Categories
мэдээ цаг-үе

Л.Энхболд: Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёрыг битгий эвлэрээсэй гэсэн нэг хэсэг байна

“Өдрийн сонин”-ы 2017.08.29-ний мягмар гаригийн №183 (5750) дугаараас авч нийтлэв.


УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.


-МАн доторх талцал дэвэрчихлээ. Ялангуяа сонгуулиас хойш эрчимжиж байна. нуух зүйлгүй ил цагаандаа гарлаа. нам доторх асуудлуудыг харж байхад ямар бодол төрөх юм?

-Би хоёр зарчмын байр суурьтай байгаа. Нэгдүгээрт, 60 тэрбумын асуудлаас салах цаг болсон. Нэр холбогдсон хүмүүс нь албан тушаалаа шууд өг. Асуудлаа шийдчихээд эргээд ир. Уг нь үүнийг УИХ-ын сонгуулийн дараа шийдчих байсан юм. Өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй тул Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуульд асар их нөлөөллөө. 60 тэрбумыг хэрэгжүүлэх процесс явсан гэдэгт эргэлзэж байна. Харин санал тавиад тийм яриа өрнөсөн эсэхийг үгүйсгэхгүй. Үнэхээр тийм зүйл яригдсан юм бол яаж шийдэх ёстой тэр замаар нь шийдэх л хэрэгтэй. Ингэж намаа цэвэрлэж, 60 тэрбумаас салах ёстой.

Нөгөө талдаа Ерөнхийлөгчийн сонгуульд манай нам ялагдчихлаа. Би ч гэсэн аймгийн намын хорооны дарга байсан хүн. Ялагдсаны дараа хариуцлагаа хүлээсэн. Намын дүрмээрээ ч ийм байдаг. Намын даргын албан тушаалд хүмүүс тэмцэлдэж байна гэхээсээ илүү тэр орон зай бий болчихлоо. М.Энхболд дарга цааш нь намаа авч явахгүй нь тодорхой болчихсон. Өөрөө ч үүнийгээ хэлсэн. Энэ хүмүүс зөвхөн намын даргын суудлын төлөө биш намын шинэчлэлийн төлөө тэмцэлдэж байгаа болов уу гэж боддог. Намын гишүүний хувьд энэ бүхнийг харж байна. Намын даргад өрсөлдөх хүмүүс учраа олоод явах нь чухал. Ингээсэй ч гэж горьдож байгаа. Энэ хүмүүс битгий зөвшилцөж, ойлголцож, эвлэрээсэй гэсэн нэг хэсэг байна л даа. Тэр нь илүү давамгайлаад байгаа юм болов уу.

-Зөвшилцөж, ойлголцуулахгүй байх ямар шалтгаан байгаа юм бэ?

-Гадаад хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй. Намын даргын суудлын төлөөх шударга өрсөлдөөн гарах ёстой.

-Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан. Та ч мөн гарын үсэг зурсан…

-Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын ард түмэн нэг зүйлийг дүгнэсэн. Тэр нь юу гэхээр МАН болохгүй байна гэсэн. Тиймээс МАН-аас Ерөнхийлөгч сонгохгүй гэчихсэн. Бид хариуцлагын тогтолцоо, шударга ёсыг бий болгоно гэж ярьсан. Ард түмэн үүн дээр сая дүн тавьсан. Наад зах нь яагаад эдийн засаг уруудах болов. Манай томчууд ярихдаа гадаадын зах зээлд түүхий эдийн үнэ унасантай холбоотой гэдэг. Гадны судлаачид Монгол Улсад хулгай нүүрлэсэн. Санхүүгийн сахилга батгүй болсон. Улс төржилт хэрээс хэтэрсэн нь эдийн засгийн хямралд тодорхой нөлөө үзүүлсэн гэдэг. Хулгай хийсэн хүмүүстээ хариуцлага тооцоогүй байж ард түмэнд татвар нэмж хариуцлага тооцсон. Үүнд л ард түмэн дүнгээ тавьсан. Засгийн газар хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Үүнийгээ хийх хэрэгтэй. Үүн дээр нь би шүүмжлэлтэй ханддаг. Ямартай ч Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулаад гарч ирсэн. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд ард түмэнд амласан амлалтаасаа ухран байж шийдвэр гаргасан. Энэ Засгийн газрын давуу тал нь энэ.

-Засгийн газрыг огцруулах нь зөв юм уу?

-Ийм нөхцөл байдалд Засгийн газар хариуцлага тооцохгүй явбал ямархуу нөхцөлд хүрэх вэ. Хариуцлага тооцож чадахгүй байна гээд Засгийн газрыг огцруулах нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь сонин байна. Яахав ээ, сэтгэл дундуур зүйл байна.

-Татвар нэмэх асуудлаас эхлээд ард түмэн бухимдсан нь үнэн. Та ч бас дурдлаа. Бүлэг дээрээ энэ асуудлуудаа ярьж байж шийдсэн байлгүй. Засгийн газар тогтвортой байх нь дээр биш үү. Засгийн газар огцорлоо гэхэд сайжрах дүр зураг байна уу?

-Засгийн газар огцрох нь хэвийн л үзэгдэл. Засгийн газрын хоёр гишүүн намын даргын өрсөлдөөнд орохоор ингэж байгаа нь асуудлыг улам хүндрүүлээд байгаа юм. Миний зүгээс хувийн ямар нэгэн шалтгаан байхгүй.

-Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг татан буулгах асуудал танай тойргийнхны анхаарлыг татаж байх шиг байна. Ялангуяа тээвэрчид бухимдалтай байгаа юм шиг байна лээ. Өмнөговь аймагт ямар асуудал үүсээд байгаа юм бол?

-Гашуун сухайт боомтын ойр орчимд үүсээд буй дугаарын асуудал бий. Өмнө нь өдөрт 1500 орчим авто машин хилээр гардаг байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш өдөрт 300-400 авто машин явж байна л даа. Энэ нь өөрөө олон шалтгаантай. Өмнөд Монголын 70 жилийн ой болсон тул тэр үед хилийг чангатгаж татан төвлөрүүлэлт багассан. Нөгөө талдаа хууль бусаар нүүрсэн доор хориотой зүйл хийж хилээр нэвтрүүлж байна гэсэн маргаан гарч байгаатай холбогдуулан үүнийг шалгахаас эхлээд нүүрс ачсан тээврийн хэрэгслийн хилээр нэвтрэх чадвар удааширсан. Нөгөө талдаа геополитикийн асуудал байхыг ч үгүйсгэхгүй. Засгийн газрын гишүүдтэй уулзсан. Нөхцөл байдал амаргүй байна. Монгол Улсын эдийн засгийг хамгийн их дэмжиж байсан түүхий эд нүүрс байсан. Өдөрт хилээр гарах нүүрсний хэмжээ багасахаар ямар олиг байхав дээ. Тиймээс энэ тал дээр яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Удахгүй өөрөө газар дээр нь очиж ярилцана. Зам тээврийн сайдын оруулсан саналаар Цагаан хад гээд суурьшмал болж буй гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан юм байна. Би Зам тээврийн хөгжлийн сайдтай уулзахад богинын рейст бага зэрэг садаа болж байгаа гэж байсан. Гэхдээ богинын рейсээс болж Цагаан хадыг хааж байгаа юм биш гэж байсан л даа.

Эхний ээлжинд яаралтай замыг нь засч дуусах ёстой. Гашуун сухайт чиглэлийн зам дээр 13 тэрбум төгрөг тавиад их засвар хийж байгаа. Засгийн газар хоёр талын хэлэлцээрийг яаралтай хийж нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхгүй бол энэ асуудал үргэлжлэх юм байна. Засгийн газрын гишүүд болон орон нутгийн гишүүдтэй хамтарсан ажлын хэсэг яаралтай байгуулах хэрэгтэй. Цагаан хадыг зогсоох ямар шалтгаан байна вэ, цаашид хэрхэн үргэлжилбэл зохистой вэ гэдгээ нэг талд нь гаргаж шийдэх ёстой. Засгийн газар энэ тал дээр анхаарах байх.

-Даруйхан нэг талдаа гаргаж шийдэхгүй бол нэлээд хүндрэлтэй байгаа юм биш үү. Нүүрсний үнэ өндөр байгаа үед ахиухан нүүрс экспортолж байж эдийн засагт эерэг үзүүлэлт гарах байх…

-Урд хөршийн талаас ч гэсэн энэ асуудалд хойрго хандаж байгаа. Энэ тал дээр яаралтай шийдэл гаргах нь чухал.

-Төмөр замын асуудлыг манайхан байнга ярьдаг. Үүнийг шийдэх боломж байгаа юу. Монгол Улсын Ерөнхийлөгч төмөр зам барих ёстой гэж байсан л даа?

-Монгол Улсын эдийн засаг амаргүй байгааг бид хаана хаанаа мэдэж байгаа. 2017 оны төсвийг батлахад эдийн засгийг гурван хувьд хүргэнэ гэж Засгийн газар төсвөө оруулж ирж байсан. Төсөв оруулж ирэхэд эдийн засгийг гурван хувьд хүргэх хүчин зүйлсэд экспортыг нэмэгдүүлэх, Таван толгой цахилгаан станц, төмөр зам барих, Оюу толгойн ажлыг эрчимжүүлэх гээд том төслүүдийн асуудлыг оруулж байсан л даа. Эрдэнэс Таван толгой дангаараа үйл ажиллагаагаа хэвийн явуулсны дүнд өрөө дарж, орлого ч давж эхэлсэн. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн. Нөгөө талдаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь Монгол Улсын эдийн засагт таатай боломжийг бий болгосон. Улсын төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давж, хасах 1.3 хувь болон буурч байсан эдийн засаг 5.3 хувь болтлоо өслөө. Ганц Таван толгой хөдлөөд эдийн засагт ийм эерэг өөрчлөлт авч ирж байгаа юм бол бусад том төслүүдийг яаралтай хөдөлгөх ёстой гэдгийг харуулж байгаа юм. Төмөр замын асуудлаар Д.Ганбат сайдтай уулзаж байсан. Нөгөө талдаа боомтын үйл ажиллагааг сайжруулах ёстой. Тэгэхгүйгээр экспорт хурдтай явж чадахгүй. Уг нь ажил бага багаар урагшлаад байгаа. Улам эрчимжүүлэх хэрэгтэй.

Сангийн сайдаар ахлуулсан “Хөгжлийн хөтөч” гээд боомтын үйл ажиллагааг сайжруулах том төсөл эхэлсэн. 2018 оны төсөвт 19.9 тэрбум төгрөг тавьсан, дахин төлөвлөлтийн зураг төсөл нь хийгдчихсэн. Цагаан хаданд төрийн үйлчилгээ хүрч чадахгүй байгаа суурьшлын бүс. Тэнд 6000 орчим жолооч, 3000 гаруй хүн туслах үйлчилгээ үзүүлдэг. Тэнд хүмүүс ажиллаж, амьдарч байгаа болохоор анхаарал хандуулах нь чухал. Цагдаа, эмнэлгээс эхлээд багийн төвийн эзэнгүй байсан гурван байшинд засвар хийн оруулж байгаа. Орон нутаг болон улсаас анхаарсны дүнд явж байна. Гэтэл төмөр зам нь явдаггүй. Нэг далан барьчихсан. Цаад талаас нь Шинхуа гээд компани манайхаас нүүрс авч, төмөр замтай холбоотой асуудлыг шийдвэрлэлцье гэж байсан юм билээ. Харамсалтай нь эндээс явсан далан Шинхуагийн хилийн цаана хүртэл тавьсан зам хоёрын хооронд маш том зөрүү гарсан.

-Тэгээд нийлүүлчихэд юу нь болохгүй байгаа юм?

-Холбохын тулд 130 сая ам.долларын асуудал босч ирсэн. Энэ мэтчилэн ээдрээтэй зүйлс байнаа бас. Одоо бол эхний ээлжинд боомтоор нэвтрэх үйл ажиллагааг сайжруулах нь чухал.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *