Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал Туушин зочид буудлын хурлын танхимд болж байна. Хурлаар тус компанийн 2017 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулж, ТУЗ-ийн гишүүдийг сонгох юм. Эдүгээ Ард санхүүгийн нэгдлийн хувьцааг 1500 гаруй хүн эзэмшиж буй аж.
Өнгөрсөн онд Ард санхүүгийн нэгдлийн нийт хөрөнгө 39,4 тэрбум төгрөгөөс 49,7 тэрбум төгрөгт хүрч, 64 хувийн өсөлт үзүүлжээ. Нэгж хувьцааных нь ханш 20 хувиар өсч, 2955 төгрөгөөр үнэлэгдэж байна.
Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан гол шийдвэр нь Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж буй “Жинст Увс” компанитай нэгдэх асуудлыг хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжигдлээ. Ингэснээр Ард Санхүүгийн Нэгдэл нь 1000 төгрөгийн үнэтэй 28 614 263 ширхэг хувьцаатай болж буйг онцлов.
ЖИНСТ УВС ХК, АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛТЭЙ НЭГДЛЭЭ
Энэ хүрээнд Ард Санхүүгийн Нэгдлийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна. Энэ тухай Ард санхүүгийн нэгдэл компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг ярихдаа: “Манай компанийн хувьд өнөөдөр түүхэн шийдвэр гаргахаар хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг олон нийтэд нээлттэй хийж буйгаараа онцлогтой юм. Хувьцаа эзэмшигч гээд хэдэн хүн ирж суудаг хаалттай байдлаар явдаг жишгийг халж байна Энэ жишиг олон компанид үлгэр жишээ болно гэдэгт найдаж байна. 70-80 хувийн ирцтэй хурлаа хийж байна. Ард санхүүгийн нэгдэл, Хөрөнгө оруулагч үндэстэн ХК 3000 хувьцаа эзэмшигчтэй. 3000 хувьцаа эзэмшигчийг энэ жил 30 мянга болгох зорилт тавиад байна. Цаашлаад 300 мянга, гурван саяулаа хувьцаа эзэмшигч болох боломжтой гэж харж байна. Хоёр жилийн өмнө дэвшүүлсэн хөрөнгө оруулагч үндэстэн гэсэн зорилт руугаа бид дахин нэг алхам урагшиллаа. Хөрөнгийн биржид хувьцаа нь эрэлттэй байгаа Жинст Увс компанитай бид нэгдлээ. Ингэснээр 28 сая гаруй хувьцааг арилжих нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ гарсан үед хувьцаа эзэмшигч хувьцааг эргэлтэд оруулж, зээл авах боломжийг бүрдүүллээ. Мөн Грэйп сити компанийн “Моst Money” үйлчилгээгээр дамжуулан ArdPay шинэ аппликэйшнийг гаргалаа.Үүгээр дамжуулж иргэд төлбөр тооцоогоо гар утаснаасаа хийх бүрэн боломжтой болж байгаа юм. Тодруулбал хиймэл оюун ухааныг ашиглаж шууд зээл олгох, кредит карт орлуулах бизнесийг санал болгож байна. Gopay гэдэг нь криптовалютын Монголын үндэсний дотооддоо хийсэн аппликейшн юм. “Gopay” аппликейшнээр дамжуулж биткойноор чөлөөтэй төлбөр тооцоо хийх боломжийг олгож буйгаараа онцлогтой”гэлээ.
“Ард Кредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал Ч.Ганзориг: “Хөрөнгийн бирж сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Олон нийт хувьцаанд хөрөнгө оруулах нь өгөөжтэй гэдгийг ойлгож эхэллээ. Хөрөнгийн зах зээл үүнийгээ дагаад хөгжиж байна. Бидэнд юу ажиглагдсан бэ гэхээр хувьцаа авчихаад хувьцааны үнэ өстөл зармааргүй, эсвэл ногдол ашгаа авахаа хүлээх сонирхол байдаг. 3000 гаруй хувьцаа эзэмшигчдээс хувьцаагаа барьцаалж зээл авах боломжийг бүрдүүлэх хүсэлтийг илэрхийлсний үр дүн өнөөдөр гарлаа. Хамгийн гол нь ArdPay шинэ аппликэйшнийг ашигласнаар зээлийн судалгаа, банкинд дугаарлах, бичиг цаас бүрдүүлэх шаардлагагүй болно гэсэн үг. Хувьцаагаа бүртгүүлээд, өргөдлөө өгөөд л таны зээл бүтнэ. Маш бага хүүтэй зээл олгох юм. Зөвхөн Ард санхүүгийн нэгдэл, Жинст Увс ХК-ийн хувьцаа гэлтгүй Хөрөнгийн биржид бүртгэлтэй ТОП-20-т багтах компаниудыг хувьцааг барьцаалж зээл авах боломжтой” хэмээв.
Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Маркетинг эрхэлсэн захирал Б.Тамир: Хувьцаанаас өгөөж авах хоёр арга зам байдаг. Ногдол ашиг, Хувьцааны үнийн өсөлт. Ихэнх хүн түгээмэл байдлаар ойлгож, ногдол ашиг нь бэлэн мөнгөөр ирдэг учраас ногдол ашиг авах нь гол өгөөж гэдэг. Эдийн засгийн тооцооллыг харвал ногдол ашиг нь хувьцааны үнийн өсөлттэй харьцуулбал 1 хувийг л эзэлдэг. Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж энэ удаад ногдол ашиг тараахгүй гэсэн шийдвэр гаргасан. Учир нь бид хийсэн ашгаа компаниа илүү өргөжүүлэх үүднээс компанидаа буцааж зарцуулахаар болж байна. Өнгөрсөн 13 жилийн өмнө манай нэгж хувьцааны үнэлгээ 100 төгрөгөөс эхэлсэн. Харин өнөөдөр 290 дахин өсч 2912 төгрөгөөр үнэлэгдэж байна. Бид маш сайн өсөлтийг бий болгож чадсан. Компанийн засаглалаа хувьцаат компани дэлхийн нийтийн жишгээр ямар байх ёстой тэр хэмжээнд хүргэж, үйл ажиллагаагаа ил тод болгосон.” гэлээ.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Хөрөнгө оруулагч үндэстэн” ХК “Жинст Увс” ХК-тай нэгдсэнтэй холбоотой төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг дахин сонгох юм байна.
Үдээс хойшхи хуралдаанаар “Грэйп Сити” ХХК-ийн ерөнхий захирал А.Сүхдорж “Дэвшилтэт технологи санхүүгийн салбарт амжилттай хэрэгжих боломжтой вэ?” сэдвээр компанийнхаа туршлага дээр тулгуурлан илтгэл тавьж, Most money үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийх юм байна.
Түүнчлэн хуралд оролцож буй хувьцаа эзэмшигчдийнхээ тав тухыг хангах үүднээс бага насны хүүхдүүдийг харах үйлчилгээг хүртэл зэхжээ.