Categories
мэдээ цаг-үе

Л.Амармөрөн: Гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээнэ

-ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ХОЁРООС ДЭЭШ ҮЙЛДВЭЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ-

Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Л.Амармөрөнтэй гэр бүлийн хүчирхийллийн талаар ярилцлаа.


-Гэр бүлийн хоёр хоорондоо муудалцахад ихэнх хүн байх ёстой зөрчил мэтээр хүлээн авдаг. Тэгвэл маргалдах хүртэл гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр юм билээ?

-Тухайлбал, гэр орондоо байнгын хэрүүл маргаан гаргадаг хүмүүс үүнийг ердийн үзэгдэл мэтээр хүлээн авдаг. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл биш, харин маргаан гэдэг. Тэгвэл гэр бүлийн маргаан гэж байдаггүй. Энэ нь өөрөө гэмт хэрэг, зөрчил юм. Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зодох, хүсэл зорилгынх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, захиран зарцуулахад нь халдах, бусадтай харилцахыг хязгаарлах гэсэн дөрвөн хүчирхийллийн хэлбэрийг зааж өгсөн байдаг.

Цагдаагийн байгууллагаас гудамж талбай, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа зөрчил нэг бүрийг шалгаж, хуульд заасан хариуцлагыг ногдуулж байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 197 мянган дуудлага ирсэн. Энэ дуудлагын 30 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэлийнх байгаа. Мөн 2536 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчлуулах арга хэмжээ авсан. Архины албадан эмчилгээнд 412 иргэнийг хамруулсан. Ухуулаг, нөлөөллийн ажлыг 12 мянга орчим иргэнд хийсэн. Эхний зургаан сард 30010 хүн эрүүлжүүлэхэд хоносон. Маш их архидалт байна гэсэн үг. Дүүрэг бүрт 20, 30 гэх зэргээр эрүүлжүүлэгдэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл хариуцсан ахлах байцаагч тэр хүмүүстэй өглөө болгон ухуулаг яриа хийдэг. Та өөрийн үйлдлээ гэр бүлийн хүчирхийлэл биш гэж хараад байгаа боловч энэ нь өөрөө гэмт хэрэг, зөрчил юм гэдгийг ойлгуулдаг. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгсөн иргэд хүчирхийллийг даамжруулах нөхцөл байдлыг бий болгодог. Тухайлбал, энэ удаад би гомдолгүй. Нэг удаа маргалдсан юм. Дахиад тэгэхгүй байх, намайг тэжээдэг хүн гайгүй болчих байлгүй гэх байдлаар ханддаг. Цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн нь энэ болохоос биш мэдэгдээгүй зөндөө байдаг. Хэлдэггүй. Энэ байдал давтагдсаар байгаад сүүлдээ хүний амь нас эрсдэх нөхцөл байдал үүсдэг.

-Шүүхийн шийдвэрээр баривчлагдсан хүмүүс гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байна гэсэн үг үү?

-Шүүхээр ямар хүмүүс ихэвчлэн баривчлагдаж байна гэвэл өмнө нь 2-30 гаруй удаагийн дуудлага, мэдээлэл өгч байсан байдаг. Багадаа хоёр удаа. Дунджаар 7-8 байх жишээтэй. Мөн хоёроос дээш удаа баривчлагдаж байсан хүмүүс байна. Нийт баривчлагдсан хүмүүсийн 90 орчим хувь нь эрүүлжүүлэгдэж байсан. Мөн 10 орчим хувь нь ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байгаа.

-Нийт бүртгэгдэж байгаа дуудлагын 30 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийллийнх байна гэлээ. Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээр энэ төрлийн гэмт хэргийн шийтгэл өссөн үү?

-Дуудлага мэдээлэл харин ч буурсан. Өнгөрсөн оноос 20 гаруй хувиар буурсан байгаа. Гэхдээ дуудлага буурсан ч гэмт хэрэг нь өссөн байдаг. Энэ нь бид дуудлага нэг бүрт хүрч ажиллаж, хуульд заасан хариуцлагыг ногдуулж байгаатай холбоотой. Жишээ нь, өнөөдөр маргалдаад нөхөр нь гараад явчихсан байхад маргааш материалжуулах үйл ажиллагаа зохион байгуулна. Хуульд заасан хариуцлагыг тухайн нөхөрт ногдуулна. Шүүхээр 7-30 хоног баривчлах шийтгэлтэй. Тиймээс дуудлага нэг бүрт хүрч, хариуцлага тооцоод ирэхээр хүмүүс ухамсарлаж, эцэстээ гэмт хэргийн шинж рүү орох юм байна шүү гэж ойлгож байгаа юм болов уу гэж харж байгаа.

-Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл анх удаа үйлдсэн этгээдийг 7-30 хоног саатуулж байгаа. Давтан болоод ирвэл ямар шийтгэл хүлээх вэ?

-Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл дээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн гэмт хэргийн заалт бий. Уг заалтад байнга гэсэн үг бий. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийг байнга үйлдвэл эрүүгийн хэрэг үүснэ. Байнга гэдэгт хоёр буюу түүнээс дээш үйлдэл хамаарна. Тэгэхээр дуудлага нэг бүрт хүрч ажиллан, энэ хуулийн дагуу шийтгэл оноогоод ирэхээр гэмт хэрэг өссөн дүнтэй гарчихаж байгаа юм. Энэ онд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өнгөрсөн жилтэй харьцуулахад 12.6 хувиар өссөн. Хүчирхийлэл байнга үйлдсэн этгээдэд зургаан сараас нэг жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах, дээрх хугацаагаар хорих ял шийтгэлтэй. Мөн хүндрүүлэх нөхцөл байдал бий. Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүчирхийлэл үйлдсэн, мөн асрамжийн байгууллагад ажилладаг хүн энэ хэргийг үйлдсэн байвал хүндрүүлнэ. Энэ тохиолдолд зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах буюу хорих заалттай. Тэгэхээр энэ зөрчлийг давтан гаргаад байвал гэмт хэрэг болно гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Гэмт хэрэгтэн болчихвол олон хүндрэл тохиолдоно шүү дээ. Сүүлд гадагш явах, ажилд орох зэрэгт цагдаагийн газрын тодорхойлолт хэрэг болно. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллээр ял шийтгүүлж байсан юм байна гэх зэргээр асуудалтай.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүдэд ногдуулах шийтгэл нэмэгдсэнээр гэр бүл салах үзэгдэл өссөн үү. Өөрөөр хэлбэл, чи намайг цагдаад барьж өгсөн гээд салах тохиолдол байна уу?

-Гэр бүлийн хүчирхийлэл тойрог хэлбэрээр явж байна. Дуудлага өгдөг. Цагдаагийн байгууллага шалгадаг. Зохих байгууллага шийтгэл оноодог. Ингээд нэг удаа баривчлагддаг. Гарч ирээд 10 хоног ч юм уу байж байгаад дахиад архиа уудаг. Цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг гэсэн тойрог хэлбэр байна. Гэхдээ тэр дунд дуудлага өгөхгүй бас байна. Зодоод бүр арга нь барагдаад ирэхээр цагдаа дуудаж байгаа юм. Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад очихдоо энэ хэн гэж хүн бэ, өмнө нь хэдэн удаа дуудлага ирж байсан гэдгийг таблетаар харчихаж байгаа юм. Гэр бүлийн дуудлага дээр очоод аюулын зэргийн үнэлгээ хийдэг. Энэ нь хохирогчийн эрсдэлийн зэргийг тогтоож байгаа юм. Хэрэв эрсдэл өндөр байвал хохирогчийг шууд хамгаалах байранд авна. Хамгаалах байранд үйлчлүүлж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байна. Салалтын тухайд, шүүхээр баривчлагдаад гарч ирээд гэр бүлээсээ салчихсан тохиолдол их гэж бодохгүй байна.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд архидалт хамгийн их нөлөө үзүүлж байна. Тэдний сэтгэл зүйг засахад хэрхэн анхаарч байна вэ?

-Нийслэлийн цагдаагийн албаны 107 гэсэн дугаар байгаа. Энэ дугаараар ямар ч иргэн сэтгэл зүйн зөвлөгөө авч болно. Манай нөхөр байнга архи ууж байна, яах ёстой вэ гэх зэргээр зөвлөгөө авдаг. Мэргэжлийн сэтгэл зүйчид та амьдрах итгэлтэй хүн, энэ асуудалд гуньж гутарч болохгүй, бага дээр нь хуулийн байгууллагад хандах хэрэгтэй гэх зэргээр зөвлөдөг. Харин хүйчирхийлэл үйлдэж байгаа хүмүүст баривчлах, эрүүлжүүлэх байранд дээр нь очиж нөлөөллийн ажил хийж байна. Хамгийн гол нь ухамсарт нь өөрчлөлт оруулах асуудал чухал юм. Энэ нь хүчирхийлэл гэдгийг ойлгуулах нь чухал. Мэдээж хэдэн удаа ч ухуулах нөлөөлөл хийгээд ойлгохгүй хүн байна. Бүр архины хамааралтай болчихсон байдаг. Бидний хийж чадах ажил бол ухамсарт нь нөлөөлж, хандлагыг нь өөрчлөхөд чиглэнэ. Мөн хянах. Дээр нь эрүүлжүүлэх ажиллагааг сайжруулах нь чухал. Бага дээр нь таслан зогсоох хэрэгтэй. Аливаа зөрчлийг бага дээр нь таслан зогсоогоогүйгээс болж хүний амь эрсэдсэн тохиолдлууд байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүрэгт нөхөр нь эхнэрийгээ хөнөөсөн хэрэг гарсан. Шалгалтын явцад ямар байдал тогтоогдсон гэвэл цагдаад ерөөсөө дуудлага өгч байгаагүй. Хажуу айл нь мэдэж байсан. Тэгсэн ч цагдаад хандаж байгаагүй. Хэрэв хэлж байсан бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байсан.

-Та гэр бүлийн хүчирхийллийг мэдэгдэж байх хэрэгтэй гэлээ. Үүнд хөрш айлууд чухал үүрэгтэй. Гэхдээ тэд дуудлага өгчихвөл хөрш айл нь мэдчихээд агсам согтуу тавина гэх зэргээр дуудлага өгөхөөс төвөгшөөдөг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Тийм хүндрэл гардаг. Гэхдээ иргэний үүргээ биелүүлэх ёстой. Хуульд мэдээлэх ёстой гэж заасан. Хэрэв үүргээ биелүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ. Торгох шийтгэлтэй. Цагдаагийн байгууллага нь хохирогч, мэдээлэл өгч байгаа хөршийн аюулгүй байдлыг хангана.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *