Categories
мэдээ цаг-үе

Кокс, ган төмөрлөгийн үйлдвэр нүүрсээ Таван толгойгоос, төмрийн хүдрээ Сэлэнгэ, Хэнтийгээс авна

“Эрдэнэс стийл” компанийн Говьсүмбэр аймгийн Баянтээл сумын нутагт барих Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл батлаад байна. Компанийн зүгээс төсөл хэрэгжүүлэх болсон үндэслэлийг “Монгол Улс жилд 7.4 сая.тонн төмрийн хүдэр, 35.7 сая.тонн коксжих нүүрсийг түүхий, хагас боловсруулсан байдлаар гадаадад гаргаж байна. Нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага бий” хэмээн тайлбарлалаа.

Төсөл хэрэгжсэнээр уул уурхайн салбарын олборлолтоос гарсан коксжих нүүрс, төмрийн хүдрийн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх боломж нээгдэнэ гэж компанийн зүгээс тайлбарлав.

Ирээдүйд өрнөх нь тодорхой бүтээн байгуулалтын хөтөлбөрүүд хэрэгжсэнээр төмөрлөг бүтээгдэхүүний хэрэгцээ жилд нэг сая.тонн-д хүрч, барилгын арматурын хэрэгцээ одоогийнхоос 70 хувиар өсөх тооцоо гарчээ. Өнөөдрийн байдлаар барилгын арматур, бусад цувимал бүтээгдэхүүний 97 хувийг өмнөд хөршөөс импортоор хангаж байгаа. Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр үүдээ нээвэл импортын хараат байдлаас гарах, барилгын арматурын импортын хэрэглээг багасгаж хэрэгцээт зах зээлийн тодорхой хувийг дотоодоосоо хангах боломж бүрдэх юм байна.

Үүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулж буй хаягдал төмөрт суурилсан гангийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглахын тулд дахин боловсруулах ширэм болон чанарын шаардлага хангасан ган бэлдэцээр хангах шаардлага байгаа аж. Энэ төсөл болон төмөрлөгийн үйлдвэрийн бусад томоохон төслүүд хэрэгжсэнээр коксын дотоодын хэрэглээ нэмэгдэх хандлага ажиглагджээ.

Цогцолбор үйлдвэр жилд 500.000 тонн кокс, 300.000 тн ган үйлдвэрлэх гэнэ. 1500 орчим ажлын байр шинээр бий болох тооцоо гаргажээ. ТЭЗҮ-ийн дагуу үйлдвэрлэлийн түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрс, шатаасан шохой, доломит, жонш зэргийг хүлээн авч боловсруулалт хийж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь. Шинээр байгуулах 179 м3 домен зуух, 25 тонн-ын конвертерын зуух, 25 тонн шанаган зуух нь өндөр бүтээмжтэй, хайлалтын хугацаа богино, автоматжуулагдсан байна гэсэн өгүүлбэр ТЭЗҮ дээр дурайж байна. Мөн тоос, утаа цэвэрлэх орчин үеийн байгууламжтай байх зураг гарчээ. Цутгамал бэлдэцийг дахин халааж цувин D10-D32 мм голчтой цувимал ган туйван буюу арматур, D3-D8 мм голчтой өндөр бат бэхтэй ган утас, хэлбэржүүлсэн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж ТЭЗҮ-д онцолжээ. Хэлбэржүүлсэн цувимал бүтээгдэхүүн гэдэг нь булан төмөр, швеллер, двутавр зэрэг юм байна.

Коксын үйлдвэр жилд 500 мянган тонн металлургийн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай гэж өмнө дурдсан. Үйлдвэрт 5.5 м өндөртэй, 52 ширхэг уламжлалт буюу дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх коксын батарей суурилагдах аж. Жилд нэг сая тонн орчим түүхий нүүрсний хольцыг боловсруулж металлургийн кокс үйлдвэрлэхийн зэрэгцээ давирхай, хүхэр, аммиак, сульфат бензол зэрэг химийн үйлдвэрийн суурь бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө гарчээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин хангах 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, 2х40 МВА дэд станц, салаа төмөр зам, үйлдвэрийн дотоод зам, үйлдвэрлэлийн явцад ялгарах домены болон коксын хийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх 12.5МВт чадал бүхий цахилгаан станц, усан хангамжийн байгууламж, гадны тоосгүйжүүлэх систем, цэвэрлэх байгууламж, хүчилтөрөгчийн станц зэрэг туслах цех, хэсэг, байгууламжуудын бүтээн байгуулалт өрнөнө гэж төсөлд тусгажээ.

Төслийн түүхий эдийн хувьд коксжих нүүрсийг Таван толгойн орд, төмрийн хүдрийг Хэнтий аймгийн Баргилтын төмрийн хүдрийн орд, Сэлэнгэ аймгийн Баянгол ордуудаас авахаар тооцжээ. Төмрийн хүдрийг цаашид Чойрын бүлэг ордоос нийлүүлэх боломж ч байгаа бололтой.

Төсөл хэрэгжсэнээр хэд хэдэн давуу тал үүснэ гэж төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс онцоллоо. Давуу талуудыг дахин дурдахад эх орны төмөрлөгийн үйлдвэрүүдийн хэрэглээг металлургийн коксоор, боловсруулах үйлдвэрүүдийг ган болон ширмэн бэлдцээр бүрэн хангах боломжтой бүрдэхээс гадна зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нэмүү өртөг шингэсэн шинэ төрлийн эцсийн бүтээгдэхүүн болох ган цувимал үйлдвэрлэнэ.

Жилд 900 мян.тонн коксжих нүүрсний дотоодын байнгын хэрэглээг үүсгэснээр, Монгол орны коксжих нүүрсний үнэлэмж дээшилнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолж байна. Мэдээж Монголд коксжих нүүрс, төмрийн хүдрийг бүрэн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх кокс, металлургийн цогцолбор үйлдвэр бий болох нь хамгийн том давуу тал юм.

Кокс, химийн үйлдвэрийн тухайд коксжих нүүрсийг боловсруулан ашиглах технологи нь дэлхий нийтэд түгээмэл тархсан уламжлалт үйлдвэрлэл юм байна. Үндсэн бүтээгдэхүүн болох металлургийн кокс нь хар ба өнгөт металл хайлах үйлдвэрийн үндсэн чухал түүхий эдүүдийн нэг болдог аж. Коксын үйлдвэрлэл нь металлургийн салбартай салшгүй уялдаатай гэж салбарынхан онцолдог. Дэлхийн бусад оронд эдгээр хоёр үйлдвэрлэл зэрэгцэн хоршиж ажиллах нь кокс, химийн үйлдвэрийн хамгийн түгээмэл хэлбэр аж.

Бүтээн байгуулалт нь 3.6 жил үргэлжилнэ гэж буй уг цогцолбор үйлдвэр жилд дунджаар 87.7 тэрбум төгрөгийн татвар хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тооцоо гарчээ.

Төслийнхөн алсын хараагаа “Монгол Улсын кокс, хими, төмөрлөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт манлайлагч байж, энэ салбарын үйлдвэрийн мэргэжлийн загвар үйлдвэр болно” хэмээн тодорхойлжээ. Харин эрхэм зорилгоо “Эрдэс баялгийн нөөцөд тулгуурлан кокс, төмөрлөгийн үйлдвэрийг цогцолбор хэлбэрээр, түүхий эдийн нөөц, ашигт малтмалын ордыг түшиглэн барьж байгуулах, үндэсний стандартад нийцсэн ган төмөрлөгийн бэлдэц, бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, экспортыг дэмжихэд оршино” гэж тодотгожээ.

Ц.СҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *