Categories
мэдээ цаг-үе

Хуультай болон “хуульгүй” тагнуул

“Дандар баатрыг орос офицер буудсан гээд цаазаар авах болж.

Тэгтэл Сталин “Та нар ганц баатраа тэжээж чадахгүй юм бол манайд өгчих” гэсэн юм байхаа.

Тэгээд Дандар баатрыг шоронгоос гаргасан юм гэнэ лээ”

ХХ зууны цуурхал.

ЯРИАД ЭХЭЛСЭН БОЛ…

Хачин ч юм байх. Хуулиараа яваа юмны зий ч үгүй шахам болсон манай төрийн түшээ нар “хууль зөрчсөн эсэх” тухай байнга л ярих болж. Арай л хуулийн хүрээнд цас орж, мөсөн дээр хуулийн дагуу хальтирч унасан эсэхийг шүүх нь холгүй. Хуулийг алга болгож байгаагаа мэдэрсэн хүмүүсийн комплекс юм даг уу?

Тагнуул гэж гарчиглаад эхэлсэн хойно, өнөөдөр моодонд ороод байгаа тагнуулч Хурцын тухай ярина. Мэдээж, улстөрчид өөрийн гараар тэмбэржүржиг болгосон юмаа ярьдаг гээд бодохлоор манай төр тагнуулын ажлаа тавиад туучихсан нь ч ойлгомжтой.

ТАГНУУЛЧИЙН ДУУЛЬ

Тагнуулын дарга байгаад буусан Хурц бол хүн хулгайлсан гэмт хэрэгтэн ажгуу. Иймээс түүнийг шийтгэх хэрэгтэй гэж зарим хууль тогтоогчид нотолж байна. Шийтгэх эсэхийг тогтоодог өөр газар байдаг энэ тэр бол өнгөрсөөн, өнгөрсөн. Харин юу болоод өнгөрснийг эргэн санацгаая.

Монголын төр түүнд хүн хулгайлах даалгавар өгчээ, цэргийн хүн даалгаврын зөв бурууг шүүх эрхгүй учраас “мэдлээ гүйцэтгэе” гээд явжээ. Жижигхэн Монголын жижигхээн тагнуулч нь том Европын том хамгаалалт дундуур нэвтрээд төрөөс өгсөн үүргийг биелүүлжээ. Израйлын МОССАД хэмээх тагнуулын газар Аргентинаас фашистын гэмт хэрэгтнийг хулгайлан авчирч шүүхээр оруулсны дараа бичигдэхээр операци болжээ. “Балтыг өөрийг нь шагнах юмсан”.

Герман, Францын тагнуулын алба үүнийг мэдээд нүд нь орой дээрээ байтугай газраа очсон гэдэг. Учир нь, өрнөдийнхний нүдээр харахад, хонь хариулж, хомоол түүсэн хэвээрээ яваа Монголын тагнуулч, хамгийн орчин үеийн секурити, супер технологитой Европын холбооны хамар доогуур нь хүн хулгайлаад хэд хэдэн улсын хил давуулан оджээ.

Тэд сайндаа ч мэдээгүй болтой, хүн хулгайлсан явдлыг. Монголд уг ажиллагааны талаар өргөн хэлэлцүүлэг өрнөөд эхлэхээр мэдэж. Ер нь бол гадаад тагнуулынхаа ажлыг өөрснөө илчилсэн анхны тохиолдол. Бусдын нутагт “заншлан тагнах” ажлыг анх монголчууд сэдэж, бас бусдын нутагт явуулсан “тагнуулаа өөрснөө илчлэх” ажлыг ч монголчууд анх сэдсэн нь энэ байх.

Европын улс төр, тагнуулын байгууллагынхан “монгол тагнуул”-ын ажиллагааг битүүхэндээ бахдаж, наанадаж л бүс нутгийн аюулгүй байдлын цоорхойг илрүүлж өгсөн явдал боллоо гэлцэн, ханцуй дотроо эрхий хуруугаа гозойлгож байсан гэдэг. Гэхдээ манай гаригийн эрхэмсэг гүрнүүд хэмээн өөрсдийгөө хардаг Европ нэг муу хонины хүүхдэд ингэтлээ чадуулаад өнгөрвөл доромжлол болно. Иймээс Б.Хурцыг Англид явахад нь саатуулаад, ёс болгож хорьсон болоод явуулжээ.

Дээр өгүүлсэн түүх бол бүх ард түмний мэдэх зүйлс, ярьдаг сэдэв.Харин энэ асуудалд Хурцаас ч хурц нэг өнцөг, ярьдаггүй сэдэв байдаг. Хэн ийм даалгавар өгсөн тухай бид ярьдаггүй, хэн ийм даалгавар өгөх эрх мэдэлтэй албыг хашиж байсныг эргэн санахыг бид хүсдэггүй. Бас Монгол Улсын нууцын нууц баймаар гадаад тагнуулын дотоод талыг хэн олон нийтэд дэлгэсэн тухай бас ярьдаггүй. Хэн Монгол Улсын авьяаслаг гадаад тагнуулчийг гадаадынханд илчилж өгсөн тухай ярьдаггүй. Түүгээр ч барахгүй хэлмэгдэгч болон үлдсэн Энхбатын төлөөх гомдолд Хурцаар өөрөөр нь цэг тавихыг эрмэлзэх болсны нууцыг хэн ч сонирхдоггүй. Яаж ч бодсон гар нь загатнасан хэдэн тагнуулч халуурч сууснаа хөдөө явж адуу хулгайлахын оронд гадаадад явж хүн хулгайлахаар шийдсэн гэж төсөөлөгдөхгүй байна.

Ойр дотны хүнээ алдсан улсын уй гашуу, шударга бус явдалд эгдүүцсэн олон түмэн ч Хурцыг хурцлаад явуулсан хүнийг биш, хурцыг өөрийг нь үзэн ядаж байна. Яг л саваадсан хүнтэй биш саваатай нь зууралдаад байгаа аятай.

Бид алсын хараатай болно гэвэл хээнцэрдэх учраас ойрын хараагаа жаахан гүнзгийрүүлмээр байгаа юм. Наад зах нь өөр лүүгээ дайрсан нохойтой хөөцөлдөхийн оронд нохойгоо чамруу турхирсан хүнийг олж харахыг оролдох хэмжээнд. Гэтэл бид чинь нохойтой зодолдоод ялаад байдаг, харин турхирагч этгээд өөр нохой тэжээгээд л тавиад байдаг, нэг иймэрхүү дүр зураг харагдаад байгаа юм. Гэгээрсэн Будда “Зовлонг биш зовлонгийн шалтгааныг арилга” гэж сургасны учир энд байгаа.

ТАГНУУЛЧИД ДУУЛЬ БАЙХААС ХУУЛЬ БАЙДАГГҮЙ

Манайхан хууль зөрчиж гадаадад тагнуул хийсэн хүнээ шийтгэх тухай ярьж байна. Гэтэл хууль ёсны гадаад тагнуул гэж манай гариг дээр байдаггүй. Тэд эх орныхоо төлөө, хүний газар гүний нутагт хууль бус юм хийхээр оддог хүмүүс. Манайхан “Хаврын 17 учрал” киног мөн ч их үзсэн дээ. Штирлиц “Германд тагнуул хийх тухай Зөвлөлтийн хуулийг судлаад суудаг. КГБ-ынхан Штирлиц Германыг тагнах хуулиа баримталж байгаа эсэхийг шалгадаг” хэсэг байдаг билүү, юу билээ? Бас “Тагнуулчийн дууль” гээл алдартай кино байв даа.

Гадаад тагнуул чинь бараг л “а.Баригдаж болохгүй. б.Баригдвал хохь чинь” хоёрхон заалт бүхий ганцхан “дүрэм”-тэй гэдэг. Угаасаа тухайн орны хууль ёсыг зөрчиж явуулдаг ажиллагаа учраас хуульчилж болдоггүй. Дээр нь тагнуулч хүн даалгаврыг ухамсарлахгүйгээр биелүүлэх дадалтай байх учиртай. Бараг л “Аавыгаа бууд”, “мэдлээ,гүйцэтгэе”…пан!!” шахуу.

Иймээс “Хятадад тагнуул хийх тухай Монгол Улсын хууль” парламентаар хэлцээд л “Ни хао” гэж мэндлэнэ, мэндлэхгүй гээд баадуурч суух боломж байхгүй. Бас Монгол Улсад гадаадын тагнуул ажиллах хууль баталж “Гадаадын тагнуулч Монголын Консулаас “Т” ангиллын виз авна, авахгүйдээ тулан бохь зажилж суух боломж ч бас гарахгүй гэсэн үг.

ТӨРД ЗҮТГЭСЭНД ОРВОЛ…

Өнөөдөр Монголын төр өөрөө даалгавар өгч гүйцэтгэх ажилд томилсон хүнээ “шүүх” тухай хэлэлцэж байна. Даалгавраа биелүүлээгүй юм уу, муу биелүүлсэн тухайд нь биш. Харин “буруу” даалгавар биелүүлсэн асуудлаар шүүх бололтой.

Хамгийн гашуун нь улс төрчдийн энэ явуулга Монголын төрд тангараг өргөсөн гүйцэтгэх ажилтнууд, цэргийн албан хаагчдад ёс суртахууны цохилт болж байна. Төрийн өмнө гавьяа байгуулсан гавьяандаа магнай тэнэгэр ахмад үеийнхэнд айдас төрүүлж байна. Бас төрөөс өгсөн үүргийг амжилттай биелүүлсэндээ бахдаж яваа тусгай ажилтнууд ч намайг хэзээ илчлэх бол гэсэн айдсаар дүүрч яваа.

Хэрвээ Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон нь буруу болох юм бол яах вэ? Цэнхэр дуулга өмсөөд хилийн чанадад одсон дайчдаа баривчлаад эхлэх үү?

Японоос илүү том тусламж, улам том бонд авахын тулд Халх голын байлдаанд оролцсон ахмадуудаа буруутгах уу? Тэдний одон медаль, улсаас олгосон орон сууцыг хурааж эхлэх үү?

Ийм үед гарч байгаа логик нь “Монголын төрд зүтгэсэнд орвол Монголын төрөөс хулгай хийх нь аминд өлзийтэй” болж байна. Тээр жил Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд байхдаа “Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” хэмээн санаа алдан өгүүлж байсансан.

ТӨГСГӨЛ

Социализмын хүүхдүүд сайн мэдэх нэгэн цуурхал байсан. Тэр домог-цуурхалд Дандар баатар орос цэргийн даргыг буудсан тухай гарна. Манайхан Дандар баатраа барьж аваад цаазлах юм болж. Гэтэл Сталин шууд утасдаад “Танайхан Дандар баатраа тэжээж чадахгүй юм бол манайд өгчих” гэж гэнэ. Ингээд Дандар баатар суллагдсан тухай тэнд өгүүлнэ.

Өнөөдөр Монгол Улсын “төр болгосон” улс төрчид хамгийн авьяаслаг гадаад тагнуулчаа төрөөс өгсөн үүргийг биелүүлсний төлөө шүүх тухай асуудал хэлэлцэж байна. Сэдэл нь: төрийн даалгавар буруу байсан явдал.

Энэ хэрэг явдлыг жинхэнэ хохирогч тал буюу өөрийгөө тагнуулдуулсан улсууд яаж харж байгаа бол? ХХ зууны Дандартай домог шиг “Монголчууд Хурцыгаа тэжээж чадахгүй бол бидэнд өгчихөөсэй” гэж бодож байгаа болов уу?

Эсвэл “Энэ барам амьд байх юм бол биднийг л тагнана. Хамар доороос юу ч аваад арилж мэднэ. Иймээс монголчууд өөрсдийнхөө тагнуулыг өөрсдөө нухчихаасай” хэмээн ханцуй дотроо залбирч суугаа болов уу? Бурхан л мэдэх буй заа.10 гаруй жилийн өмнө болсон явдлын тухайд болон түүнээс улбаалсан өнөөгийн явдлыг өгүүлэхэд ийм байна.

…Бид нэг юм үзэх нь ч үзнэ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *