Categories
мэдээ цаг-үе

Күрүсү Макото: Үнэн сэтгэлээсээ хичээж ажиллавал муу сурлагатай хүүхэд ч засардаг

Күрүсү Макото багш “Бүтээх ухаан” хичээл заадаг. Тэрбээр ШУТИС-ийн Коосэн загварын технологийн дээд сургуульд багшилж байгаа.

Түүний шавь нарын бүтээсэн шүдний чигчлүүрээр хийсэн бяцхан гүүр нь долоон гр жинтэй ч 25 кг ачаа даадаг гэнэ. Хичээл дээр хүүхэд болгон нэг гүүр хийдэг. Гүүрийг яаж хийх вэ, хэдэн кг ачаа даах вэ гэдэг тэмцээн зохиодог. Нэгдүгээр курсийнхэнд тэрбээр гурав дахь жилдээ энэ хичээлийг зааж байгаа. Монгол хүүхдүүд энэ хичээлд дуртай. Гүүрийн трас бүтээц нь олон үетэй. Үе бүртээ ачааллыг жигд тараадаг учраас нэг газар хэт их ачаалал ногдохгүй. Энэхүү турьхан гүүр “чадалтай” байдгийн учир ийм. Бас нэг чухал үзүүлэлт нь шүдний чигчлүүрийн материал. Японоос шүдний чигчлүүр авчирдаг гэнэ. Хятад шүдний чигчлүүрээр туршихад 25 кг ачаа дааж арай л хүчрэхгүй байжээ. Өөрөөсөө хэд дахин их жинтэй ачаа даах энэ зарчмаар ажилладаг техник гэвэл кран. Бас бүх барилга байшингийн бүтээц нь ийм онолоор явдаг гэнэ. Онол үзэхээсээ өмнө хүүхдүүд иймэрхүү туршилт хийдэг. Аливааг хийхэд материал чанартай, гүйцэтгэл сайтай байх ёстой гэдгийг л өвгөн багш энэ хичээлээрээ шавь нартаа ойлгуулахыг хичээдэг.

Энэ сургуулийн оюутнууд бас хоёр давхраас өндөг шидээд “хагалахгүй газардуулах” ухаанд суралцдаг. Өндгөө зүгээр нэг чулуудчихгүй. “Урлагтай” шидэх учиртай. Өндгөө хагалахгүй унагах санаагаа хүүхдүүд өөрсдөө гаргана. Хүүхдүүд бүгд адилхан нөхцөлд энэ санаагаа хэрэгжүүлдэг. Учир нь тэдэнд бичгийн цаасны хэмжээтэй хоёр ширхэг цагаан цаас ногдоно. Мөн үдээс, хайч оролцуулна. Энэхүү цаасаар урласан шүхрийнхээ аль хэсэгт өндгөө яаж тээх нь тухайн оюутны асуудал. Зарим нь хоёр давхар шүхэр, өндөг агуулах бяцхан хайрцаг, өөр нэг нь жирийн сав ч урласан байна лээ. Тэмцээнд оролцогчид өндгөө таван метрээс дээш өндрөөс шиднэ. Энэ туршилтыг хийхдээ анхаарах хэдэн асуудал бий. Нэг нь унах хурдыг сааруулах учиртай. Унах хурд нь удаан байх тусмаа доргилт багасна шүү дээ. Шүхрээ ямар дизайнаар хийхээс шалтгаалаад уналтын хурд тодорхойлогдоно. Гуравдугаарт, газар унасныхаа дараа доргилтыг өөртөө хэрхэн шингээх вэ гэдэг чухал. Тэнцвэр бас хэрэгтэй. Энэ хичээл дээр хүүхдүүд алдаа гаргах тусмаа сайн гэж багш үздэг. Алдаагаа засч байж сайн бүтээл мэндэлнэ. Бас хүүхдэд тэвчээр суулгадаг. Энэхүү бүтээлүүдээ хийхдээ хүүхэд анхаарлаа төвлөрүүлж сурдаг сайн талтай гэнэ. Туршилтын тухай тайлбар сонсоод, япон багшийг судлах ажилдаа орлоо.

-Күрүсү гуай багш болсон түүхээсээ яриач?

-Одоо би 70 настай. Их сургуульд сурч байхдаа багш болно гэж бодож байгаагүй. Механикийн инженер мэргэжлээр сургууль төгсөх үе маань 1970 он. Японы эдийн засаг хамгийн дээд цэгтээ хүрсэн үе. Төгсөх үедээ хүнд өвдсөн. Бие сайтар тэнхрээгүй учраас аль нэг компанид ажилд ороход хэцүү байсан л даа. Багш болбол ачаалал багатай гэж үзээд энэ замыг сонгож билээ.

-70 хүртлээ багшилна гэдэг гайхалтай. Энэ хугацаанд та хүүхдүүдэд юу өгөв, хүүхдүүд танд юу өгсөн бол?

-Хүүхдүүдтэй харьцахад залууждаг. Хүүхдүүдийн энерги, бодож, сэтгэж байгааг хараад өөрөө ч уян хатан сэтгэлгээтэй болдог. Коосэнд 15-20 настай хүүхдүүд сурдаг. Багшийн хувьд хүүхдүүдэд инженерийн мэдлэг олгохоосоо өмнө хүн болгоход анхаардаг. Хүмүүжил олгоход санаа тавьдаг юм. Би Монголд ч ингэж ажиллаж байгаа. Хичээл дээр бохь зажлах, утас шагайх, бие биетэйгээ ярихыг хориглодог.

Шүдний чигчлүүрэн гүүр

долоон гр жинтэй ч 25 кг ачаа даадаг

-Коосэнгийн сургалтын онцлог юу вэ?

-Их сургуульд онол үздэг. Коосэнд онолыг практиктай хослуулж үздэг онцлогтой. Коосэн анх яаж үүссэн гэхээр япончууд Англи, Германы их сургуулийн тогтолцооноос санаа авсан. Түүнийгээ Японд нутагшуулаад коосэн гэдэг шинэ систем гаргаж авсан юм. Энэ систем 50 жилийн түүхтэй. Коосэн систем зөвхөн Японд л байдаг. Харин коосэн загварыг нэвтрүүлж байгаа хоёр дахь орон Монгол. Мексик, Вьетнам зэрэг улсууд коосэн системийг нэвтрүүлэх хүсэлт тавиад байгаа. Ирээдүйд улам дэлгэрэх байх аа.

-Монголчууд коосэн загварыг нутагшуулж чадах болов уу?

-Хүмүүс ингэж асуудаг. Би 20-иод жилийн өмнө Японд сурч байсан монгол оюутнуудтай танилцсан. Зөвхөн Монгол төдийгүй олон орны оюутнуудтай харилцдаг байлаа. Япончууд хөх толботой учраас өөрсдийгөө монгол гаралтай гэж үздэг. Ажиглаад байхад монгол оюутнууд аливаад анхаарал хандуулах чадвар сайтай, юмыг сонирхолтой хийдэг. Тийм учраас япончуудад тохирдог систем монгол хүнд ч бас нийцэх байх аа.

-Коосэн загварыг Монголын онцлогтой нутагшуулах хэрэгтэй гэж үздэг үү, аль эсвэл япон стандартыг хатуу баримтлаасай гэж боддог уу?

-Би Японд ажилласан туршлагаа л та бүхэнд хэлнэ. Яаж хүлээж авах нь монголчууд та бүхний асуудал. Заавал тийм байх ёстой гэхгүй.

-Коосэн төгссөн инженерүүд юу хийж чаддаг вэ, та юугаар бахархдаг вэ?

-Коосэн төгсөгчид Японд том компаниудад ажилд ордог. Хүмүүжил сайтай гэдгээрээ бусдаас ялгардаг. Японд Коосэн төгсөгчид ажлыг цаг тухайд нь гүйцэтгэдэг онцлогтой. Монгол төгсөгчид ямар байх бол гэж харж байна. Монголчууд хэлсэндээ хүрч, цагийн юмыг цагт нь амжуулдаг бол гадаадаас ч олон захиалга авч, эдийн засаг нь хөгжинө шүү дээ.

-Япон багш нарын ажлын нөхцөл, тэдэнд тавигддаг шаардлага, үнэлэмжийн тухай манай багш нар сонирхох байх?

-Сургуулиа төгсөөд багшлах эрхийн шалгалт өгдөг. Ахлах, бага, дунд сургууль гээд тус бүртээ ялгаатай шалгалттай. Тэр шалгалтад тэнцэж байж багш болдог. Багш нарыгаа гурав хуваадаг. Анхдагч, дундаж, дээд түвшний гэж ангилдаг. Багш нараа байнга сургаж дадлагажуулдаг. Коосэнгийн багш бүр судалгаа хийдэг. Судалгааны үр дүнгээр үнэлэгдэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар нэг өрөөнд бүгд суудаг бол Коосэн, их сургуулийн багш бүр тусдаа өрөөтэй байдаг. Монголын их, дээд сургуулиудад том дарга нар л өрөөтэй байдаг шүү дээ. Эхэн үедээ магистр багш нартай байсан бол сүүлийн үед ялангуяа мэргэжлийн хичээл заадаг багш нар докторын зэрэгтэй болсон. Багшийг ажилд авахдаа олон нийтэд нээлттэй зар тавьж, шалгаруулж авдаг.

-Япон багш нарын цалин бусад мэргэжлийнхэнтэй харьцуулахад ямар байдаг вэ?

-Ерөнхийдөө Коосэнгийн багш нарын хувьд төрийн албан хаагчаас таван хувь илүү цалин авдаг. Тийм учраас багш болох сонирхолтой хүмүүс их байдаг.

-Орчин үеийн хүүхдүүдийг хүмүүжилтэй байлгах хэцүү санагддаг. Коосэнд хүүхдийг яаж хүмүүжүүлдэг вэ?

-Гэр бүлийн хүмүүжил сайн байх учиртай. Дунд сургууль төгстөл нь гар утас, компьютер тоглоом тоглуулахгүй байх ёстой. Хүүхдийг зурагт, ухаалаг утаснаас холдуулна гэдэг орчин үед хэцүү болсон. Хүүхдэд утас авч өгөхдөө товчлууртай утас сонгох нь дээр. Ухаалаг утастай бол хүүхдүүд тоглоом тоглож, интернэтэд хамаг цагаа бардаг. Японд ч нийтийн унаанд суухад бүх хүмүүс утсаа шагайж робот шиг суудаг. Дэлгэцнээс хэт хамааралтай байна гэдэг өрөвдөлтэй санагддаг шүү. Манай сургуулийн хувьд хичээлийн цагаар утас шагайж суувал хурааж аваад долоо хоног хязгаарладаг. Энэ бол миний хувийн зарчим.

-Олон жил багшилсны дараа хүүхдээс залхах мэдрэмж төрдөг болов уу?

-Хүүхдээс залхах бодол төрдөггүй. Харин тэвчээр шаарддаг. Үнэн сэтгэлээсээ хичээж ажиллах юм бол хүүхэд багшийгаа ойлгодог. Хичнээн муу сурлагатай хүүхэд байсан ч засардаг. Энэ нь надад кайфтай байдаг. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Тэднийг хэт шахаж шаардаад байж болдоггүй.

Монголд ирсний дараа хүүхдүүдээс илүү монголчуудын ажилдаа хандах хандлага хэцүү санагдах үе байсан. Хүүхдээ хүмүүжүүлэхийн зэрэгцээ багш нараа хүмүүжүүлэх шаардлагатай болдог. Багш нартай уулзалт хийж, “Энэ чинь япон загварын сургууль шүү” гэж заримдаа сануулах хэрэг гарна. Хурал хийж байхад зарим багш бохь зажилж суух юм. Багш нар ажил дээрээ байгаа учраас тиймэрхүү үйлдэл гаргаж болохгүй. Бид хүүхдүүдийн сургалтын төлбөрөөс цалинждаг учраас хүүхдүүдээ хүндлэх ёстой. Эцэг, эхчүүд багш нарт л найдлага тавьж байгаа шүү дээ. Тэдний найдварыг бид хөсөрдүүлж болохгүй.

Б.Янжмаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *