Categories
мэдээ нийгэм

Л.Гүндалай: М.Сономпил хахууль авсан гэдэг нь ор үндэслэлгүй. Би бодит гэрч нь байна

Эрчим хүчний сайд асан М.Сономпил албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр дөрвөн жилийн ял сонсож, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгох шийдвэрийг шүүхээс гаргасан. Энэ талаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайтай ярилцлаа. Тэрбээр М.Сономпилын дотны найз юм.


-Та улс төрөөс хөндийрснөөс хойш нам жим байх болсон. Тиймээс танаар сонин сайхан юутай вэ гэдгээс эхэлж ярих нь зүйтэй болов уу?

-Би ажилгүй хүн шүү дээ. Гэр бүлээрээ амарч байна. Ерөнхийдөө биеийн тамир, спорт бага зэрэг оролдсон шиг, хүүхдүүдээ сургуульд нь өгч, авсан шиг өдрийг өнгөрүүлж байна. Улс төрийн хувьд Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг ажиглаж байгаа. Энэ салбарт өрнөж буй үйл явцыг өөрийнхөө хувьд үнэлж, дүгнэж яваа.

-Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг авлига албан тушаалын хэрэгт холбогдож, улсад их хэмжээний хохирол учруулсан буруутай хэмээн шүүхээс ял оноосон. Энэ нь сүүлийн жилүүдэд шалгагдаж буй авлига, албан тушаалын томоохон хэргүүдээс шийдэгдсэн цөөн хэргийн нэг болж байна. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Сайд асан М.Сономпил бол их сайн ажилласан, томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн хүн. Амгалангийн дулааны станцаас эхлээд бусад станцын өргөтгөл зэрэг олон асуудлыг шийдсэн. Зөв ажил хийсэн хүмүүсийнхээ улыг шагайж, ямар нэг өө хайж байгаа нь надад харамсалтай санагдаж байна. М.Сономпил хахууль авсан гэдэг нь ор үндэслэлгүй зүйл юм шүү. Би бодит гэрч нь байна. Бид хэдэн гэр бүлээрээ гадаадад амарч явсан юм. Тэгээд эрчүүд болсон хойно нэг казинод тоглосон нь үнэн. Бүгдээрээ л байсан 5-10 мянган ам.доллараа өгцгөөсөн. Миний санахын М.Сономпил найз маань Муратаас хэдэн төгрөг авъя, “IPO” босгоё гэсэн юм. Би ч бас дүү рүүгээ яриад таван мянган ам.доллар шилжүүлчихээч гэж гуйсан. Мань хүн ч бас хэдэн төгрөг шилжүүлж аваад долоо хоног амраад явж байсан. Тоглосон. Гэтэл үүнийг ашиглаад дансаараа мөнгө авсан байна гэсэн. Би мэдэж байна. Тийм болохоор миний муу найз Сономпил хэлмэгдсэн. Миний санаанд ч ороогүй юм. Гэтэл өөрөө сүүлд тэгж ярьж байсан. “Хэдүүлээ хэдэн жилийн өмнө өөрсдийн данс руу мөнгө шилжүүлж аваад тоглож байсан шүү дээ. Гэтэл тэрийг маань хахууль авсан гэсэн баримт болгоод ашиглаж байна” гэж ярьсан. Шүүхийн шийдвэр нь тэгж л гарсан байна лээ. Би бол гэрч. Яг дэргэд нь хамт байсан хүний хувьд 100 хувь гэрчилж байна.

-Та сайд асан М.Сономпилыг хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаа юм байна. Яагаад, ямар зорилгоор тэр вэ?

-Сономпил бол хувь хүний хувьд жинхэнэ мужик, эр хүн. Олон найз нөхөдтэй. Хүнтэй их сайхан харьцдаг. Улс төрийн хувьд юм бүтээе гэсэн сэтгэлтэй улстөрч шүү. Гэтэл тийм нэг бэлтгэл ажил яваад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий прокурор, ерөнхий шүүгч, Авлигатай тэмцэх газрын дарга зэрэг хүмүүсийг сольчихлоо. Тэгээд нийгэм нэг тийм “цус гарах”-ыг хүлээгээд байна. Тэр цус гаргах үйл явцын эхний алхам нь тавигдах ёстой. Түүнд нь Сономпил найз маань өртлөө гэж харж байна. Амгалангийн дулааны станц хэмээх том байгууламжийг байгуулсны төлөө шалгаад юм олоогүй шүү дээ. Тэгээд дансаар нь орж ирсэн мөнгөөр барьцаалж байна. Өөрийнхөө дансаар мөнгө авахгүй бол болдоггүй юм. Хамт зэрэгцэж зогсож байгаад би дүүгээсээ, Сономпил Муратаас мөнгө зээлсэн юм. Гэтэл тэрийг нь хахууль авсан болгоод дайрчихаж байна.

-Таны талаар зарим зүйлийг тодруулмаар байна. Та нам жим болсон нь улс төрөөс гарч байгаа гэж ойлгож болох уу?

-Миний хувьд арвин их улс төр, нийгэм, эдийн засгийн туршлагатай. Өнөөгийн улстөрчид, ялангуяа 76-г харахад өрөвдөлтэй харагдах юм. Улс орны эдийн засгийг харахад ч хайран санагдаж байна. Би өөртөө нэг үг бодож олсон. Чи хэрэв хөрсөн дээрээ ургахгүй юм бол чиний оронд шарилж ургана шүү дээ гэж. Өөрөөр хэлбэл, улс орноо өөд нь татахын төлөө бүгд л хамтарч зүтгэхгүй бол улс орныг чинь хоосолж, цөлмөөд, эдийн засгийн хувьд бусдын колони болгоод явах хүйтэн сэтгэлтэй хүмүүс олон байна. Тиймээс би өөрийгөө өвс гэж бодож байна. Би өөрийнхөө хөрсөн дээрээ ургахгүй юм бол миний оронд шарилж ургах гээд байна. Тийм болохоор би улс төрийг хаяагүй. Хэрэв шарилж ургах гэж байвал би ургуулахгүйн төлөө тэмцэх болно. Өөрөө ургах болно гэж бодож байгаа.

-Тэгэхээр та ирэх сонгуульд хүч үзэх бодолтой байна гэсэн үг үү?

-Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн хууль хаашаа хэрхэн шийдэгдэх үү, намуудын тухай ямар зүйл заалт орох вэ гэдгийг харж байна. Энэ оны сүүл, 2020 оны эхээр улс төр ид идэвхжинэ шүү дээ. Тэр үед л нэг шийдвэр гаргах байх даа. Өмнө нь хэлсэн. Би улс төрийг орхиогүй. Энэ улс төр дэндүү бохир, муу муухай байна. Үнэндээ улстөрчид Монголыг доош нь чангааж байна. Улс төрийн хүчтэй лидер гарч ирэхгүй байна. Зөв бодлого явахгүй байна шүү дээ. Зүгээр доороо дэвхцээд л, бүх юмаа сүйтгээд байна. Ийм маягаар улс орон хөгжихгүй. М.Энхболдыг зайлуулчихвал улс орон хөгжчихөөр, МАНАН алга болчих мэтээр яриад байсан. Тэр хүн суудлаа өгсөн. Хагас жил боллоо. Юу өөрчлөгдөв. МАНАН-тай байлдаад байна гэдэг. Гэтэл өөрсдөө МАНАН болчихсон. Үнэхээр шударга ёс тогтооё гэж бодож байгаа бол зүв зүгээр байж байгаад баяжчихсан хүмүүстээ хариуцлага тооц. Үзэгний үзүүрээр Дубайн гэрээ байгуулаад баяжчихсан. Монголыг худалдаад баяжчихсан өч төчнөөн хүн байна. Тэднийг барьж авч, өмч хөрөнгийг нь хурааж, шударга ёс тогтоож, ингэж болдоггүй юм шүү гэдгийг үзүүлэх ёстой. Гэтэл зүгээр байсан Сономпил сайдыг барьж авч ял оноож байгаа нь шударга бус. Энэ хүн том компанитай, бизнестэй. Өөрийн өмч хөрөнгөтэй шүү дээ. Авлига аваад байх шаардлагагүй. Бид казинод сууж байгаад Монгол руу утасдаж мөнгө авсан.

-“Монгол үндэсний хүний эрх иргэдийн хяналтын хороо” ТББ-аас өнөөдөр (өчигдөр) таныг газрын сүлжээний бизнес хийдэг, Ерөнхий сайдын нэр барьж иргэдийн газрыг дээрэмдсэн гэж мэдээлсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Өнөөдөр хүн яриад сайт дээр хүний газар дээрэмдээд, нохойг нь алсан гээд гурван хүн хэвлэлийн бага хурал хийсэн тухай мэдээ гарсан байна гэлээ. Би тэрийг нь уншлаа. Үнэхээр ор үндэслэлгүй гүтгэх юм. Монгол Улсад хууль алга. Энэ хүмүүс хүн гүтгээд зүв зүгээр өнгөрч чадаж байгаа байхгүй юу. Хууль нь тийм, хуулийн байгууллага нь ч ийм. Тийм учраас л хүнийг ор үндэсгүй ингэж гүтгэж болоод байна. Би олон гүтгүүлж байсан. 30-40 үүлээ суугаад хэвлэлийн хурал хийгээд гүтгэж дайрч байсан. Надад хүнээс сэтэрхий тэвнэ ч авах шаардлага байхгүй. Би гүтгэлгүүдийг тоохоо больсон. Гэхдээ бурхан дээрээс харж зөв бурууг нь ялгаж байгаа байх гэж боддог.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *