Categories
мэдээ нийгэм

​Хүүхэд алга болсон тухай мэдээлэл өдөрт 15-20 удаа ирдэг

Өнөөдөр “Нийслэлийн цагдаагийн газар”, “Гэр бүл, хүүхэд залуучуудын төлөө газар” хамтран хүүхэд хамгаалал, хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн байдлын талаар хэвлэлийн хурал хийлээ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө газрын Хууль эрх зүйн хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутаг, Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа И.Батчулуун нар хэвлэлийн хуралд оролсон.

Улсын хэмжээнд 18 нас хүртэлх нэг сая гаруй хүүхэд байдаг. Тэдний 800 мянга орчим нь нийслэл хотод аж төрдөг. 3553 нь өнчин, 1019 нь асрамжийн газар амьдарч байна. Өнгөрсөн оны байдлаар 1700 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсноос 127 нь амь насаа алдсан байна. Үүний 50 хувь нь зам тээврийн ослоос улбаалжээ. Түүнчлэн 394 морины уралдаан болж, давхцаагүй тоогоор 10435 хүүхэд оролцож, 169 нь бэртэж, гурван хүүхэд дахин хөгжлийн бэрхшээлтэй болж, 2 хүүхэд амь насаа алдсан. Бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг 187 гарсан. Үүнтэй холбогдуулан 2014-2016 онд гарсан энэ төрлийн 80 хавтаст хэргийг дахин судалж, шалтгааныг тодруулахад 76 хувь нь төрсөн эцэг эхтэйгээ, 18 хувь нь хойд эцэг эхтэйгээ амьдарч байхдаа хүчирхийлэлд өртсөн байна. Тэгвэл 2018 оны эхний зургаан сарын байдлаар хүүхэд хүчирхийлсэн 68 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ хэргүүдийг судлан үзэхэд гэмт хэргийг үйлдэхэд эцэг эх, ойр дотны хүмүүс оролцсон нь 74 хувь байв. Тиймээс хүүхэддээ тавьж буй анхаарал халамжаа ихэсгэхийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө газрын мэргэжилтнүүд анхаарууллаа. Хүүхэд хамгаалал, түүнтэй холбогдох гэмт хэргийн тоог бууруулахын тулд Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас тодорхой арга хэмжээ авч байгаа хэмээн ярьсан юм. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө газрын Хууль эрх зүйн хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Үндэсний хэмжээнд энэ оны тавдугаар сараасөнөөдрийг хүртэл хугацаанд хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэхгүй байх чиглэлээр 21 аймаг, 330 сумын 1613 Засаг дарга, нийслэлийн есөн дүүргийн 153 хорооны 1504 хэсгийн ахлагчдыг хамруулсан сургалт явуулж байна. Ингэснээр эцэг эхийн хайр халамжаас гадуур, байгалийн гамшигт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдээ тоолж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Мөн хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хүүхэд хамгааллын даатгалыг санаачлан хэрэгжүүлж байна” гэв.

Энэ оны таван сарын байдлаар улсын хэмжээнд 859 хүүхэд төөрснөөс 845 нь олдсон байна. 15 хүүхдийг эрэн сурвалжилж байна. Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд хүүхэд алга болсон 1060 тохиолдол бүртгэдсэнээс 348 нь тухайн өдөртөө, 676 нь нэгээс 14 хоногт олдсон гэв. Хүүхэд алга болсон тухай дуудлага өдөрт 15-20 удаа ирдэг байна. Дорнод, Баян-Өлгий аймагт хоёр хүүхэд сураггүй алга болж, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Энэ оны зургадугаар сард гарсан хүүхдийн амь нас хохирсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Сэлбийн голын далан босгох явцад тогтсон усанд есөөс арван насны, дөрвөөс таван хүүхэд сэлж тоглосон байна. Энэ үеэр есөн настай нэг хүүхэд амиа алджээ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоом эвдэрсэн хэргээс үүдэн хоёр хүүхэд бэртэл авч, эмчлүүлж байна. Баянзүрх дүүргийн 17-р хороон дахь 79-р сургуулийн хөл бөмбөгийн талбайд тоглож байсан дөрвөөс таван хүүхдийн нэг болох есөн настай хүүхэд хөл бөмбөгийн хаалганы хөндлөвч төмөрт цохиулж нас барсан хэрэг тус тус гараад байна. Энэ хэргүүдиийн ард хэн хариуцлага хүлээх ёстойг Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяраас тодруулахад “Хэрэг шалгагдах шатанд явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариуллаа.

Л.АНУДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *