Categories
мэдээ цаг-үе

Л.Жамбалжав: Төрийн тусгай албаны эмнэлгийг хувьд зувчуулах гэж байгаа нь хууль зөрчсөн асуудал

Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжавтай ярилцлаа.

-Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэх нь гэж ярьж байна. Та эмнэлгийн байгууллагад олон жил ажилласан, асуудлыг хамгийн сайн мэдэх хүний хувьд эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-1990 оноос эхэлсэн өөрчлөлт шинэчлэлтэд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбар өөрчлөгдөж зах зээлийнхээ жамаар хөгжиж байна. Гэтэл иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх ёстой салбар нь ямар ч өөрчлөлтгүй эмх замбараагаа алдаж дампуураад байна. Миний бие 40 гаруй жил эрүүл мэндийн салбарт зүтгэж сумын эмчээс аймгийн мэс заслын эмч, клиник болон улсын томоохон эмнэлгүүдийн захирал, Эрүүл мэндийн яамны бүх газрын даргаар ажиллахдаа салбарынхаа төлөө гэх санаа агуулж, амжилт бүтээл, сайн сайхан талаас нь харж бодож явлаа. Тиймээс салбараа муулуулахгүй, муулахгүй байх сэтгэл зүрхтэй байдаг ч өнөөгийн доройтол, арчаагүй байдлыг нууж чадахгүй нь. Болж байна гээд хоосон алга ташиж суух нь утгагүй гэж үзсэн болохоор алдаа дутагдал, өнөөгийн бодит байдлын талаар санал бодлоо түмэн олонтойгоо хуваалцаж төр засгийн эрх мэдэлтнүүдийг анхаараасай гэж хүссэн юм.

-Салбар доройтож байгаа нь хэнтэй, юутай холбоотой юм бэ?

-Өнөөгийн алдаа дутагдал эрүүл мэндийн төлөө өдөр, шөнөгүй зүтгэж байгаа 40 гаруй мянган хүнтэй холбоогүй. Амьдралд хүрэлцэхгүй хэдхэн төгрөгийн цалинтай ажиллаж, унтах нойроо хугаслан зүтгэж ирсэн ахмад буурлуудын бүтээж бий болгосон үйл ажиллагааны ерөнхий голдрил л явж байна. Ингэсний хүчинд эрүүл мэндийн салбар хэвийн үйл ажиллагаатай мэт харагдаж байгаа нь манай салбарын эмч ажилтнуудын ажлаа мэддэгийн ач тус. Сүүлийн жилүүдэд эмч, сувилагчийн буруугаас хүний амь нас хохирч байгаа нь дан ганц тэдний буруу биш. Энэ бүхэн тухайн байгууллагын удирдлага, зохион байгуулалттай шууд холбоотой. Эмч нар эмчилгээ үйлчилгээ явуулах, мэс засал хийх, халдварт өвчнөөс сэргийлэх, өвчнийг тархуулахгүй байх зэрэг нь эмнэлгийн тусламжийг зохион байгуулж буй албан тушаалтантай шууд хамааралтай байдаг. Мөн тогтолцоотой холбоотой.

-Янз бүрийн өвчин, тэр дундаа халдварт өвчнөөр өвчилж буй хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг удирдах албаны хүмүүстэй холбож ойлгох хэрэг үү?

-Сүүлийн үеийн мэдээгээр бэлгийн замын өвчлөл 1.5 дахин нэмэгдсэн байгаа. Мөн сүрьеэ өвчний тархалт ихсэн, эхийн эндэгдэл нэмэгдлээ. 0-5 насны хүүхдийн эндэгдэл буурахгүй байна шүү дээ. Гадаадад эмчлүүлж буй монголчуудын тоо өдрөөс өдөрт өсөж байна. Манай эмнэлгүүдийн эмчилгээний чанарын үзүүлэлт муу, эмч сувилагч нар алдаа гаргаж, өвчтөний амь нас хохирч байгаа нь ерөөсөө л эрүүл мэндийн салбарын шат шатны удирдлагатай холбоотой. Тухайлбал, бригадын бага эмч, сумын эрүүл мэндийн даргаас авахуулаад нэгдсэн эмнэлэг, аймаг, дүүрэг, улсын эмнэлгүүдийн дарга, ерөнхий эмч, захирал, Эрүүл мэндийн яамны хэлтэс, газрын дарга цаашлаад Эрүүл мэндийн сайдтай шууд холбоотой. Уг нь эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд мөрдөж байгаа хууль эрхзүйн актууд чамгүй олныг батлан гаргасан. Эрүүл мэндийн гол хуулиуддаа 3-5 жил тутам байнгын нэмэлт өөрчлөлт оруулж, хуультай холбоотой дагалдан гарах 800 гаруй журам батлан гаргасан байна. Сайн, чанартай хууль гарсан ч үй олон журам, тушаал заавруудыг мөрдөн ажиллуулах ёстой ч мэдлэг дорой, ар өврийн хаалгаар тавигдсан дарга нар байгууллага дээрээ зохион байгуулалт хийж чадахгүй байна.

-Эмнэлгийн үйлчилгээ, чанар муу байгаа тухай ярихаар өөдөөс төсөв, санхүү тааруу байна гэдэг. Үнэхээр төсөв нь хүрэлцдэггүй юм уу?

-Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, төсөв жилээс жилд нэмэгдсээр ирсэн шүү дээ. Ямартай ч манай төрийн түшээд эрүүл мэндийн төсвийг хасаж таналгүй байнга нэмэгдүүлж байдаг нь хүний амь юутай үнэтэй вэ гэдгийг анхаарч байгаатай холбоотой. Хэдийгээр эрүүл мэндийн салбарт зарцуулж байгаа зардал бага, дотоодын нийт бүтээгдэхүүний 3.5 хувь байна гэж ярьдаг хэдий ч улсын төсөв, эмнэлгийн байгууллагуудын өөрийн орлого, олон улсын хандив тусламж, хувь хүмүүс, албан байгууллагын өгөөмөр тусламжийг тооцвол боломжийн санхүүжилттэй. Гагцхүү энэхүү санхүүжилтийг зөв зохицуулж чадахгүй, үрэн таран хийж байгааг хэн ч анхаарахгүй, хэн ч хяналт тавихгүй байна. Тухайн эмнэлэгт оны эцэст тодорхой хэмжээний мөнгө үлдвэл төрийн сан хураагаад авдаг. Тиймээс эмнэлгүүдийн удирдлага мөнгөө зарцуулж дуусгах зорилготой, дээрээс нь ахиухан мөнгө төсөвт суулгуулах сонирхолтой байдаг.

-Яам хяналт тавьдаг байлгүй дээ?

-Эрүүл мэндийн салбарын амин чухал хэсэг, тархи толгой нь байх ёстой яам нь бодлого боловсруулах битгий хэл ямар ч чадваргүй дампуурлын байдалтай байна. Туршлагатай, сүүлийн жилүүдэд бодлого боловсруулж ирсэн чадвартай төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халж, оронд нь ямар ч ажлын туршлагагүй, мэдлэг мэргэжил дорой хүмүүсээр яамаа дүүргэсэн. Мэргэжилтнүүдээс авахуулаад хэлтэс, газрын дарга нар нь хүнд сурталтай, асуудлыг шийдэх чадваргүй өөрсдөөсөө түлхэж бөөрөнхийлсөн хүмүүс ажиллаж байна. Миний л мэдэхийн одоо яамны эмнэлгийн тусламжийн асуудал хариуцан ажиллаж буй Л.Зэндмаа гэдэг жаахан охин нийслэлийн Эрүүл мэндийн газарт олигтой ч ажиллаж байгаагүй. Нийслэлийн эмнэлгүүдийн тусламжийн асуудлыг бантагнуулж хаясан хүн өдгөө Монгол Улсын хэмжээний эмнэлгийн тусламжийн бодлогыг боловсруулж зохион байгуулна гэж юу байх вэ дээ. Мөн нийгмийн эрүүл мэндийн асуудлыг зохион байгуулах хэлтсийн дарга П.Оюунцэцэг дүн бүртгэлийн эмч бөгөөд ямар ч ажлын туршлагагүй.Үүнээс өмнө маш сайн туршлагатай Нарангэрэл гэж хүн ажиллаж байлаа. Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баяр урьд нь Мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээний даргаар ажиллаж байсан бөгөөд энэ ажлаа хийж чадахгүй халагдаж солигдоод энд тэнд хурган дарга хийж байсан. Ийм нөхөр Монгол Улсын хэмжээний эрүүл мэндийн салбарын бодлогыг хэрэгжүүлж чадна гэж үү. Саяхан Баянхонгор аймагт жирэмсэн эхийн төрөлтийн явцад эмнэлгийн тусламжийг буруу зохион байгуулснаас нарийн мэргэжлийн тусламж авч чадалгүй нас барсан хэрэг гарсан. Гэтэл зөвхөн тухайн эмнэлгийн эмч, эмнэлгийн байгууллагын дарга нарт хариуцлага тооцоод өнгөрлөө. Угтаа энэ бол зөвхөн эмч нарын алдаа биш. ЭМЯ-наас орон нутагт эмнэлгийн тусламжийг зохион байгуулж чадахгүй байгаагийн тод жишээ.

-Уг нь эмнэлгүүд нэг үеэ бодвол хэрэгтэй тоног төхөөрөмжөө авч чаддаг болсон. Энэ яамны ажил биш гэж үү?

-Сайн санаат хүмүүсийн дэмжлэгээр л явж байна шүү дээ. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хавдрын эсрэг хөдөлгөөн эхлүүлж олон нийтийн анхаарлыг хандуулж чадаж байна. Чадахаар барахгүй ХСҮТ-ийн өргөтгөлийг барих мөнгийг 2016 оны төсөвт суулгууллаа. 25 дугаар суваг телевизийнхэн 1000 төгрөгийн хандивын аян өрнүүлж 100 гаруй сая төгрөгөөр Түлэнхийн төвд арьс нөхөхөд хэрэгтэй багаж авч өгсөн. “Бороо гоулд” компани нэгдүгээр төрөхийг барилаа. Гуравдугаар төрөхийг УИХ-ын гишүүд хөөцөлдөн байж бариуллаа. Баянгол дүүрэгт С.Эрдэнэ гишүүн шинэ эмнэлэг нээхийн зэрэгцээ 140 ортой хүүхдийн эмнэлэг байгуулсан. Гэтэл Эрүүл мэндийн сайд хаана юу хийж байна вэ. Эрүүл мэндийн сайд солигдох бүртээ ёс юм шиг Санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар өөрийн хүнээ авчирдаг. ЭМЯ-ны төсөв хөрөнгө, зарцуулалт ямар ч эмх замбараагүй, тендер явуулж байгаа нь хувийн ашиг сонирхлынх гэдгийг түмэн олон ярьж байна. Түрүүчийн хүмүүс ч ял хүлээж байна. ЭМЯ-ны сүүлийн жилүүдийн санхүү, төсөв, зохицуулалт, тендер шалгаруулалтыг холбогдох байгууллага шалгах шаардлагатай. Эрүүл мэндийн салбарын баригдаагүй царцаасан барилгуудын хөрөнгө оруулалт ч но-той байгаа шүү.

-Сайд солигдох бүртээ өөрийн хүнээ авчирдаг гэсэн үг үү?

-Одоогийн ЭМЯ-ны төрийн захиргаа удирдлагын дарга, сайдын нарийн бичиг нар эрүүл мэндийн салбараас тэс өөр салбарын хүмүүс. Г.Шийлэгдамба сайдтай хамт ажиллаж байсан, эсвэл хамаатан садангийн хүмүүс гэнэ лээ. Бүхэл бүтэн салбарын хүний нөөц, хүний нөөцийн хөгжил, албан тушаалын томилгоог энэ салбарыг огт мэдэхгүй хүн хариуцан сууж байна гэдэг эмгэнэл бус уу. Уг нь манай салбар бусдыг бодвол хэн дуртай нь ажиллаад байдаггүй, өвөрмөц, тусгай мэргэжлийн салбар. Би эрүүл мэндийн салбарыг удирдсан сүүлийн найм, есөн сайдтай ажиллаж байлаа. Мэргэшсэн эрдмийн зэрэг цолтой, эмчийн чагнуур зүүж, эмнэлэг дээр хонон өнжин өвчтөний амь насны төлөө тэмцэж байсан хүмүүс энэ салбарыг толгойлж байхад арай өөр байсан юм шүү. Хэдийгээр мэргэжлийн бус ч гэлээ мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож, болохоосоо болохгүйг хүртэл зүтгэж өөрийн чадах ёстой юмыг хийж байсан хүмүүс уг нь байсан л юм. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд Т.Ганди эрүүл мэндийн салбарын эрх зүйн актыг боловсронгуй болгоход хичээн зүтгэж, мэргэжлийн хүмүүс болон эрдэмтэн зохион байгуулагч дэд сайд Ш.Энхбат, зөвлөх А.Дамдинсүрэн нарынхаа үгийг сонсож бас ч гэж муугүй ажиллаж байсан. Сайд асан С.Ламбаа эдийн засагч хүний хувьд салбарынхаа эдийн засгийн байдал, эмнэлгүүдийнхээ уялдаа холбоог сайжруулах тал дээр анхаарч чадварлаг газрын дарга нараар хүрээлүүлэн ажиллаж байсан тул өнөөдөр эрүүл мэндийн салбарт нэр хүндтэй үлдсэн. Одоогийн сайд харин яаман дээрээ ч сууж ажиллаж чадахгүй юм. Нэг бол гадуур ажилтай, эсвэл томилолттой л гэнэ. Тэр ч байтугай төрийн нарийн бичгийн дарга эмэгтэйгээ дагуулаад Америк явж, яамыг долоо хоног эзэнгүй байлгасан. Бас сонсох нь ээ, нэг архи уухаараа долоо, найм хоног алга болдог гэнэ. Би Ерөнхий сайдаас асуумаар байдаг юм. Эрүүл мэндийн салбар нь иргэдийн амь насыг хамгаалах, өвчилсөн үед эмчилж эдгээх ажлыг хэрэгжүүлэн зохион байгуулах асуудал Монголын төр засагт хамаагүй хэрэг үү гэж. Бас Г.Шийлэгдамба сайд “Жамбалжав дарга аа, Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын сайдаар эмч хүн ажиллах хэрэггүй болохоор дотроос нь сайд томилж болохгүй гэж хэлсэн” гэсэн. Үнэхээр тэгж хэлсэн юм уу гэдгийг асуухсан.

-Гээндээ ч бий, гоондоо ч бий гэсэн үг байдаг. Эмч нар хүнд суртал гаргаж, авлига өгөөгүй өвчтөнүүдэд анхаарал халамж муу тавьдаг гэдэг?

-Өнөөдөр ард иргэд өвдлөө гэхэд хэвтэх эмнэлэг алга. Эмнэлэг олдлоо ч оргүй болчихдог. Амаржих дөхсөн эх төрөх эмнэлэгт очиход ор олдохгүй, хонгилд сууж байна шүү дээ. Ер нь хүн өвдлөө гэхэд танил эмчийн эрэлд гардаг. Очоод бүх шатанд нь мөнгө барьж байна. Эрүүл мэндийн салбар авлигаараа тэргүүлдэг гэдэг нь үнэний ортой болж байна. Би эмнэлэгт ажиллаж байхдаа мэс заслын дараа хэдэн бууз, халуун савтай цай бариад орж ирэхийг авлига гэхгүй, сэтгэлийн зүйл гэдэг байлаа. Гэтэл манай салбар үнэн хэрэгтээ авлигад баригдчихаж. Ингээд зогсохгүй улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэдлэг чадвар өндөр, дадлага туршлагатай эмч нараа өндөр настай болсон байна гээд халчихсан. Оронд нь баруун, зүүнээ мэдэхгүй шахам хүүхдүүд ажиллуулж байна. Энэ бүхэнд хяналт, шалгалт хийж зохих дүрэм, журмаа мөрдүүлдаг газар байх ёстой. Эрүүл мэндийн яаманд ямар ч бодлого алга. Хөөрхий нийслэлийн Эрүүл мэндийн газар, хэдэн дүүргийн эмнэлэгт чамгүй зохицуулалт хийдэг, эрүүл ухамсартай, мэргэжлийн хүмүүс л энэ салбарыг арай ч унагачихгүй зүтгэж байна даа.

-Нэгдүгээр эмнэлэг дээр л гэхэд бөөрний дутагдалтай хүмүүст зориулсан аппаратад танил талгүй, арын хаалгагүй бол орж чаддаггүй гэх яриаг зөндөө л сонсож байлаа?

-Б.Бямбадоржийн удирдсан нэгдүгээр эмнэлгийн үйл ажиллагаа маш муу байгаа нь үнэн. Иргэдээ ялгаварлан гадуурхах, хэвтэн эмчлүүлж буй өвчтөнийхөө эмчилгээг харьяаллын бус гэж хаадаг болсон шүү дээ. Өнгөрсөн онд л гэхэд гемодиализэд орох өвчтөнүүдийг харьяаллын гэж ялгаад дарга цохолт хийдэг болсон. Нэг ёсондоо мөнгөтэй, эсхүл Б.Бямбадоржийг таньдаг бол бөөрний аппаратад орж амь аврагдах юм байна л даа. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, ажилтнууд бол үнэхээр сайн ажилладаг. Ялангуяа ахмад эмч нар маань олон жилийн туршлагатай, гагцхүү тэдний үйл ажиллагааг дэмжиж удирдлагын зохион байгуулалт менежментийг зөв хийх ёстой юм. Нэгдүгээр эмнэлгийн сайн нь Б.Бямбадорж даргын биш, тэнд ажиллаж байгаа чадвартай эмч, ажилтнуудын гавьяа шүү дээ. Би нэгээхэн цаг үед тус эмнэлгийн даргаар ажиллаж байсны хувьд хэн нь яаж ажилладгийг мэднэ.

Ер нь төрийн мэдэлд ГССҮТ, ХӨСҮТ, ХСҮТ, Үндэсний их сургуулийн эмнэлэг, хүчний байгууллагын эмнэлэг байх ёстой.Төр, нийгмийн эрүүл мэндийг авч явах ёстой байдаг. Бусад эмнэлэг буюу I, II, III эмнэлгүүд болон дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлэг хувийн салбарт байхад улсын төсөв хэмнэгдэнэ. Дээрээс нь менежмент сайжирна. Эмнэлэг эзэнтэй болно. Авлига газар авахаа болино. Хамгийн гол нь төсвийн ачаалал эрс буурах учиртай. Менежментээр хувьчлагдсан Сүхбаатар, Баянзүрх дүүргийн эмнэлгийг хар л даа. Улсаас ямар нэгэн төсөв авдаггүй. Эрүүл мэндийн даатгалын мөнгөөр үйл ажиллагаагаа явуулж маш сайн ажиллаж чадаж байна. Гэтэл улсын эмнэлгүүд нь төсвөөс баахан мөнгө авч байгаа хэрнээ өрөнд ороод, төсөв авч байгаа мөртлөө эм тариагаа тасалж хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдээр өөрсдөөр нь эм, тариа авахуулдаг. Удирдлагууд нь улсын мөнгө идээд тендер нэрээр хувьдаа ашиг гаргаж байгаа. Тэр бүү хэл сайд дарга нарт авлига өгөөд тэр суудалдаа өнө удаан жил суугаад байгаа юм биш үү. Зарим сайд эмнэлгийн дарга нараас мөнгө нэхэж авдаг гэж олон түмэн ярих юм. Үнэн байж мэдэх л юм.

-Эмнэлгийн хувьчлал гэснээс Төрийн тусгай албаны эмнэлэг барина гэж байсан. Уг барилгын асуудал юу болсон бэ?

-Төрийн тусгай албаны эмнэлэг барина гээд төсвөөс хөрөнгө гаргаж байснаа гэнэтхэн цэргийн эмнэлэгтэй нэгтгэлээ. Болох л зүйл. Гэвч эмнэлгийн зориулалтаар барьсан барилгад хуулийн байгууллага оруулахаар хөрөнгө зардал гаргаж байснаа дахиад л буцлаа. Одоо эмнэлэг хэвээр нь үлдээхээр болсон юм гэсэн. Ашиглаж эхэлье гэтэл хөрөнгө мөнгөгүй болсон гээд байх юм. Тэгснээ нэгдүгээр эмнэлгийн дарга Б.Бямбадоржийн мэдэлд өгчихөж. Нэг ёсондоо Б.Бямбадорж даргын удирдлага дор хоёр эмнэлэг ажиллах хэрэг үү.

-Төрийн тусгай албаны эмнэлгийг Б.Бямбадорж даргын мэдэлд өгчихсөн хэрэг үү?

-Тус эмнэлгийг Б.Бямбадорж концессын гэрээгээр дуусгахаар болсон юм гэнэ. 30-аад тэрбум төгрөгөөр барьж дуусгаад 30-40 жилийн дараа улсад оруулсан мөнгөө буцааж авна гэсэн. Энэ бол зүгээр л луйвар. Хэрэв концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа юм бол хуулиараа төрийн албан хаагч төрийн эмнэлгийг гэрээ хийж авч болдог юм уу. Тэгээд ч Б.Бямбадорж тийм сайн менежер мөн үү. Төрийн тусгай албаны эмнэлгийг хувьд зувчуулж байгаа нь хууль зөрчсөн асуудал биз дээ. Нэг талаас нэг монгол эмч хувийн хөрөнгөтэй болж байгаа нь сайхан ч Г.Шийлэгдамба сайд нутаг нэгтэндээ шууд өгч байгаа нь хэтэрхий соёлгүй, ёс суртахуунгүй хэрэг. Шуудхан хэлэхэд Төрийн тусгай албаны эмнэлэг зориулалтаараа ажиллахгүй юм бол гэмтлийн эмнэлэг болгох хэрэгтэй. Б.Бямбадоржийн хувийн эзэмшилд өгсөн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй. Тэр ч байтугай энэ асуудлыг Авлигатай тэмцэх газар болон холбогдох хуулийн байгууллага шалгах нь зүйтэй юм.

Гэмтлийн эмнэлэг өнөөдөр савандаа багтахгүй, дээр нь Түлэнхийн тасгийг оруулсан нь эмнэлэг хамгааллын дэглэмийг ноцтой зөрчиж байгаа гэмт хэрэг. Түлэнхийн шарх бол идээлүүлэгч стафилококк агуулдаг халдвар тараах аюултай байхад мэс засал хийлгэсэн өвчтөнүүдтэй агаарын урсгал нэг газарт байж болох уу. Гэтэл бариад дуусаж байгаа эмнэлгээ хувьдаа бизнесийн эмнэлэг болгож байдаг. Бас нэгэн зүйлийг хэлэхэд Б.Бямбадорж оо, уучлаарай. Би хувь хүн гэдэг утгаар нь чам руу дайраагүй. Бас чамайг хамт олон эсэргүүцэж байхад сайн ажиллах залуу хүн гэж дэмжин орлогчоороо дэвшүүлж ажиллуулсан. Бидний хувийн харьцаа бол хувийнхаараа. Харин энэ үйл ажиллагаа бол улс эх орон, ард түмний төлөө тул би асуудлаа ил тавьж байгаа юм. Ухаантай ойлгож хүлээж аваад хариуцсан нэгдүгээр эмнэлгийн ажлаа сайжруулахыг би чамаас хүсэж байна. Эрүүл мэндийн салбар, эмнэлгийн үйлчилгээ гэдэг бол ард түмний өмч. Эн тэргүүний хэрэгцээ. Тиймээс эрүүл мэндийн олон мянган эмч ажилтан та бид энэ салбараа арчаагүй байдлаас гаргах хэрэгтэй. Ард түмнийхээ төлөө зүтгэх эрхэм зорилго бол зөвхөн та бидний амин чухал зорилт шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *