Categories
гадаад мэдээ

Кёрлингийн түүх

Таван зуун жилийн түүхтэй “чулуун данх”-ны тухай жаахан хөөрөлдье. Бичиг баримттай, мөсөн дээгүүр өнхрүүлж байсан чулуутайгаа түүх 1541 оноос эхэлнэ. Тэр үед сүм хийд, лам хуваргууд бусдыгаа бодвол арай илүү бичиг номтой, үйл явдлаа дэс дараалалтай бичиж хадгалж чаддаг байсан нь кёрлингийг Шотланд улсад үүссэн гэдгийг батлах хамгийн эртний эх сурвалж болон үлджээ.

Жон Склэйтир гэдэг лам Гэвин Гамильтоны хийдийн лам нарыг керлингийн тэмцээнд уриалан дуудаж навс хожлоо хэмээн цэгцтэйхэн бичиж үлдээсэн нь өнөөдөр нэр хүнд, үзэгчид, хөгжөөн дэмжигчдийн армиа хурдацтай дээшлүүлж буй керлингийн спортын анхны протокол болон хоцорчээ. Яагаад Шотландад гэж, яагаад Испани, Германд ч юмуу, эсвээс цас мөсний орон Орост анхлан тоглож эхлээгүй байдаг билээ гэж асуумаар. Уг нь эдгээр орнуудад эрт үеэс мөсөн дээр тоглодог янз бүрийн наадгайнууд зөндөө л байсан. Голландчууд тэгж яривал шотландуудаас хавьгүй өмнө бас керлингтэй адил тоглоомоор нааддаг байсан гээд л маргадаг. Монголчууд тэднээс хавьгүй өмнө мөсөн шагай гэдгийг тоглоод Тэмүүжин, Жамуха хоёр андгай тавьж байсан түүх ч бий шүү дээ. Хамгийн гол нь өөрийнхөө наадгайны дүрэм горимыг он цагийн элээнд гээгээгүй хадгалж, хөгжүүлж чадсан нь шотландчууд юм. XVIII зуун гэхэд Шотландад өөрийн гэсэн сонирхогчдын багууд үүсч яг одоо олимпод ашиглагдаж буй дүрмийн эх сууриар тоглоод эхэлсэн, чулуу нь хүртэл данх хэлбэрт шилжсэн байлаа. Харин XIX зууны эхэнд мөн л Шотландад бүх нийтийн хүлээн зөвшөөрсөн албан ёсны дүрмийг баталж хэрэгжүүлж эхэлсэн нь өнөө хүртэл бараг өөрчлөлтгүйгээр мөсөн дээр наадах горим хэвээр үргэлжилсээр. Харин чулуу нь техник, технологийн хөгжлөө дагаад их өөрчлөгдсөн. Анхны чулуунууд овгор гүтгэр ихтэй, мөс нь өөрөө тэгш, гөлгөр биш байсан тул Керлинг гэдэг нэр хүртсэн гэдэг. Уг үгийг шотланд хэлнээс хөрвүүлбэл “Дуут чулуун тоглоом” гэдэг утга илэрхийлдэг гэх юм. Задгай талбайд хүйтэн мөсөн дээр хатуу чулуу өнхрөхдөө овоо дуу гаргадгийг мэдэх л байлгүй.

Ер нь анх тоглож байх үедээ хувь хүний авьяасаас илүүтэй мөсний байдал, чулууны том жижиг их нөлөөдөг, Шотландын муж бүр өөрийн гэсэн чулуутай байсан гэлцдэг. Зарим нэг чулууны жин 80 кг хүрч, өнхрүүлээд шидчих хүн тийм их олдоод байдаггүй байжээ. Харин тэр XIX зууны эхээр баталсан нийтийг хамарсан дүрмийн дагуу чулууг бөөрөнхийлж жинг нь 20 кг-аас хэтрүүлэхгүй гэдгийг хуульчилжээ. Бас энэ чулууны тухай бяцхан түүх өгүүлэхэд олимп, дэлхийн тэмцээнүүдэд зөвхөн Шотландын Эйлс Крейг арал дээрх гантигаар уг чулуун данхыг хийдэг, учир нь энэ гантиг ус бараг шингээдэггүй тул мөсөн дээр удаан байх чанартай гэж бичдэг юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *