АНУ, Их Британи болон Австрали улс аюулгүй байдлын салбарт шинэ түншлэл байгуулахаар тохиролцлоо гэж Их Британийн Ерөнхий сайдын Хэрэг эрхлэх газраас мэдээлэв.
“AUUKUS” буюу Австрали, Их Британи, АНУ гэсэн нэрний товчлолоор нэрлэгдэх энэхүү шинэ эвслийн зорилго нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт энэ гурван улсын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад чиглэх юм байна. Энэхүү шинэ түншлэлийн талууд батлан хамгаалах болон гадаад бодлогын байгууллагуудын шугамаар мэдээлэл солилцох, кибер орон зай, хиймэл оюун ухаан болон бусад технологийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр төлөвлөж байна.
“AUUKUS нь аюулгүй байдал, батлан хамгаалахтай холбоотойшинжлэх ухаан,шинэ технологи, аж үйлдвэрийн хүрээнд илүү боломж бий болгоход тус дөхөм болно” гэж Их Британийн Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газрын мэдэгдэлд дурджээ.
“Батлан хамгаалахын шинэ түншлэлийг бий болгож, ажлын байр, хөгжил цэцэглэлтийг хангаснаар гурван улсыг урьд өмнө байгаагүйгээр улам ойртуулна” гэж Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон мөн онцлон тэмдэглэсэн байна.
Энэхүү түншлэлийн хүрээнд АНУ цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээх технологио Австрали улсад шилжүүлэн өгөхөөр болсон бөгөөд ийнхүү Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын эсрэг шинэ түншлэл буюу шинэ эвсэл албан ёсоор байгуулагдав.
Г.АМАРСАНАА