Хятад, Умард Солонгос таван сарын турш түр зогсоогоод байсан хил дамнасан ачааны галт тэрэгний хөдөлгөөнөө сэргээсэн гэж Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх яам өнөөдөр мэдээлжээ.
Хятадын Даньдун хотоос хөдөлсөн ачааны галт тэрэг Умард Солонгосын Синыйжу хот руу хоёр хотыг холбосон гүүрээр нэвтэрсэн талаар “Yonhap” агентлаг урьд нь мэдээлээд байсан юм.
Үндэстнээ нэгтгэх яамны хэвлэлийн төлөөлөгч Чо Жун Хуны мэдээлснээр, Умард Солонгос, Хятадын тал албан ёсоор хараахан батлаагүй байгаа ч тус улсуудын хоорондох ачааны галт тэрэгний хөдөлгөөн өнөөдрөөс сэргэсэн байна.
Хятадын Даньдун хотод “COVID-19” халдвар тархсантай холбоотойгоор Умард Солонгостой тохиролцсоны дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 29-нөөс галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоогоод байжээ.