Categories
гадаад мэдээ

Кубад онгоцны ослоор амиа алдсан хүмүүстэй салах ёс гүйцэтгэж байна

Өнгөрсөн ням гаригт, Кубын Гавана хотын ойролцоо гарсан онгоцны ослын улмаас амиа алдагсдын түрүүчтэй салах ёс гүйцэтгэх ажиллагаа болсон талаар ТАСС агентлаг мэдээллээ. Тус улсын Ольгун мужийн зүүн хэсэгт орших, далайн эргийн Хибара хотын оршин суугч, 29 настай багш бүсгүй Суйен Лисандр Фигередо болон түүний охин Алекса нартай салах ёс гүйцэтгэсэн байна.

“Granma” сонинд мэдээлснээр, гашуудлын ёслол орон нутгийн соёлын төвд болсон байна. Кубад тавдугаар сарын 19, 20-ны өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлаж, орон даяар төрийн далбаагаа гудайлгажээ.

Гаванагийн Шүүх шилжилгээний хүрээлэнгийн дарга Серхио Рабеллийн мэдээлснээр, өнгөрсөн ням гаригт, онгоцны ослоор нас барсан 20 хүний цогцсыг олсон бөгөөд цогцос таниулах ажиллагаа хэдэн долоо хоног үргэлжлэх аж.

Үүний зэрэгцээ эмч нар онгоцны ослын улмаас амьд үлдсэн гурван бүсгүйн амийг аврахаар ажиллаж буй юм байна. Гавана дахь Каликсто Гарсиин нэрэмжит эмнэлэгт эмчлүүлж буй тэдгээр хохирогчдын биеийн байдал маш хүнд байгаа аж.

Тавдугаар сарын 18-ны өдөр “Boeing 737” онгоц Хосе Мартийн нэрэмжит Гаваны нисэх онгоцны буудлаас хөөрснөөсөө хойш хэдхэн хормын дараа сүйрчээ. Тус онгоц Гавана-Ольгин чиглэлд дотоод нислэг үйлдэж байсан аж. Онгоцны ослын улмаас 110 хүн амиа алдсаны дотор таван хүүхэд, 11 гадаадын иргэн байжээ. Онгоцны сүйрлийн шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа аж.

cuba

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *