УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-ны 22:00 цагийн орчимд согтуугаар машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан. Түүнийг ГССҮТ-д хүргэсэн ч эмчилгээ, үйлчилгээ авахаас татгалзсан аж. Одоогоор Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх хэлтэст УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой холбоотой зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Мөн саяхан Хууль зүйн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. Тэрээр “УБҮ 0052” дугаарын Lexus маркийн машинтай Хан-Уул дүүрэгт явж байхдаа явган зорчигч руу шавхай цацсаныг нэгэн иргэн цахим хуудаснаа нийтэлсэн байдаг. Зөвхөн замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд зогсохгүй өөрийн Lexus машиндаа Land Cruiser 200 маркийн автомашины дугаар зүүж явсан нь нотлогдсон. Тус “УБҮ 0052” улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь оношилгоондоо тэнцээгүй, 732.800 төгрөгийн торгуультай байсан нь ч нийтэд ил болсон юм. Үүнтэй зэрэгцээд Шадар сайд С.Амарсайхан өөрийн хүүгээ гадаадад сургах төлбөрийг БШУЯ-ны Боловсролын зээлийн сангаас гаргуулсан гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас Шадар сайд С.Амарсайханы төрсөн хүү А.Эрдэнэхүслэн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27166 ам.доллар буюу 77.423.100 төгрөгийн зээлийг авчээ. Иргэдийн зүгээс боловсролын зээлийн журмыг Засгийн газрын 2020 оны тогтоолоор өөрчилж, зөвхөн магистр, докторт олгохоор болсон. Гэвч Шадар сайдын хүүд энэ журам нь үйлчлэхгүй, энгийн иргэдэд үйлчлээд байгаад эгдүүцэж байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нь Монгол Улсын Хууль зүйн сайдаар гурван удаа, УИХ-ын гишүүнээр долоон удаа сонгогдон ажилласан, амьдралынхаа 30-аад жилийг хууль тогтоох, сахиулахад зориулсан нэгэн. Б.Пүрэвдорж, С.Амарсайхан нарын хувьд хууль тогтоох эрх мэдэлтэй УИХ-ын гишүүд. Тийм хэрнээ хууль, дүрмийг үл тоон өөрийн дураар авирлаж байгаа нь холбогдох хууль дүрмийг зөрчөөд зогсохгүй төрийн өндөр албан тушаалтны ёс зүйд харшилж байна.
О.ЦЭЦЭГ