Categories
мэдээ нийгэм

Коронавирусийн тархалт буурах хандлага ажиглагдахгүй байна

Эрүүл мэндийн яамнаас титэм вирусийн тархалтын талаар мэдээлэл хийлээ.

ДЭМБын мэдээлэлж байгаагаар өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар нийт 24,483 хүн шинэ коронавирсийн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас баржээ.

Шинэ коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна дэлхийн 23 оронд нийт 159 тохиолдол илрээд байгаа бөгөөд нийт тохиолдлын 99 хувь БНХАУ-д бүртгэгдээд байгаа аж. Тиймээс халдварын бүс нутгаар зорчин явсан иргэд өөрийгөө тусгаарлаж биеийн байдлаа ажиглан эрүүл мэндийн байгууллагад хандахыг албаны хүмүүс зөвлөж байна. Уг халдвараар өвчлөөд байгаа хүмүүсийн 80 орчим хувийг 30-70 насныхан эзэлж байна. Түүнчлэн коронавирусийн халдвар илэрсэн 7,717 тохиолдолд дүн шинжилгээ хийхэд эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа юм. Тус халдвар нэг сартайгаас 99 нас хүртэлх бүх насныханд бүртгэгдээд байгаа талаар ДЭМБын мэргэжилтэн О.Ариунтуяа мэдээллээ.

Манай улсын хувьд шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Тэрээр Манай улсын хувьд шинэ коронавирусийн тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй. Гэхдээ бусад улс орнуудад халдвар нэмж бүртгэгдсээр байна. БНХАУ-аас ирж буй иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Энэ нь гаднын улс орноос дамжин орж ирэх эрсдэл өндөр байна гэсэн үг юм. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, шинэ коронавирусийн халдвар гарсан улс орнуудад зорчихгүй байхыг зөвлөж байна. Одоогоор Солонгос улсаас ирсэн Дархан-Уул аймгийн иргэнийг тусгаарлан оношилгоо хийж байгаа” гэлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Баярболд “Бид 2020 оны нэгдүгээр сарын 7-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд, эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлийн газруудад албан даалгавар өгөөд байгаа билээ. Мөн Мөн тодорхой давтамжтай хяналт, шалгалтыг явуулсаар байна. Хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон энэ хугацаанд хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлж, хариуцлага алдсан нэг аж ахуйн нэгжид торгуул оногдууллаа. Мөн хүнсний аюулгүй байдлыг хангахад анхааран ажиллаж байна” гэж мэдэгдлээ.

Шинэ коронавирусийн тархалт буурах хандлага ажиглагдахгүй байгаа тул ард иргэдийг амны хаалт зүүж хөдөлгөөнд оролцохыг ЭМЯаас зөвлөж байна.

Ч.ОЧИРРЭНЧИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *