Categories
мэдээ нийгэм

Кирилл үсгийн хөшөөний нээлт боллоо

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев манай улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд өчигдөр Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийн урд талбайд сүндэрлэх кирилл үсгийн хөшөөний нээлтэд оролцов.

Уг арга хэмжээнд мөн УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Монгол Улсаас Болгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Л.Дүгэржав нарын албаны хүмүүс оролцлоо. Кирилл үсэг нь Болгар Улсаас үүсэлтэй бөгөөд одоогийн байдлаар Монголчуудын хэд хэдэн үеийг дэлхийн соёл иргэншилтэй танилцуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн хэмээн үздэг байна. Мөн уг үсгийг хэрэглэж, хүн ард нь 100 хувь бичиг үсэгт тайлагдсан славян бус цорын ганц улс нь Монгол Улс гэж тооцогддог аж. Энэ байдалд үндэслэн Монгол Болгарын харилцааг гүнзгийрүүлэх үүднээс тус хөшөөг Улаанбаатар хотноо босгох ажлыг Болгар-Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүд болон Болгарын археологич, профессор Николай Овчаров нарын зэрэг хүмүүс санаачилсан аж. Монгол, Болгар улсын соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монголын ард түмнийг соён гэгээрүүлж, хөгжлийн замд түүчээлсэн кирилл үсэг ийнхүү хөшөөтэй боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *