Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс хөтөлбөр”-ийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутган анхан шатны шүүхээс 4.5 жилийн хорих ял оноосон. Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, хуралд улсын яллагчаар прокурор Б.Батжаргал, Ш.Баярбилэг нар оролцсон юм.
Харин хуралд оролцсон прокурорууд Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар болон Хуульчдын холбоонд гомдол гаргажээ. Ингэхдээ хуралд Л.Гансүхийн өмгөөлөгчөөр оролцсон өмгөөлөгч Ц.Баасандорж, Ц.Цэрэнжээ, Б.Мөнгөнтуяагийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нарын эсрэг гомдол гаргасан байна.
Прокурорууд дээрх өмгөөлөгчдийг шүүх хуралдааны дэг зөрчсөн, шүүгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, маргалдсан гэсэн үндэслэлээр хариуцлага тооцуулахаар гомдол гаргаад байгаа аж. Одоогоор Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатар болон Хуульчдын холбооноос ямар нэгэн хариу өгөөгүй байгаа гэнэ.