Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

КҮНЗИЙН НУТГААР ийм сонинтой

Шаньдун мужийн Циндао хот

Хятадын Энхтайван хөгжлийн сан, МАН-ын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан сургалт аялалд Монголын сэтгүүлчдийн баг хоёр дахь удаагаа хамрагдлаа. Энэ удаагийн сургалт аяллын хөтөлбөрт Шаньдун мужийн КүФү хотод орших Күнзийн сүмтэй танилцахаар төлөвлөгдсөн байв.

Хятадыг ярихын тулд эхлээд Күнзийг ярих хэрэгтэй гэсэн ойлголт байдаг бол Хятадыг дэлхий нийтэд төлөөлж чадах хүн бол Күнз хэмээн хятадууд ярьдаг ажээ. Күнз НТӨ 551 онд Хятад улсын зүүн хэсэгт орших Лу нэртэй ханлиг улсын КүФү хэмээх газар буюу өнөөгийн Шаньдун мужийн КүФү хотод язгууртан удамтай айлд мэндэлжээ. Гэхдээ түүний амьдрал шулуун дардан байсангүй. Ээдрээт амьдрал туулж амьдрахын эрхээр найр наадам, гашуудлын үйл дээр бүрээ үлээж, язгууртан хэргэмтний гэрийн сангийн нярав хийж, данс хөтлөх, мал хариулах зэрэг хар бор ажилд нухлагдаж явсан нэгэн аж.

30 настайдаа номын сургуулиа байгуулж, улмаар шавь нарынх нь тоо гурван мянгад хүрснээс гадна эрдэм номд төгс боловсорсон 72 шавь байсан талаар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Күнз болон түүний шавь нарын эмхэтгэж туурвисан алдарт Дөрвөн ном, таван бичиг бүхэлдээ Күнзийн сургаалын үндэс болдог. Үзэл бодолдоо үнэнч, бусдад хүндэтгэлтэй,амин хувиа бодохгүй, зорилготой амьдрах гэсэн дөрвөн зарчмыг тэрээр баримталдаг байжээ. НТӨ 221 онд төрийн эрхэнд Цинь удмынхан гараад Күнзийн сургаалыг хориглож, номуудыг нь шатааж байсан бол, НТӨ 220 онд Хан угсааныхан төрийн эрхэнд гарсны дараа Күнзийн сургаалыг дагаж мөрдөхийг тушаасан түүхтэй юм байна.

Монголын сэтгүүлчдийн багийг Хятадын Коммунист намын Гадаад харилцааны дэд сайд Лю Хонцай хүлээн авч уулзав.

Өөрийнх нь сонгосон голын захын бяцхан төгөлд шавь нар нь түүнийг НТӨ 479 онд оршуулсан бөгөөд өдгөө тэнд Күнзийн бунхан, хийд 20 гаруй га талбайг эзлэн оршиж байна. Энэ хүний амьдарч байсан газрыг аялал жуулчлалын бүс болгохоор КүФү хотыг төлөвлөгөөтэй байгуулж буй аж.Галт тэрэгний буудлаас хотын төв рүү явах замд шинээр баригдаж байгаа хорооллын орон сууцны дээврүүдийг сүм хэлбэрийн оройтой барьсан нь өвөрмөц бөгөөд донжтой харагдана. Хүн ам цөөн, багахот хэдий ч цэцэрлэгт хүрээлэн, автомашины зам, талбайд газрыг харамгүй зориулжээ. Энд ирэх гадна дотнынжуулчдын жил ирэх тутам ихэсч буйг хөтөч өвгөн ярьж байлаа. Сүмийн цогцолборын хувьд хэмжээгээрээ Бээжингийн төвд орших Хааны ордонтой бараг ойролцоо. Ур хийц, зохион байгуулалт нь ч ерөнхийдөө төстэй. Олон хаалга, хөшөө, дурсгал багтаасан энэ газрын төв хэсэгт “Хамгаас ариун гэгээн, зөнч мэргэн Күнзийн сүнс амирлангуйг олсон газар” гэсэн бичээс бүхий багана хүндтэй байр эзэлдэг. Тэндхийн худгийн усыг ариун дээд хэмээн шүтдэг бөгөөд мөнөөх худгийн уснаас уухыг энэ насны онцгой бэлгэ дэмбэрэл хэмээн бэлгэшээдэг аж. Гэхдээ энэ газар үргэлж жуулчдын хараа булаасан амар амгалан байгаагүй гэнэ. 1900-1989 оны хооронд багагүй сүйдэж. Ялангуяа соёлын хувьсгалаар буюу 1960-аад оны үед нэлээд нэрвэгдсэн бололтой юм билээ. Харин хуучны төрхөөр нь сэргээн зассаныг хөтөч өвгөн онцолж байв. Далан насыг зооглосон ч хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, англиар “урсгасан” өвгөн бидэнд хөтөч хийсэн юм.

Сүмийн эргэн тойронд худалдааны гудамж үргэлжилнэ. Ерөнхийдөө Күнз болон тухайн үеийн хаадын зураг бүхий бэлэг дурсгал, тэр үед эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг бэлгэдсэн, дуурайлгасан үзмэрүүд зонхилно. Манай багийн гишүүн Г.Учралсайхан тэндээс тохой хэрийн хэмжээтэй, хуучны хийц бүхий дурсгалын сэлэм худалдаж авсан нь буцах үед галт тэрэгний буудлын шалган дээр “асуудал” дагуулж хураалгахад хүрэв. Харин Г.Учралсайхан маань хөтөч өвгөнд сэлмээ дурсгаад аяллаа цааш үргэлжлүүлсэн.

КүФү хот дахь Күнзийн сүм

Бидний аяллын хүрээнд бас нэг очсон газар бол Шандунь мужийн Циндао хот. Хятадын зүүн эргийн далайн боомт газар. Тэр ч утгаараа хориодхон жилийн өмнө энэ газарт загасчны суурин байсан бол өнөөдөр өндөр шилэн барилгуудтай том хот босчээ. Найман сая хүнтэй, далайн эрэг дагуух аж үйлдвэр, аялал жуулчлалын энэ хот гадаад, дотоодын жуулчдын очих дуртай газрын нэг болсон гэж хөтөч залуу ярив. Tsingtao гэж Хятадад алдартай шар айраг бий. Уг шар айраг энэ хотын гол брэнд бүтээгдэхүүн. Шар айраг, түүнтэй холбоотой бэлэг дурсгал, дун, хясаагаар хийсэн зүүлт чимгийн худалдаа далайн эрэг дагуу хаа сайгүй. Энэ хот байгаль орчноо хамгаалах, агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ач холбогдол өгч байгаа нь тус хотын цахилгаан станц, бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцуулах үеэр мэдрэгдэж байв. Цахилгаан станцын яндангаас нь утаа бус уур гарч харагдсан. Үе шаттай хөрөнгө оруулсны үр дүнд хуучны тоос сорогчийн технологийг өөрчлөн давхар шүүлтүүрээр шүүснээр утаан дахь тоос тортогийг 99,95 хувь арилгаж чаджээ. Агаарын динамик зарчмыг ашиглан тоосонцроос бас салгадаг аж. Азотын хийг арилгах технологийг Шандун муж улсдаа анх удаа нэвтрүүлсэн гэж танилцуулж байна лээ. Түүнчлэн далайн усаар хүхрийг арилгах технологийг ч нэвтрүүлснээ станцын удирдлагууд онцолж байв. Нүүрснээс гарсан үнсийг дахин ашиглах шинэ аргыг туршиж байгаагаа ч дуулгасан.

Хай По голын эрэг дээр орших Циндао хотын бохир ус цэвэрлэх байгууламжхүн амын нягтаршлаа дагаад хүчин чадлаа байнга өсгөсөөр иржээ. Үнэр танаргүй орчин, бохирыг дахин ашиглах саарал ус болтол нь цэвэрлэж байгаа нь бас л нэгийг хэлж буй. Бохир ус цэвэрлэх явцад гарсан хаягдал шаврыг мезофилийн бактерийн аргаар цэвэршүүлж бордоо болгон ашигладаг гэсэн.

Тус хотын Шиян нийгмийн бүлгэмийн үйл ажиллагаатай бас танилцсан. Энэ бүлгэм нь дүүргийнхээ өндөр настан, гэртээ харах хүнгүй хүүхдүүдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх гол зорилготой. Найрал дуу дуулж буй хөгшид, загварын алхаа сурч байгаа хижээл насны эмэгтэйчүүд, үндэснийхээ хөгжмийг “хашруулж” суусан буурлуудыг харахад нас бол зүгээр л тоо юм байна гэж бодогдмоор. Эднийх Хятад улсдаа олон удаа шилдгээр шалгарсан бүлгэм юм билээ.

Хятадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй танилцах нь аяллын нэг гол хэсэг байв. 57 жилийн түүхтэй, 170-аад оронд салбартай CCTV-гийнхэн ухаалаг гар утсанд зориулсан мэдээлэл бэлтгэх шинэ редакц байгуулан ажиллаж,гадаад дотоодод болж үйл явдлыг wechat-аар цаг алдалгүй шуурхай дамжуулж байна. Wechat нь хятадуудын гол хэрэглэж буй түгээлтийн хүчирхэг сүлжээнүүдийн нэг. Цахим ертөнц хүчтэй хөгжиж, хэрэглэгчид телевизийн өмнө сууж үзэхээс илүүтэйгээр гар утсаараа мэдээлэл авах нь түлхүү байгаа учир тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мобайл телевизийг хөгжүүлж байгаа нь анзаарагдаж байв. Синьхуа агентлагийн хувьд гар утас, ухаалаг хэрэгслүүдэд зориулан MobileTV-ийг байгуулжээ.Таван жилийн өмнө байгуулагдсан, мэдээллээ 24 цагийн турш цацдаг тус TV-гийнхэн анхны оруулсан чамгүй хөрөнгө оруулалтаа хэд дахин нугалсан ашиг олоод байгаа аж. Тус телевизийнхэн өөрийн гэсэн аппликэйшнээс гадна wechat-аар мэдээллээ түгээдэг, хэрэглэгчид нэг нэвтрүүлгийг нэг юаниар үзэх боломжтой аж. Сараар үзэхээр бол 10 юань төлөх юм байна. Биднийг очих үед тэдний мэдээллийг авахаар нэг сарын захиалга өгсөн хэрэглэгчдийн тоо л гэхэд 3 сая 357 мянгыг даваад байв. Ардын гэж нэрлэгддэгwww.people.cn-ийн хувьд дотоодын ес, гадаадын долоон хэл дээр мэдээллээ цацдаг,2700 гаруй ажилтантай үндэсний хэмжээний томоохон мэдээллийн сайт юм байна. Шанхайн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаад гурван жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд нэгж хувьцааных нь үнэ 21 юаниас 120 болтлоо өсчээ.

Энэ удаагийн сургалтын агуулгын хувьд тоон мэдээллийн хөгжлийн явц, мэдээллийн ажилтны нийгмийн хариуцлага, байгаль орчны хамгаалал, ногоон эдийн засгийн хөгжил,хоёр орны харилцааны тухай гэсэн сэдвүүдийг хамарсан байлаа. Ер нь Хятадын Засгийн газраас олон улсын эдийн засгийн коридор байгуулах зорилготой “Нэг бүс-нэг зам” төсөлд ихээхэн анхаарал хандуулж буй нь хэвлэлийн мэдээ, уулзаж ярилцсан хүмүүсийн ярианаас анзаарагдаж байв. Торгоны замын дагуу явагдах уг төсөлд Төв болон Өмнөд Ази, Номхон далайн 68 улс орон хамрагдах юм байна. Энэ төслийн гол үзэл санаа нь хамтдаа хөгжих. Хятадын Олон улсын радиогоос “Нэг бүс-нэг зам”-ын бүтээн байгуулалтыг дамжин өнгөрч байгаа орнуудаас цуврал сурвалжлага хийх үйл ажиллагаагаа эхлүүлснээ саяхан мэдээлжээ.

Бас “Эдийн засгийн шинэ төлөв” гэдэг үг Хятадад сүүлийн үед их хэрэглэгддэг болж. Шинэ төлөв гэдгийг нь их хурдтай байсан эдийн засгийн өсөлтийг бага зэрэг бууруулах арга хэмжээ гэж ойлгож болохоор. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 30 гаруй жилийн турш 9.8 орчим хувийн өсөлттэй байсан бол одоо 7.5 орчим хувьтай болох юм гэж эдийн засагчид тайлбарлаж буй. Мөн “шинэ төлөв” хэмээх энэ үгэнд иргэд сэтгэл санаагаа тогтвортой байлгах хэрэгтэй гэсэн утга агуулагдаж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж буй юм билээ. Хятадын эдийн засаг шинэ төлөвт орсноор гадаад дотоодын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгааг БНХАУ-ын дарга Ши Жиньпин саяхан болсон Баогийн Азийн чуулганд үг хэлэхдээ онцолж байсан. Бас “өөрчлөгдөхгүй гурван зүйл”-ээр Хятадын гадаадын хөрөнгө оруулалтын тухай бодлогыг тайлбарлажээ. “Хятад улс улам нээлттэй байх болно. Хятад улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлого өөрчлөгдөхгүй. Гадаадын бизнесмений хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах бодлого өөрчлөгдөхгүй. Олон орны аж ахуйн нэгжийн Хятадад хөрөнгө оруулан аж ахуйн нэгж байгуулахад сайн үйлчилгээ үзүүлэх бодлого өөрчлөгдөхгүй. Хятад улс олон газрын хүмүүсийн хамт бизнес эрхлэн өөр өөрийн давуу талаа ашиглахыг сайшааж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Хэвлэл мэдээллийнхэнд зориулсан сургалт аяллыг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй Хятадын энхтайван хөгжлийн сангийнхан нэгэн сайхан мэдээтэй угтсан нь тус сангийн хөрөнгөөр Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори барих болсон явдал байлаа. Өнгөрсөнжил сэтгүүлчдийн багийг ахалж явсан НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр Улаанбаатарт хүүхдийн эмнэлэг дутагдалтай байгаа талаар дуулгаж хамтран ажиллах саналаа сангийн удирдлагуудад уламжилсан нь ийнхүү ажил хэрэг болж удахгүй амбулаторийн шав тавихаар болжээ. Амбулаторид ажиллах боловсон хүчин, эмч нарыг мөн сангийн дэмжлэгээр мэргэжил дээшлүүлж, туршлага судлуулах сургалтад хамруулахаар ярилцаж буй аж.

Монголын хэвлэл мэдээллийн багийнхантай уулзах үеэрээ тус сангийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Юү Шао Шуан “Бидний гол зорилго бол хоёр орны иргэд хоорондын харилцааг сайжруулах, итгэлцлийг бэхжүүлэх юм. Тиймээс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд маань ард иргэдийн амьдралд бодит үр ашгаа өгч байх учиртай. Энэ удаа баригдах хүүхдийн амбулатори бол зөвхөн эхлэл. Хамгийн гол нь хамтын ажиллагаагаа тасралтгүй, тогтвортой, ажил хэрэгч үргэлжлүүлэх нь чухал” гэсэн юм.

Хятадын Энхтайван хөгжлийн сан нь байгуулагдаад дөрвөн жил болж байгаа ч энэ хугацаанд багагүй ажил амжуулснаа Юү Шао Шуан хатагтай танилцуулсан. Мьянмарт нүдний эмнэлэг, мэргэжил сургалтын төв байгуулж, шаардлагатай машин, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангасан бол Пакистан, Тайланд, Судан, Лаос, Камбожид бага сургууль, сургалтын төв, байгуулснаас гадна олон зуун хүнд хараа сэргээх мэс заслыг үнэгүй хийж, эмч мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн, бизнесийн салбарынхныг сургалтад хамруулах, туршлага солилцуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Мөн олон улсын форум, уулзалт, хэлэлцүүлгийг байнга зохион байгуулдаг юм байна. Манай улсад Хятадын эмч мэргэжилтнүүд олон хүнд хараа сэргээх мэс засал хийснээс гадна инженер техникийн ажилтнууд гар утас, цахилгаан барааны засварчны сургалт явуулжээ.

Күнзийн нутгаас эхэлж Бээжинд хаалтаа хийсэн ажил хэрэгч, наргиантай, дуу хууртай сургалт аяллын тэмдэглэлээ үүгээр өндөрлөе.

Б.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *