Categories
гадаад мэдээ

Хятадын илүүдэл жинтэй хүмүүсийн тоо АНУ-ын хүн амаас их гарчээ

Хятад улсын эдийн засаг тэлэхийн хэрээр хүн амынх нь илүүдэл жин нэмэгдэж байна. БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн судалгаагаар тус улсын насанд хүрэгчдийн талаас илүү буюу 50,7 хувь нь илүүдэл жинтэй байгаа аж. Энэ нь сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн тоо бөгөөд 1,4 тэрбум хүн амтай улсын хувьд илүүдэл жинтэй иргэд нь АНУ-ын нийт хүн амаас давжээ.

Илүүдэл жинтэй насанд хүрэгчдийн хувь 2002 онд 29,9 байсан бол 2012 онд 42 хувьд хүрсэн байна. Эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн орлогч дарга Ли Бин “Хот хөдөөгийн аль ч насны иргэдийн дунд таргалалт, илүүдэл жингийн түвшин нэмэгдэж байна” хэмээжээ.

Улс орны эдийн засгийн хурдацтай өсөлтийн улмаас хүмүүсийн хоолны дэглэмд өөрчлөлт гарч илүүдэл жинтэй болох үндэс тавигдсан гэж судлаачид үзэж байна. 1950-1960 оны үед Хятад улс өлсгөлөнгийн улмаас 45 сая хүнээ алдаж байсан түүхтэй бөгөөд 1993 он хүртэл иргэд Засгийн газраас өгсөн хүнсний талоныг ашиглаж байв.

Харин одоо тус улс дахь хүнсний хомстол арилж, иргэд хүссэн хоолоо идэж байгаагийн дээр хүнсний хог хаягдал нэмэгдсэн нь Ши Жинпиний санааг зовоогоод байгаа аж. Иймээс өнгөрсөн мягмар гарагт хүнсний хог хаягдлыг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан билээ. Илүүдэл жинтэй байх нь цусны даралт ихсэх, чихрийн шижин зэрэг өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 4 сая хүн таргалалтын улмаас нас барж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *