнес эрхлэгчид дур дураараа явдаг зүйл гэж байхгүй. Төр байгаа юм бол үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй байна. Олон нийтийн эрх ашгийн үүднээс ажиллах, арга хэрэгсэлээ оновчтой сонгож чаддаг баймаар байна.

-2018 онд манай улсын эдийн засаг ямар байх вэ?

-Засгийн газраас ямар ажиллагаа явуулснаас хамаарна. 2018 онд Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх эдийн засгийн сууриудыг зөв тавиад өгчихвөл, тэрэн шиг сайн юм алга. Уг нь манайх нөөц баялаг ихтэй, эрчимтэй хөгжих боломжтой орон.

Эдийн засагт маш онцлогтой. Эдийн засгийн аливаа арга хэмжээний үр дүн нь урт хугцаандаа гардаг. Улстөржөөд л, хүнд таалагдахын тулд, дараагийн сонгуулдаа бэлтгээд л богино хугацааны арга хэмжээ аваад яваад байдаг нь манай улс төрчдийн нэг алдаа болдог. Улс орныхоо ирээдүйн хөгжилд л анхаарах хэрэгтэй юм.

-Таньд ярих олон зүйл байгаа байх л даа. Гэхдээ үүгээр ярилцлагаа өндөрлье.

– Танай хамт олонд амжилт хүсье. Тодорхой хэлэх зүйл, хэлэх санал байнаа байна. Судлаачдаа их ашиглах хэрэгтэй гэж хэлмээр байна.

Н.ГАНЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *