Өнгөрсөн өвлөөс хойш ган үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний үнэ олон улсын зах зээл дээр 80%-иар өсч 140 ам.долларт хүрээд байгаа юм. Харин долоодугаар сараас наймдугаар сарын хооронд Австралийн коксжих нүүрсний үнэ 40%-иар өссөнийг “Metal Bulletin” зах зээл судалгааны байгууллага мэдээлжээ. Коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний үнэ сүүлийн саруудад ихээхэн өсөлттэй байгаа нь шинжээчдийн дэвшүүлж байсан төлөвөөс хавьгүй эерэг үзүүлэлттэй болоод байгаа юм.
Дэлхийн зах зээлд уг түүхий эдийн эрэлтийн өсөлт саарч нийлүүлэлт нэмэгдэх тул үнэ ханш цаашид доогуур түвшинд хадгалагдана гэж шинжээчид тооцоолж ирсэн. Монголын нүүрсний хувьд зах зээлийн үнийн өсөлтөөс үүдэн экспортын ханш өсөх байдал төдийлөн харагдаагүй хэвээр. Энэ нь Монголын нүүрс ихэвчлэн Хятадын хойд хэсэг буюу Өвөрмонголын харьцангуй хямд үнэ ноёлсон зах зээлд нийлүүлэгддэгээс гадна нүүрсний худалдааны гэрээг улирлаар эсвэл түүнээс дээш хугацаагаар хийдэгтэй холбоотой аж. Түүнчлэн нүүрсний худалдааны нэг сувагтай болохгүй бол дотоодын уурхайнуудын “үнэ ханшаа буулгадаг” өрсөлдөөнөөс үүдэн нүүрсний үнэлгээгээ өсгөх нөхцөлийг хязгаарлаж буй нь үнэн юм.
“Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г. Батцэнгэл өөрийн твиттер хуудаснаа “Олон улсын зах зээлийг дагаад нүүрсний үнээ 15 ам.доллараар өсгөх гэж үзлээ. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” улирлаар нь үнээ 25 доллар дээр фикс хийцэн гээд “янаглаж” байна даа.” “Хятадын нүүрсний ченжүүд Монголд орох орлогоос “хусаад” байна гэж олон жил жиргэсэн.
Үнэхээр ч нүүрсний худалдааны салбарт дагнаж ажилладаг Winsway компани өчигдөр мэдээлсэн оны эхний хагасын тайландаа Монголоос нүүрсийг тонн тутмыг дунджаар 296 юаниар аваад Хятад руу борлуулахдаа дээр нь 199 юань нэмж 495 юаниар худалдсанаар ашгийн хэмжээ ихээхэн нэмэгдсэн тухайгаа тэмдэглэжээ. Өмнөх оны эхний хагаст Winsway компани Монголоос авсан нүүрсээ цааш борлуулахдаа тонн тутамд 65 юань нэмж байжээ. Winsway (нэрээ саяхан E-Commodities Holdings болгож өөрчилсөн) нь тайлант хугацаанд Монголоос нийтдээ 2.17 сая тонн нүүрс тээвэрлэн авч (үүний 90% нь Тавантолгойн нүүрс), үүний 1.78 сая тонныг эцсийн хэрэглэгчдэд борлуулсан байна. Өнгөрсөн оны мөн үед тус компани Монголоос ердөө 0.33 сая тонн нүүрс авч байжээ. Ийнхүү өмнөх оны эхний хагаст 1.78 тэрбум хонконг долларын алдагдал хүлээсэн Winsway энэ оны эхний хагас 4.7 тэрбум хонконг долларын орлоготой, 2 тэрбум хонконг долларын ашигтай ажилласнаа дуулгажээ.