Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн албан тушаалтан, тэр дундаа төрийн удирдах албан тушаалтан казино тоглож байвал хариуцлага тооцож, албан тушаалаас нь хүртэл чөлөөлөх журам гаргасан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрээр “Засгийн газар шийдвэрээ улирал бүр тайлагнана. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд казино тоглох нэрээр мөнгө угаалт хийх, авилгал хээл хахууль, нөлөөлөлд автах болсон. Солонгост айлчлал хийж байхдаа энэ асуудлаар уулзалт хийсэн. Засгийн газар энэ талаар анхаарч ажиллаж байгаа. Нийгмийн сүлжээ, сэтгүүлчид, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд энэ талаар бидэнд мэдээлэл ирүүлэхийг хүсч байна” гэлээ.
-Төрийн албан тушаалтан гэдэгт УИХ, Засгийн газрын гишүүд хамаарах уу?
-Төрийн бүх шатны албан тушаалтан гэдэгт УИХ-ын гишүүд, сайд нар багтана. УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрх Засгийн газарт байхгүй. Гэхдээ шууд мэдээлж явна. Хар тамхи, биеэ үнэлэлттэй холбоотой мэдээлэл бидэнд ирж байгаа.
-14 тэрбум төгрөгөөр одоогийн Ерөнхий сайд казинодсон гэдэг. Энэ журам үйлчлэх үү?
-Журам ухарч үйлчлэхгүй. Ирээдүйг харж үйлчилнэ.
-“Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал ямар шатанд байна вэ?
-Ерөнхий сайдад ХХБ-наас санал ирсэн. ХХБ-наас ямар санхүүгийн эх үүсвэр гарсан бэ гэдэг асуудал яригдаж байгаа. Хөгжлийн банкинд шалтгалт орсон байгаа. Нөхцөл байдал сайжирч, үнэн мөн нь тогтоогдох байх.