Дундговь аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан тус аймгийн Сайнцагаан суманд байрлах “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт хүмүүжиж байсан арван сартай охиныг тус цэцэрлэгийн тогооч “хоолоо идсэнгүй” гэх шалтгаанаар зодож танхайрсан хэргийг шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж энэ оны зургадугаар сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүлсэн юм.
Сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхээс 2016 оны долдугаар сарын 25-ны өдөр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр буцаасныг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн ба давж заалдах шатны шүүх 2016 оны есдүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхээс гурав хоногийн өмнө /2016.10.11/ хэргийг хянан хэлэлцээд тогооч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.