Categories
мэдээ нийгэм

Хүүхэд хамгаалал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар санал солилцлоо

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Хоёр тал хүүхэд хамгаалал, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, АНУ-д амьдарч байгаа монголчуудын нийгмийн хамгаалал болон бусад асуудлаар санал солилцлоо.

АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клечески цар тахлын үед хүүхдийн асуудал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал нэлээд хурцдаж байгааг дурдаад “Бид өргөн хүрээнд хамтарч ажилладаг. Үүний нэг нь хүүхэд хамгааллын асуудал. Хүүхэд хамгааллын компакт гэрээний дагуу хэрэгжүүлэгчийг шалгаруулан, санхүүжилт олгох ажлыг Төрийн департмент хийж байгаа. Би Филиппинд яг адил хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ асуудал олон салбарыг хамарсан бөгөөд зохицуулалт зохион байгуулалтыг зөв хийх нь чухал” гэв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа манай улсад хөдөлмөр эрхлэлт гол асуудал болоод байгааг онцлоод нийгмийн хамгаалал илүү зорилтот бүлэгт чиглэсэн байх ёстойг дурдав. Мөн Монгол Улсад ядуурлын түвшин 2018 оны байдлаар 28.4 хувьтай байна. Үүний тэн хагас нь хүүхдүүд. Тиймээс энэ тал дээр хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийллээ.

Үүнээс гадна АНУ-д амьдарч байгаа монголчуудын нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор Америкийн Нийгмийн хамгааллын байгууллагатай холбогдсоноо дуулгав. Хариуд нь манай улс тэдний хуулийн дагуух орнуудын жагсаалтад хамрагдвал Монгол Улсын иргэд нийгмийн хамгаалал авах боломжтой гэж тайлбарласан байна. Тиймээс бид холбогдох материалыг хоёр удаа хүргүүлсэн бөгөөд хариу хүлээж байгаагаа танилцуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *