Categories
мэдээ нийгэм

Ковид хүний сэтгэн бодох чадварыг 20 жилээр хөгшрүүлдэг байж болзошгүй DNN.mn

Covid-19 өвчний хүндрэлээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан зарим хүмүүсийн сэтгэн бодох чадвар 20 жилээр хөгширдөг байх магадлалтайг эрдэмтэд тогтоожээ.

Коронавирусийн халдвар нь тэр дороо хүмүүсийг өвчлүүлэхээс гадна эдгэрсний дараа урт хугацааны турш бие махбодод сөргөөр нөлөөлдөг нь тодорхой болсон. Тухайлбал Их Британид явуулсан судалгаагаар халдвараар өвчлөөд эдгэрснээс хойш нэг жилийн дараа өвчтөнүүдийн гуравны нэг нь л бүрэн сэргэсэн байжээ.

Харин дийлэнх хэсгийнх нь тархины үйл ажиллагаа, сэтгэн бодох чадвар асуудалтай хэвээр байгааг тогтоосон юм.

Тэгвэл Кэмбрижийн Их Сургуулийн профессор Дэвид Меноны ахалсан баг тархинд үүссэн сөрөг нөлөө хэр хүнд өвчилж байснаас шууд хамаардаг байж болзошгүйг шинэ судалгаагаар тогтоожээ.

“Ковид хүний биеийн төрөл бүрийн эд эрхтний ажиллагаанд асуудал үүсгэдэг нь тогтоогдсон. Үүнд бас тархи, сэтгэн бодох чадвар, сэтгэцийн эрүүл мэнд багтаж байна. Хэрвээ вакцинжуулалтад хамрагдсан бол эдгээр сөрөг нөлөөнүүд бага байх боломжтой” гэж профессор Менон ярьжээ.

Тэдний судалгааны тайлан eClinicalMedicine эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Меноны баг дунджаар зургаан сарын өмнө эдгэрээд эмнэлгээс гарсан 46 өвчтөнөөс Лондоны Империал Коллежийн боловсруулсан Cognitron платформыг ашиглан сэтгэн бодох сорил авсан байна. Өвчтөнүүдийн 16 нь амьсгалын аппаратад ортлоо хүндэрч байжээ.

Ингээд тэдний үр дүнг BBC агентлагаас зохион байгуулсан Great British Intelligence Test (бас Cognitron ашигласан) сорилд хамрагдсан эрүүл 460 хүний үр дүнтэй харьцуулжээ.

Ингэхдээ өвчтөнүүдийн нас, хүйс, боловсролын байдал, эх хэл зэрэг үзүүлэлтийг харгалзаж үзсэн байна.

Үр дүнд нь Ковидоор өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн тархины ажиллагаа удааширсан байгааг тогтоожээ.

Өөрөөр хэлбэл сорилын асуултыг ойлгох, хариулах хурд нь удааширсан байна.

Цаашилбал дунджаар 50 настай хүний сэтгэх хурд 70 настай хүний хэмжээнд хүрсэнтэй дүйцэх хэмжээний өөрчлөлт гарсныг тогтоожээ.

“Бидний гүйцэтгэсэн туршилт Ковидын хор нөлөөг сайн ойлгох, урьдчилан сэргийлэх, дараа дараагийн эмчилгээг үр дүнтэй болгоход тус болох юм” гэж профессор Менон тайландаа бичсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *