Categories
мэдээ цаг-үе

Л.Од-Эрдэнэ: Бөөрний өвчлөлийн гол шалтгаан нь бөөрний түүдгэнцрийн үрэвсэл

УНТЭ-ийн Бөөрний төвийн профессор, АУ-ны доктор, эмч Л.Од-Эрдэнэтэй ярилцлаа.


-Сүүлийн үед манайд бөөрний өвчлөл их байна. Энэхүү өвчлөлийн гол шалтгаан юу вэ?

-Бөөрний өвчлөлийн голлох шалтгаанд амьсгалын замын өвчин, ханиад томуу, хоолойны ангинн, шүдний өвчин их нөлөөлдөг. Мөн амьдралын буруу хэвшил, урьдчилан сэргийлэх арга хэмжээ дутуу авснаас бөөрний өвчлөл нэмэгдэж байна. Зарим хүний дархлаа сул байдагтай ч холбоотой. Амьдрах орчин, хоол тэжээлээс шалтгаалж дархлаа сулардаг. Бөөрний өвчлөлийн шалтгаан нь бөөрний түүдгэнцрийн үрэвсэл. Бөөрний түүдгэнцэр гэсэн оноштой бол эмчийн хяналтад байх ёстой. Гэтэл хүмүүс эмчилгээний хугацаагаа тогтвортой барьж чаддаггүй. Үрэвсэлтэй үеийг нь дарчихсан ч хяналтад орохгүй явсаар бөөрний дутагдалд орчихдог. Түүдгэнцрийн үрэвсэл үүсгэдэг гол шалтгаан нь амны эрүүл ахуй. Энэхүү өвчний 60-70 хувь нь амны эрүүл ахуйнаас шалтгаалж байна.

-Бөөрний үрэвсэл бөөрний дутагдалд ороход нөлөөлөх үү?

-Бөөрний үрэвсэл эмчлэгдэхгүй, хянагдахгүй байвал бөөрний дутагдалд орох аюултай. Оношийг зөв тогтоож, зөв урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлснээс олон өвчнөөс өөрийгөө хамгаалдаг гэдгийг хүмүүс хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Ямар тохиолдолд бөөрний дутагдалд ордог юм бэ?

-Бөөрний дутагдал архаг үрэвслүүдээс шалтгаалдаг. Архаг үрэвслийг тухайн үед нь гүйцэд эмчлэлгүй архагшуулчихсан. Мөн эмчилгээг бүрэн гүйцэд хийгээгүйгээс бөөрний дутагдалд ордог. Бөөр цус цэвэрлэдэг эрхтэн. Нэг бөөрөнд нэг сая орчим нарийн судас байдаг. Энэ нарийн судаснууд ямар нэг үрэвсэл, бактери, халдварын улмаас тоо нь цөөрдөг юм. Удаан хугацааны үрэвслээс дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй. Тиймээс бөөрний дутагдлыг даамжруулахгүй байх хэрэгтэй.

-Бөөрний дутагдлыг эрт оношлоод эмчилбэл бүрэн эдгэрэх боломжтой юу?

-100 хувь боломжтой. Ямар нэг архаг үрэвслийг тухайн үед нь оношлоод, эмчилгээ хийгээд тодорхой хугацаанд гам хийхэд бүрэн эдгэрнэ. Нэгэнт бөөрний өвчтэй гээд оношлогдоод эмчлүүлсэн тохиолдолд эмчийн хяналтад байх ёстой.

-Энэ өвчин ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ?

-Нуруу бөөрөөр хөшиж өвдөх, хурц үрэвслийн үед халуурах, шээхэд зовиуртай байх, ойр ойрхон шээх, уураг алдаж буй тохиолдолд шээс булингартай, хөөстэй гардаг. Өглөөгүүр нүд хавагнаж, нүүр цэлхийсэн байх, өвчин хүндэрсэн тохиолдолд хаван үүснэ. Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэсгэдэг. Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий. Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Даралтыг аль болох хэвийн түвшинд тогтоон барих нь чухал.

Бөөрний архаг дутагдал таван үе шатаар илэрдэг ч эхний гурван шатанд мэдэгддэггүй, ядарч сульдах, хоолонд дургүй болох, нойргүйдэж эхэлдэг. Хүндрэхээрээ огиж бөөлжих, хоолоо идэж чадахгүй болно. Бүр даамжраад ирэхээр цус багадалт, даралт ихэсч, бөөрний бүх үйл ажиллагаа алдагдах зэрэг зовиур илрэхээс гадна эвшээхэд амнаас нь шээс үнэртдэг. Шээс бөөрөөр ялгарч гарахгүй цусандаа хуримтлагдаж амнаас нь үнэртдэг.

-Тэгвэл даралт ихэсч, багасах нь бөөртэй холбоотой юу?

-Бөөр хүний амин чухал хос эрхтэн бөгөөд нэг минутад 0.8-1.2 литр цусыг шүүдэг. Бодисын солилцооны явц дахь бүх хортой бодис шээсээр дамжин гарч хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Үүнээс гадна бөөр нь цусны даралтыг тогтвортой байлгаж биеийн шингэний тэнцвэрийг барьдаг цус төлжүүлдэг эрхтэн. Даралт ихсэх нь бөөртэй холбоотой. Залуу насанд даралт ихсэх нь ихэвчлэн бөөрний гаралтай. Бөөрний үйл ажиллагаанд үрэвсэл гарч ирэхэд даралт ихсэх шинж тэмдэг илэрдэг. Харин настай хүнд бол зүрх судастай холбоотой. Бөөрний гаралтай хаван ихэвчлэн өглөөгүүр нүүрээр буюу зовхиор хавагнаж эхэлдэг. Мөн уурагтай холбоотой. Зүрхний гаралтай бол хөлөөр хавагнадаг.

-Бөөр өвдлөө гээд хүмүүс дур мэдэн эм авч уудаг. Энэ зөв үү?

-Ямар ч эмийг эмчийн заавраар уух ёстой. Бүх эмийн 80-85 хувь нь бөөрөөр ялгардаг. Гэтэл энэ эмийг буруу хэрэглэвэл бөөр тэр эмэндээ хордоно. Хордлогоос шалтгаалсан бөөрний үрэвслүүд гарч ирдэг. Бөөрний сувганцрууд бөглөрдөг. Манай эмийн сангууд эмчийн жоргүй эмийг дураараа зарж болохгүй.

-Хоол хүнс бөөрөнд нөлөөлөх үү?

-Нөлөөлнө. Тухайлбал, шорвог хоол байна. Бөөр цус төлжүүлэх эрхтэнээс гадна даралтыг зохицуулж, шингэнийг тэнцвэржүүлдэг. Их шингэн уусан тохиолдолд их шээлгэдэг. Шингэн дутагдах үед ам цангах мэдрэмж төрснөөр хүн ус уудаг. Хэрэв бид шорвог хоол идвэл шингэн дутагдана. Шингэний тэнцвэр алдагдахад даралт ихэснэ. Цусны даралт ихсэхэд зүрхэнд ачаалал өгдөг. Хоёрдугаарт, өөх тостой хоол идээд их хэмжээний таргалалттай байвал цусны хатуурал үүсдэг. Бөөр судаслаг эрхтэн. Гэтэл таргалалттай холбоотой судасны ханан дээр өөхөн дуслууд наалдаад судасны ханыг хатууруулдаг. Үүнээс болж даралт ихэсдэг. Тиймээс өөх тостой, шорвог хоол, архи дарс, буруу хооллолт нөлөөлнө. Шөнө хоол идэхгүй байх хэрэгтэй. Хоолны дэглэмийг сайн баримтлах нь чухал.

-Бөөрний дутагдал яагаад үүсдэг вэ?

-Бөөрний дутагдал үүсэхэд хэд хэдэн шалтгаан байна. Бөөрний үрэвсэл,чихрийн шижин, даралт ихсэх, эмийн хортой нөлөө, удамшлын өвчин гэх мэт байна. Үүнээс гадна бөөрний дутагдал үүсгэдэг бусад өөр олон шалтгаан бий. Манайд арван жилийн өмнө гэхэд чихрийн шижин ховор байлаа. Одоо нэг алхаад л чихрийн шижинтэй хүмүүстэй таарч байна. Чихрийн шижин илэрдэг гол хүндрэл нь бөөрний дутагдал.

-Танай эмнэлэг бөөрний өвчнийг эрт илрүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ талаараа ярихгүй юу?

-Манай эмнэлгээс бөөрний өвчнөөс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Зонхилон тохиолддог эмгэгүүдэд зориулсан эмч нарын зөвлөгөө видео бичлэг хийгээд сошиалаар цацаж эхэлсэн. Мөн богино хэмжээний кино бүтээж телевизүүдээр цацаж байна. Энэхүү төсөл хөтөлбөрөөрөө бөөрний өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар мессэжийг иргэдэд хүргэхийг зорьсон. Бид таван чиглэлээр гарын авлага хийн манай амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүстээ тарааж байгаа. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, бөөрний архаг дутагдал гэх мэт зөвлөгөө гарын авлагууд гаргасан. Мөн бид дүүргүүдийн эмнэлгээр очиж өвчтөн, эмч мэргэжилтнүүдэд сургалт хийж байна. Энэ төслийнхөө хүрээнд амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүст судалгаа хийсэн. 350 гаруй хүн судалгаанд хамрагдсанаар 120 хүн идэвхтэй шинжилгээгээ өгөөд эмчийн хяналтандаа орсон. Үүний 50 хүн нь эрүүл гарсан. Харин бөөрний архаг дутагдалтайгаа мэдэхгүй явсаар энэ судалгаанд хамрагдахдаа мэдсэн байх жишээтэй. Мөн түүдгэнцрийн үрэвсэлтэй хүмүүс ч оношлогдсон байгаа.

Ийм хүмүүсийг бид хяналтдаа аваад хянаад явж байна. Манай эмнэлэг онош тогтоодог газар. Оношийг нь тогтоож тухайн харьяа газруудад сургасан эмч нарынхаа хяналт руу өвчтөнүүдээ явуулж байгаа.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *