Categories
мэдээ цаг-үе

Л.Чинбат: Би улс төрд орохгүй, үр хүүхдэдээ ч улс төрөөс хол бай гэж захидаг

БОХИР ГЭДГИЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ УЛС ТӨРД ОРОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ярилцлаа.


-“Авьяаслаг монголчууд” шоуг чамгүй өндөр зардлаар хүргэсэн гэж дуулсан. Ирэх жил хийхгүй гэж шийдсэн нь зардал мөнгөнөөс болсон уу?

-Зардлын хувьд алдагдалтай ч оюуны үнэ цэнэ, өгөөжийн хувьд үнэлшгүй зүйл л дээ. Монголчуудын 87 хувь нь үзнэ гэдэг бол асар өндөр үзүүлэлт. Зардал мөнгөнөөс болж энэ шоуг хийхгүй гэж шийдээгүй. “Авьяаслаг монголчууд”-тай дүйхээр өөр контент оруулж ирэх гэж байгаа. Хоёр жил өнжөөд үргэлжлүүлэх бодол бий. Шоунд хөлс, хүчээ шавхаж ажилласан хүмүүсээ амраахаас гадна эдийн засгийн нөхцөл байдал ч өнжөөх шалтгаан болсон. Нийтээрээ хямарсан учраас ийм далайцтай контентыг санхүүжүүлээд явах боломж том компаниудын хувьд ч хэцүү болчихлоо. “Хас” банк, “Скайтел” шиг том компаниуд ивээн тэтгэсэн учраас л “Авьяаслаг монголчууд” шоуны ард гарсан.

-Ялагчийг сонгоход эргэлзэхээр олон авьяастан оролцсон шүү. Та хэнийг нь онцгойлж дэмжиж байв?

-Шижирбатыг онцгойлж дэмжиж байсан. Энэ залуугийн үзүүлсэн номер дуу дуулахтай адил биш, асар их хөдөлмөр шаардсан бүтээл.

-Нууц биш бол “Авьяаслаг монголчууд”-ын дараа оруулж ирэх контентоо сонирхуулаач?

-Хэд хэдэн хувилбар бий. Гэхдээ яг одоогоор тэр энэ гэж хэлэх боломж бол алга. Ер нь дэлхийн хэмжээний том контентыг оруулж ирэхэд нэг том асуудал байна. Студи түрээслэх их зовлонтой юм. Зарим нь хэт үнэрхэж хэдэн зуун сая төгрөг нэхнэ, өчнөөн зардал гаргаж хагас сар зүтгэж байж тайз босгочихоор нэг өдрийн дотор буулгаад гар гэнэ. Энэ мэт олон бэрхшээл байсан. Тэгэхээр цаашдаа студийн асуудлаа шийдэж байж том хэмжээний ажил хиймээр юм билээ.

-Саймон Коулын баг “Авьяаслаг монголчууд”-д хэр сэтгэл хангалуун байсан бэ?

-Ирсэн хүмүүс нь “Ийм нөхцөлд ийм чадварлаг түвшинд хийнэ гэж төсөөлөөгүй шүү. Азидаа дээгүүр орохоор чанартай хийлээ” гэж үнэлсэн.

-Мэдээж дэлхийн хэмжээний шоу учраас шаардлага стандарт өндөр байх нь тодорхой. Санаачлагчдынх нь зүгээс шаардлагаа тавихаас гадна, зөвлөгөө дэмжлэг үзүүлж байсан уу?

-Ийм байх ёстой гэсэн стандарт тавьснаас ингэ тэг гэж зөвлөгөө дэмжлэг үзүүлээгүй. “Яг ийм байх ёстой” гэсэн стандарт тавьчихаар тэрүүгээр нь явахаас өөр аргагүй юм билээ. Тийм учраас чанартай контент болсон байх. Манай хүмүүс ч их зүйл сурсан. Монголын телевизийн салбарт маш том шинэчлэл, юугаар ч үнэлшгүй тайзны соёлыг өгсөн. Хамтарч ажиллах, цагаа барих соёлд сургасан. Хийж байгаа зүйлийнхээ сайхныг мэдэрнэ гэдэг бас л гоё мэдрэмж. “Авьяаслаг монголчууд”-д ажилласан хүмүүсийн дараагийн хийх ажлынх нь эхлэл зөв тавигдана гэдэг миний хувьд том олзуурхал.

-“Монгол HD” телевиз “Монгол масс медиа”-тай нэгдэнэ гэж үнэн үү?

-Миний хувьд яг нарийн юмыг нь мэдэхгүй. Гэхдээ зарчмын талаас бол гадарлана. Хэвлэл мэдээллийн салбар эрүүл, үнэн бодит мэдээлэл хүргэдэг, санхүүгийн хувьд ивээн тэтгэгчдээсээ хамааралгүй болох хэрэгтэй. Энэ зарчмыг барья гэдэг үүднээс гарсан санаа л даа. “Монгол масс медиа”-тай ярьж байгаа зүйлс бий. Дамжуулагч кабелийн компаниуд үзэгчээс авдаг мөнгөнөөсөө уран бүтээлчдэд нэг ч төгрөг өгдөггүй. Харин одоо дэлхийн зарчмаа дагаж үзэгчээс авдаг төлбөрөө контент үйлдвэрлэгчидтэйгээ тэгш хуваах ёстой гэж үзэж байгаа. Өргөн нэвтрүүлгийнхэн хөрөнгө хөдөлмөр зарж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэтэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь хэн нэгэн авч цацсаныхаа төлөө бусдаас мөнгө аваад байдаг. Энэ байдлаас татгалзъя, орлогоо хуваах зарчимд шилжих ёстой гэсэн асуудал яригдсан. Хэвлэл мэдээллийнхэн ингэж байж л санхүүгийн хувьд бие даана. Ийм болж байж л соён гэгээрүүлэх үндсэн үүргээ биелүүлэх боломж нь бүрдэнэ. Үүн дээр нэгдээд хууль санаачлах гэх мэт ажлууд хийгээд эхэлсэн юм билээ.

-Таны эрхэлдэг бизнесүүдээс “Монгол HD” зардалтайдаа орох уу?

-Тэгнэ. Хамгийн их зардалтайд орно. Миний хувьд монголчуудаа эрүүл хүнсээр хангахын төлөө зүтгэж ирсэн. Гэтэл нөгөө талд оюуны хэрэгцээ гэж айхтар юм бий. Үнэн бодит мэдээлэл авч чадахгүй явна гэдэг түнэр харанхуй байна гэсэн үг. Харанхуйгаас гарах шийдэл нь ерөөсөө л бодитой мэдээлэл. Телевизийн салбарт хөрөнгө оруулаад яваагийн минь учир энэ. Би телевизийнхэндээ “Та нар жанжин шугамаа барих ёстой. Хэн нэгний халаасны хүн байж болохгүй” гэж хэлдэг юм. Хэнээс ч хамааралгүй, дарамт шахалтгүй хүн хэнээс ч юуг ч гүйцэд, тултал нь асуух зоригтой байдаг. Бие даасан үзэл бодолтой, зөв хамааралтай боловсон хүчин бэлдэхийн тулд би хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулдаг. Заавал “Монгол HD”-д ажиллах ёстой гэхгүй. Манайд ажиллаж байгаад өөр газар орсон ч эхлэл нь зөв тавигдсан хүн буруу тийш хазайхгүй. Энэ бол миний хийж буй хөрөнгө оруулалтын өгөөж.

-Цаашдаа сонин, сайт нээж медиа групп болох сонирхол бий юү?

-Зах зээл биднийг чирч явна шүү дээ. Өргөн нэвтрүүлэг цаашид тодорхой хугацаанд орон зайгаа алдахгүй орших байх. Гэхдээ дэлхийн жишгийг харахаар өөр чиглэл рүү ороод эхэлчихлээ. Тэгэхээр ирээдүйд бид зөвхөн өргөн нэвтрүүлгээ л хийнэ гэж суугаад байвал хөгжлөөс хоцорно. Телевизийн салбар өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа учраас хөгжөөд явах нь тодорхой. Сонин, сайттай болно гэсэн бодол бол байхгүй. Хэрвээ тийм бодол байсан бол аль хэдийнэ сонин, сайттай болчих байсан. Монгол HD үндэсний телевизийн үүргийг жинхэнэ утгаар нь гүйцэтгэж байгаа гэдэгт би итгэдэг. Телевизийнхэндээ ч “Монголын үндэсний телевизийн үүргийг Монгол HD гүйцэтгэж байгаа шүү. Монголын үндэсний телевизэд улс төр ордог, улс төрөөс тодорхой хэмжээнд хамааралтай байна. Та нарт тийм хамаарал байхгүй. Ийм учраас ард түмний жинхэнэ төлөөлөл болох ёстой” гэж байнга хэлдэг. Цаашдаа “Монгол HD”-гийн тодорхой хувийг олон нийтэд хувьчилж, жинхэнэ утгаар нь үндэсний телевиз болгох хүсэл, зорилго бий.

-Цаашдаа гэдэг нь хэчнээн жилийн дараа гэсэн үг вэ? Таны ярилцлагыг уншиж суугаа хүмүүст хувьцаагаа хэзээнээс зарах бол гэсэн хүлээлт үүсэх л юм байна…?

-Яг одоо төчнөөн хувийг нь зарна гэхээр хүмүүсийн халаас ямар байгаа билээ. Иргэдийн амьдрал, амьжиргааг хувьцаа авахаар хэмжээний болтол энэ телевизийг унагаачихгүй ажиллуулах нь миний үүрэг. Монгол HD гэсэн телевизийн тодорхой хувийг худалдаж авах чадвар иргэдийн олонхид бий болж, эрх ашгаа хамгаалуулах хэмжээнд ажиллуулаасай гэсэн хүсэл маань хэзээ нэгэн цагт биелнэ гэдэгт эргэлздэггүй. Түүнээс биш нэг хүнд, надад байхдаа гол нь биш л дээ. Олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг, олон нийт нь хөрөнгө мөнгөө оруулж аваад явдаг болох л миний зорьж байгаа чиг.

-Л.Чинбат гэдэг хүнд нэр цэвэр, хөлс хүчээрээ өдий өндөрлөгт хүрсэн гэсэн том давуу тал бий. Ийм шалтгаанаар таныг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх бодол одоогийн төрийн тэргүүнд бий гэх юм. “Монгол масс медиа”-тай “Монгол HD” нэр холбогдсон цаад шалтгаан нь энэ гэх мэтээр ярьж байна. Бодохоор оргүй мэдээлэл биш ч юм шиг…?

-Тийм юм байхгүй. Би улс төрд орлоо гэхэд хэн нэгэн хүний хүслээр шийдвэр гаргахгүй. Орохдоо тулбал өөрөө, хүсэл зоригоороо орно. Дайнд цэрэг мордож байгаа юм шиг шаардлага гардагтай адилхан нөхцөл үүсвэл улс орон, тусгаар тогтнолынхоо төлөө гэж бодоод орно. Түүнээс биш одоогоор улс төрд орох ямар ч бодол алга. Ахиад хэлэхэд амьдралыг минь миний өмнөөс шийддэг хүмүүсийн л гаргасан яриа болов уу.

-Ирэх сонгууль, магадгүй тэрний дараагийн сонгуулиар байдал яаж ч эргэх юм билээ. Хүний үзэл бодол, байр суурь өөрчлөгдөж болно шүү дээ?

-Таны хэлсэн хугацаанд улс төрд орно гэсэн бодол байхгүй. Хийж байгаа бизнес маань ирэх жилүүдэд Монголд хэрэгтэй. Хийе гэсэн бүхнээ хийж гүйцээгүй байна. Өнгөрсөн дөрвөн жилээ алдчихлаа. Өнөөдөр гээд ярихад л ахиад нэг жил алдах гэж байна. Ийм байтал эхлүүлсэн ажлаа дундаас нь хаяад явах утгагүй болчихож байгаа юм. Тэгэхээр миний хувьд бизнесээ сайн хийх нь л чухал байна. Ер нь тэгээд өөр өөрийнхөө ажлыг сайн хийвэл Монгол Улс ядах юмгүй хөгжинө шүү дээ.

-Таны хүүхдүүд улс төрөөс хол байдаг. Бизнесээ, санасан сэдсэнээ саад төвөггүй хийхийн тулд улс төрд орохоос өөр арга алга гээд хүүхдээ улс төрд оруулчихсан бизнесмэн цөөнгүй бий. Танд тийм бодол төрдөг үү?

-Бухимдал бол байна. Ганц надад биш, бүх ард түмэнд. Гэхдээ бухимдал байна гээд тийшээ давхиад орох бодол алга. Үнэндээ манай гэр бүлийн анхдагч хүсэл зорилгод улстөрч болъё гэсэн хүсэл, төлөвлөгөө байхгүй. Орох шаардлагагүй гэсэн зарчим барьдаг. Яагаад гэхээр улс төр үнэхээр бохир. Бохир гэдгийг нь мэдсээр байж тийшээ орохыг хүсэхгүй байна. Тийм ч учраас үр хүүхдэдээ улс төрөөс хол бай гэж захидаг.

-Гэхдээ танд улс төрд орооч гэсэн санал бол ирнэ биз?

-Байнга шахуу ирдэг.

-Намын томчуудаас санал тавьсан удаа бий юү?

-Юу гэж тийм хүмүүс надад санал тавих вэ дээ. Өөрсдөө болох гээд амь тавьж байгаа улс надад санал тавиад сууна гэж байхгүй шүү дээ.

-Улстөрчид дунд тулхтай мундгууд цөөнгүй бий. Таны хувьд энэ л сайн даа гэж бодож, харж явдаг улстөрч гэвэл хэнийг онцлох вэ?

-Би нам бус. Гэхдээ үзэл баримтлал, мөн чанар талаасаа зөв хүмүүсийг дэмждэг. Аль аль намд нь тийм хүмүүс бий. Гэхдээ тун цөөн дөө. Р.Амаржаргал суурьтай, боловсролтой, эдийн засгийн зөв хараатай. Нямдорж шударга, зоригтой хэлдэг цөөхөн улстөрчийн нэг. Сүүлийн үед Т.Аюурсайхан барьж авах ёстой асуудлуудыг зоригтой хөндөөд байх шиг. Хамгийн гол нь үнэн байгаасай. Өнөөдөр Монголд өөрчлөлт хийж чадах зоригтой хүн хэрэгтэй байна. Тийм хүнгүй бол энэ улс нурж унахад ойрхон болчихлоо. Энэ Засгийн газарт сэтгэл байна, харамсалтай нь чадвар, зориг алга. Зориггүй, эрс шийдвэр гаргаж чадахгүй хүмүүст итгэхэд хэцүү. Амьдрал дээр шийдэл гаргаж чадахгүй цаг алдаад байх юм. Янз бүрийн үзэл бодолтой хүмүүсийг итгэтэл нь дагуулаад өөрчлөлт хийгээд, ийм хэцүү байдлаас гараад ирэх чадалтай хүн л Монголд хэрэгтэй байна даа.

-Х.Баянмөнх аварга тэргүүтэй хэсэг бөхчүүд танд Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр ажиллах санал тавилаа гэж хэсэг шуугьсан. Хэр бодитой мэдээлэл вэ?

-Бодитой мэдээлэл. Саяын санал тавьсан аваргууд гурван жилийн өмнө ч бас надтай яг энэ асуудлаар уулзаж байсан юм. Тэр үед би “Одоохондоо ийм юм бодох зав алга байна. Хоёрдугаарт, та нар нөгөө талтайгаа учраа олчих. Учраа олсныхоо дараа энэ саналаа тавихад болохгүй юмгүй. Ийм маргаантай юм руу бол орохгүй” гэсэн хариу өгсөн. Энэ намар дахиад ирлээ л дээ. Миний хувьд хүндэлж явдаг аваргууд маань ирээд санал тавихад үгүй гэж хэлээгүй. Гэхдээ өмнөх үгээ хэлсэн. “Та нар учраа олооч ээ. 25 жил маргалдсаар өнөөг хүрлээ шүү дээ. Учраа олсны чинь дараа бөхийн холбоог тэргүүлэхэд татгалзах юм алга. Монголын ард түмний соёл, хүндэтгэл, хайрыг шингээсэн сайхан спорт. Бидний үүх түүх, соёл энэ спортоор дамжиж илэрч байдаг. Тэр утгаараа хүндэтгэж хандахаас аргагүй. Монгол Улсын зургаан аварга гарын үсгээ зураад хандана гэдэг түүхэн үйл явдал. Хэн хүнд тохиогоод байхгүй хувь заяа. Учраа олоод хурлаа хийчих, намайг сонгочихвол татгалзахгүй” гэсэн хариу өгсөн. Хоёр талаасаа учраа олчихоосой гэж бодож байгаа. Бүгдээрээ л энэ спортод элэгтэй, хайртай улс. Нэг тал нь хийсэн юмтай, нөгөө тал нь монгол бөхдөө амьдралаа зориулаад ирсэн улс. Миний хувьд яагаад учраа олдоггүйг нь ойлгодоггүй.

-Монгол гэдэг улсын соёл, түүхийн уламжлалыг тээгээд ирсэн энэ өвөрмөц спортын холбоог тэргүүлэх үүрэг танд ирвэл хамгийн түрүүнд юу хийх бол?

-Их спортод амжилт гаргах тулгуур нь ерөөсөө л үндэсний бөх гэж би хардаг. Тэгэхээр Монголын үндэсний бөх үеийн үед орших ёстой, байх учиртай спорт. Монгол бөхийн нэр хүнд сүүлийн үед маш их унасан. Хамгийн эхлээд ярих зүйл бол сахилга бат. Бөхчүүд янз бүрийн хэрэг төвөгт орооцолдож байна. Бас допингод нэр холбогдож байна. Монголчууд хүү төрвөл бөх болгоно гэдэг улс. Энэ сайхан спортоо авч үлдэхийн төлөө хийх хамгийн эхний ажил бол доппингоос нь холдуулах. Нэг нь чадал, хөлсөө шавхаж арав хорин жил хөдөлмөрлөөд юм авдаггүй, нөгөөх нь цөөхөн жил барилдаад доппинг хэрэглэж цол аваад байж таарахгүй л дээ. Энэ жилийн наадмаар нэг тоогүй зүйл анзаарагдсан. Хэтрүүлээд хэлэхэд, Төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан улс хоёр тал болчихсон. Ийм байж болохгүй. Бүгдээрээ л монголчууд шүү дээ. Цөөхүүлээ байж дотроо хуваагдаад жалга довны үзлээр хандаад байж таарахгүй. Би Монголын үндэсний бөхийн холбоог тэргүүлбэл жалга довны үзэл, доппинг, даваа гүвээн дээр мөнгө төгрөг өгдөг байдлыг цэгцлэхийн төлөө ажиллана. Бас бөхчүүд барилдаж байгаагийнхаа хэрээр орлого олдог болох учиртай. Нэг барилдаанд орлоо гэхэд даваа бүр нь үнэлгээтэй болчихвол олон асуудал цэгцэрнэ. Олсон орлого нь амьдралд нь нөлөөлөхөөр болох ёстой. Монголын үндэсний бөх бол бие даагаад санхүүжээд явах боломжтой спортын төрөл.

-Таныг чөлөөт бөхийн холбоог тэргүүлж эхлэх үед бөөн хэл амтай байсан хэр нь, ажиллах хугацаанд чинь аятайхан болсон. Гэтэл тэнд өнөөдөр дахиад бөөн маргаан, үл ойлголцол дэгдчихлээ…?

-Намайг чөлөөт бөхийн холбоонд очиход ихэнх аваргууд тэнд барилддаг байсан. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аварга гэхэд наанаа таараад байгаа хэрнээ цаанаа таарахгүй байсан нь үнэн. Бөөн хэл амтай. Би нэг ч хүний хэл ам хэрүүлийг хүлээж аваагүй. Зөвхөн урагшаа харж л ажилла гэсэн. Сүүлдээ бүгдээрээ ойлголцсон л доо. Үр дүнд нь амжилт гарсан. Харамсалтай нь таны хэлсэнчлэн чөлөөт бөх буцаад өнөөх голдрил руугаа орчихлоо. Маргалдаад хуваагдаад эхэлсэн нь сайн зүйл огтоосоо биш.

-Үндэсний бөхийн холбоо танд яаж харагддаг бол. Танд энэ талаар хэлэх үг байгаа л байх…?

-Үндэсний бөхийн холбоо хэн нэгэн хүний өмч биш. Ард түмний бахархал болсон спорт. Р.Нямдорж гуай энэ спортод хувь нэмрээ оруулсан нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ одоо бусдыгаа ойлгох хэрэгтэй. Дахиад хэлэхэд Монголын үндэсний бөхийн холбоо Р.Нямдорж, Х.Баянмөнх гэдэг хоёр хүний хоорондоо тэмцдэг тэмцлийн талбар биш. Монголын ард түмний хүндэлдэг спорт. Тийм учраас тэд хувийнхаа эрх ашгийг хойш нь тавиад нийтийн эрх ашгийг өмнөө тавих ёстой. Энэ үгийг аль алинд нь танай сониноор дамжуулаад хэлье.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *