Categories
мэдээ улс-төр

Хуулийн төсөлд эрүүлжүүлэх байр нь Цагдаагийн байгууллагын харьяалалд байхаар тусгасан гэв

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн төслийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хийсэн юм.

УИХ-аас 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, улмаар 2014 оны 1-р сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг арилгах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгохоор шийджээ. Хуулийн төсөлд эрүүлжүүлэх байр нь Цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллана. Түүнд эрүүл мэндийн тусламжийг эмч, хамгаалалт, аюулгүй байдал нэгдсэн удирдлагыг цагдаагийн байгууллага тус тус хариуцан ажиллахаар тусгажээ.

Мөн албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа цагдаагийн байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан хүн амын нягтрал, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан тодорхой нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байрыг байгуулах гэнэ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Л.Мөнхбаатар “Одоогийн хууль хэрэгжих явцад зохих байгууллага үүргээ хүлээгээгүй юм. Нийгэмд ташаа мэдээлэл өгч байгаад буцаад цагдаагийн байгууллагад шилжүүлж байна. Хаана хаанаа хуулиа хүлээх хэрэгтэй” хэмээлээ. Үүнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Хуулиар согтууруулах ундаа хэрэглэсэн этгээд гудамжинд ухаанаа алдсан, бие авч явах чадваргүй болсон тохиолдолд цагдаагийн байгууллага эмнэлгийнхэнд хүлээлгэж өгнө” гэж байгаа. Харамсалтай нь энэ хуулийг хэрэгжүүлэх талаар эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа ажилчид хуруугаа хөдөлгөөгүй. Гэхдээ энэ хуулиар Эрүүлжүүлэх байранд эмнэлгийн ажилчид тусламж үйлчилгээ үзүүлнэ” гэж заасан байгаа” хэмээн хариулав.

Гишүүн Х.Нямбаатар “Эрүүлжүүлэх байранд ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашиг ноцтой зөрчигддөг. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн нөхцөлийг онцгой анхаарах хэрэгтэй” гэдгийг хэллээ. Эрүүлжүүлэх байр төлбөртэй. Эрүүлжүүлэгдсэн этгээд төлбөрөө төлнө. Төлбөрийг нь буцааж эрүүлжүүлэх байранд ашиглагдана. Ажилтнуудын нийгмийн баталгааг хангана гэдгийг салбарын сайд хариулсан юм.

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Эрүүлжүүлэх асуудал эмнэлэг дээр очсноор хичнээн хүнийг эрүүлжүүлсэн байдгийг тодруулсан юм. Жилд дунджаар согтууруулах ундаа хэрэглээд бие авч явах чадваргүй болсон 5000 дуудлага цагдаагийн байгууллагад ирж байжээ. Эмнэлгийн байгууллага нийт дуудлагын 50 хувьд үйлчилж байсныг ажлын хэсэг хариуллаа.

Ингээд дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэн юм. Мөн Т.Билэгт нарын санаачлан боловсруулсан Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэн, дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *