Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Хямралыг зөөллөх зарим боломжит хувилбар

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

(Инвэст Монголиа чуулга уулзалтад хэлсэн үг)

Хоёр сарын өмнө болсон сонгуулиар МАН ялалт байгуулж Монголын хууль тогтоох инстүүцид үнэмлэхүй олон суудал авлаа. 1992, 2000, 2008, 2016 онд МАН, 1996, 2004, 2012 онуудад АН сонгуульд ялж байсан, өөрөөр хэлбэл, монголчууд дөрвөн жил тутамд голлох хоёр улс төрийн хүчинд ээлжлэн санал өгсөөр ирлээ. Энэ бол гаж үзэгдэл биш, харин Монголд төрийн инстүүчлэл төлөвшөөгүй учир бүхий л бодлого, чиглэл, төсөл, арга хэмжээ орвонгоороо 180 хэм өөрчлөгддөг нь самуурал юм. Төрийн чиглэсэн нэгдсэн бодлого, төрийн бодлогын залгамж чанар байдаггүй нь сонгогдсон улстөрчдөд юуг ч самрах эрх олгодог тогтолцоотой холбоотой. Төлөвшсөн төр төрийн тогтвортой аппарат дээр тогтдог болохоос дөрвөн жил тутам солигддог “зочин” улстөрчдийн сэтгэлийн хөөрөл дээр тогтдоггүй учиртай.

Сонгуулийн дүн гарсны маргаашаас бүхий л аж ахуйн нэгж, хувиараа биенес эрхлэгчдээс авахуулаад Гадаадын хөрөнгө оруулагчид (ГХО) хүртэл шинэ Засгийн газар ямар бодлого зарлаж ямар арга хэмжээ авахыг хүлээсээр бүтэн сар болоход эрх баригчид томилгоо хийгээд таг суучихав. Нийгэм тэр чигээрээ хүлээлтэд байсан. Үүний эцэст Засгийн газар дампуурснаа зарлаж, төв банк улсын нөөцгүй, тэрбайтугай хасах баланстайгаа баяр хөөртэйгөөр мэдэгдсэнээр зах зээлийг доргиож, нийгэмд гүн цочрол үүсгэв. Авлагатай этгээд өртнөө дэфолт гэж зарлах нэг өөр, өөрийгөө зарлах бас өөр. Өртөн өөрийгөө дэфолт гэж хүлээн зөвшөөрснөөр шаталсан нуралт болж авлагатай болгон Монголыг дэфолт гэж зарладаг. Эм Эм Си компанийг авлагатнууд нь дэфолт гэж зарласан боловч уг компани үүнийг үл зөвшөөрч нэмэлт зээл болон бусад гарцыг хайсаар явна. Монголбанк өөрийгөө хасах нөөцтэй хэмээн эдийн засгийн хэллэгээр хачирхалтай мэдэгдэл хийснээр монгол төгрөгт маш хүчтэй цохилт өгөв. АН сүүлийн дөрвөн жил буруу бодлого явуулсан байж болох ч тэднийг дарахын тулд улсаа хорлож болохгүй л дээ. Үлгэрлэвээс, гэрт дүүрсэн жоомыг устгах нь зөв ч үүний тулд амьдардаг байшингаа шатааж болохгүй.

Засгийн газраас татвар нэмэх, татварын тогтолцоог өсөн нэмэгдэх шатлалд шилжүүлэх, цалин бууруулах зэрэг арга хэмжээ авахаар зарласан нь тэртэй тэргүй биелэх боломжгүй, нөгөөтэйгүүр нийгмийн уур амьсгалыг өдөөн хатгасан, далд эдийн засгийг өөгшүүлсэн арга хэмжээ болно. Амиа хорлосон, галаар наадсан ийм цочмог арга хэмжээ нь нийгмийн тогтворгүй байдал ч үүсгэж болох аюултай.

Гэвч Засгийн газраас авахаар зарласан зарим арга хэмжээ нь зөв зүйтэйгээр барахгүй нэлээд зоримог санаа байлаа. ДНБ-д эзлэх халамжийн хэмжээ нь дэлхийн дунджаас 2-3 дахин их болчихоод байгаа утга учиргүй халамжийг танах, авлига, шамшигдуулал, үрэн таранг дэмжсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр хэмээх мөнгөний арангыг зогсоох, ГХО-тай хамтарсан нэрээр хувьцааг нь авчихаад авдартаа хийгээд мартчихсан ямар ч үнэлэмж тогтоогүй хувьцааг бирж дээр гарган үнэ тогтоож худалдах зэрэг санаачилга нь хямралыг зөөлрүүлэх бодитой алхам болох юм.

Бараг дан ганц уул уурхай дээр тогтдог, нийт хэрэглээнийхээ үнэмлэхүй ихэнхийг импортоор хангадаг Монголын эдийн засаг одоо байгаа эдийн засгийн тогтолцоогоо хэвээр хадгалсаар байх ахул хямрал цааш дор хаяхад таван жил үргэлжилнэ гэж ихэнх мэргэжилтнүүд үзэж байна. Хэрэв хямрал удаан хугацаагаар үргэлжилбэл хүмүүс үүнд дасч эхэлдэг, луйварчин дээрэмчин, зальхай хүмүүс үүнийг ихээхэн ашиг унагах бизнес болгож, хямралаас гарах бүхий л арга замыг хаан боогдуулж эхэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, хямралаас одоохон гаргана гэсэн уриатайгаар улам хямруулж дундаас нь ашиг унагадаг бүлэглэл үүснэ. Байж боломгүй хямд, хүн үнэмшимгүй ашигтай, Монголыг ердөө л маргааш гэхэд хямралаас гаргах нигуртай төсөл төлөвлөгөө санаачлагчид маш олноороо гарч ирэн, сурталчилж, дарамталж олныг дагуулах болно. Иймээс одоо байгаа эдийн засгийн тогтолцоо, журам, хэв маягаа ухаалаг бөгөөд зоримог өөрчилж хямралыг даван туулах, зөөллөх арга хэмжээ авна уу гэхээс ойрын хугацаанд хямралаас бүрэн гарах тухай ярих нь хэтийдсэн мөрөөдөл болно. Хямралыг зөөллөх, ингэснээр даван туулах арга хэмжээний тухай өөрийн бодлыг энд санал болгохоор би энд ирсэн юм аа.

УУЛ УУРХАЙ. Дагнасан нүүдлийн мал аж ахуйд түшиглэж байсан Монголын эдийн засаг 1970-аад оны дундаас уул уурхайн аж үйлдвэрээс илүүтэй хамаарах болсон. Сүүлийн 10 жилд ДНБ 10 дахин өссөн нь хөрш Хятадын эдийн засгийн огцом өсөлт, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн цочмог өсөлт, энэ чиглэлээр ГХО ихээр орж ирсний ач буян билээ. Одоо ч хямралтай нүүр тулаад байгаа нь уул уурхайн үйлдвэрлэлийн уналттай холбоотой. Уул уурхайн аж үйлдвэрлэлийг сэргээхийн тулд юун түрүүн нэгэнт хөөгөөд шахаад гаргасан ГХО-ыг дахин урьж залах шаардлагатай. Өдгөө уул уурхай нь өндөр технологи, нау хау, техникийн шийдэл болсон учир энэ салбарт бид нэн хоцрогдолтойгоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүрздээд цагаан хэрэм давуулж шиддэг технологи аль XIX зуунд өнгөрсөн.

Юун түрүүн өнөөдөр Монголд үлдэж хоцорсон дорвитой уул уурхайн үйлдвэрлэл гэвэл Оюу толгой, Гацууртын алтны уурхай хоёр л үлджээ. Одоо өмнө нь ГХО-ыг хөөж гаргасан алдаагаа засахын тулд ГХО-ыг шинэ Засгийн газар байтугай ерөөс Монголын төр дэмжиж байгаагаа сурталчлах төдийгүй нотлох шаардлагатай. Оюу толгойн 34 хувийг УИХ-ын шийдвэрээр найман жилийн өмнө Монголын тал авсан боловч үүнийгээ тэтгэх, бирж дээр гаргах, үнийг нь тогтоох болон бусад бөөцийлөл хийлгүй таг мартсан учир үхмэл хөрөнгө болжээ. Үүнийг юун түрүүн яаралтайгаар олон улсын бирж дээр гаргах шаардлагатай. Гацууртын хэмээх 70 гаруй тонн алттай ордод хөрөнгө оруулахаар Канадын компани хэдэн жил хүлээж байгаа боловч одоо болтол гацсаар буй. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл Канадын Ханрэсорс компанийн нэгэн адил арбитражийн шүүхэд очин олон сая доллараар торгуулах болно. Хамгийн гол нь монголчууд ГХО-аас зайлсхийдэг, гадны компанийг хохироодог гэдгийгээ улам батлах болно.

ГХО-ыг хяхан боох, эргүүлж хулхидах, дээрэмдэх явдлаа зогсоож нэгэнт хийсэн гэрээгээ зөрчихгүй явуулмаар байна. Наад захын жишээ хэлэхэд, хуучны Монголболгаргео компанийн мэдлийн ордын Монголын талд ноогдох 50 хувийг Засгийн газар 2009 онд гадаадын өөр компанид 2,4 сая доллараар зараад мөнгөө авчихсан. Гэвч долоон жил өнгөрөөд байхад шинэ эзэндээ шилжээгүй, одоо болтол “эх орончид” эзэгнэж байгаа. Алив хөрөнгө, тэр дундаа ГХО-ын хөрөнгийг хамгаалах нь төрийн үүрэг. Ийм жишээ олон бий. Төр хөрөнгө хамгаалах үүргээ биелүүлэхгүй бол ийм аймаар газар хэн гаднаас өөрийн хөрөнгөө оруулах юм бэ. Ер нь Монголын төрийг төлөөлж Засгийн газартай хийсэн алив гэрээ хэлэлцээ, санамж бичгийг дараагийн Засгийн газар заавал хэрэгжүүлж байх хууль хийгээд одоо гацаанд орчихоод байгаа ГХО-ын олон гэрээ хэлэлцээрийг сэргээх хэрэгтэй. Ингэж байж ГХО-ыг хүндэтгэх болсон, гэрээ хэлэлцээр хийсэн бол Монголын тал үүргээ биелүүлдэг болж байгаа гэдгээ алхам алхмаар нотлох юм.

Өнөөдөр манай дэлхий дайны өмнөх төлөв байдалд оржээ. Ийм тогтворгүй байдалд улс болгон баялгаа алт болгон нөөцлөх хандлагатай байдаг. Чингэвэл алтны үнэ өснө. Монгол Улс жилд хичнээн хэмжээний алт олзворлодог нь мэдэгддэггүй. Алтны 68 хувийн татвар буй болохоос өмнө бараг 20 тонн алт олзворлож байлаа. Гэнэтийн ашгийн татварын дараа алт олзворлолт болон борлуулалт нь далд бизнес болж, хууль бус бүлэглэлийн гарт орсон. Энэ нь олон хүний амь нас, эрх чөлөө, цус нулимсаар бүтэн, нэгэнт хэлбэршсэн учир төрөөс ямар ч хөнгөлөлт амлаад амар ил гарахгүй. Олзворлож буй алт төв банкаар дамждаг урсгалыг сэргээвэл энэ нь валютын томоохон эх үүсвэр болох нигуртай. Зарим мэдээгээр өдгөө жилд 30 орчим тонн алт олзворлодог байж магадгүй. Цагдаа болон тагнуулын байгууллагын оролцоотойгоор эдгээр хууль бусаар гадагш гарч буй алтны урсгалыг зогсоох арга хэмжээ аван төв банкаар дамжуулах урсгалыг нь дахин амилуулмаар байна. Ингэснээр нинжа гэж нэрлээд байгаа хууль бус үйлвэрлэлийг зогсоож, гэмт хэргийн томоохон үүр болсон тогтолцоог нураан, нийт эдийн засагт хууль ёсны томоохон салбарыг нээх юм. Гэхдээ энэ нь алт олзворлогчдыг баривчлаад хориод хураагаад бай гэсэн үг биш, далдыг нь ил гаргая гэсэн санаа гэдгийг зөвөөр ойлгох буй заа.

Геологийн хайгуул бол аль ч улс орны далд баялгийг нээж зах зээлд гарах бололцоог нь нэмэгдүүлдэг. Чухам үүний хүчээр зээлжих баталгаа нь нэмэгдэж улс орны зах зээлийн үнэлэмж сайжирдаг. Геологийн хайгуулийг аль болох хямд, хүнд сурталгүй, амар дөт хийлгэж шанд нь мэдээллийг нь төр авч хоцордог. Өдгөө Монголын газар нутгийн ердөө 20 орчим хувь нь геологийн заримдаг хайгуулд хамрагдсан. Монгол орон үнэндээ аль зэрэг баялагтай нь хэнд ч тодорхой мэдэгдээгүй байна. Энэ болгон ил болох тусам улс орны хөгжлийн ирээдүй тодорхой харагддаг. Ашиглалтын гэрээ, хэн хэрхэн яаж ашиглах нь дараагийн асуудал. Тэгвэл яах юм, тэгчихвэл ингэчиж мэднэ гэх мэтийн монгол хардлагаасаа салж энэ дэлхийд ямар жишиг байна түүнийг л дагах учиртай. Геологийн хайгуулиа хориглон хаадаг тийм улс орон өнөөгийн дэлхийд элбэггүй байх аа. Францын төрийн өмчит компани “Ариава” Монголд ураны хайгуул хийгээд хориод жил болж байна. Гадаадаас санхүүжилттэй монгол эх орончид хорин жил тэднийг зовоож байна. Монголын төр хууль ёсны гэрээ хэлэлцээр хийж оруулж ирсэн мөртөө тэдний хөрөнгийг хамгаалах байтугай нийлж дээрэмдэн хулхидсаар. Тэд арбитрын шүүхэд хандвал тэрбумаар тооцогдох торгуульд орно. Төр хөрөнгө хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй, мэргэшсэн рэкэтчидээ хуулийн хүрээнд захирч чаддаггүй юм бол ийм эрсдэлтэй хэлцээ эхнээсээ хэнтэй ч хийх хэрэггүй. Сүүлд нь торгуулийн өрөнд л орохын нэмэр шүү дээ. Уг нь Монголд байгаа боломжит ашигт малтмалаас сүүлийн үед үнэд ороод буй ганц нь уран. Ганц жилд үнэ нь 30 хувиар өсчээ.

ХУВЬЧЛАЛ. 1990-1992 мөн 1996-2000 оны хооронд Монголд хувьчлал өргөн далайцтай болсон. Үүний хүчинд ДНБ-ий бараг 80 хувийг хувийн сектор бүрдүүлэх болжээ. 2004 оноос уул уурхайн их бүүмээс болж төр гэнэт цатгалдан баяжсанаас болоод төрийн өмч дахин ДНБ-д эзлэх хувиа огцом нэмсэн боловч эдийн засгийн өгөөж нь улам багассан билээ. Улсын үйлдвэрлэлийн дөнгөж 20 хувь нь ашигтай ажиллаж байна хэмээн 2013 онд Ерөнхий сайд мэдэгдэж байлаа. Ядахнаа ашиггүй ажиллаж байгаа тэр 80 хувиа үнэ дуудан зарах хэрэгтэй байна. Энэ нь хямралын үед юунд зарцуулахаа мэдэхгүй түгжигдсэн мөнгийг эргэлтэд оруулахаас эхлээд үйлдвэрлэх тутмаа төсвөөс мөнгө идэж байгаа олон обьектоос төр салах төдийгүй хувьд очоод ашигтай ажиллахаараа татвар төлөгчийн тоог нэмнэ. Хамгийн эерэг үзүүлэлт нь “хүн өөрийнхөө юмыг хулгайлдаггүй” гэдэг энгийн үнэнд оршино.

Үүнд юун түрүүн МИАТ, Цахилгаан станцууд, улсын мэдэлд байгаа уул уурхайн ордууд хамаарна. МИАТ нь зах зээлд монополь эрх тогтоож, бусад өндийх гэсэн хувийн шинэ компаниудад үхлийн цохилт өгч байдаг, өндөр үнэ өртгөө хамгаалсан, үүндээ гадаадын ганц компанитай хуйвалддаг гэмт хэргийн шинжтэй үүр болжээ. Энэ сүлжээ олон жил амь бөхтэй оршиж буй учир наад зах нь Монголд жуулчлал хөгжих бололцоог хаасаар ирлээ. Цахилгаан дулааны үнийг чөлөөлөлгүй өдий хүрснээр энэ салбар байнгын алдагдал эндэгдэлд өртөн өөрийгөө хөгжүүлэх бололцоогүй явсаар ирлээ. Станцааа харамлаад байвал менежмэнтээр хувьчлаад түгээлтээ бүрэн хувьчилчихвал ядахнаа л тог хулгайд алдах нь эрс багасна шүү дээ. Улс чадахгүй байж бас уурхайчин болох хэрэг байна уу, татвар роялтигаа аваад явбал болно. Монголын төр өөрөө нинжа болчихсон байдлаасаа үтэр түргэн салмаар. Үүний тулд юун түрүүн эдгээр салбарт үнийн чөлөөлөлт хийхгүй бол ямар ч ахиц гарахгүй.

ТАТВАР. Монгол Улс 2007 оноос ойлгомжтой 10 хувийн татвартай болсон. Энэ нь дэлхийн хамгийн сайн татварын тогтолцооны нэг. Анх Хонгконг ойлгомжтой долоон хувийн татвартай болж байв. 1991 оноос шаталсан татварын тогтолцоотой явж үүнийгээ янз бүрээр өөрчилж үзсэн боловч татварын орлого нэмэгдэж байгаагүй. Орлогын хэмжээгээр татварын хувийг нэмэхээр компаниуд өөрийгөө хуваан задлах гэх мэтээр зайлсхийх янз бүрийн арга хэрэглэдэг.

Иргэн бүр татвар төлөх ёстой гэсэн зарчмыг хатуу баримталж татварын орчинг өргөтгөх арга хэмжээ чухал. Өнөөдөр Монголд 90 орчим мянган компани бүртгэлтэй авч 10 мянга орчим нь татвар төлж байна. Зөвхөн татвар төлдөг компанийг улсын бүртгэлд авч, тэр хэрээрээ ямар нэг урамшуулал, илүү эрх эдэлдэг тогтолцоонд оруулж, өгдөггүйд нь компанийн эрх олгохгүй байх хэрэгтэй. Хүн амын орлогын татварыг зөвхөн цалингаас авдаг ба энэ нь нийт орлогод өчүүхэн хувь эзэлдэг. Хүн амын орлогын бусад хэлбэрээс татвар авах нь өнөөдөртөө арай эртэдсэн, нийгмийн ухамсар тийм хэмжээнд төлөвшөөгүй учир энэ тогтолцоо руу аажмаар шилжих хэрэгтэй. Татварыг нэмэх нь өдгөө татвар өгдөг цөөнхөө нэмж зовоохоос хэтрэхгүй. Татварын хүрээг тэлснээр хавьгүй илүү орлого олно. Үүнийг тооцоолж үзэх ёстой юм. Амьдралд хэрэгжих бололцооогүй татвар тавьснаар иргэдийг үй олноор нь хууль зөрчигч, гэмт хэрэгтэн болгон түлхдэг. 100 саяас дээш хадгаламжтай хүнээс татвар авах хууль 2012 онд батлагдсан. Эндээс ганц төгрөг ч олоогүйг банкууд батална, харин олон хүн хууран мэхлэгч болсон.

1992 оноос сонгуулийн дараа байгуулагдсан УИХ болгон архи тамхины татварыг нэмсээр ирлээ. 1990-ээд оны эхээр архи тамхины хэрэглээ огт бүртгэлгүй байсантай харьцуулбал өдгөө энэ төрлийн худалдааны 70 гаруй хувь нь акцесаар дамжин онцгой татварт хамаарч байна. Судалгаанаас үзэхэд, шинэ УИХ татвар нэмэх тоолонд бүртгэлээс гадуур хууль бус худалдаа 5-10 хувиар нэмэгддэг. Энэ нь гэмт хэрэг, хууль бус ажиллагаа, эрүүл мэнд зэрэгт шууд муугаар нөлөөлнө.

Тансаг хэрэглээний татвар олонхи оронд маш өндөр татвартай байдаг атал Монголд энэ нь бараг үгүй гэж хэлж болом. Бүхний нүдэн дээр морь, машин, үнэт эдлэл, хөөрөг гаансны наймаа болон бэлэглэл нэртэй үйлдлүүд явсаар атал эдгээр нь татварын орчинд огт хамрагддаггүй. Сугалаа, шагнал, олз, бэлэглэл, өвлүүлэл зэрэг нь жишээ нь, АНУ-д 70 хувь хүртэл татвартай байдаг нь нийгмийн тэгш хуваарилалт, ёс суртахуун, шударга ёсонд таарна гэж үздэг. Нийгмийн бухимдлыг ч тайвшруулах үйлчилгээтэй гэж үздэг.

НИЙГМИЙН ХУВЬЧЛАЛ. Монгол Улсын төсвийн гуравны нэг нь эрүүл мэнд, боловсрол, соёлд зарцуулагддаг. Эдгээр салбар нь дэлхий даяар өргөн хүрээ хамарсан ашигтай бизнес байдаг атал Монголд эдгээр салбарыг ашгийн бус хэмээн хуульчилсан юм. Мэдээж анхан болон дунд шатны боловсрол, нийгмийн доод түвшинд үйлчлэх эрүүл мэндийн үйлчилгээ, улс орныг суртчилсан соёлын арга хэмжээ зэрэг нь төрийн хяналт болон тэтгэлэгт байх нь ойлгомжтой. Үүнээс дээших болон илүү чанарлаг үйлчилгээ нь бизнес байх ба нэгэнт хувь хүмүүсийн сонголт учир төрөөс ашигт ажиллагааг нь бүрнээ зөвшөөрч татварын орчинд хамааруулах ёстой.

Төрөөс эмнэлгийн үйлчилгээ хүрэлцээгүй бүсүүд болоод нийгмийн ядуулаг хэсэгт үйлчилгээ үзүүлж бусдыг нь даатгалын тогтолцоо болон бизнесийн зарчмаар явуулах ёстой юм. Тэртэй тэргүй төрөөс гаргаж буй эрүүл мэндийн төсвөөс илүү ихийг хүмүүс гадаад оронд төлж тэндхийн бизнес татварын орчинд хамрагдаж байна. Нөгөөтэйгүүр, улсын олон том эмнэлэг үнэн чанартаа хэдийнэ “хувьчлагдсан” байгаа. Төрөөс энэ статусыг нь хүлээн зөвшөөрчих юм бол татвар ч нэмэгдэнэ, үйлчилгээ ч эрс сайжирна. Өрхийн эмнэлэг гэх мэтийг хувьчлах хуулийн орчин хэдийнэ нээлттэй байгаа боловч аль ч Засгийн газар энэ талаар алхам хийсэнгүй өдий хүрлээ. Менежмэнтийн хувьчлал маш ашигтай болох нь 1996-2000 онд хийсэн туршилтаас тод харагдаж байсан авч харамсалтай нь түрүүнийхийгээ дараагийнх нь үгүйсгэдэг монгол зарчмаар 2000 онд бүгдийг нь буцаасан билээ. Тэндээс үлдсэн ганц нь болох Баянзүрх дүүргийн эмнэлгийн амжилттай оршин тогтнож байгаа байдлыг очиж үзэх хэрэгтэй мэт.

Боловсролын тогтолцоо төрийн үнийн бодлогод хавчигдан зах зээлд амьдрах бололцоогүй “мэргэжилтэн” бэлтгэсээр. Ялангуяа дээд мэргэжил нь хувь хүний сонголтын асуудал байтал зах зээлийн хэрэгцээнээс хэдэн арав дахин олон “мэргэжилтэн” бэлтгэж ажилгүйчүүдийн тоог нэмсээр.

Хэрэгцээт мэргэжилтний тоо чанарыг улсаас зарлаж зарим урамшуулал үзүүлж болох ба бусад нь хувь хүний л сонголт шүү дээ.

Нэг талаас улс гэнэт баяжиж, нөгөө талаас УИХ-ын гишүүдэд тэрбумаар нь мөнгө өгөн захиран зарцуулах эрх олгосон 10 гаруй жилийн туршилтаас үүдэн боловсрол, соёл, эрүүл мэндийн үйлчилгээ болон техникийн хүн амдаа харьцуулсан жигд бус хуваарилалт хэрээс хэтэрчээ. Сумд, заримдаа баг хүртэл норм хэмжээнээс хэтэрсэн сургууль, эмнэлэг, соёлын төвтэй болж, харин хүн ам хэт төвлөрөлтэй Улаанбаатарт энэ талын үйлчилгээ техник, байр сав нэн дутагдалтай болсон байна. Сургуулийн хичээлийн байрны ашиглалт 20 хувьтай, ахлах ангид ердөө таван сурагчтай, эмнэлэгт нь жилд хоёр гуравхан хүүхэд төрдөг, соёлын төв нь сумын төвд суудаг хүн амаасаа олон суудалтай ийм сумд байна шүү, цаана чинь. Урсгал зардлыг нь л тооцоод үзэхэд эндээс ямар их хэмнэлт гарч болохоор байна даа. Энэ салбар ашгийн бус хэмээн хуульчлагдсан учраас илүүдэл техник, байр саваа өөр зориулалтаар ашиглах, худалдах, илүүчлэх эрх байхгүй.

БИРЖ. Хэдэн жилийн өмнө Монголын хөрөнгийн биржийн захирал “Манай хөрөнгийн бирж дампуураад хоёр жил болж байна” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод зарлахад Монголын зах зээлд ямар ч цочрол гараагүй. Монгол Улс өнөөдөр дэлхий нийтийн эдийн засгийн нэг хэсэг юм бол, дэлхийн эдийн засгаас хамаардаг юм бол нийт эдийн засаг нь ялангуяа хөрөнгийн биржээс хамаарч амьсгалж байх ёстой. Хөрөнгийн бирж байгуулагдаад 25 жил болоход үндсэн хөрөнгийнх нь талаас илүү хувь нь захирлынх нь оруулж худалдсан хонь, үхэр байж бүртгэгдэж байсан. 10 мянган хүнд ноогдох эдийн засагчийн дипломтны үзүүлэлтээр дэлхийд тасархай нэгд ордог орон шүү дээ. Хөрөнгийн биржийг яаралтай хувьчилж ажилд оруулбал Монголын дотор байгаа асар их хөрөнгө эргэлтэд орно. Хөрөнгүүд үнэлэгдэж эхэлнэ. Үүнээс гадна хувийнхан өөрсдийн хөрөнгийн биржээ байгуулах хууль эрхийн бололцоог нээж хооронд нь өрсөлдөөн үүсгэвэл бирж хөгжинө. Оюу толгойн хувьцааг худалдан авах, дамлах, зарж борлуулах хүсэлтэн олон бий ч тэдэнд бололцоо нь нээгдээгүй байна.

ХАЛАМЖ. Монголын халамжийн тогтолцоо ДНБ-тэйгээ харьцуулахад дэлхийн дунджаас 2-3 дахин их байна. 2010 оны хүн ам орон сууцны нэгдсэн тооллогын задаргаа шинжилгээнээс үзэхэд насанд хүрсэн 200 мянган иргэн хөдөлмөр эрхлэх сонирхолгүй нь харагдсан. Удаа дараа болсон олон сонгуулийн үеэр хуурамч халамжийн бүхэл бүтэн сүлжээ үүсчээ. Зарим аймагт хөдөлмөрийн насны иргэдийн маш олон хувь нь сонгуулийн үеэр эрүүл мэндийн группт хамрагдаад авсан баримт ч байна.

2010 оны хүн ам орон сууцны тооллогоор Монголын нийгэмд амьдарч байгаа иргэдийн тухай маш чухал дэлгэрэнгүй мэдээллийн сан үүссэн. Энэ нь магадгүй сүүлийн 25 жилд хийгдсэн хамгийн үнэ цэн бүхий реформын нэг байж болох. Энэ бүртгэлд тулгуурлан халамжид хамаарах ёстой иргэдийг тодорхойлж болно. Олон тохиолдолд халамж жинхэнэ очих эзэндээ хүрэхгүй байгаа. Гэтэл жишээ нь, гадаадад амьдарч буй 100 гаруй мянган иргэн ч халамжийн янз бүрийн хөтөлбөрт хамаарч байгааг бүрэн зогсоох хэрэгтэй. Дээд мэргэжил бол төрийн хариуцлага гэхээсээ хувь хүний сонголт. Зах зээлд дутагдаж байгаа мэргэжлээр сурч, авьяас чадварыг нь дэмжвэл зохих нь мэдэгдсэн тэр хэсэг л зарим дэмжлэг төрөөс авах эрхтэй. Ерөөс УИХ-ын гишүүдийн зүгээс ямар нэг халамжийн тухай шинээр хууль өргөн барихыг хориглох хууль хэрэгтэй байна. Тэдний нэр төрийн уралдаанд улс сөхөрч байна шүү.

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх тухай олон жил ярьж асар их хөрөнгө үрсэн боловч өдий хүртэл нүдэнд өртөж гарт баригдахаар үр дүн гарсангүй. Дэмжих нэрээр асар их хөрөнгийг хий дэмий үрж, улмаар энэ нь авлига хээл хахууль, ил далд хуйвалдаан, шамшигдууллын үүр болжээ. Нэг залуу зурагтаар ингэж ярьсан “Би подвальдаа гутлын цех байгуулаад гэр бүлийн хүрээндээ захиалгаар гутал хийж борлуулан зүв зүгээр амьдарч байсан. Гэтэл гэнэт төрөөс дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж байна, гутлын үйлдвэр байгуул гээд 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл өглөө. Би тоног төхөөрөмж аваад гутал үйлдвэрлэж эхэлсэн боловч хуучин зарж байснаасаа илүүг борлуулж чадсангүй. Зээлээс би хувьдаа ганц төгрөг ч ашиглаагүй, баахан тоног төхөөрөмжтэй, өртэй хүн болж баларлаа. Би тэр зээлийг мөнгөөр нь эргүүлж төлж чадахгүй, тоног төхөөрөмжөө улс эргүүлж авна биз”. Энэ бол маш цөөн тохиолдох шударга хохирогч. Дотоодын үйлдвэрлэл дэмжих янз бүрийн хөтөлбөрийн мөнгийг ихэнхдээ зальтнууд авч өөр зүйлд хэрэглэн шамшигдуулдаг.

Эх орноо гурил будаагаар өөрснөө хангавал социализмын ялалт болно гэсэн 1950-60-аад оны лоозон, тийм сэтгэхүй амь бөхтэй оршсоор буй нь маш том үргүй зардлын үүр болсоор ирлээ. Энэ лоозонг хэрэгжүүлэхийн тулд улс асар их хөрөнгө сүйтгэснийг эргээд тооцоход калкуляторын орон багтахгүй. Хэрэв чингээгүй бол Монголд газар тариалан ихэд хөгжиж, экспортод үнэ хүрэх олон төрлийн ургамал тариалах байлаа. Ийм нөөц бололцоо Монголд хангалттай бий. Шар буурцагнаас эхлээд өөр олон төрлийн тариалан өндөр үнээр авахад бэлэн асар том өлсгөлөн зах зээл Монголтой хиллээд байж байна. Дотоодын үйлдвэрлэл дэмжиж буй нэрээр протектионист бодлого явуулснаар ард иргэдийг илүү өндөр үнэтэй, илүү чанар муутай бараа руу шахаж, далимд нь авлига хээл хахууль далд эдийн засгийг хөхиүлсээр ирлээ. Зах зээлийн эдийн засгийн амин сүнс болсон өрсөлдөөн, чөлөөт худалдааг боосноор юунд хүрч болохыг 250 жилийн өмнө Адам Смит хэлж өгсөн, энэ нь амьдралаар батлагдсан үнэн шүү дээ.

Үнэхээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих гэж байгаа бол юун түрүүн монгол хүнээ таних хэрэгтэй юм. Барилгын шав тавьчихаад л төчнөөн ажлын байр нэмэгдүүллээ гэж сурталчлах дуртай. Гэтэл монгол хүн ямар ажил хийхэд бэлэн, ямрыг нь огт хийхгүй вэ? Одоо 140 мянган хүн ажилгүй байна гэх боловч мөн тэр тооны ажлын байр сул байгаа. Сүүлийн 10 гаруй жилийн судалгаагаар үзэхэд 10 сул ажлын байрны төлөө хоёр хүн л саналаа илэрхийлж байна. Үүнийг ялангуяа бизнес эрхлэгчид маш сайн мэдэж байгаа. Тэгсэн мөртөө төрийн албаны нэг орон тооны төлөө 100 хүн өрсөлдөхөд бэлэн байна.

Дэлхий нийтийн жишгийг дагаад Монголд ажилчин анги гээч юм үгүй болж, хөдөлмөр эрхлэгчдийн 70 орчим хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа юм. Цэрэг цагдаа, хамгаалал, манаа зэрэг ажлын байранд 70 мянга орчим идэр насны эрэгтэйчүүд хамрагдаж байна. Чухам ийм эрэлттэй хэсэгт ажлын байр буй болгож болох салбар бол аялал жуулчлал юм. Монголд жилд 50 мянга орчим гадаадын жуулчин ирдэг. Энэ тоог бараг хагас сая хүргэн дөвийлгэж статистикт тусгадаг ч үнэн хэрэгтээ хил нэвтэрсэн гадаад хүний тоо юм шүү. Гэтэл Монгол орны байгаль, нүүдэлчдийн амьдралыг сонирхохоор Өвөр Монголд нэг сая гаруй гадаадын жинхэнэ жуулчин ирж байна. Ганцаар ноёлон монополь тогтоосон МИАТ, Кореан-Эйрийн хуйвалдаанаар үүссэн өндөр үнэ юун түрүүн тээг болдог.

Энэ жил АНУ-д ирсэн жуулчдын тоогоор Хятад улс нэгдүгээрт оржээ. Италийн Ерөнхий сайд хэлэхдээ “Хятадаас нэг сая жуулчин жилд авч чадвал хямралаас гарч болохоор байна” гэсэн. Хаяа нийлсэн хөршийн маань тухай ярьж байна. Дорнодын Халх гол сумын цаахна байдаг Хянган аймгийн Халуун рашаан 2000 онд хэдэн мянган жуулчин авдаг байсан бол өдгөө энэ тоо саяар яригдах болжээ. Рашаанд ирсэн дотоодын жуулчид нь нутгийн хилээ үзэх, болбол хил нэвтэрч сонирхох хүсэлтэй. Хятадын талаас ч Монголыын хил хүртэл тулгаад дэд бүтцээ барьчихсан боловч Монголын хүнд суртал, эх орончдын шаардлагаас болоод 10 гаруй жил хариу хүлээж байна. Жуулчлал хөгжүүлэх бололцооотой ийм өөр олон боомт бий. Орос-Хятадын хилийн Манжуур боомтод жилд зургаан сая жуулчин ирдгийн сая гаруй нь Оросоос айлчилдаг. Хэдхэн км-ийн наана Монгол-Хятад-Оросын гурван улсын хил буйг чөлөөт бүс болговол Манжуураас олон жуулчин татна. Төрөөс мөнгө гарах шаардлагагүй, зөвшөөрлийг нь өгчихвөл хувийнхан дор нь хийнэ. Казиног мангас мэтээр зарлаж энэ чиглэлд хөрөнгө оруулсан гадаадын компанийн хоёр сая долларыг завшсанаас хойш бараг 20 жил өнгөрлөө. Гэтэл мөрийтэй тоглоом хориглодог Япон хойтон жил казино нээх гэж байна. Солонгост зөвхөн гадаадын хүн л оруулдаг олон казино бий. АНУ-д казино хориглодог ердөө ганцхан муж буй нь Хавай. Гольф, морин уралдааны дром гээд жуулчин татах өөр олон обьект байгуулах бололцоо маш их. Ард түмнээсээ өөр юм боддоггүй цэвэр ичимтгий, ариун шударга, сайн хүний дүрд хувирч маягласаар маш их бололцоог алдсаар ирлээ.

Монгол хүн ажиллах хүсэлгүй боловч гадаадын ажиллах хүчний тусламжаар хөгжүүлж болох дотоодын үйлдвэрлэл ч байна. Жишээ нь ойн цэвэрлэгээ. Монгол нутгийн 7-9 хувь нь ой хөвч. Энэ нь Солонгосын хойгоос ч том. Ойн цэвэрлэгээ нь том бизнес юм. Унанги модноос авахуулаад түймэр хорхойд идүүлсэн асар их талбай байна. Энэ бизнес нь байгаль орчинд тун ээлтэй, гал түймрээс сэргийлэх, нөхөн ойжуулах бололцоог олгоно. Тэндээс олсон модоор шахмал бэлдэц зэргийг үйлдвэрлэдэг. Мэдээж монгол хүн ийм ажил хийхгүй л болов уу. Гэтэл жишээ нь Хойд Солонгосоос ажиллах хүчин оруулж ирэхэд тэд дуртай хийхээс гадна гайхалтай сахилга баттай ард түмэн юм.

Үүнээс гадна Монголдоо л мега гэж хэлж болохуйц гадаад орнуудтай хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх болон суурийг нь тавих бололцоо байна. Саяхан Ташкентад болсон уулзалтаар Монгол, Хятад, Оросын Ерөнхийлөгч нар Монголоор дайруулж транзит дэд бүтэц байгуулах санамжид гарын үсэг зурлаа. Мэдээж энэ талаар хийгдсэн бэлэн төсөл Монголд ганц ч байхгүй боловч ийм төсөл хийсэн, хийхэд бэлэн, хийж байгаа ажил явдал хилийн цаана нэлээд байна. Тэр байтугай хөрөнгийг нь хаанаас гаргаж болохыг ч заасан дээрх санамжийг ажил болгохын тулд үүнийг хариуцсан төрийн байгууллагыг яаралтай байгуулж хэн нэгэнд хариуцуулмаар. Хятад-Оросын худалдаа 2000 онд гурван тэрбум доллар байсан бол өдгөө 60-70 тэрбумд хүрсэн ба хоёр орон Монголоор дайруулж төрөл бүрийн транзит хийе, хөрөнгө мөнгийг нь шийдье гээд байхад ингэж хойрго хандаж боломгүй мэт.

Монголд гаднаас хөрөнгө оруулж дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас нэг гарц байна. Ажиллах хүч нь салхи, нар. Дэлхийд салхины гурван том урсгал байдгийн нэг нь Монголын говиор дайрдаг. Монгол нь жилд 300 хоног нартай орон. Технологийн дэвшлийн буянаар ганц салхин сэнс найман мегаватт эрчим хүч гаргадаг бололцоо буй боллоо. Гэтэл аймгийн төв дунджаар дөрвөн мега хэрэглэдэг. Монголоор дайрч буй салхи найман терраватт, нар нь таван терраватт эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой гэнэ. Өнөөгийн Хятад улсын хэрэглээ үүнтэй харьцуулахад ердөө нэг терраватт шүү дээ. Хувьсах гүйдлийг тогтмол гүйдэлд шилжүүлээд хэдэн мянган км газар эрчим хүчийг алдагдалгүй зөөвөрлөдөг технологи техник нэгэнт буй болчихлоо. Сэргээгдэх эрчим хүч, ялангуяа салхин сэнсийг зэргэлдээ Өвөр Монголд маш ихээр хөгжүүлэн хэдэн арван мянган салхин сэнс зоочихсон байгааг хэн хүнгүй биеэр харсан биз. Монголд энэ төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй гадны олон компани саналаа илэрхийлсэн. Улаанбаатараас 50 км-ийн урдхан талд анхны туршилт эхэлсэн боловч эрчим хүчний үнэ чөлөөлөгдөөгүйгээс болоод зогсолтын байдалд орчихоод байна. Энэ төслийг АНУ, Япон, Солонгосын компаниуд ихэд сонирхон хөрөнгө оруулахад бэлэн байгаа боловч Монголын төрийн хүнд суртал, хий хардалт, түшмэдийн рэкэт, дарамтаас болоод урагшлахгүй байгаа юм. Хүнээр юмаа эхлүүлээд булааж авдаг, сүрдүүлдэг, хөөж гаргадаг тогтолцоо амьд байсаар ахул хэн ч бидэнтэй хамтрахгүй.

Занараас хямд түлш гаргадаг нээлт саяхан буй болж шуугиулсаар өдгөө эрчим хүчний дэлхийн төв нь Ойрхи Дорнод биш Хойд Америк боллоо. Давхаргын метаныг цуглуулан ашиглах шинэ технологи буй боллоо. Монгол тийм их занартай биш боловч байгаа нь хүхрийн маш бага хольцтойгоороо анхаарал татаж байна. Давхаргын хийн хэмжээ Хятадынхаас 500 дахин их байгаа нь урьдчилсан тооцоогоор ил болсон. Ийм ололтыг хагас дутуу сонссон төрийн түшмэд, хувийн компаниуд, орон нутгийн эрх баригчид нөөцтэй газрыг өөртөө жоорлочихоод хайгуул ч хийлгэхгүй авлига хахууль нэхэн рэкэтэлсээр хэдэн жилийг барлаа. Тухайн газрын тодорхой ашигт малтмалыг хайх, ашиглах гэрээ хийсэн бол бусад ашигт малтмал нь өөр журмаар давхар лицензээр өөр хүнд эрх олгогдон шийдэгддэг олон улсын жишгийг дагасан хууль байдгүйгээс болоод тодорхой газрын лиценз эзэмшигч дээш доошоо хэдэн км-т байгаа бүх агаар болон малтмалын эзэн сууж феодолждог ёс нэгэнт хэвшжээ. Монгол Улсын нийт ард түмний өмч болсон байгалийн баялгийг орон нутаг бүрэн эзэгнэн мэдэх эрхтэй гэсэн ойлголтоос болоод рэкэтчид хонь, ямаанаасаа олон боллоо. Нийт ард түмний өмч мөн боловч захиран зарцуулах эрх нь зөвхөн ЗГ-т байдаг, харин тэндээс буй болсон ашгаас орон нутаг илүү хүртэх эрхийг хуулиар зохицуулдаг хэнд ч ойлгомжтой дүрэм журамд яаралтай шилжмээр.

ХУУЛЬ. Энэ бүхэн болоод өөр олон далд бололцоо зөвхөн хуулийн өөрчлөлт болон шинэ хуулиар л хэрэгжих бололцоотой. Монгол Улсад одоо 500 орчим хууль үйлчилж байгаа боловч маш олон нь хоорондоо зөрчилтэйгөөс гадна үйлчилж буй маш олон дүрэм журамтай шууд эсрэгцдэг. Энэ болгоныг шүүрдэн засах ажлыг эхлүүлж, дэлхийн нийтийн жишигт тааруулж, ялангуяа чөлөөт эдийн засгийн тогтолцоонд тохируулмаар байна. Чөлөөт худалдаа, бизнес зэрэгт утга учиргүй хориг саад тавьсан, хөгжлийг боомилсон хууль дүрэм журмыг яаралтай цуцалж байж л ил далд буй олон бололцоог ашиглах зам мөр гарна. Одоо үйлчилж буй хоорондоо зөрчилтэй олон хуулийн дундуур ашиг олох, бизнес хийх, суурь тавих, хөгжүүлэх олон бололцоо хаагдмал байгаа юм.

Юун түрүүн Гэрээний хууль, Хөрөнгө хамгаалах хууль маш чухал байна. Үүнийг Иргэний хуульд багтаасан гэсэн тайлбар их бий. Тийм юм бол дээр жишээнд татсан Баянхонгорт буй “Монголболгаргео” компанийн хувцааг зарж мөнгийг нь авч хэрэглээд дууссан Монголын төр долоон жил өнгөрчихөөд байхад яагаад эзэнд нь өгөхгүй байгаа юм бэ? Гэрээний болон Хөрөнгө хамгааллын тусгай тодорхой хуульгүйгээр зах зээлийн зарчим хэрэгжих бололцоотой юу?

Компанийн хуульд өөрчлөлт оруулж, татвар өгөхгүй бол компанид тооцохгүйгээр барахгүй эрх нь хавьгүй бага байхаар хуульчилмаар. 20 мянга хол гарчихаад байгаа ТББ-д олон нийтийн сайн дурын байгууллага байх статусыг нь нарийвчлан тогтоож өгөхгүй бол татвараас нуугдах, хууль бус бизнес хийх, улмаар рэкэт хийдэг бүлэглэлүүдийн нэр нүүр болчихоод байна. УИХ-ын гишүүн хууль санаачлах, өргөн барихад хязгаарлалт тавьж, олон улсын жишгээр өргөн барих хууль нь нийт гишүүдийн тодорхой хувийн дэмжлэг авсан байхаас гадна Сангийн яам, Хууль зүйн яамаар орж хөрөнгө мөнгө болон хуулийн бололцоотой эсэхээ шүүлгэн зөвшөөрөгдсөн байх шаардлага тавимаар байна. УИХ-ын болон Засгийн газрын хуульд нэмэлт оруулж Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглалын бүрэн эрхийг нарийвчлан зааж хаана нь хэн нь юугаа хариуцах ба үл хариуцахыг нарийн зааж өгмөөр байна. Засгийн газарт тогтвортой ажиллах бололцоог баталгаажуулж өөрийн эрх мэдлийн хүрээнд гаргасан шийдвэрийг нь хүндэтгэх, хүндэтгэн үзэх бололцоогүй бол огцруулдаг зарчимд шилжих хэрэгтэй мэт.

УИХ нь гэмт этгээдийн нуугдах газар, халдашгүй эрхээр далайлгадаг цэг байгаа урхгийг арилгаж, гэмт хэрэгт орооцолдсон нь шүүхээс өмнө АТГ, цагдаа, прокурор зэргээр нотлогдвол “гишүүн нь гэмт үйлдэл дээрээ баригдвал халдашгүй эрх нь хүчингүйд тооцогддог” ангилалд оруулах хэрэгтэй мэт. Шоронд суух гишүүн нь цагдаагаар харгалзуулан гавтай ирж хуралдаа суун үүргээ гүйцэтгээд шорондоо эргэж очдог “ардчилсан бус” гэмээргүй жишээ ч зарим оронд бий. Авлига, хээл хахууль, шамшигдуулалд холбогдсон этгээдээр юун түрүүн хохирлыг нөхүүлэх арга хэмжээ авдаг болохгүй бол, асар их мөнгө идчихээд жил хагас шоронд суусан болоод гардаг жишиг улам газар авах шинжтэй. Авлига, хулгай, өмчид халдах, шамшигдуулах, бусдын хөрөнгөд халдах зэрэг гэмт хэргийг онцгойлон авч үзэж ил, далд хөрөнгийг нь хураах зэргээр нүцгэлэн хатуу шийтгэл оногдуулж байх тогтолцоонд шилжсэнээр төр нь нийгмийн өмнө шударга, тэгш буйгаа харуулах болно. Өдгөө манай иргэдийн бухимдлын гол шалтгаан нь төр шударга биш байна гэсэн үнэлэмжээс үүдэлтэй.

Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нэг үндэс бол тэдэнд давхар орлого олох бололцоог нээж өгөх явдал. Үндсэн ажлаасаа гадуур давхар орлого олж буй ялангуяа төрийн ажилтан, тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн давхар орлогод нь хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ нь өдгөө дэлхийд их түгээмэл болоод байгаа аутсорсинг хөгжүүлэн дэмжих сайн эх булаг болно.

Эцэст нь хэлэхэд, өнөөгийн хямрал монголчуудаас өөрсдөөс нь болсон, үүнийг монголчууд өөрсдөө л засч чадна. Бурхан хэрэв байдаг бол монголчуудад бололцоо л олгосон болохоос бүх насаар нь зүгээр тэжээнэ гээгүй. Бололцоог ашиглаж чадах эсэх нь монголчуудаас өөрсдөөс нь шалтгаална.

Алдах нь хүний ёс, алдаагаа давтах нь мунхгийн илрэл.

2016.9.6

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *