Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Дашням: Намайг хотод ирэхэд хамгийн гоё барилга Урт цагаан байлаа DNN.mn

Монгол уламжлал академийн тэргүүн Л.Дашнямтай ярилцлаа.

-Та анх хэдэн онд Улаанбаатар хотод орж ирж байв. Таныг анх хотод орж ирэхэд Улаанбаатар ямар өнгө төрхтэй хот байсан бэ?

-Би анх 1960 онд Улаанбаатар хотод ирсэн. Одоо 62 жил болж байна. Нэгэн жарныг өнгөрөөд явж байна. Улаанбаатар том хот болж байгааг нүдээрээ харж, дунд нь амьдарч явна. Намайг анх ирэхэд Улаанбаатар хот ийм байгаагүй л дээ. Төвөөс Толгойт ороход хөндий, хоосон талаар л явдаг байлаа. Автобус удаж удаж явна. Арай гэж автобусанд суухаар яваад барагдахгүй хол газар санагдана.

Ингээд хот байгуулагдаад ирэхээр газар орон зай нь ч багасдаг юм шиг. Танил болчихоор ч тэгдэг юм уу, хол санагдахаа больсон. Манайх анх ирээд олон газар нүүсэн. Айл айлын хашаа дамжаад л. Энд тэнд их очно. Хамгийн удаан байсан нь Зайсанд юм. Одоогийн өндөр өндөр барилгууд байгаа хэсэг дандаа гэр хороолол, айлын хашаа л байсан. Сүүлдээ Дархан цаазат уул гэж биднийг хөөгөөд, ууланд нэг ч хүн буулгахгүй гэж хөөгөөд зовж л байлаа. Гэтэл одоо шигүү барилгатай болчихлоо.

-Таныг хотод ирснээс хойш бүтээн байгуулалтууд их явагдсан уу?

-Намайг ирснээс хойш Их дэлгүүр, 120 мянгат, 220 мянгат, 19 дүгээр хороолол гээд бүтээн байгуулалт өрнөсөн. Сүүлд Толгойтын хөндий байрууд баригдсан. Ингээд л хотын төрхтэй болж эхэлсэн. Бид чинь энүүхэн Төмөр замаас л хотын төв орно гэж ярьдаг байлаа шүү дээ.

-Хотын төв гэхээр аль хэсгийг хэлдэг байв?

-Сүхбаатарын талбайг л хэлээд байгаа юм. Тэр хэсгээс л хот гэж үздэг. Хот явах уу гэж бие биенээсээ асууна.

-Тэр үед Төмөр зам орчим гэр хороолол байсан хэрэг үү?

-Төмөр замд вагон тээр урдуур хүнгэнэтэл дуугараад явдаг байсан чинь одоо яг хот дундуур явж байна шүү дээ. Туул дагасан энэ их барилгууд байгаагүй. Энэ хойд энгэрүүдэд нэлийсэн хашаа хороо, айлууд байгаагүй. Байшин барилгын хувьд иймэрхүү л байсан даа.

-Тэр үед хөдөөнөөс хотод ирэхэд гайхаж балмагдах, хотын соёл гээд онцлоод цочирдох зүйл байв уу?

-Хөдөөний хүн хотод ирэхэд эхэндээ балмагдана. Жишээлбэл, хүн утсаар ярья гэж дуудуулахад харилцуурыг нь буцаагаад тавьчихаж л байлаа шүү дээ. Би Архангайн хүн. Архангайн бүх гол зүүн зүг рүү урсана. Туул гол баруун зүг рүү урсдаг. Тэгээд голын дээд доод гээд ярихаар зөрнө. Зүг заалгасан хүмүүс төөрнө. Хаашаа юм бэ дээ л гэнэ. Гол нь тийшээ урсдаг гэж би мэдэхгүй шүү дээ. Улаанбаатар Архангайг бодвол нам дор юм байна лээ. Анх ирээд хоёр сар шахам толгой өвдсөн. Цаг агаарын өөрчлөлт, нам дор байршлаас болоод тэгдэг юм уу.

-Тэр үеийн барилгууд одоогийнхоос намхан байсан шүү дээ. Хийц хэлбэр нь хэр байв?

-Одоогийн Занабазарын музей тэр үед их дэлгүүр байлаа. Тэр үеийн ганц том дэлгүүр нь Их дэлгүүр. Шатных нь дээр нэг их том тольтой. Тэр бүү хэл би доороос өгсөж яваад толинд тусах өөрийнхөө дүрсийг хараад таньдаг хүн ирж явна даа гэж бодож байсан ч удаатай (инээв). Доороос ирж яваад толинд өөрийгөө харчихаад том толинд харж үзээгүй хүн чинь нэг л таньдаг хүн тэндээс ирж явах шиг. Ойртоод очтол би өөрөө байсан. Тийм зүйл их болно доо.

-1960 онд хотод орж ирсэн гэхээр та тэр үед хэдэн настай байв?

-Би аравдугаар ангийн хүүхэд байсан.

-1966 оны их үерийг нүдээр харсан уу?

-Яг тэр үеэр би хойно оюутан байсан. Зуны амралтаа хойно өнгөрөөж байсан учраас нүдээр харж чадаагүй. Айхавтар аюул болж гэж дуулаад, сэтгэл зовж л суусан. Тэр явдал намайг ирээгүй жилүүдэд л болсон шүү.

-Тэр үед хүмүүсийн хамгийн их очдог газрууд юу байв?

-Тэр үед цирк зүүн хүрээний тэнд байсан. Одоогийн циркийн барилгыг бүр сүүлд барьсан, Румений тусламжаар. 220 мянгатын тэнд Сүүн зах гээд нэг их том задгай талбайтай газар байсан.

Тэнд бид хөлбөмбөг тоглодог байлаа. Усчны гудамж гэж одоогийн Их дэлгүүрээс баруун хойш уртаа гудамж байсан. Гандангийн эх хүртэл үргэлжилнэ. Гандангийн хойно ч хүрдэг байсан. Төгсгөл хэсэг нь бүр сүүлд газарт орсон доо. Шар дэлгүүр гэж хүн бүр мэддэг дэлгүүр байлаа. Одоогийн 25 дугаар телевизийн өөдөөс харсан буланд л байсан, одоо байна уу.

-Тухайн үед хүмүүсийн хамгийн мэддэг байсан газар ямар газрууд вэ?

-Шар дэлгүүр, Их дэлгүүр, Сүхбаатарын талбай, сүүлд Их дэлгүүр биднийг аравдугаар анги төгсөж байхад баригдсан. Улаанбаатар зочид буудал баригдсан. Хятадууд барьсан. 19 дүгээр хороолол, 120 мянгатыг оросууд барьсан. Тэгж л хотжиж эхэлсэн.

-“Ард” кино театр таныг ирэхэд байсан уу?

-Одоогийн барилга биш Хөрөнгийн бирж байгаа барилгад байсан. Ард кино театр, Нэгдүгээр арван жил, Багшийн сургууль одоогийн байгаа нь. Дээр үед тэнд Засгийн газрын ордон байсан юм билээ. Эдгээрийг олзны япончууд барьсан юм. Хотын захиргаа байгаа барилгад Алтай зочид буудал гэж байсан.

-“Аман хуур” кинонд гардаг бүтээн байгуулалт тэр үед өрнөж байв уу?

-“Аман хуур”-т гардаг хашаа байшин нураадаг зургийг Долоон буудалд авсан. Сүүлд л хашаа нурааж байгаа маягаар авсан л кино.

-Тухайн үед хүмүүсийн сонирхлыг татдаг барилга байв уу?

-Хамгийн гоё барилга Урт цагаан байлаа шүү дээ. Анхны хамгийн урт барилга, их гоё дизайнтай. Намхан хийгдсэн. Одоо тэгээд тухайн үеийн барилгуудыг тэнд энд байсан л гэж ярихаас байх юм алга. Улаанбаатарын музей байрлаж байна уу, Бөхийн өргөөний тэнд нэг байшин үлдсэн байх. Ахмадын ордон гээд байсан, байхгүй болсон. Одоо бөгтийсөн хүн зогсож байгаа хөшөө хэсэгт Улсын филармони байлаа. Тэнд “Цогт тайж” киноны зургийг авсан. Хоёдугаар давхраас ээж нь ном барьж буудаг шүү дээ. Тэр барилгууд одоо байхгүй болсон. Гадаадынхан тийм түүхэн барилгаа үлдээгээд, хамгаалаад явдаг юм билээ. Эсвэл тэр барилга нь байгууламжуудын хэвлийд бүтнээрээ орчихдог. Бүр хуучин барилгаа нөмөрт оруулаад дээр барилга барьчихдаг. Гэх маягаар үлдээдэг юм байна лээ. Манайх заавал нураагаад л оронд нь нэг юм барьдаг.

-Манайх хотожсон л гээд байгаа. Энд тэнд төлөвлөлтгүй бөөгнөрүүлэх нь хотжилт мөн үү?

-Энэ бол хотжилт биш. Астана хотын ерөнхий архитектор миний таньдаг хүн байдаг юм. Серик Руслан Беков гэж Казакстаны гавьяат архитектор хүн бий. Тэр хүн Казакстаны нийслэлийг байгуулсан ерөнхий архитектор. “Астанаг байгуулахад өчнөөн алдааг бид хийсэн. Танай Улаанбаатар түүнээс алдаатай хот. Ер нь эрүүл хот гэж хэлэхэд хэцүү. Үүнийг эрүүл болгох боломж ч байхгүй. Хотоо нүүлгээд, зарим хэсгийг нь гаргаад, зарим хэсгийг нь нураагаад, шинээр барих л зам байна. Одоо Улаанбаатарыг шинэчлэхээс нэгэнт өнгөрсөн байна” гэж хэлсэн. Тэр том хотын ерөнхий архитекторын нүдээр харахад ийм л байна. 1990 оноос хойш хотын төлөвлөлт гэж байхгүй болсон. Тэрнээс өмнө юу барихаа мэдэж байсан. Анхнаасаа Улаанбаатарын төлөвлөлт 1.5 сая хүнтэй болчихно гэж төлөвлөөгүй. Ийм их машинтай болно гэж бодоогүй. Хүн амаа 2.5 хувь өсөлттэй. Түүнээсээ тодорхой хувь нь Улаанбаатарт амьдарна. Аймгуудын өсөлт ч тийм их гэж төлөвлөөгүй. Тухайн үед аймгуудаас хот руу шилжихэд тийм амар байгаагүй. Одоо хүн хаана амьдрах нь чөлөөтэй болчихоор 1990 оноос хүн ам хот руугаа л овоорчихлоо. Дээрээс нь газар эзэмшилт хувьд өгдөг болсноор хотын төлөвлөлт гэж байхгүй болсон доо. Хотын төлөвлөлт гэж байсан боловч хэмжээг нь төлөвлөөгүй учраас сүүлдээ төлөвлөлт биш болчихсон л доо.

-Та олон хотоор явж үзсэн байх. Манайх шиг голын ай сав дотроо барилга байгууламж бариад байх юм уу?

-Ер нь хотуудыг голын дагуу барьдаг. Яагаад гэвэл усан хангамжийн асуудлаа шийдэж байгаа юм. Голынхоо дагуу барихдаа хэдэн метрийн зайтай байх вэ, тэр бүгд нь стандарт нормын дагуу төлөвлөлттэй. Хотын дундуур урсаж буй голоороо тээврийн хэрэгсэл болгочихдог. Бүр том сайхан суваг болчихсон. Жижиг зав, усан онгоц явж байхаар төлөвлөдөг. Тодорхой хэсэгт нь цөөрөмлөөд усан сан байгуулна.

Усан сангаасаа тодорхой хэмжээний ус тогтмол явдаг болгочихсон байдаг. Тэр нь ус зайлуулах хоолой гэх мэт дэд бүтцүүдийн ажил давхар хийгдчихсэн, үер усны аюул гэж байхгүй. тээврийн нэг хэрэгсэл болгож ашиглана. Зугаа цэнгэлийн талбай болгодог. Манайх бол Туул, Сэлбэ, Дунд голоо усан сан болгоод тээврийн хэрэгсэл зорчдог, зугаа цэнгэлийн төв болгох бүрэн боломжтой. Жил болгон хур тунадас хичнээн их орж байна. Үүнийг бид ерөөсөө ашиглаж чаддаггүй. Урсгаад л алдчихдаг.

С.ОТГОНБАЯР

One reply on “Л.Дашням: Намайг хотод ирэхэд хамгийн гоё барилга Урт цагаан байлаа DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *