Categories
мэдээ нийгэм

“Хуульчдын форум-2018” болно

Монголын Хуульчдын холбооноос хоёр дахь жилдээ “Хуульчдын форум”-ыг “Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хуульчдын оролцоо” уриан дор 2018 оны зургадугаар сарын 19-нд “Корпорейт конвеншн центр”-т зохион байгуулах гэж байна.

Монгол Улс 2030 он гэхэд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрч, тогтвортой өсч байгаа эдийн засгийн олон салбарта¬й, нийгмийн хүрээнд дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалсан, тогтвортой ардчилсан засаглалтай улс болох зорилт тавьсан. Монгол Улс тогтвортой хөгжихөд хуульчдын үүрэг, оролцоо зайлшгүй чухал зүйл юм.

Монголын Хуульчдын холбооноос нийгэм, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн хууль зүйн зохицуулалтыг мэргэжлийн түвшинд хэлэлцүүлж, санал, зөвлөмж гаргах, хуульчдын дуу хоолойг нийгэм болон бодлого тодорхойлогчдод хүргэх, хуульчдын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготойгоор “Хуульчдын форум”-ыг зохион байгуулдаг уламжлал тогтоод буй.

Энэ удаагийн форумын үндсэн хуралдааныг “Үндсэн хуулийн эрх зүй ба цаашдын чиг хандлага” гэсэн сэдвээр явуулах бөгөөд “Хараат бус шүүх ба хууль дээдлэх ёс”, “Хуульчийн ёс зүй ба хариуцлага”, “Хүний эрх ба цахим ертөнц”, “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал”, “Үндэстэн дамнасан хууль зүйн туслалцаа”, “Чанартай хууль зүйн боловсрол: магадлан итгэмжлэл ба үргэлжилсэн сургалт”, “Хөрөнгийн ба санхүүгийн зах зээлийн эрх зүйн хөгжил”, “Хариуцлагатай уул уурхай – Нөхөн сэргээх асуудал” гэсэн найман салбар хуралдааныг зохион байгуулна.

Хараат бус, шударга шүүхтэй, ёс зүй, хариуцлага өндөр хуульчидтай, эрхээ бүрэн дүүрэн эдэлдэг, чинээлэг дундаж амьдралтай иргэдтэй, хүний эрх болон байгаль орчны тэнцэлд нийцсэн эдийн засгийн болон тогтвортой хөгжлийг Монгол Улсын иргэн бүхэн хүсч буй. Иймд Монголын Хуульчдын холбоо дээрх сэдвүүдийг сонгон, нийт хуульчдынхаа төлөөллөөр хэлэлцүүлж, тодорхой гарц шийдлийг эрэлхийлж буй юм. Энэхүү “Хуульчдын форум”-аас гарсан санал санаачилга тус бүрийг нэгтгэн зөвлөмж болгон хууль тогтоогч, шийдвэр гаргагч нарт хүргүүлэхийн зэрэгцээ олон нийтэд танилцуулахыг зорьж байна.

“Хуульчдын Форум-2018”-ын хүндэт зочноор Гадаад явдлын сайд асан Ц.Гомбосүрэн уригдаж, Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан болон форумын оролцогчидтой сонирхолтой ярилцлага өрнүүлэх бол хууль зүйн салбарт нэр хүндтэй, тухайн чиглэлээрээ мэргэшсэн хуульч, эрдэмтэд форумын илтгэгчээр оролцоно. Тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ц.Сарантуяа, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Хууль зүйн доктор Б.Гүнбилэг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт нарын 40 гаруй хуульч, эрдэмтэд энэ форумын илтгэгч, хэлэлцүүлэгчээр оролцож буй юм. Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөлөл болсон 400 орчим хуульч оролцож байна.

Форумын үеэр шинэ гарсан болон сонирхолтой номын худалдаа зохион байгуулахын зэрэгцээ Монголын Хуульчдын холбооны хороод, Тамгын газрын мэргэжилтнүүд ажиллаж, хуульчдад татвар, нэгдсэн бүртгэлийн талаар лавлагаа, мэдээлэл өгч үйлчлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *