Categories
мэдээ улс-төр

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийв

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн / Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж байгуулах/ анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжив.

Мөн тус Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн А.Бакей асуултдаа, хуулийн төсөлд даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь, хэмжээг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 5 хувиас хэтрүүлэхгүйгээр гэж заасныг 4-өөс доошгүй хувиар гэж яагаад өөрчлөх болсныг тодруулсан. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, дээд хязгаарыг хуулинд хатуу зааж өгөхийг больё гэж үзсэн. Бусад орны хуулийн жишгийг авч үзэхэд эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ нэлээд хэлбэлзэж байдаг. Тиймээс 4, 5, 6 гээд нэмэгдэх тохиолдолд дээд хязгаарыг зааж өгөхөө больё. Харин доод хэмжээгий нь зааж өгөе гэсэн санал Ажлын хэсэг дээр дэмжигдсэн гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, тухайн үед эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаад уян хатан шийдвэр гаргах гэхээр болдоггүй. Хуулинд заавал өөрчлөлт оруулдаг. Өнөөдөр даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хувь хэмжээг тогтооход Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс оруулсан саналыг үндэслээд Засгийн газар хэлэлцэн шийдвэрлээд явах боломжтой байгаа. Иймээс хуульд уян хатан байдлаар оруулж өгөх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр энэ заалтыг оруулсан. Мэдээж хяналтгүйгээр оруулж ирнэ гэж байхгүй гэсэн хариулт өглөө.

Ингээд Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Мөн хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжив.

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, хүүхэд харах, асрах үйлчилгээний ялгаа болон хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд төрөөс хувьсах зардал олгохоос гадна өөр ямар дэмжлэг үзүүлэх талаар асуусан.

Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Ганбаатар хариултдаа, хүүхэд харах, асрах гэсэн нэр, томьёон дээр нэлээдгүй ярьсан, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан. Асрах гэдэг нь асаргаа сувилгаа шаардсан, өвчин зовлон, бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг ярих болдог. Монгол хэл зүй, монгол ахуйгаас авч үзэхэд хүүхэд харах гэдэг нь асаргаа хамгаалалт, хоол, хүнс тэжээлээр хангах, хөгжүүлэх тухай асуудлуудыг оруулсан байна. Иймд хуулийн төсөлд нэр томьёог тайлбарласан зүйл заалтууд дээр нэлээд тодорхой тусгасан. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэхэд төрөөс олгож байгаа зардлаас өөр дэмжлэг байхгүй. Хүүхдүүдийн хоолны зардал, хувьсах зардал, багш нарын цалинг өгөхөөр байгаа гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, хуулийн төсөлд хүүхэд асрах үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүсийн хариуцлагын асуудал бүрхэг байгааг хэлж, хэрвээ хүүхэд харж байгаа асрагч зөрчил гаргасан тохиолдолд ямар хариуцлага тооцох асуудлыг хөндсөн. С.Ганбаатар гишүүн , хуулийн төслийн 8 дугаар зүйлд хүүхэд харахад хориглох заалтуудыг тусгасан байгаа. Тухайлбал, хүүхэд харах төвийн ажилтнууд хүүхдэд бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэл, дарамт, шахалт үзүүлэх, хүүхдэд шийтгэлийн арга хэрэглэх, хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагчтай бүдүүлэг үг хэллэгээр харилцах болон хүүхдийн дэргэд зүй бус авир, үйлдэл гаргах, бусадтай хэрэлдэх, бүдүүлэг үг хэллэг хэрэглэн харилцахыг хориглосон. Харин хүүхэд асрагч хариуцлага алдсан тохиолдолд хууль, шүүхийн байгууллагаар асуудлыг шийдүүлж хариуцлагын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *