Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хууль зүй байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 2017 оны улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцлээ. Хуралдаанд ЕТГ-ын дарга З.Энхболд танилцуулав. Хоригт дурдсанаар,“УИХ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж батлахдаа төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчим, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хуулийн зохих заалт /Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5/-ыг зөрчсөн бол тухайн зарчмын хүрээнд, тодорхой тохиолдолд төсөвт тодотгол хийхийг заасан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн заалт мөн зөрчигджээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн байна.

Хоригийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Энэ хоригт зөвхөн 55 тэрбум төгрөг дээр хориг тавьж байна уу. Эсвэл бүх халамжид хориг тавьж байна уу” гэж лавлахад ЕТГ-ын дарга З.Энхболд “Тодотгол хийх хуулийн нөхцөл бүрдээгүй байхад төсвийн тодотголыг баталсан учир бүхэлд нь хориг тавьсан. УИХ 55 тэрбум төгрөгийг хэрхэвч өгч болохгүй, учир нь хуульд заагдаагүй. Төсвийн тухай хуулиа мөрдөхгүй бол зохисгүй асуудал үргэлжлэх нь. Орлого орохын хэрээр их хэмжээний зарлага гаргаж байсан 2008-2012 оны парламентын үетэй адил болжээ. Төсвийн тодотгол хийх тодорхой нөхцөл заасан байдаг. Төсвийн алдагдал 3 хувьд буюу их наядад хүрвэл зайлшгүй тодотгол хийдэг. Төсвийн тодотголыг батална гэвэл 55 тэрбум төгрөгөө хасахад болно” гэж хариулсан юм.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Улстөрчид бие биеэ давах гэж популизм хийдэг чөтгөрийн тойрогт явж ирлээ. АН, МАН хамтарсан Засгийн газар байгуулж ажиллах үедээ цалин нэмж, эдийн засгийн өсөлт гарч байсан. Өнөөдөр МАН 65 суудалтай байгаа ч улстөржсөн хэвээр байна. Төсвийн тодотголоор эдийн засаг 4 хувь өссөн үед ард иргэддээ хүртээе гэж баталсан. Уг нь Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч. УИХ-тайгаа зохицолцоод явж болохгүй юу” гэсэн байр суурь илэрхийллээ. УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа 2017 оны төсвийн тодотголд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаан оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг дэмжсэнгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *