Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Болд: Швейцарийн тал хулгай, хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Та Ж.Батзандан гишүүний хамтаар шинэ нам байгуулсан. Шударга ёсны төлөө амиа ч өгөхөд бэлэн хэн ч бай шинэ намд элсэж болно гэж та хэлсэн. Үнэхээр амь эрсдэхээр тийм зүйл болох гээд байгаа хэрэг үү. Яагаад ингэж хэлсэн юм бэ?

-Энэ цаг үе хувьсгалын цаг үе юм. Маш их мөнгөтэй, баялгийг эрхшээлдээ оруулчихсан, баялгийн төлөө яахаас ч буцахаа байчихсан, дуртай хүнээ ялалдаг хүмүүсийн өмнөөс сэтгэлийн хөөрлөөр тэмцэхгүй л дээ. Тийм учраас бид намаа хоёр төрлийн гишүүнчлэлтэй болгож байгаа. Нэг хэсэг нь дэмжигчид байх бол нөгөөх нь идэвхтэй гишүүдээс бүрдэх юм. Идэвхтэй гишүүд татвар төлж, сонгуульд оролцож, ёстой л амиа золиослоход ч бэлэн байна гэсэн үг. Учир нь манай намын зорилго тун том юм. Л.Болд, Ж.Батзандан хувь улстөрчийн хувийн сонирхлыг гүйцэлдүүлсэн компанийн нам биш байна. Бид ард түмэндээ өртэй. Талбай дээр 30 гаруй мянган хүн идэр есийн хүйтэнд цуглаж, бид бүхний тэмцэлд итгэж байгаа гэдгээ илэрхийлсэн. Одоо бол зэвсэг барьж тулалддаг цаг өнгөрсөн. Халхын голын дайн болох орон зай байхгүй. Харин өнөөдөр бид нойр хоолоо умартан, амь амьдралаа зориулан тэмцэх ёстой. Эх орныхоо баялгийг гадагш нь ачаад яваад, тэр мөнгөөрөө энэ улсыг хүчгүйдүүлж, сулруулж байгаад мөхөөх гэсэн хүчинтэй бид тэмцэнэ. Энэ утгаараа амь эрсэдсэн асуудал шүү гэдгийг хэлсэн. Харин хүмүүс их мушгин гуйвуулж байх шиг байна лээ.

-Шинэ нам 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж таарах байх. Намын цаашдын үйл ажиллагааны талаар тодруулаач?

-Одоо бол нам 801 гишүүнтэй байна. Л.Болдын, эсвэл Ж.Батзандангийн нам гэж бүртгэгдээд явж болно л доо. Гэхдээ ингэмээргүй байгаа юм. Энэ бол хувьсгалаар гарч ирж байгаа нам юм. 1990 онд Ардчилсан нам ингэж гарч ирсэн. Нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн буухиа нь болж гарч ирэн, олон намын систем бий болсон. Энэ удаад ч гэсэн шударга ёсны том хувьсал бий боллоо. Гэхдээ баялгийн төлөө тэмцэл хийж гарч ирж байна. Тэр утгаараа энэ намын хийх ажил нь тодорхой юм. Үүнд олон түмэн өөрсдөө нэгдэж дор хаяж 20, 30 мянган гишүүн, дэмжигчидтэй нам бүрэлдэх хэрэгтэй. Улмаар дараа нь бусадтай хамтарч эсвэл дангаараа явсан ч, сонгуульд өрсөлдсөн ч энэ зорилгынхоо төлөө урвахгүй явах, элдэв давхар бодолгүй хүмүүсээ ард түмэн өөрсдөө шилж гаргаж ирэх ёстой юм. Бид дээрээс нэг ч асуудлыг зохион байгуулахгүй. Өөрсдийн сонирхлыг бүлэг зэргийг гаргаж ирэхгүй. Өнөөдрийн нийгэмд хулгай хийж байгаагаа бизнес, худлаа ярьж байгаагаа улс төр гэж ойлгодог болчихжээ. Энэ бүхнийг Монголын улс төр, эдийн засаг, бизнесийн салбараас алга болгоно. Энэ бүхнийг эцэс болгохын тулд дээр нь гарсан хэдэн хүний хүслийг тулгах биш, ард түмний дуу хоолойг хүргэх бололцоог нь олгоно. Одоогийн байгаа намууд бүгд хаалттай байна. Том хоёр нам нь мафийн тогтолцоонд орчихсон. Үнэхээрийн мэдлэг боловсрол, ур чадвартай, шударга, төрд хэрэгтэй хүн байсан ч дээш гарах ямар ч бололцоо байхгүй. Дүүргийн түвшинд ч гарч ирэхгүй. Дээр нь байгаа хэдэн хүн үр хүүхэд, ах дүү хамаатан садан, найз нөхөд, өөрсдийнхөө бүлэглэлээсээ л оруулдаг. Ард түмний дэмжлэгтэйгээр сонгуульд ялалт байгуулсан бол тэдний хүсэл бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл дуртай зүйлээ зүйлээ хийж, хүссэн өмчөө хулгайлдаг дээрмийн багаж, хуйвалдааны нууц өрөө болгож хувиргачихаад байна.

-АН-ын дарга С.Эрдэнэ таныг намын гишүүнчлэлээсээ хасагдаагүй байгаа гэж ярьсан. Та одоог хүртэл гишүүнчлэлээсээ гараагүй байгаа хэрэг үү?

-Хуулиа унших ёстой л доо. Тэд нар ингэж чаргууцалдахыг л хүсч байгаа байх. Гэхдээ бүх хуулиар намын гишүүн байх эсэхийг иргэн өөрөө мэднэ. Үүн дээр ямар ч эргэлзээ байхгүй. Би арванхоёрдугаар сарын 4-нд АН-аас гарсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн мандатыг намаас бус ард түмнээс авсан. Ямар бүлэгт харьяалагдах эсэх нь УИХ-ын гишүүний бүрэн эрх. Үүнд хэн ч халдах эрхгүй. Ингэж ярьж байгаа нь ганц сар ч болтугай бүлэгтэйгээ байх гэсэн С.Эрдэнэ даргын явуургүй арга. Тэртэй тэргүй би АН-д байхгүй. Хаана ч очиж Л.Болд АН-д байгаа гэж хашгираад нэмэргүй. Харин УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдана гэдэг ноцтой шүү. Уг нь би бүлгээс гарсан тухай өргөдлөө М.Энхболдод өгсөн юм. Тэр үед АН-ын бүлэг найман гишүүнтэй боллоо гэж зарлаагүй. Нэгдүгээр сарын 17-нд АН Ж.Батзанданг бүлгээсээ гаргасан. Энэ үед ч М.Энхболд дарга АН албан ёсоор бүлгээ тараалаа гэж зарлах ёстой байсан. Энэ тухай зарлаагүй учир би М.Энхболд даргыг Цэцэд өгье гэж бодож байсан ч төд удалгүй огцорсон юм. Одоо Г.Занданшатар дарга хуулиа биелүүлж энэ талаар УИХ дээр зарлах ёстой. Хэрэв зарлахгүй бол би Цэцэд өгөх болно. АН хууль ноцтой зөрчиж, УИХ-ын гишүүнийг боогоод богтлоод, ширээнийхээ булан руу чихчихсэн юм шиг байж болохгүй.

Мөн тарчихсан бүлгийн нэрээр төрөөс цалинжиж байгаа Д.Золжаргал гэж нөхөр өдөр болгон намайг твиттерээр доромжилж байна. Хатсан навч, зайл, ямар шаар ч гэнэ үү янз бүрээр л доромжилж байгаа харагдана. Намайг байх үед АН-ын бүлэг байгуулагдаж тэр хүн өнөөдрийн энэ ажлын байран дээр очсон. УИХ-ын гишүүн хүнийг төрийн алба хашиж байгаа хүн ийм байдал гаргах нь хэр ёс зүйтэй эсэхийг мэдэхгүй юм. Тэгэхээр ядаж энэ хүнд яаралтайгаар намайг доромжлох эрхийг нь өг. Хурдхан шиг ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Гудамжинд гарчихсан хойноо хүнийг доромжилдог үндсэн ажлаа хийг.

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан иргэн С.Баярцогтын оффшор дансны мэдээллийг Швейцарийн холбооны улсад айлчлах үеэрээ авчирсан гэдгээ мэдэгдсэн. Энэ нь боломжтой юу?

-Т.Аюурсайхан гишүүн маш ойлгомжтойгоор тайлбаруудаа өгсөн байна лээ. Айлчлалд УИХ-ын даргаас гадна долоон гишүүн явсан. Бүгд өөр, өөрийн шугамаар уулзалтууд хийсэн юм. Би Монгол Швейцарийн бүлгийн дарга байсан хүний хувьд өмнө нь эхлүүлж байсан болоод хамтын ажиллагааны асуудлуудаар яриа хэлэлцээр хийсэн. Мөн УИХ-ын даргын үндсэн хөтөлбөр хэрэгжээд явсан. Т.Аюурсайхан гишүүн өөрөө Оффшорын эсрэг лобби бүлгийн дарга хүн. Тэр хүрээндээ энэ айлчлалд бэлдээд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж мэдээлэл өгч байна лээ.

-С.Баярцогт дээрх мэдээллийг үгүйсгэж Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан байж болзошгүй хэмээн ярьсан. Дипломат шууданг ямар шугамаар ирэх ёстой байдаг вэ. Тийм хялбархнаар задлаад уншчихаж болдог эд үү?

-Дипломат шуудан задарсан гэж ойлгохгүй байгаа. Тийм бололцоо ч байхгүй. Хэрэв дипломат шуудан задалсан бол хууль зөрчсөн зүйл болно шүү дээ. Угаасаа Швейцарийн холбооны улсад УИХ-ын даргын түвшний айлчлал хийж, энэ олон гишүүд хамт оролцож байгаа нь маш их ач холбогдолтой хэрэг. Монгол Улс Швейцарийн холбооны улсад ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм. Учир нь Швейцарь бол манай улсын хөгжлийн загвар. Бид Азийн Швейцарь болох ёстой. Бид үүнийгээ хүлээн зөвшөөрч Швейцарьтай хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаа шинэ шатанд гаргах эсэхийг шийдчихээд ирж байгаа юм. Дээрээс нь Швейцарь Монгол Улсад хамгийн их тусламж үзүүлж буй орны нэг. Одоогоор 150 сая ам.доллар бэлэглэчихээд байгаа. Дахиад 52 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр ярьж байна. Маш олон чухал хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Үүнийг Монголын парламент үнэлэх ёстой биз дээ. Тиймдээ ч бүх нам, хүчнээс бүрдсэн төлөөлөл очиж Швейцарийн гавьяаг үнэлж байгаа юм.

Нөгөө талаар Швейцарь дэлхийн санхүүгийн төв учраас олон орны хууль бус, татвараас зугтаалгасан мөнгөнүүд тийшээ орж байдаг. Швейцарийн холбооны улсад хулгайн мөнгөн дээр амьдрах шаардлага байхгүй. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орон учраас энэ байдлаасаа салж байгаа юм билээ. Монгол Улсын зүгээс танай улсад манай маш их хууль бус мөнгө байна, тэдгээрийн мэдээллийг олохгүй байна гэхэд “Танай улстай эрх зүйн харьцааны гэрээг байгуулъя. Одоо ч хуулийн хүрээнд шаардлагатай мэдээллүүдийг бид өгье” гэсэн. Энэ айлчлал цаг алдаад байсан асуудлыг түргэвчилж, ажил хэрэг болгох эхлэлийг тавьж өгч байгаа юм. Ер нь ийм том айлчлалаар л аливаа том ажил хөдөлдөг. Гадаад харилцааны яаманд байх үед бид төрийн тэргүүнүүдийн өндөр дээд айлчлалаар л томоохон ажлаа бүтээдэг байлаа шүү дээ. Тиймдээ ч УИХ-ын даргын энэ удаагийн айлчлалаар бид олон сар жил хөөцөлдсөн ажлаа бүтээсэн. Үүнийг л олон нийтэд мэдэгдлээ гэж харж байгаа.

-Тэгэхээр Т.Аюурсайхан гишүүнд тэрхүү мэдээллийг Швейцарийн тал шууд өгчихсөн хэрэг үү. Эсвэл банкнаас авчихсан юм уу?

-Түүнийг АТГ-аас л асуух хэрэгтэй. Хуулийн байгууллагуудын шугамаар явдаг л даа. Гадаад яамаараа дамжуулж мэдээлэл өгдөг. Банк нь ч гэсэн хуулийн байгууллагадаа өгдөг, хуулийн байгууллага гадаад яамандаа өгнө. Гадаад яам нь мөн манай яаманд өгснөөр хуулийн байгууллагад очно. Ийм л процесс. Үүн дээр УИХ-ын гишүүдийн үүрэг нь энэ үйл явцыг хэрэгжих, бүтэх тал дээр нь тус нэмэр болох юм.

-Т.Аюурсайхан гишүүн би энэ мэдээллийг авчирлаа гэж яриад байгаа л даа.

-Яахав цаг хугацаа нь таараад дипломат шуудан авчирсан юм байна л даа. Ирж байгаа дипломат паспорттой хэнээр ч хамаагүй мэдээллээ дамжуулдаг юм. Энэ айлчлалд шахагдаад мэдээллүүд нь бэлэн болоод дипломат паспорттой гишүүдээр дамжуулсан юм байлгүй. Надаар дамжуулаагүй учраас би түүнийг мэдэхгүй.

-Мэдээлэл нь ил болчихсон байхыг бодоход задлаад уншчихсан хэрэг биш үү?

-Дипломат шууданг задлах бололцоо байхгүй. Лац, тэмдэгтэй байдаг. Гадаад харилцааны яам тусгай протоколтой л задалдаг юм.

-Айлчлалын үеэр Швейцарийн холбооны улсаас “Оффшорын бүсэд манай улсыг багтаалаа” хэмээн сэтгэл дундуур байгаагаа хэдэнтээ илэрхийлсэн гэсэн. Энэ асуудал дээр та бүхэн ямар тайлбар өгсөн бэ?

-Оффшор нь Европын холбооны хар жагсаалттай адилхан буруу ойлголттой байсан юм билээ. Бид нарын зүгээс албан тушаалтнууд мөнгө хулгайлж, нууж далдалж болохгүй, ингэсэн тохиолдолд Швейцарийн холбооны улсад тайлан мэдээллээ өгч байх ёстой гэсэн зүйлийг ярьдаг. Гэтэл үүнийг “Манай улсыг та нар хар жагсаалтад оруулчихсан” гэж яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Швейцарийн хөрөнгө оруулалт Монголд орж болохгүй, Монголынх Швейцарь луу орохгүй, хувийн секторуудыг бүгдийг нь хязгаарлачихсан гэсэн буруу ойлголттой болчихсон байсан юм билээ. Саяын айлчлалаар энэ ойлголтуудыг залруулсан. Швейцарийн талаас “Та бүхнийг зовлонг ойлгож байна. Хулгайтай, хууль бус үйл ажиллагаатай тэмцэх нь зөв. Бид үүнийг дэмжиж, хамтран ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм. Тэр талаасаа маш амжилттай айлчлал болсон. Ер нь бол бид Швейцарь улсад онцгой ач холбогдол өгөх ёстой. Энэ бол бидний ирээдүйн хөгжлийн загвар мөнөөс мөн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *