Categories
мэдээ цаг-үе

Л.Хайсандай: Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх хуралдаанд Хятадын төлөөлөгчид оролцоогүй юм

НҮБ-ыг дэмжих Монголын нийгэмлэгийн тэргүүн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Л.Хайсандайтай ярилцлаа.

-Энэ сарын 24-нд НҮБ-ын, мөн сарын 27-нд манай улс НҮБ-ын гишүүнээр элссэн өдөр тохиож байна. Энэ хоёр түүхэн үйл явдлын ач холбогдлын талаар та тодруулж өгнө үү?

-Жил бүрийн аравдугаар сарын 24-нийг НҮБ-ын өдөр хэмээн дэлхийн улс орон бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ онд НҮБ-ын 70 жилийн ой тохиож байгаа юм. Дэлхийн хоёрдугаар дайны хар утаа бүрхсэн 1941 онд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нар Атлантын далайд байлдааны хөлөг онгоцон дээр тусгайлан уулзаж ярилцсан байдаг. Тэд дэлхий дахинд энх тайвныг тогтоон сахиулахад туслах олон улсыг хамарсан байгууллага байгуулах төлөвлөгөө хэлэлцэж тохиролцсон байдаг. Энэ яриа хэлэлцээнийхээ дагуу тэд хожим 1945 онд Зөвлөлт Холбоот Улсын нутаг Ялтад болзон очиж ЗХУ-ын удирдагч Иосиф Сталинтай уулзаж ярилцсан. Дээрх уулзалтуудын дүнд 1945 оны зургадугаар сард АНУ-ын Сан-Франциско хотод олон улсын бага хурал хуралдуулахаар болсноо зарлажээ. Тус бага хурал тухайн олон улсын байгууллагын дүрмийн төслийг боловсруулан дэлхийн хүчирхэг, нөлөө бүхий АНУ, ЗХУ, Их Британи, Хятад, Франц болон өөр бусад 46 улсыг оролцуулан нэг бүрчлэн нухацтай олон дахин хэлэлцсэний дүнд 1945 оны аравдугаар сарын 24-ний өдөр бүх оролцогсод гарын үсэг зурж баталснаар НҮБ-ыг байгуулсан юм. Энэ өдрийг НҮБ-ын төрсөн өдөр хэмээн бүх гишүүн улс орон тэмдэглэдэг. НҮБ-ын хамгийн гол чухал үндсэн дөрвөн зорилт гэвэл даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалах, улс хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэх, ядуу зүдүү хүмүүсийн аж амьдралыг дээшлүүлж сайжруулахад туслах, бие хүн бүрийн эрх чөлөө, эрхийг хүндэтгэж, өмгөөлж хамгаалахын төлөө тэмцэх, бодитой үйл ажил явуулах, дөрөвдүгээрт, дээрх бүх зорилтод хүрэхэд нь улс орнуудад туслах гол төв байх явдал мөн хэмээн дүрмэндээ тод томруун тодорхойлсон байдаг. Эдгээр зорилт нь НҮБ-ын бүхий л үеийн үйл ажиллагааны гол чиг баримтлал болж ирсэн, цаашид ч байх болно.

-Манай улс НҮБ-д элсэхийн тулд олон жилийн турш уйгагүй хөөцөлдсөн байдаг шүү дээ?

-Манай улс НҮБ-ын гишүүн болсон зам шулуун дардан байгаагүй. Бүүр 1946 онд НҮБ-д гишүүнээр элсэх өргөдөл хүсэлтээ албан ёсоор гаргаж өгсөн байдаг. Манай улсын хүсэлтийг НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газар 1946 оны зургадугаар сарын 27-нд хэвлэлд нийтэлж, Аюулгүйн зөвлөлийн шинэ гишүүн элсүүлэх асуудал эрхэлсэн комисс мөн оны наймдугаар сарын 8-ны өдөр авч хэлэлцсэн байдаг. Ийнхүү хэлэлцэх үеэр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх АНУ болон Их Британийн төлөөлөгчид “Бидэнд байгаа мэдээллээр БНМАУ нь НҮБ-ын дүрмийн дагуу хүлээх үүргээ хэрэгжүүлэх чадвартай гэдгээ хангалттай харуулж чадахгүй байна” гээд нотлох баримт хангалттай болтол уг хүсэлтийг хэлэлцэхийг хойшлуулах санал тавьж байсан гэдэг. Харин ЗХУ энэ асуудлаар санал хураахыг тулгаж шаардсан. Аюулгүйн зөвлөлийн аль нэгэн гишүүн татгалзсан нөхцөлд түүний шийдвэр хүчин төгөлдөр болдоггүй тул манай улсыг тэр үед НҮБ-д элсүүлээгүй юм.

1946 оноос хойш манай улс бараг жил бүр гишүүнээр элсэх өргөдлөө хэлэлцүүлдэг байсан. Тийнхүү манай улс НҮБ-ын гишүүн болох асуудлаа НҮБ-д энэ хугацаанд 13 удаа ямар нэгэн хэлбэрээр хэлэлцүүлсэн. Тэр бүр Ерөнхий Ассамблейн чуулган дээр улс орнуудын анхаарал сонирхлыг татаж ирсэн түүхтэй. Гэвч энэ асуудал нь тухайн үед ноёлж байсан хүйтэн дайны уур амьсгал болон социалист, капиталист орнуудын хоорондын үзэл суртлын дайсагнасан тэмцэл сөргөлдөөнөөс шалтгаалж тухай бүр амжилтгүй болж байсан. Үүний улмаас Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсэх асуудал 15 жилээр буюу 1961 он хүртэл хойшлогдож байв.

Чухамхүү тэр үед буюу 1961 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулган болж, Аюулгүйн зөвлөл манай улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлыг авч хэлэлцсэн юм. 1961 оны аравдугаар сарын 25-ны өдөр болсон хуралдаанд өмнө нь энэ асуудлаар ямагт хориг тавьдаг байсан Хятадын төлөөлөгчид тэр удаад оролцоогүй. Бусад байнгын гишүүдээс ч хориг тавиагүй. Аюулгүйн зөвлөл Ерөнхий Ассамблейд Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэхийг зөвлөмж болгосон шийдвэр гаргасан. Тийнхүү 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тэр үеийн ЗХУ, Энэтхэг, Чехословак, Куба, Индонез, Мали, Бирм зэрэг төр засаг, газар зүйн хувьд харилцан адилгүй 36 орон уг шийдвэрийг дэмжиж, Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганы даргад өргөн барьсан. Тэр шийдвэрийг Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсон бүх гишүүн улс санал нэгтэй алга ташин хүлээн авснаар манай улс НҮБ-ын 101 дэх гишүүн болж баталгаажсан билээ.

-НҮБ-Монголын хамтын ажиллагааны үр ашиг, тухайлан НҮБ, түүний системийн байгууллагуудаас Монголд үзүүлсэн тусламж дэмжлэгийг та тоймлон товч дурдана уу?

-НҮБ-д элссэнээр тус байгууллагын хүрээнд Монгол Улс бусад орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын системийн бусад төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллах болсон. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс НҮБ болон түүний харьяа байгууллагуудаас санхүү, техник технологи болон мэргэжлийн асар их хэмжээний тусламж дэмжлэг авсан нь тус орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц өгсөн юм. НҮБ, түүний системийн байгууллагууд 1963-2003 оны хугацаанд манай улсад 260 сая гаруй ам.долларын тусламж үзүүлсэн бөгөөд “НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ”-нд тусгагдсаны дагуу 2002-2006 онд нийт 78.2 сая ам.доллар, 2007-2011 онд 40 сая.долларын тусламж үзүүлээд байна.

“НҮБ-ын 2012-2016 онд хэрэгжүүлэх Хөгжлийн тусламж”-ийн хүрээнд нийт 34 сая ам.долларын боломжит санхүүжилт, 65 сая ам.долларын дайчлах санхүүжилт хийхээр тусгагдаад байна. Монголын эдийн засаг хямраад байсан 1990-ээд оны эхний хүнд хэцүү үед НҮБ, түүний системийн байгууллагууд, ялангуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монголыг дэмжигч хандивлагчдын бүлгийг үүсгэн бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн Монголд нүүрлэсэн зудын гамшгийн хохирлыг даван туулахад туслах олон улсын арга хэмжээг явуулахад НҮБ хошуучилсан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2001, 2010 онд зудад нэрвэгдсэн малчдад туслах уриалгыг гадаад орон, олон улсын байгууллагад хандан гаргаж нийт 50 орчим сая ам.долларын мөнгөн болон эд материалын тусламжийг цуглуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн билээ. Товчоор дүгнэхэд НҮБ-Монголын хамтын ажиллагаа өнөөг хүртэл ашиг тусаа өгч, харилцан үр өгөөжтэй байгаа гэж баттай хэлэх байна.

-Сүүлийн жилүүдэд НҮБ болоод дэлхий нийт Монгол Улсын нэр хүндийг өргөсөн ямар үйл явдлуудад ач холбогдол өгч байгаа бол?

-Монгол Улс дэлхийн томоохон орнуудтай харьцуулахад жижиг хэмжээний армитай хэдий ч НҮБ-ын гишүүний хувьд олон улсын энх тайвныг бэхжүүлэх, терроризмын эсрэг дэлхий нийтийн тэмцэлд бодитой хувь нэмэр оруулж, 2000 оноос хойш дотооддоо хямралтай байгаа улс орнууд руу энхийг сахиулагчдаа илгээсээр ирлээ. Монгол Улсын Засгийн газар 1999 онд НҮБ-ын Бэлэн байдлын арга хэмжээнд хувь нэмэр оруулах Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. 2002 онд Монгол Улсын парламент “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын үйл ажиллагаанд цэрэг, цагдаагийн бие бүрэлдэхүүнийг оролцуулах тухай” хуулийг баталсан нь олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох эрх зүйн үндсийг тавьсан байна. Өнөөгийн байдлаар Монголын олон зуун цэрэг дэлхийн халуун цэгүүдэд алба хаасан, одоо ч хааж байна. Энэ нь манай улсын НҮБ дахь байр суурь улам бэхжиж буйн нэг илрэл.

-Манай улс 2022 онд Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр, 2015 онд хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох зорилт тавин ажиллаж байгаа гэсэн?

-Тийм ээ. Манай улс 2022 оны Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын гол байгууллагуудын гишүүнээр сонгогдож, хэлэлцэж буй асуудалд Монгол Улсын байр суурийг илэрхийлээд, дэлхийн улс орнуудаас тэргүүн туршлага судлах боломж олдох юм. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгууль энэ аравдугаар сарын 28-ны өдөр Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр болох юм. Эгнээндээ дэлхийн 47 улсыг нэгтгэсэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нь Аюулгүйн зөвлөлийн дараа эрэмбэлэгдэх чухал байгууллагуудын нэг.

Гурван жилийн хугацаанд гишүүнээр нь ажиллах улсыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 193 гишүүний ердийн олонхи буюу наанадаж 98 улсын саналаар сонгодог. Манай улс 54 гишүүнтэй Ази-Номхон далайн орнуудын бүлэгт харьяалагддаг. Энэ бүлэг Хүний эрхийн зөвлөлд 13 суудлын квоттой. Жил бүр 4-5 суудалд нөхөн сонгууль болдог. Энэ оны сонгуульд манай бүлэгт таван суудал ногдож байгаа бөгөөд Монгол Улс, Лаос, Кыргыз, Арабын Нэгдсэн Эмират улс, Пакистан, БНСУ болон Филиппин нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Өрсөлдөж байгаа орнуудаас Пакистан, БНСУ, Филлипин улс гурван удаа ажилласан бөгөөд дөрөв дэх удаагаа өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн. Харин Арабын Нэгдсэн Эмират улс, Пакистан, БНСУ-ын хувьд одоо гишүүн орноор ажиллаж байгаа. Кыргыз бас нэг удаа гишүүн орноор ажилласан. Лаос болон Монгол Улс анх удаа нэр дэвшиж байгаа.

-Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдвол ямар эрх эдэлж, үүрэг хүлээдэг юм бэ?

-Хүний эрхийн зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, шийдвэр гаргах боломжтой болно. Харин хариуцлага үүргийн тухайд Монгол Улс хүний эрхийн чиглэлээр үлгэр жишээ байх ёстой. Түүнээс биш ийм, тийм үүрэг хүлээнэ гэж албан ёсоор хуульчилсан зүйл байхгүй. Аливаа Олон улсын байгууллагын удирдлагаар томилогдоно гэдэг нь өөрөө нэр хүндийн асуудал юм. Тийнхүү хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноор манай улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжих болно. Гишүүнээр сонгогдох бүх бэлтгэл ажлыг манай ГХЯ амжилттай сайн хангасан гэж үзэж болно. Үр дүн нь удахгүй гарна.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *