Categories
мэдээ цаг-үе

Л.Хүрэлбаатар: “Нефромон” бэлдмэлийг ОХУ-д хүлээн зөвшөөрүүлэхийн тулд таван жил зарцууллаа

Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн бөөр хамгаалах “Нефромон” бэлдмэл ОХУ-ын худалдаанд гарч эхэлсэн. Энэ талаар “Монос” группийн ерөнхийлөгч, төрийн шагналт, эмзүйн ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатараас тодрууллаа.

-ОХУ бол өөрөө эм бэлдмэлийн том зах зээлтэй, үйлдвэрлэгчтэй орон. Гэтэл яагаад Монголын эмийг сонирхох болов?

-Оросын эмийн зах зээл дээр байгаа эмүүдийг судалж үзсэн л дээ. Хамгийн их борлогдож байгаа нь Германы “Канефрон” гэх эм бэлдмэл юм байна. Тэр бэлдмэлээс манай “Нефромон” эмчилгээний идэвхиэрээ дутахгүй юм байна гэж үзсэн. Ингээд бид Оросын “Фармамед” компанитай хамтарч ажиллахаар болж цаашид дахиад өөр төрлийн эм бэлдмэл гаргахаар төлөвлөгөө гаргачихаад байна.

Германы “Канефрон” бэлдмэл нь манай “Нефромон”-той төстэй. Харьцуулаад үзэхэд манай эм түүнээс дутахгүй гэдэг амбийцтай, зоригтой төлөвлөгөө гаргаад байна.

-Тэгэхээр Орост бөөрний өвчнийг анагаах чиглэлийн эмүүдийг Германы “Канефрон” эм одоогоор тэргүүлж байгаа байх нь?

-Тэргүүлэх зэргийн эм нь болчихоод байна. Тэр эмтэй нь бид өрсөлдөнө гэж үзээд зорилго тавьчихсан байгаа. Бусад эмүүдийг нь өрсөлдөгч гэж үзэхгүй байгаа. Учир нь үйлдлээрээ манай эм илүү сайн. Германы эмнээc дутахгүй, бусдаас нь илүү гэж үзэж байгаа болохоор бид “Фармамед” компанитай хамтраад “Нефромон” бэлдмэлээ Орост үйлдвэрлэж байгаа.

-Аль хотод нь?

-Санкт-Петербург хотноо.

-“Нефромон” эм Монголын зах зээл дээр гараад хэдэн жил болж байгаа юм бэ?

-Дотоодын зах зээл дээр гараад 13 жил болж байгаа бүтээгдэхүүн. ОХУ-д анхны жилдээ гарч байна. Тус улсад “Нефромон плюс” гэсэн нэрээр гарч байгаа. Монголын зах зээл дээр гарсан нь спиртэн хандтай. Спиртэн ханд нь спиртэнд харшилтай хүмүүс уухад түвэгтэй, гаж нөлөөтэй байдаг. Мөн хүүхдэд өгөх боломжгүй. Тийм болохоор бид Орост сироп хэлбэрээр гаргаж байгаа. Уг бэлдмэлийг бид сироп хэлбэрээр гаргаж авах гэж олон жил ноцолдсон. Спиртээр хандалж авсан хандаа өтгөрүүлэхээр цавуу шиг хатуурчихаад хуурайшуулах юм уу, сироп хийх боломж байхгүй байсан. Тэгээд бид сүүлийн үеийн тусгай органик уусгагч олж авсан. Тэр уусгагчаараа хамгийн сүүлийн үеийн хандлагч аппаратан дээр бэлдмэлээ хийсэн. Монголд байхгүй багаж л даа. Тийм болохоор Орост үйлдвэрлэж байгаа. Технологио бид зуун хувь өөрсдөө үйлдвэрлэчихээд маркетингаа оросуудтай хамтарч хийж байна.

-Орос хүмүүс энэ эмийг уугаад хэдэн сар болж байна вэ?

-Дөнгөж эхэлж байна. Гэхдээ урьдчилаад клиник туршилтаа хийчихсэн. Тэр туршилт нь үр дүнтэй болсон болохоор оросууд хамтарч ажиллая гэж санал тавьсан.

-“Нефромон”-ы гол найрлагад юу орсон бэ?

-Зөвхөн Монголын говьд ургадаг, өөр улсад бараг байдаггүй тийм ургамлаар хийсэн.

-Энэ бэлдмэлийг бөөрний ямар өвчлөлийн үед уудаг юм бэ?

-Ерөнхийдөө бөөрний үрэвслийн олон төрлийн өвчин байдаг. Бөөрний үрэвсэлт өвчний үед бөөрний эд эсүүд үхэждэг. Энэ бэлдмэл нь тэр үхэжсэн эд эсүүдийг шинээр нөхөн төлжих үйл ажиллагааг идэвхижүүлдэг. Бөөр нь хүний биед байгаа хорт бодисыг шүүж гадагшлуулдаг. Тэр үйл ажиллагааг нь нэлээд дэмжиж өгдөг бэлдмэл.

-Аливаа улс гаднаас эм бэлдмэл авахдаа нарийн шалгалт, хяналт тавьдаг. Та бүхэн нэлээд олон шалгуур давсан байх?

-Тэгсэн л дээ. ОХУ-д энэ бүтээгдэхүүнээ бүртгүүлэх гэж, тэнд эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрүүлэхийн тулд таван жил орчим зарцуулсан. Монголд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн буюу олон улсын лицензтэй лаборатори байдаггүй болохоор бидний хийсэн бүх туршилтыг Санкт-Петербургт дахиж хийсэн. Тэрэнд хоёр жил хэртэй хугацаа зарцуулсан. Бүх нарийн туршилтуудыг даваад “За одоо боллоо” гэхээр хүн дээр туршилт хийдэг. Тэр клиник туршилтыг нь амжилттай давсан.

Манай “МОНОС” гэдэг нэр чинь “Монгол оюун санаа” гэсэн үгсийн товчлол. Монгол оюун санааг олон улсад зөвшөөрүүлэх нь бидний гол зорилго. Бид оюуны өмчийн хувьд үүнийгээ патентлуулсан. Тэр патентын дагуу “Фармамед” компанид үйлдвэрлэж байгаа гэсэн үг. Өөрөө хэлбэл бид тэнд үйлдвэрлэхэд нь технологийн хувьд зөвлөгөө, түүхий эдээ өгч бүхий л талаар хамтарч ажиллаж байна. Хэтийн төлөвлөгөөгөө хүртэл хамтарч гаргасан байгаа.

ОХУ, Беларус, Казахстаны хооронд “ОХУ-д бүртгэгдсэн эм бэлдмэлийг Беларус, Казахстан улсад зарж болно” гэсэн гэрээ байдаг. Ингэхээр гурван улсад бүтээгдэхүүнээ зэрэг борлуулах боломж нээгдэж байгаа юм.

-“Нефромон”-ыг монголчууд хэр хэрэглэдэг юм бэ?

-Монголчууд хэрэглэдэг. Гэхдээ спиртийн харшилтай хүмүүс хэрэглэхэд хэцүү. 50 градусын спиртэнд хандалсан учраас харшилгүй хүн уухад ч хатуу. Тийм болохоор хүүхдэд өгөх боломжгүй. Тийм учраас бид эм бэлдмэлийг шинэ хэлбэрээр Орост бүтээгээд байна. Эмийн хэлбэр нь өөрчлөгдсөн болохоор материалаа дахиж бүрдүүлээд Монголд бүртгүүлж, зөвшөөрөл авна. Шинэ хэлбэрт нь эмчилгээний идэвхи нь илүү сайжирсан гэх мэт давуу талууд байгаа.

-Монголчууд өөрсдийн бүтээсэн эм бэлдмэлээ гадаад улс оронд албан ёсоор гаргаж байгаа анхны тохиолдол нь энэ болж байна уу?

-Бид “Нефромон”, “Салимон” хоёроо л Орост бүртгүүлчихье гэж хөөцөөлдөөд байсан юм. Ямартай ч эхлээд “Нефромон” маань бүртгэгдчихлээ. Манай гоо сайхны бүтээгдэхүүнүүд болох “Биомон” ОХУ, Герман, Хятад, Шри Ланка руу бага хэмжээтэй гардаг. Эмний хувьд анхных болж байна.

Монголчуудын хувьд “Панкипсин” эмээ гаргаж байсан. Гэхдээ тусламжийн журмаар. Чернобылийн дэлбэрэлт болсны дараа шархтай хүмүүст тусламж болгож явуулж байсан юм билээ. Энэ эм чинь төрийн шагнал авсан бэлдмэл шүү дээ, “МОНЭНЗИМ” компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн. “Панкипсин” тусламжийн журмаар гарч байсан бол тухайн улсдаа албан ёсоор бүртгэгдээд худалдаанд нь гарч байгаа анхны тохиолдол нь “Нефромон” эм болж байна.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *