Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя гэжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг, ажил хаясан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцжээ. Г.Занданшатар сайд “Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя” гэсэн байна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны мэдэгдлийг хэлэлцсэн. Мөн Ц.Цогзолмаа сайд бидэнтэй уулзаж ярилцсан. Харин өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хүлээн авч уулзан асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаад бид талархаж байна. Үйлдвэрчний эвлэл багш нарынхаа цалинг нэмэгдүүлэхийн төлөө цаашдаа ч явна. Бид ажил хаялтыг зогсоохгүй гэж зүтгэсэн зүйл байхгүй” гэжээ. Мөн тэрээр ажил хаялтыг нэг цаг, нэг өдрийн өмнө ч гэсэн зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Энэхүү уулзалтаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс тавьж буй болон багш нарын өмнө тулгамдсан зарим асуудлаар өргөтгөсөн ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг өнөөдөр, маргааш хоёр өдөр хуралдаад ирэх даваа гаригаас ажил хаялтыг зогсоохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлага болон багш нараас хүсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *