Categories
мэдээ цаг-үе

Хувийн их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт зарласан ч цөөн оюутантай байна

Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор жил бүрийн наймдугаар сарын 15-наас их, дээд сургуулиуд ерөнхийдөө хөл ихтэй байдаг. Учир нь ихэнх их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт авдагтай холбоотой юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид хавар нь ямар нэг их, дээд сургуульд элсч чадаагүй бол нэмэлт элсэлт эхлэх хоногийг хуруу даран тоолж, аль сургуульд ямар ангид элсэхээ аль хэдийнэ төлөвлөчихсөн байдаг. Ингээд элсэлтийн өдөр эхлэв үү, үгүй юу эцэг, эхийгээ дагуулаад л сургуулиудын хаалга татан горьдлого тээсээр явж өгнө. Ялангуяа орон нутгаас ирж буй шинэхэн оюутнууд эцэг, эхээсээ гадна яриа хөөрөөтэй, сургуулийн захиргаанд ажилладаг, эсвэл таньдаг мэддэг хүнээ дагуулж явдаг. Эцэг, эхчүүд ч үр хүүхдээ гайгүй сургууль бараадуулахын тулд байгаа хэдэн төгрөгөө халааслаад явдаг нь үнэн. Ийм л дүр зураг жилийн жилд ажиглагддаг.

Тэгвэл энэ жилийн тухайд арай өөр зураглал харагдах боллоо. Энэ жил 19 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгссөн бөгөөд өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 25 мянга гаруй хүүхэд л Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр хүсэлт гаргасан гэнэ. Харин улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 101 их, дээд сургууль, коллеж бий. Тэгэхээр эдгээр төгсөгчид дээрх сургуулиудад хуваагдаад орох нь тодорхой. АШУИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС гээд томоохон улсын сургуулиудад дийлэнх төгсөгчид нь орчихно. Тэгэхээр хувийн сургуулиуд яах вэ? Ямартай ч бид нөхцөл байдалтай танилцахаар зарим их, дээд сургуулиар орлоо.

Төгсөгч бага байгаа нь төрийн сургуулиудад мэдрэгдэхгүй

МУИС-ийн хичээлийн I, II байраар орлоо. Ерөнхийдөө хүн багатай байв. Сургуулийн жижүүр л орсон гарсан ганц нэг хүнийг хаашаа орох гэж байгааг асууж, шалгааж байгаа харагдав. Тус сургуулийн хувьд элсэгчдээ өнгөрсөн долдугаар сарын 2-н хүртэл бүртгээд дуусчихсан. Сургалтын албаны мэдээлснээр бол энэ жилийн элсэгчийн хяналтын тоо аль хэдийнэ гүйцчихсэн учраас нэмэлт элсэлт авахгүй гэнэ. Сургуулийн хонгилд нэгдүгээр курст орж байгаа болов уу гэмээр хоёр охинтой таарлаа. Тэд мэдээллийн самбар уншиж байв.

-Та хоёр энэ сургуулийн оюутнууд уу?

-Тийм. Нэгдүгээр курст орно.

-Ямар мэргэжлээр суралцах оюутнууд вэ?

-Эрх зүй. Бид дунд сургуулийн нэг ангийн найзууд.

-Танай ангийнхан бүгд их, дээд сургуульд орчихсон уу?

-Хоёр хүүхэд гадагшаа сургуульд сурна гээд явчихсан. Аав ээж нь гадаадад амьдардаг гэсэн. Нэг охин ажил хийж байгаа. Олон дүүтэй, тааруухан амьдралтай болохоор сургалтын төлбөр олоогүй байх. Уг нь онц сурдаг. Хувийн сургууль гэсэн байх аа урилга өгсөн юм билээ. Бас л ороогүй. Бусад нь бүгд сургуульд орсон.

-Хичнээн хүүхэд төгссөн юм бэ?

-37 хүүхэд.

-Бүгд улсын сургуульд орсон уу?

-Тэгсэн гэв. Эдгээр охид хичээл эхлэхээс өмнө сургуультайгаа танилцаж яваа юм байна. Ингээд тус сургуулиас гарч Хүмүүнлэгийн ухааны их сургуулиар оров. Мөн л нам жим. Гурав, дөрөвдүгээр ангийн бололтой хэсэг залуус хоёр давхрын цонхон дээр суучихсан юм ярьж байна. Зуныхаа амралтыг хэрхэн өнгөрүүлснээ ам уралдан ярьцгаах. Элсэлт авч байгаа эсэхийг асуухад нэг залуу “Манай элсэлт дуусчихсан ш дээ” гээд цааш харан “Нээрээ энэ жил нэгийн бацаанууд бага байгаа гэсэн ш дээ. Чи мэдсэн үү Алдараагийн сургууль бүр нэг ч оюутан элсээгүй гэсэн” гэхэд хажууд нь зогссон охин “За битгий худлаа бураад бай. Алдараа чинь аль сургууль билээ” гэхэд өнөөх залуу “За сураггүй сургуулиа” гэх нь сонстов. Ярианаас нь ажвал тэд төгсөх курсийн оюутан бололтой. МУБИС-ийн хичээлийн “А” байраар харин хөл ихтэй байна. Тус сургуулийн нэмэлт элсэлт энэ сарын 15-наас эхэлжээ. Мөн шинэ оюутнууд сургуулийнхаа дотуур байр, сургалтын төлбөрийн талаар сураглаж яваа гэнэ. Ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн болов уу гэмээр аав, ээжийгээ дагуулсан оюутнууд харагдана. Зарим нь хүрч ирээд “Сургалтын алба нь хаана юм бол”, “Хичээлийн дөрөвдүгээр байр нь хаана байдаг вэ” гэж асууцгаана. Тус сургуулийн хувьд элсэгчдийн дийлэнх хувь нь хөдөө орон нутгийн оюутнууд байдаг. Элсэгчдийн тоо өмнөх жилүүдийг бодвол харьцангуй бага хэдий ч салбар сургуулиудын элсэгчдийн хяналтын тоо ихэнх нь гүйцэж байгаа талаар холбогдох хүмүүс хэлэв. Санхүү эдийн засгийн дээд сургууль мөн л эл хуль байсан. Энэ жилийн төгсөгчдөөс нэлээд хувь нь Анагаахын шинжлэх ухааны их сургуульд элссэн гэх. Элсэлтийн ерөнхий шалгалт өгч бага оноо авсан, их, дээд сургуулиудын босго оноо давахгүй төгсөгчид ч энэ жил улсын сургууль бараадах нь баараггүй гэсэн яриа олны дунд явна. Тиймээс нэгэнт л оноо багатай байсан ч улсын сургуульд орох нь баараггүй хойно “босго өндөртэй” гэгддэг АШУҮИС руу зүтгэж байгаа сурагтай. Иймэрхүү тохиолдол олон байгааг эцэг, эхчүүд ч ярьж байсан. Бүр “Өнгөрсөн жил манай дүү Анагаахад орно гээд чадаагүй. Оноо нь хүрээгүй. Хувийн сургуульд орсон. Нэг жил өнжүүлдэг байж. Тэгсэн бол энэ жил орчих боломж бүрэн байсан байна” гэж сургуулийн үүдэнд суусан нэгэн эмэгтэй ярив.

Ямартай ч төрийн өмчит сургуулиуд элсэгчдийн тоонд санаагаа чилээхгүй байгаа нь харагдаж байна. Өмнөх жилүүдээс бага зэрэг л буурсан үзүүлэлт байхаас биш анги дүүргэхгүй хэмжээний цөөрчихөөгүй гэнэ.

Хувийн их, дээд сургуулиуд нэмэлт элсэлт зарласан ч хүнгүй байна

Харин хувийн хэвшлийн сургуулиуд хаалгаа барих хэмжээний асуудал үүсээд байгааг учир мэдэх хүмүүс хэлж байна. Хувийн хэвш­лийнхэн дундаа тэргүүлдэг “Их засаг” олон улсын сургууль, “Отгонтэнгэр”, “Монголын үндэсний дээд сургууль” зэрэг цөөхөн хэдэн их, дээд сургууль л хяналтын тоогоо дөнгөн данган 50 хувь хүргэж байгаа сураг байна. Гэхдээ энэ бол баттай тоо биш. Ихэнх сургуулиуд элсэгчдээ алдахгүйн тулд нэр хүндэд нөлөөлнө гээд баттай тоо хэлэхгүй байна. “Этүгэн”, “Чингис хаан”, “Засагт хаан”, “Газарчин”, “Монгол дээд” гээд бүх л хувийн сургуулиуд нэмэлт элсэлт авч байна. Гэвч нэмэлт элсэлтэд бүртгүүлж байгаа нь ховор бололтой. Энэ жилийн тухайд төгсөгчид ч элсэгчид ч буурсан үзүүлэлттэй байна. Жилд дунджаар 30 гаруй мянган төгсөгчидтэй үед хувийн хэвшлийнхэн элсэгчдэд санаа зовох зүйлгүй зөвхөн сургалтынхаа чанарт анхаардаг байсан аж. Тэгвэл өнөөдөр хэрхэх нь одоохондоо тодорхойгүй байна.

Элсэгчдийн тоо сүүлийн хоёр жил огцом буурсан

Нэг судалгаа дурдъя. 2012 онд улсын хэмжээнд 39 мянга 200 гаруй сурагч ерөнхий боловсролын сургууль төгссөн бөгөөд элсэлтийн шалгалт өгөхөөр 43 мянга 87 сурагч бүртгүүлсэн байна. Харин 2013 онд 43 мянга 864 хүүхэд шалгалт өгчээ. Ингээд харахад 2012-2013 онд элсэгчдийн тоо бага зэрэг өссөн хандлага харагдаж байна. Харин сүүлийн хоёр жилд огцом буурчээ. Тодруулбал, 2014-2015 оны хичээлийн жилд 11 дүгээр ангийг 34 мянган хүүхэд төгссөн байна. Өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 38 мянган хүүхэд элсэлтийн шалгалт өгөх хүсэлт гаргажээ. Харин энэ жил ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоонд өөрчлөлт орсонтой холбоотойгоор анхны 12 дугаар анги төгсч байгаа. Өмнөх жилүүдтэй харьцуулахад ерөнхий боловсролын сургуулийг хамгийн цөөхөн буюу 19300 сурагч төгсөж байгаа жил. Энэ жил өмнөх оны төгсөгчидтэй нийлээд ердөө 25813 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байх юм. Ингэхээр сүүлийн хоёр жилд их, дээд сургуульд орох элсэгчдийн тоо 12 мянгаар, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо 14 мянгаар буурсан судалгаа гарчээ.

Хувийн сургуулиуд элсэгчгүй хэрнээ сургалтын төлбөрөө нэмснээр төгсөгчдийг үргээж байна

Элсэгчид бага үед сургалтын төлбөртэй холбоо­той асуудлууд зэрэгцээд яригдаж эхэллээ. Улсын их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө 10-30 хувь нэмсэн гэх яриа байна. Гэвч сургуулийн удирдлагууд бүгд л “Одоохондоо хэдэн хувиар нэмэгдэх нь тодорхойгүй байна. Инфляцитай холбоотойгоор бага зэрэг нэмэгдэнэ” гэсэн хариу өгч байна. Ерөнхийдөө их, дээд сургуулиудын сургалтын төлбөр одоогоор 1.200.000-2300.000 хооронд хэлбэлзэж байна. Энэ нь кредит цагтай холбоотойгоор тогтоосон дүн. Харин хувийн хэвшлийнхэн энэ жил элсэлт багатай байгаа учраас сургалтын төлбөрөө нэмэх гэж яарахгүй байгаа гэнэ. Гэвч “Отгонтэнгэр”, “Газарчин”, “Монголын үндэсний их сургууль” зэрэг сургуулиуд сургалтын төлбөрөө 10 хувиас дээш нэмсэн байна. “Отгонтэнгэр” их сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан Н “Манай сургуулийн төлбөр 1.700.000 төгрөг байсан. Энэ жил 200 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Оюутнуудын ярьж байгаагаар бол энэ жил нэгдүгээр курст цөөхөн хүүхэд орно гэсэн. Ихэнх хүүхэд улсын сургууль гэж байгаа энэ үед сургалтын төлбөрөө нэмэх биш багасгавал элсэлтийн тоо нэмэгдэж болно шүү дээ” гэв. Оюутнуудын хэлж байгаагаар бол шинээр их, дээд сургуульд элсэхдээ мэргэжлээс илүүтэйгээр төлбөрийг анхаардаг бололтой.

Харин зарим сургуулиуд элсэгчдийнхээ тооноос хамаарч төлбөрийн асуудал ярих бөгөөд аль болох уян хатан нөхцөлтэйгөөр элсэгчдээ авах талаар ярилцаж байгаа бололтой. Мөн оюутны дотуур байр, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг зэрэг олон тал дээр хөнгөлөлт үзүүлж байгаа гэсэн.

Төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд өнөө маргаашдаа хүн багатай байна. Энэ сарын 25-наас амарсан оюутнууд ирж, багш ажилчид ажилдаа орж, хөл хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй. Улсын сургуулиудын дотуур байр сураглах оюутнууд ч мэр сэр таарч байсан. Дотуур байр мөн л энэ сарын 25-наас үнэ төлбөрөө шийдэж, оюутнуудаа хэзээ хүлээж авах нь шийдэгдэх бололтой.

Д.Сүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *