Categories
гадаад мэдээ

Коронавирусийн дархлааг судлан тогтоов

Коронавирусийн халдвар авч эдгэрсэн хүмүүсийн эсрэг биетийн тоо өвчний дараахь эхний зургаан сард аажим буурч тогтворжин 15 сар хүртэл хэвийн хэмжээнд хадгалагдаж байгааг судалгааны дүн харуулжээ. Ийм дүгнэлтийг Швед, Итали, Герман, Швейцарь, БНХАУ-ын эрдэмтэд хийсэн байна. Эдгээр эрдэмтдийн судалгааны өгүүллийг “bioRxiv” цахим номын санд нийтэлжээ. Энэхүү судалгаанд “Ковид-19”-өөр хүнд, хөнгөн хэлбэрээр өвдсөн 136 хүний 188 цусны дээжийг хамруулсан байна. “Коронавирусийн халдвар авснаас хойш 15-28 хоногийн дараа “IgG” эсрэг биет болон эсрэг биетүүд агуулсан цусны сийвэнгийн дархлааны хариу урвал хамгийн өндөр түвшиндээ хүрч, дараа нь аажмаар буурч байсан боловч зургаан сарын дараа тогтворжсон” гэж судлаачид бичжээ. Тэдний мэдээлснээр, эсрэг биетүүд агуулсан цусны сийвэнгийн вирусийг саармагжуулах нөлөө нь анхны шинж тэмдэг илэрснээс хойш 15 дахь сар хүртэл үргэлжилж буйг судалгааны дүн харуулсан байна.

Вирусийн эсрэг дархлаа, ялангуяа санах ой бүхий В эсүүд эдгэрсэн хүмүүсийн цусанд удаан хугацаагаар хадгалагддаг боловч хурдан тархалттай “дельта” зэрэг зарим хувилбарууд сийвэн дэх эсрэг биетүүдийн саармагжуулах нөлөөнд зарим талаар дарангуйлагдахгүй байж магадгүй байгаа гэнэ. Судалгааны дүнгээр “бета”, “гамма”, “дельта” хувилбаруудыг эсэргүүцэх эсрэг биетийн чадвар тодорхой хугацаанд “альфа” омгоос 8-16 дахин сул байжээ. “Альфа” хувилбарыг эсэргүүцэх эсрэг биетүүд агуулсан сийвэнгийн нөлөө өвчтөнүүдийн 87 хувьд нь халдвар авснаас хойш 6-15 сарын дараа бүртгэгдэж байсан аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий даяар цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний тоо 238 521 855 болж, 4 863 818 хүн нас бараад байгаа юм.

TASS

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *