ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон, философич Александр Дугиний охин хорлогдсон тухай Оросын хэвлэлүүд мэдээлж байна.
Александр Дугин нь Оросын хэт үндсэрхэг үзлийг номлогч бөгөөд “Путиний тархи”, “Путиний Распутин” гэх зэргээр хочлогддог нэгэн юм.
Бямба гарагийн орой Дугин охинтойгоо хамт Москвад болсон нэгэн арга хэмжээнд оролцоод гэртээ харьж явсан юм байна. Эхлээд тэд нэг автомашинаар буцах гэж байсан ч Дугин эцсийн мөчид тусдаа явахаар шийдэж байжээ.
Ингээд Дарья Дугинагийн жолоодож явсан автомашин замдаа дэлбэрсэн байна.
Телеграм сүлжээнд тарсан дүрс бичлэгт цочролд орсон Дугиний царай болон шатсан автомашиныг харуулжээ.
Москвагийн ойролцоо Большие Вяземы тосгоны ойролцоо эмэгтэй хүн жолоодож явсан SUV ангиллын автомашин дэлбэрсэн тухай хуулийн байгууллага мэдээлснийг ТАСС агентлаг дамжуулсан байна. Харин хохирогч хэн байсан талаар албаны эх сурвалж дурдаагүй юм.
Дугиний 30 настай охин Дарья Дугина нь алдартай сэтгүүлч, Украины дайныг дэмжигч нэгэн байсан юм.
Тавдугаар сард өгсөн ярилцлагадаа тэр Украины дайныг “соёл иргэншлүүдийн мөргөлдөөн” хэмээн нэрлэж, Өрнөдийн эдийн засгийн хоригт аавын хамт багтсаныг бахархан ярьж байжээ.
Философич Александр Дугиний номлол ерөнхийлөгч Владимир Путиний ертөнцийг үзэх үзэлд гүнзгий нөлөөлсөн гэлцдэг. Тэрбээр олон жилийн турш Орос улс дэлхийн тавцанд илүү түрэмгий бодлого явуулах ёстой хэмээн ухуулж, Украинд явуулж буй дайныг талархан дэмжиж байв.
Эх сурвалж: BBC