Энэ сарын 27-нд Киргиз, Тажикистаны хилчдийн хооронд буудалцаан болсон бөгөөд Киргизийн хилийн албаны мэдээлснээр, Тажикистаны цэргүүд гранат, мина харвагч ашиглажээ. Киргизийн Исфана, Баткен хотыг холбосон замыг Тажикийн цэргүүд хаасан нь мөргөлдөөн эхлэх шалтгаан болсон байна. Киргиз, Тажикистан улсуудын төлөөлөгчид гал зогсоох тохиролцоонд хүрч, хилийн мөргөлдөөн болсон газраас цэргийн нэмэлт хүчээ татахаар тохиролцжээ. Энэ тухай “Талууд гал бүрэн зогсоож, хилийн бүсээс цэрэг, зэвсгээ татах, Баткен-Исфана авто зам дагуух хөдөлгөөнийг нээх, хуулийн дагуу эргүүл хийх, дахин мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Киргиз, Тажикистаны хууль сахиулах байгууллагуудын ажилтнууд хил орчмын бүс нутагт хамтарсан эргүүл хийх талаар тохиролцлоо” гэж Киргизийн Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны Хилийн албаны мэдээлэлд дурджээ.Хоёр улсын төлөөлөгчид уулзалтын үеэр цэргүүдийн мөргөлдөөн эхэлсэн Торт-Кочо бүсэд очсон байна. Хэлэлцээнд Киргизийн Баткен муж, Тажикистаны Согд мужийн захирагчид, мөн хоёр улсын хилийн алба, хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид оролцжээ. Киргиз, Тажикистаны хил нь үе үе нутгийн оршин суугчид болон хилийн цэргүүдийн хоорондох мөргөлдөөний бүс болдог. Хоёр улсын 970 км урт хилийн шугамын бараг тал хувь нь Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байх үеэс нарийн тогтоогдоогүй үлдсэн нь ийнхүү 30 орчим жил маргаан зөрчлийн үндэс болсоор иржээ.Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын сүүлчээр оршин суугчдын зөрчил хоёр улсын цэргүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болон хувирсан юм. Тухайн үед Киргизийн талаас 36 хүн амиа алдаж, 200 орчим хүн шархадсан бол Тажикистаны талаас 19 хүн амиа алдаж, 87 хүн гэмтэж шархадсан аж. Түүнчлэн 300 гаруй байшин, дэд бүтцийн байгууламжууд сүйдсэн байна.
Олон улсын шинжээчид ОХУ-ын цэрэг Украинд довтолбол Сири болон Кавказын нуруунд Лалын улс бүлэглэл, талибан хөдөлгөөнүүд идэвхижих төдийгүй ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан “стан” улсуудын зөрчил “сэдрэнэ” гэж үздэг бөгөөд энэ нь ч баримтуудаар нотлогдсоор байгаа юм.