Categories
мэдээ цаг-үе

Хувиа хичээх нь хамгийн зөв сонголт буюу Амиабодохуй

Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ. Хүнд заавал туслах ёстой. Өөрөөсөө илүү өрөөлийг хайрлаж, байгаа бүхнээ зориул. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө. Нийтийн сайн сайхан, нийгмийн сайн үйлсийн төлөө өөрийн амин хувийн асуудлаа хойш тавьж гэмээнэ та энэ нийгмийн нэг эд эс болж хүндлэгдэнэ. Хамт олонч, олонхын санааг дэмжиж, хүний үгээр дуулгавартай зөрүүд биш байх нь тухайн хүнийг хэр нийтэч вэ гэдгийг нь илтгэнэ. Бид ийм өгүүлбэр, зөвлөгөөг социализмын үед цаг хором мөч бүрт сонсч, энэ номлол сургаал буюу коллективизмыг дээдэлж ирсэн. “Найз нөхөд нь заавал хэлэх шаардлагагүйгээр гэрт нь давхиад очиход сайхан угтаад хоол цай хийгээд дайлаад гаргах ёстой. Хэрвээ танай гэрийн давс, сонгино дууссан бол хажуу айл, хөршийнх рүүгээ ороод хөргөгч, шүүгээ савыг нь нэгжээд ч болтугай хэрэгтэйгээ олж авч болно. Яагаад вэ гэвэл бид амь нэгтэй сайхан хөршүүд шүү дээ. Ингэлээ гээд чи уурлах ёсгүй. Учир нь чи бидний, нийгмийн салшгүй нэг хэсэг. Спортоор бол чи манай багийн нэг гишүүн. Харин шөнө үлээр танайд биднийг очиход хаалгаа тайлахгүй, тайлсан ч гэртээ оруулахаас татгалзвал, давс, сонгино гуйхад өгөөгүй бол чи жинхэнэ хувиа хичээгч! Хар амиа бодогч! Муу бэртэгчин. Чи хандивын аянд нэгдэж, сайн үйлсийн гүйлтэд гүйгээгүй бол, ядарсан хүмүүст хоол, хувцас хандивлах ажилд юм өгөөгүй бол энэ нийгмийн нэг хэсэг биш, засрашгүй хар амиа бодогч! Дахиж чамтай бид харьцахгүй”. Энэ бол монголчуудын хувьд сүүлийн 70, 80 жил, одоо ч үргэлжилж буй амьдралын мөрдлөг.

Монголчууд л коллектив буюу хамт олонч үзэл чухал гээд байдгаас биш дэлхий дахинд, ялангуяа баруунд энэ үзэл, сургаалаас татгалзаад даруй 100 гаруй жил болжээ. Тэд Эгоист, Индувизм, Либерти үзлийг хамт олонч үзлийн дээр тавьдаг.

Эдгээр үзлээр бол дээр дурдсан жишээн дээр дахин ярихад, шөнө үлээр айлд хэдүүлээ очиж гэрийн эздийг халат, нөмрөгтэй нь сандаргаж, шөнийн дэлгүүр рүү гүйлгэх хэмжээнд хүндрүүлэх, хажуу айлаасаа давс, сонгино нэхэх нь нэгнийхээ эрхэнд халдаж байгаа үзэгдэл гэж үздэг юм байна.

Философичид бидний явж ирсэн хамт олонч үзлийг “Бие даах чадваргүй хүмүүсийн нэгдэл бөгөөд ганцаар хариуцлага хүлээхээс эмээгсдээс үүдэлтэй феномен (үзэгдэл)” гэж томьёолдог. Тэгэхээр хамт олонч байх гээд нэгнийхээ эрхэд ноцтой халддаг байж болохыг давс, сонгины жишээ нотлох мэт.

Философийн ухааны доктор Б.Батчулуун либертари, эгоист, индивидуаль үзлийг хамгаалж “Би хар амиа бодно” нийтлэлийг бичихэд олон хүн дургүйцлээ илэрхийлж байжээ. Эдгээр үзлийг хамгаалах, өмгөөлөх, амьдралдаа хэрэгжүүлэх нь манайд шинэ үзэгдэл мэт ч дэлхий дахинд бол уламжлалт шахуу болчихсон. Японд үр хүүхдээ бусдаас дутахгүй сайн хүн болгоно гэхээсээ илүүтэй бусдад дараа, дарамт болохгүй, өөрөө өөрийгөө аваад явах хэмжээний л боловсрол, хүмүүжилтэй болгочих юмсан гэж мэрийдэг. Еврейчүүд яг энэ үзлээр үр хүүхдээ хүмүүжүүлж, дор дороо өөр өөрийгөө боловсруулж, бусдад гай болохгүйгээр өөрийгөө, өөрийнхөө гэр бүлээ аваад явчих хэмжээний хүн болох ёстой гэж өсгөдөг.

Япончуудын хувьд энэ үзлийг маш сайн баримталж гудманд гал сураглах нэгэн, тамхи, бохиноосоо нэгийг өгөөч гэх ажлын хүний гуйлтад үнэхээр гайхширч хоцордог байна. Учир нь тэд хэн нэгний тамхи, бохиноос нэг ширхгийг авах нь тэр хүнд дарамт болно гэж үздэг учир өдөрт татах тамхи, зажлах бохио өглөө нь зэхэж гардаг. Монголчуудын хувьд олон арван жилийн турш явж ирэхдээ эгоист үзлийг амиа бодох үзэл гэж эндүүрч жигшиж иржээ. Гэтэл үүнийг Б.Батчулуун доктор “Өөрийгөө бодохуйн үзэл” гэж тодорхойлсон байгаа юм.

Либертари үзлийн гол төлөөлөгч гэгддэг, алдарт зохиолч Айн Рэнд “Ёс зүйн хоёр сонголт бий. Нэгдүгээрт, бусдын төлөө амьдрах, өөрийгөө золиослох. Хоёрдугаарт, өөрийнхөө сайн сайхны төлөө амьдрах. Гэтэл хоёр дахь нь буруу гэж нийтээрээ үзсэн. Хувиа бодох гэдгийг өөрийнхөө эрх ашгийн төлөө бусдыг яаж ч болно гэдэг буруу үзлээс ялгаж ойлгох хэрэгтэй. Хувь хүн өөрийгөө дээдлэх, өөрийнхөөрөө амьдрах гэдэг үүднээс ойлгох учиртай” гэдгийг ном, зохиолдоо тусгасан байдаг.

“Би хар амиа бодно” нийтлэлд “Амиа бодохуй (эгоизм) гэж юу юм бэ? Нэг муу новшийн зан чанартай этгээд өөрийн төлөө бусдыг ашиглах, монжих, тэднийг өөрийнхөө өөдлөн дэвжиж, дээшлэх шат, гишгүүрээ болгох явдал. Амиа бодогч нь өөрийн төлөө ямагт бусдыг золиосолно. Өөрөө л болж байвал боллоо, ямар ч бүтээлч оршихуй хэрэггүй. Амиа бодох нь үнэхээр ийм үзэгдэл юм бол заваан, жигшим зүйл мөн. Тийм ч учраас эгоизмыг хар амиа бодох, амин хувиа хичээх гээд аль муухай үгээр орчуулж, түүнийх нь дагуу ойлгоод дасчихжээ. Тэгвэл либертари үзэлтнүүд эгоизм гэсэн нэр томьёогоор үүнээс тэс өөр үзэл санаа, аж төрөх ёсыг илэрхийлдэг. Эгоизм гэдэг үг латин гарвал Эго буюу “Би” гэсэн үг. Би-гээ бодох, өөрийгөө бодох гэж ойлгож болно. Жинхэнэ эгоист хүн хэзээ ч бусдыг өөрийн өөдлөх замын шат гишгүүр болгодоггүй. Ийм зүйлийг “Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” хэмээн хашхирагсад л хийдэг. Би өөрийгөө боддог, өөрөөр хэлбэл, олны дунд тархсан хэллэгээр “хар амиа” боддог хүн. Ингэж хэлэхээр хүмүүс намайг 1990-ээд оны хувьчлалаар баахан объект хувьдаа авчихсан, эсвэл заль мэх, худал хуурмагаар эд хөрөнгө цуглуулсан, улс төрчдийн хөлд сууж байгаад баахан хөрөнгөтэй болж авсан нэгэн гэж бодох байх. Тийм биш. Намайг мэдэх хүмүүс мэднэ дээ, өнөөгийн “шинэ монголчуудын” нүдээр харах юм бол үнэхээр ядуу нэгэн гэдгийг. Би улс төр, бизнесээс хол хүн. Миний амьдралын зарчим, идеал, хүсэл бодол, сэтгэлгээ улс төрчдийнхөөс шал өөр. Гэхдээ би эгоист, гэхдээ либертари эгоист хүн” гээд бидний хэлж заншсан хар амиа боддог үзэл гэдгийг дараахь байдлаар тайлбарлажээ. “Амиа бодохуй нь улс-үндэстнүүдийн хувьд өөр өөр байх аж. Япон болон Өрнөдийн орны иргэдийн их “амиа бодсон” байдгийг бид мэднэ. Танихгүй хүмүүс байтугай аав ээж, үр хүүхдүүд хоорондоо нэгнээсээ мөнгө төгрөг, зээл авахгүй, бүгд л өөрөө өөрсдийгөө бодсон, тусдаа санхүү, эд хөрөнгөтэй, нэгнийхээ хэрэгт оролцоод байдаггүй. Бүгд л өөрсдийгөө бодож амьдардаг.

Японд аймшигтай цунами болж, хүмүүнлэгийн их сүйрэл тулгарсан. Тэнд очсон Америкийн нэгэн сурвалжлагчийн хийсэн нэвтрүүлэг телевизээр гарч байна аа. Цунамийн төвтэй ойролцоо байсан нэгэн хотод ундны цэвэр ус ихээр дутагдаж, өөр газраас савтай цэвэр ус зөөж байх юм. Цэвэр ус авах гэсэн иргэд уртаас урт цуваа болон дугаарлажээ. Ус тарааж буй хүмүүс авчирсан ус нь хангалттай биш болохыг тэр хүмүүст урьдчилан хэлэв. Тэгмэгц ундны усаар гачигдсан тэр олон хүн дээр доороо ороод эхлэх байх даа гэтэл тийм юм огт болсонгүй. “Надад ундны ус хамгаас их шаардлагатай байна, тийм өвчтэй эцэг эх, үр хүүхэд байна” гээд элдэв худал үнэн шалтаг тоочоод урдуур хойгуур нь дайрах байх гэтэл бас л тэгсэнгүй. Танил талаа урдуураа оруулах гэсэн ойлголт бүр ч байхгүй. Тэдний баттай мэдэж буй нэг зүйл бол хүн бүр өөрийгөө бодох эрхтэй, иймд хамгийн түрүүнд ирсэн хүн л хамгийн түрүүнд ус авах эрхтэй, би сүүлд ирсэн учраас надад ус хүрэлцэхгүй бол яах ч аргагүй гэж боддог. Амиа бодлоо гээд шударга бус зүйл хэзээ ч гаргадаггүй байна. Үүнийг л рациональ эгоизм гээд байгаа юм шүү дээ.

Манайд бол эхлээд, урдуур дайраад үзнэ, дараа нь оочерт урдуур зогсож буй танилаа хараад “Би энд байсан юм” гэж нэг худал хэлээд үзнэ, дараа нь ус түгээж буй хүний эцэг эх, танил талыг “судална”, бүр болохгүй бол шулуухан дайрна. Бидний монголчууд амиа бодох муухай гэж маш их ярьдаг атлаа хамгийн муухайгаар амиа боддог. Автобусанд түрүүлж орохын тулд хэнийг ч дайрч унагахаас сийхгүй, машинтай явж байгаад дүрэм зөрчин, бөөн түгжрэл үүсгэчихээд яваад өгнө. Зогсоол дээр дүрмээр тавьсан машиныг хааж машинаа тавьж хүний цаг завыг үрнэ. Хэдэн хүнтэй нийлж, нам хөдөлгөөн байгуулаад, ард түмний төлөө амь насаа үл хайхран тэмцэнэ гэчихээд ямар нэг албан тушаал олдонгуут нам жим болоод алга болно. Энэ мэт жишээ даанч олон, бичиж барагдахгүй. Монголчуудыг муухай харагдуулдаг хамгийн өөдгүй зан чанар бол яг энэ шүү дээ.

“Хараад байхад хамгийн арчаагүй байдлаар хувиа боддог хүмүүс л бусдыг бодох хэрэгтэй, либертари эгоизм бол хамгийн муухай зүйл гэж ярих юм. Бусдын төлөө амьдрах тухай номлож, альтруизмын хичээл заадаг тэр хүмүүст “Чи тэгвэл ах дүү…түүндээ туслах цаг болжээ, тэр чинь их ядарч явна лээ”, “чиний багын найз, ангийн нөхөр … тэр чинь тэнд өвчтэй байна, эм тарианых нь мөнгө төгрөг хүрэлцэхгүй хэцүү байна лээ, чамайг туслах хүсэлтэй байна гэдгийг түүнд дуулгачих уу, хэдэн төгрөг өгвөл би аваачаад өгье” гэнгүүт л нөгөөх альтруистын маань хулхи бууж, ээрч гацан, элдэв шалтаг хэлээд “унжганаад” унадаг. Нэгийг бодож, түүнээсээ өөрөөр ярьж, бүр эсрэгээр нь үйлддэг хүмүүс бол альтруистууд. Тэгвэл либертари эгоистуудын бодол, хэлсэн үг, үйл үйлдэл маш тодорхой. Тусалж чадах бол чадна, чадахгүй бол чадахгүй гэдэг” гэжээ.

Хүн угаасаа амиа боддог мөн чанартай. Үүнийг эсэргүүцэж туршсан нийгэм болох коммунизм XIX зуунд Францт хоёр сар, XX зуунд Орос, Монгол болон бусад оронд 70 гаруй жил тогтноод нурсан шүү дээ. Либертариуд амиа бодно, гэхдээ бусдын эрх ашгийг хөндөж, муу зүйл хийхээс ямагт зайлсхийдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Либертари эгоистууд тусалъя гэсэн хүмүүстээ л тусална. Түүнээс бус алхайж хэвтэж байснаа хэрэг болохоор бусдаас тусламж авах гээд байдаг хүмүүст туслахгүй. “Надад тусалсангүй” гэсэн хүн бүрт туслахгүй. Бүх л ертөнц өөрийнх нь төлөө үүсч, оршиж буй мэт бодож явдаг хүмүүст туслахгүй. Орчин тойрныхоо бүх хүнийг “надад туслах ёстой” хэмээн бодож байдаг хүмүүст туслахгүй. Тусламжаар амьдрах нь гутамшигтай гэдгийг ойлгодоггүй хүмүүст бүр ч туслахгүй. Бид хэн нэгний тушааснаар, эсвэл хэн нэгнээс айж, бусдад муу хэлүүлэхээс эмээхдээ бусдад туслахгүй. Ер нь бусдыг, төрийг өөртөө туслах ёстой хэмээн бодож, хашхирч явдаг хүмүүс өөрийнхөө төлөө төрийг бусдынхаа эсрэг турхирч байдаг аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *