Categories
мэдээ улс-төр

Хууль зүйн экс сайдын дэлгэсэн дөрвөн сая долларын хэргийг Т.Ганболд мэднэ гэв

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний дэлгэсэн баримт олон нийтийн анхаарлыг татаад буй. “Голомт” банк энэ мэдээлэлтэй холбогдуулж өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн. “Алтан дорнод Монгол”-ын зүгээс энэ асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Тус компанийн тэргүүн дэд захирал Н.Цогтгэрэл “Дөрвөн сая ам.долларын шилжүүлэг манай компанитай хамаагүй. Харин “NRI LLC” компанитай холбоотой энэ асуудлаар “Алтандорнод Монгол”-ын захирал Т.Ганболд өөрөө тайлбар хэлэх байх. Тэр эрүүл мэндийн шалтгааны улмаас хэвлэлийн хуралд ирж чадсангүй” гэсэн тайлбар өгсөн юм. Тэрээр “Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин твиттертээ 4 сая долларын төлбөрийн баримтыг дэлгэж тавьсанаар манай компанитай холбогдох, манай компанийн хувьцааг худалдан авсан, компанийг хэрхэн яаж хэн авсан талаар хэвлэлүүд янз бүрээр бичиж байна. Үүнийг нэг мөр болгох үүднээс бодит мэдээллийг хийж байна. “Алтан Дорнод Монгол” компанийг 1999 онд байгуулсан. Энэ компанийг ОХУ-ын иргэн С.В.Паушок гэдэг хүн 1999 онд байгуулсан. Паушок 2011 он хүртэл энэ компанийн хувьцаа эзэмшигч захирал нь байсан. Түүнтэй холбоотой татварын эрүүгийн болоод иргэний маргаанууд үүссэн учраас Засгийн газар Олон улсын Арбитрийн шүүхэд хандсан. Эцэст нь Арбитрийн шүүхээс татварын мөнгийг энэ компани төлөх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан юм. Үүний дараа Паушок компаниа худалдаж, зарсан. 2011 оны 9 сарын 9-нд худалдагч талаас ОХУ-ын талаас С.В.Паушок, худалдан авагч талаас Т.Ганболд гэдэг хүн энэ гэрээг байгуулсан. Худалдан худалдан авах гэрээний дагуу ОХУ-д байрладаг манай элчин, консулаас албан ёсны тодорхойлолт гаргасан байгаа” гэж ярилаа. Компанийг 300 сая ам.доллараар худалдан авсан гэх мэдээллийг Н.Цогтгэрэл өгсөн юм. Өмнө нь компанийг худалдаж авсан мөнгө цэвэр, бохир эсэх асуудлаар

ХЗЯ, Сангийн яам, Тагнуулын ерөнхий газраас шалгаж ямар ч “но” байхгүй гэсэн дүгнэлт гаргаж байжээ.

Н.Цогтгэрэл хэвлэлийн хурлын үеэр “Алтан Дорнод Монгол гэдэг компанийг ОХУ-ын иргэн Паушокоос худалдаж авсан. Ямар нэг улс төрийн албан тушаалтан, эрх мэдэлтнээс энэ компанийг дамжуулан худалдаж аваагүй” хэмээн онцолж байлаа. Дөрвөн сая ам.долларын тухайд “Энэ бол “NRI LLC” компаниас хийгдсэн төлбөрийн баримтууд. “NRI LLC” компани бол “Алтан Дорнод Монгол” компанийн хувьцаа эзэмшигч биш. “Алтан Дорнод Монгол” ХХК ч “NRI LLC” компанид хувьцаа эзэмшдэггүй. Энэ бол Т.Ганболд гэдэг хүний хамаарал бүхий компани. Тэгэхээр энэ 4 сая долларын төлбөрийг хэзээ, хэнд, юуны зориулалтаар, яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуудлыг Т.Ганболд захирал өөрөө тайлбарлах байх. Би бол “Алтан дорнод Монгол” ХХК-ийг төлөөлж байгаа” гэсэн тайлбар өгөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *